Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

 

       

 

 

 

 

 

   2025         03            07                                                     2025/ШЦТ/60

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Булгамаа

         Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням

         Хохирогч Ц.Б

         Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч С.Шинэбаяр

         Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э /цахимаар/

         Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2419000310076 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар: Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 30 минутын орчим согтуурсан үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт авто зам дээр .....улсын дугаартай Тоёота Ланд Круйзер загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг  зөрчсөний улмаас авто зам дээр байсан саад буюу овоолсон шороог мөргөж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Ц.Бэрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  компанид ажлаа хийж байгаад нүдэндээ төмөр оруулаад Сайншанд руу хүргэгдсэн. Сайншанд сум руу явах замд цасан шуургатай байсан, Ц.Б ах жолоо барьж чадахгүй учир би жолоодсон. Тэр оройдоо нүднийхээ төмрийг авхуулсан. Маргааш бас цасан шуургатай байсан ч зам гайгүй учир буцсан. Би уг нь тэр чигтээ Улаанбаатар хот руу буцах ёстой байсан ч Ц.Б ах зам муу хардаг бас байгаа түлш бага байсан. Ханги боомтоос Сайншанд сум руу гарахдаа банкаа дүүргээд нөөцөд 40 литр түлш л байсан.Буцахдаа ямар нэгэн саад учирвал нөөцөлж авсан түлш маань хүрэлцэхээргүй байсан. Бид машинаа ээлжилж бариад явсан. Цасан шуурганд араас шуураад зам харагдахгүй байхаар нь хурдаа нэмээд салхинаасаа гарах гэсэн урд овоолсон шороо байж таараад зам тээврийн осол гарч Ц.Б ахыгаа гэмтээсэн харамсалтай зүйл болсон...” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бид Д.Быг эмнэлэгт үзүүлэх гээд Сайншандад ирчихсэн байсан. Компаниас бид нарыг хурдан ир гэсэн. Тэр өдөр гадаа цасан шуургатай байсан. Онцгой байдлын газраас биднийг гарч болохгүй гэсэн. Тэгээд бид маргааш нь явахаар болоод машинаа засварын газар үзүүлсэн. Маргааш нь биднийг даруйхан ир гэж компаниас залгахаар нь өглөө эрт Сайншандаас гарсан. Сайншандаас гарахдаа жолоогоо би барьсан. Замдаа хилэнцтэй хөшөөн дээр зогсоод 1 шил архи задлаад овоондоо өргөчихөөд цааш явсан. 300 гаруй километр машинаа би өөрөө бариад явсан. Орой харанхуй болоод, цасаар ч шуураад эхэлсэн. Үзэгдэх орчин ч муу байсан учир Д.Б би жолоодъё гэсэн. Засмал зам хүртэл бариарай гээд жолоогоо шилжүүлсэн. Хэсэг зүүрмэглээд сэрсэн засмал дээр гарчихсан байсан. Нүдний үзүүрт овоолсон шороо харагдсан тэрийг даваад гарсан осол болчихсон. Би цаашаа юу болсныг санахгүй байгаа. Сэрсэн чинь хамаг бие хөндүүр болчихсон байсан. Ойрхон сумын эмнэлэгт үзүүлээд байж байхад манай компаниас хүмүүс ирээд намайг даруйхан эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд Улаанбаатар хот руу явсан. 12 дугаар сарын 27-ны өдөр нуруу болон гарын хагалгаанд орсон. 3 сарын хугацаанд хэвтрийн дэглэмд байсан. Нуруу гайгүй болсон гар ерөөсөө эдгэхгүй байгаа. Нийтдээ 4 удаагийн хагалгаанд орсон. Компаниас ч тусламж дэмжлэг байхгүй, ажил ч хийж чадахгүй байсан учир сэтгэл санаа тогтворгүй байсан. Компаниас намайг ажилдаа орох уу гэж 2 удаа асуусан. Би ажил хийж чадахгүй гэдгээ хэлэхэд та тэгвэл халагдах өргөдлөө өгөх үү гэж асуусан би чадахгүй гэж хариулсан. Ийм нөхцөл байдалтай л байна гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншанд хотоос хотоос гараад явж байхдаа Хамрын хийдийн хилэнцтэй хөшөөний хажууд зогсож шар хаягтай 500 граммын шилтэй архи гаргаж ирээд М ... задалж овоондоо өргөсөн. Тэгээд машин дотроо нөгөө задалсан архиа А, Д.Б 2 уусан байхаа. Энэ 2 машин дотроо муудаад хэл ам нь орооцолдоод ярьж чадахгүй болчихсон байсан...Тэгсэн Д.Б “Цас ихтэй байна. Би жолоодоод наад цаснаас чинь гаргаад өгье” гэхээр нь “Чи архи дарс уучихаад засмал зам дээр машин жолоодохгүй шүү. Засмал хүртэл барьчих” гээд жолоогоо шилжүүлсэн...гэнэт замын голд овоолсон шороог мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-28 тал/,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эы шүүх хуралдаанд өгсөн: Тухайн осол болсон зам нь туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэж байсан зам. Тухайн зам нь ашиглагдаж эхлээгүй зам байсан. Үүнийг жолооч нар ч өөрсдөө мэдэж байх ёстой. Д.Бын тээврийн хэрэгслийн засварын төлбөрт цалингаас суутгуулсан мөнгийг буцаан гаргаж өгөх боломжгүй байгаа. Харин урьд шилний 850,000 төгрөгийг буцааж төлөхөд татгалзахгүй. Хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардлыг гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/077 дугаартай “...Ц.Ббиед зүүн атгаал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-17-р тал/

Ашид билгүүн ХХК-ий 1436 дугаартай шинжээчийн “...Үнэлгээгээр тогтоосон дүн 13,005,000...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-128-р тал/

Д.Бын согтолтын зэргийг тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 153-р тал/

Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 135-136-р тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ .....улсын дугаартай Тоёота Ланд Круйзер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа,мансуурах  эм,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна  гэснийг зөрчсөний улмаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр хүнд даацын авто зам дээр байсан саад буюу овоолсон шороог мөргөж, тухайн тээврийн хэрэгслийн зорчигч Ц.Бэрүүл мэндэд нь зүүн атгаал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Бид машинаа ээлжилж бариад явсан. Цасан шуурганд араас шуураад зам харагдахгүй байхаар нь хурдаа нэмээд салхинаасаа гарах гэсэн урд овоолсон шороо байж таараад зам тээврийн осол гарч Ц.Б ахыгаа гэмтээсэн харамсалтай зүйл болсон...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хэсэг зүүрмэглээд сэрсэн засмал дээр гарчихсан байсан. Нүдний үзүүрт овоолсон шороо харагдсан тэрийг даваад гарсан осол болчихсон. Би цаашаа юу болсныг санахгүй байгаа. Сэрсэн чинь хамаг бие хөндүүр болчихсон байсан. Ойрхон сумын эмнэлэгт үзүүлээд байж байхад манай компаниас хүмүүс ирээд намайг даруйхан эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд Улаанбаатар хот руу явсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/077 дугаартай “...Ц.Ббиед зүүн атгаал ясны хугарал, бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо...Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-17-р/, ашид билгүүн ХХК-ий 1436 дугаартай шинжээчийн “...Үнэлгээгээр тогтоосон дүн 13,005,000...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-128/, Д.Бын согтолтын зэргийг тогтоосон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 153/, мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 135-136/ гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Гэрч Х.А-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хамрын хийдийн хилэнцтэй хөшөөн дээр зогсож овоо руу цагаан 50-н цаасан аягаар архи өргөсөн. Тэгээд өргөж дуусчихаад хөдлөхдөө Б ах, М бид 3 нэг татчихаад машин дотор суусан. Б ах шууд жолоочийн суудалд суугаад...засмал зам руу ороод удаагүй овоолсон байсан шороог мөргөж зам тээврийн осол болсон” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “өглөө нь уулзахад архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...Хөдлөхдөө нэг нэг татсан” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Б “машин дотор нөгөө задалсан архиа А, Д.Б 2 уусан байх. Энэ хоёр машин дотроо муудаад хэл ам нь ороолцолдоод ярьж чадахгүй болчихсон байсан” гэсэн мэдүүлэг, согтуурсан эсэхийг тогтоосон тэмдэглэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

           Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм.

 

        Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж буй үйлдлээ хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан согтуурсан, мансуурсан үедээАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох нь зүйтэй  гэж дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

498 дугаар зүйлийн 498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж

499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт ”….Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй…” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 

511 дүгээр зүйлийн 511.3 дахь “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...” гэж тус тус  зохицуулсан байна.

 

Хохирогч Ц.Бэс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Баас, 2023 оны 12 сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг урьд авч байсан цалингийн дунджаар тооцон 18,124,874 төгрөг, эмчилгээ,эм тарианы зардалд 4,475,000 төгрөгийг ......... ХХК-аас нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

 

Хохирогч Ц.Б биеийн эрүүл мэндийн байдал өнөөдрийг хүртэл бүрэн эдгэрээгүй болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримтаар,  эм,эмийн хэрэгсэл,бусад зардалд 4,475,000 төгрөг зарцуулсан болох нь шүүхэд ирүүлсэн баримтаар, 2024 оны 01 сараас хойш цалин аваагүй ба 2023 онд ажиллаж байхдаа 18,124,874 төгрөгийн авч байсан болох нь ......... ХХК-аас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

 

......... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: хохирогчийн нэхэмжилсэн эмийн болон бусад зардал 4,475,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2024 оны 01 сараас өнөөдрийг хүртэлх цалинд 18,124,874 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг” баталсан.

 

Уг аргачлалд заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

 

Шүүгдэгч Д.Баас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг хүлээн зөвшөөрсөн болон  хохирогчийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй, удаан хугацаанд өвчин шаналал үргэлжилж байгаа, нийгмийн харилцаанд бие даан оролцох чадвар суларсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан  Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг  нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн 1,500,000 төгрөгийг хасаж үлдэх 6,500,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар 30 минутын завсарлага  авч энэ хугацаанд 3,500,000 төгрөгийг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг төлөхөө  тохиролцсон, хохирол төлбөр төлөгдсөн гэж хохирогчоос мэдүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б нь ...... ХХК-д ажиллаж байх хугацаандаа өөрийн цалингаас тус компанийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээгээр тогтоогдсон 13,005,000 төгрөгийг төлсөн байна. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан тул хохирлыг төлж барагдуулах үүрэгтэй тул буцаан гаргуулах үндэслэлгүй бөгөөд харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг тээврийн хэрэгслийн  салхины урд шил осолд орохоос өмнө хагархай байсан талаар шүүгдэгч,хохирогч мэдүүлж салхины шилний үнэ 850,000 төгрөгийг нэхэмжилснийг иргэний хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэг 2023 оны 12 сарын 15-ны өдөр үйлдэгдсэн тул тухайн үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон болно.

 Шүүгдэгч Д.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, сэтгэцэд учирсан хохирлыг төлсөн болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон  шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, санал зэргийг харгалзан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.5-д зааснаар энэ хугацаанд оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдан ирсэн жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Бд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн  5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ......... ХХК-аас цалин 18,124,874 төгрөг, эмчилгээний зардал 4,475,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Бд, эд хөрөнгийн хохиролд илүү төлсөн 850,000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Д.Бд тус тус олгосугай.

         8.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хураан авсан Д.Бын 138134 дугаартай жолоочийн үнэмлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.АДЪЯАСҮРЭН