Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/04271

 

 

 

 

 

 

 

2021 12 17

101/ШШ2021/04271

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 давхарт оршин байрлах, ХХЗХо-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах, И н х ХХК /рд:0/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,289,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХЗХо нь И х н ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай 110/R/INQ010 дугаартай бүртгэлийн гэрчилгээ олгож тусгай дугаар ашиглах гэрээг байгуулсан. Тус гэрээний хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2015 оны 3 дугаар сарын 21-нээс 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгасан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар И х н ХХК нь 110/R/INQ010 дугаартай тусгай дугаар ашиглах гэрээнд зааснаар 2015-2016 оны 1 жилийн бүртгэлийн гэрчилгээний төлбөр болох 960,000 төгрөг, 2016-2017 оны 1 жилийн бүртгэлийн гэрчилгээний төлбөр болох 1,040,000 төгрөг, 2017.3.15-2017.3.21 өдрийн төлбөр болох 17,095.89 төгрөг, нийт 2,017,095.89 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2017 онд 227,945 төгрөгийн төлбөрийг төлж, 1,789,150 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Мөн 75812 дугаартай Радио давтамж ашигдах эрхийн бичгийн гэрээнд зааснаар 2013-2014 оны эрхийн бичгийн төлбөр болох 3,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

Дээрх 2 тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 5,289,150.68 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойшхи хугацаанд ХХЗХоноос И х н ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа хороонд бүртгэлтэй хаягаар иь хүргүүлж байсан. Төлбөрийн нэхэмжлэлийг эх хувиар нь хүргэж, холбоо тогтоохоор 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирал Н.Этай холбогдоход дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх хариу өгөв. Иймд И х н ХХК-иас дээрх 5,289,150.68 төгрөгийн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч И н х ХХК-ийн төлөөлөгч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

И х н ХХК нь ХХЗХотой 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2 жилийн хугацаатай 110/R/INQ010 дугаартай тусгай дугаар ашиглах гэрээг, 75812 дугаартай Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2015-2017 онд эдгээр тусгай зөвшөөрлийг ашиглаагүй бөгөөд Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уг тусгай зөвшөөрлийн төлбөрийн талаар ямар нэг мэдэгдэл өгч, нэхэмжилж байгаагүй учраас үүнийг тухайн үедээ болохоо больчихлоо гэж бодтол өчнөөн олон жилийн дараа шүүхээр нэхэмжилсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 2 жилийн хугацаатай байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75.2-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлдэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу дууссан байх тул уг төлбөрийг шүүхээр нэхэмжлэх шаардах эрх үүсээгүй байна. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 5.7-д заасны дагуу уг тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрийг тусгай зөвшөөрлийг авсанаас хойш 30 хоногийн дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг мөн л хүчингүй болгохоор заасан. Тухайн үед манай компани ашиглах хугацааныхаа төлбөрийг төлөөд зөвшөөрлөө авдаг байсан. Төлсөн төлбөртөө тооцогдох үйлчилгээ авдаг, төлбөрөөс хэтрүүлж үйлчилгээ авдаггүй байсан. Ашиглах хугацааныхаа төлбөрийг тухайн үедээ бүрэн төлсөн байхад олон жилийн дараа төлбөрийн үлдэгдэл гэж мөнгөн хөрөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ХХЗХо нь хариуцагч И н х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,289,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 110/R/INQ010 дугаартай тусгай дугаар ашиглах гэрээг 2 жилийн хугацаатай, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 75812 дугаартай Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээг 2 жилийн хугацаатай тус тус байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ХХЗХо нь хэт богино долгионы аналоги радио станцын зориулалтаар ашиглуулах, бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээний 1900-1616 тусгай дугаарыг ашиглуулах, хариуцагч И н х ХХК нь уг долгион болон тусгай дугаар ашигласаны тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч И н х ХХК нь Радио давтамж ашиглах гэрээ, тусгай дугаар ашиглах гэрээг тус тус байгуулсан боловч 2016 оноос хойш гэрээний зүйлүүдийг огт ашиглаагүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч ХХЗХо нь тусгай дугаар ашиглах гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, Радио давтамж ашиглах гэрээний хугацаа 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус тус дууссанаас хойш буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хариуцагч И н х ХХК-иас гэрээний үүрэг шаардаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд хариуцагч И н х ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/00566 дугаар шийдвэрээр хариуцагчийн оршин байрлах хаягийг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид удаа дараа хүргүүлж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч И н х ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,289,150 төгрөг гаргуулах тухай ХХЗХоны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ