Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2019/0009

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын  29  өдөр

Дугаар 223/МА2019/00009

 


Д.А-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00191 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.А-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.У-т холбогдох,

“Эм борлуулалтын орлогод 667,660 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Т.Т.У ын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , түүний өмгөөлөгч Ш.Дуламжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

    Нэхэмжлэгч Д.А   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвд эмийн санчаар ажилладаг. Энэ суманд 2009 оноос эхлэн эмийн санчаар 9 жил ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын шугамаар ирсэн шалгалт, хяналтын албаны шалгалт, сумын Засаг даргын шалгалт зэрэгт үр дүнтэйгээр шалгуулж байсан. 2017 онд сумын бага эмч Т.У малын тоонд явахдаа эмийн сангаас 667,660 төгрөгийн эм авч борлуулалт хийгээд эмийн мөнгийг эргүүлж эмийн санд тооцоо хийх байсан ч, одоо болтол тооцоо хийгээгүй. Эхэндээ эгч нь өгнөө гэдэг байсан бол сүүлдээ элдвээр хэлээд өгөхгүй гэдэг болсон. Одончимэг, Баасан хоёртой тооцоо нийлье гэхээр Т.У  эмч хийнэ гэдэг. Өмнө нь бас Т.У  эмч эм аваад мөнгийг нь өгөхгүй байсан, баримтгүй байсан учраас дутагдал гаргасан эд хариуцагч гэдгээрээ би төлж байсан. 2 дугаар багийн эмч Цэцгээгийн эмийг бэлдээд тавьчих, би авна гэсэн. Эхлээд өөрийнхөө эмийг авсан. Дараа нь Цэцгээгийн эмийг авна гэхээр нь эмийг нь өгье, гарын үсгээ зур гэж байж зуруулсан. Харин Т.У  эмч би 5-р багийн эмч юм чинь авсан нь тодорхой, өөрийнхөө баримт дээр зурахгүй гээд гарын үсэг зураагүй. Тооцоогоо хийхгүй, баримтдаа, хамтран ажиллах гэрээндээ гарын үсэг зур гэхээр бас зурдаггүй. 2018 оны баримтын шалгалт ирээд шалгахдаа мөн акт тогтоосон. Би эмийн төлбөрийг Т.У  эмч хийх ёстой гэж, тэр үед Т.У  эмч төлнө гэж өөрөө тайлбарласан боловч эд хариуцагчийн хувьд гарын үсэг зур гэж актад зуруулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас 3 сарын дотор тооцоогоо дуусгах үүрэг өгсөн боловч одоо болтол өгөөгүй. Намайг эмийн тооцоогоо дуусгаач гэхэд хоолой боож, нүүр хүзүүнд шарх үүсгэж зодож танхайрч байсан. Ийм учраас би өөрөө хэлж яриад энэ төлбөрийг төлүүлж чадахгүй байгаа. 2017 оны 12 дугаар сарын 6-ны байдлаар Т.У  эмч 749,660 төгрөг өгөх байснаар 80,000 төгрөгийг хүлээлгэн өгснөөс өөр төлбөр тооцоо хийгээгүй учраас Т.У  эмчээс борлуулалт хийсэн эмийн 667,660 төгрөгийг байгууллагын дансанд төлүүлж, эм хариуцаж байгаа намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

    Хариуцагч Т.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Миний бие 2017 оны малын тоонд явахдаа Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч Д.А ээс эм авч явсан. Гэхдээ эмний мөнгийг гэрчүүдийн дэргэд буцааж өгсөн. Хөдөө айл өрхүүдээр орохдоо худалдсан эмнийхээ мөнгийг тусад нь хийж авч явсныг хамт явсан багийн засаг дарга болон бусад хүмүүс мэднэ. Одоо Д.А  бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй болно. Д.А  нь цус харвалтын улмаас мартаж санадаг болсон. Иймд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож өгөхийг хүсье. Төсвийн байгууллагад өр төлбөр байнга гардаг. Д.А  өртэй гарангуутаа намайг гүтгэж байна. Эм зарсан мөнгөө өгөөд, үлдсэн эмийг Баасан эмч бид хоёр хүлээлгээд өгчихсөн. Цэцгээ эмчийн эмийг өөрт нь өгсөн. Д.А  бид хоёрт янз бүрийн тооцоо байхгүй. Өөрөө согтуу байгаад айлаас гараад цүнхээрээ намайг цохисон. Бие муутай байж чи боль гэсэн. Баасан ажлаас гарсан, Одончимэг хүүхэд төрүүлсэн учраас надаас нэхэж байна. Би төлөх өр төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.У-с 558,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т олгож, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.У-с 17,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А т олгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

    Хариуцагч Т.У гаргасан давж заалдах гомдолдоо: “Т.У би 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 00191 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн талд орж үндэслэлгүйгээр миний эсрэг шийдвэрлэлээ. Шүүх анхнаасаа нэхэмжлэгч Д.А-н талд байсанд би маш их гомдолтой байна.  Шүүх шударга шийдвэр гаргах ёстой гэж иргэн хүний хувьд үзэж байна. Шүүх хурал болдог өдөр тахир дутуугийн группд байдаг саа саажилттай хүүгийн минь бие муудаж Сэргэлэн сумаас эмнэлгийн машинаар Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн ингээд эмнэлэгт хүүгээ үзүүлэн шинжилгээ оношлогоо хийлгэж би хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүгч надад албадан ирүүлэх захирамж гаргаж миний араас шүүхийн зарлага, цагдаа явуулж би эмнэлэг дээр хүүхдээ үзүүлээд сууж байхад миний нэр хүндийг байдалд оруулсан. Би аргаа барахдаа өвчтэй хүүхдээ хүнд үлдээж шүүх хуралд ирсэн юм. Ингээд шүүх хурал миний эсрэг болж миний эсрэг шийдвэр гаргасан. Шүүх хурал дээр манай өмгөөлөгч үгээ хэлж байхад үл ойшоож доошоо хараад тооны машин дээр тоо бодоод суугаад байсан би гомдолтой байна. Д.А т Төв аймгийн аудитийн шалгалтаар 1.144.525 төгрөгийн дутагдал гарч түүнийг эрхлэгч Алтанцэцэг 2-т акт тавигдсан байсан. Гэтэл тэр мөнгөө надаас гаргуулахын тулд надад эм өгч буцаагаад мөнгийг нь өгөөгүй гэж намайг гүтгэж ямарч баримтгүй өөрөө гараараа бичсэн нооргоо шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд өгсөн аудитын баримтанд...- шалгалтанд хамрагдсан хугацаа нь 2018 оны 01 сарын 01-нээс 2018 оны 06 сарын 30-ны хооронд бараа материалын тооцоо бодсон баримт гэж өгсөн байсан. Д.А  энэ хугацаанд дутагдуулсан эм тарианы мөнгөө надаас нэхэмжилж байгаа юм. Гэтэл шүүх намайг 2017 оны 12 сарын 06-ны өдөр 197 760 төгрөгний эм тариа авсан, 2017 оны 11 сарын 22-ны өдөр 360 740 төгрөгийн эм тариа авсан гэж үзэж нийт 558 500 төгрөгийг надаас гаргуулж, Д.Алтанцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Гэвч би энэ мөнгийг төлөх ямарч үндэслэлгүй юм. Д.Алтанцэцэг 2017 оны 12 сарын 06-ны өдөр 197 760 төгрөгийн эм тариаг өгсөн бол Цэцэгээ, Энхтуул нарт өгсөн баримт байна тэгээд ч энэ гар ноорог тоо нь засвартай 19 960 төгрөгийг дунд нь 7 гийн тоо оруулсан байж болохоор байгаа. Мөн 2017 оны 11 сарын 22-ны өдөр Т.У , Одончимэг, Баасан нарт эм тариа өгсөн гэсэн Алтанцэцэгийн өөрийнх нь гар ноорог байна. Энэ ноорог нь дарж балалсан дугуйлсан нийт 360 740 төгрөг гэсэн ямарч баталгаа байхгүй, хэдэн төгрөгний эм тариаг хэн хэнд өгсөн хэдийг нь хэн хэнээс буцаан авсан талаар ямарч тооцоо баримт байхгүй байхад надаас дээрхи гар нооргийн мөнгөн дүнг бүгдийг нь гаргуулахаар шийдвэрлэснийг би үндэслэлгүй шийдвэрлэлээ гэж үзэж байна. Иймд үнэн эөвийг шүүн тунгааж Д.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг  зохигчдын тайлбар болон хэргийн бусад баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан  үзэж бодиттойгоор үнэлэлт өгч чадаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан  шаардлагыг хангаагүй  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Т.У-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, борлуулалт хийсэн эмийн үнэ 667 660 төгрөг гаргуулахыг шаардаж,үндэслэлээ “...2017 онд сумын бага эмч Т.У малын тоонд явахдаа эмийн сангаас 667 660 төгрөгийн эм авч борлуулалт хийгээд ... одоо болтол тооцоо хийгээгүй..Т.У  эмчээс борлуулалт хийсэн эмийн 667 660 төгрөгийг байгууллагын дансанд төлүүлж, эм хариуцаж байгаа намайг хохиролгүй болгож өгнө үү “ гэжээ.

Хариуцагч Т.У нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “ ... 2017 оны малын тоонд явахдаа... эмийн санч Д.А ээс эм авч явсан..эмний мөнгийг гэрчүүдийн дэргэд буцааж өгсөн...Д.А  бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоогүй... Эм зарсан мөнгөө өгөөд, үлдсэн эмийг Баасан эмч бид хоёр хүлээлгээд өгчихсөн... Цэцгээ эмчийн эмийг өөрт нь өгсөн... Баасан ажлаас гарсан, Одончимэг хүүхэд төрүүлсэн учраас надаас нэхэж байна. Би төлөх өр төлбөргүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тэдгээрийн  хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг үндэслэлтэй зөв тогтоосноор  тухайн маргаантай харилцаанд хэрэглэгдэх хуулийг шүүх зөв оновчтой сонгон хэрэглэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хоорондох маргаан ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тогтоогоогүй, гэрээний бус харилцаа буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, энэ нь хэргийн  баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ  хүрээнд  шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой хэдий ч тухайн хэргийн хувьд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход маргааны үйл баримт болон хэргийн бодит нөхцөл байдал  хангалттай бүрэн тогтоогдоогүй байгаа учраас алдааг залруулах боломжгүй байна.

Тухайлбал маргааны үйл баримтын талаар нэхэмжлэгч Д.А   нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...2017 оны 11-р сард багийн эмч Одончимэг Т.У  Баасан нар эмийн сангаас эм аваад 3 хоногийн дараа эргэн төлнө гээд явсан ...Одончимэг, Баасан эмч нарт өгөх эмийг Т.У  авсан.. тооцооны баримт дээр тэрээр гарын үсэг зурсан “ гэсэн тайлбар, хариуцагч Т.У “ ...2017 оны 11-р сард Баасан эмч бид 2 эм авч явсан нь үнэн. ..үлдэгдэл эмийг Одончимэг , Баасан нар  Д.А т буцаагаад өгчихсөн тооцоо байхгүй  “ гэсэн тайлбар гаргажээ.

Үүнээс үзвэл Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн эмийн санч Д.А  нь Т.У-с 2017 оны 11 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд авсан эмний үнэ 667 660 төгрөгийг шаардсан, эсхүл Т.У нь  багийн эмч гэсэн үүднээс эм авч борлуулж эргэн эмийн сантай тооцоо хийдэг, эсхүл Одончимэг, Баасан нар нь төлөөлж эм авах эрхийг Т.У-т олгосноор тэрээр эм авч борлуулсан эсэх эсхүл Т.У тэдгээр эмч нараас эм төлөөлж авах эрхийг авснаар эмийн санч Д.А ээс эм авч Одончимэг, Баасан нарт эмийг өгсөн, эм авч тооцоо хийх харилцаа эмийн санч Д.А  болон дээрх этгээдүүдийн хооронд  үүссэн эсэх зэрэг иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь хэрэг маргааны шийдвэрлэхэд  зайлшгүй шаардлагатай бөгөөд улмаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг хуульд нийцүүлж зөв тодорхойлоход  ач холбогдолтой юм.  

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл хангалттай бүрэн нотлогдоогүй байхад Т.Т.У ын 2017 оны 12 дугаар сарын 6, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн /хх-6, 12 тал/ баримт дээрх  гарын үсэг зурсан үйл баримтыг үндэслэн зөвхөн Т.У эмийн үнэ  667 660 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага 558 500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.  

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төвийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд  аймгийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийх явцад тус төвийн эмийн сангийн эргэлтийн хөрөнгө болох  эмийг тоолоход  1 149 525  төгрөгийн үнэ бүхий эм дутагдсан зөрчил илэрч буруутай  этгээд болох эмийн санч Д.А ээр төлүүлэхээр акт тогтоожээ. /хх-76 тал/.

 Уг актын дагуу нэхэмжлэгч Д.А  шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх бөгөөд  тэрээр байгууллагад учирсан хохирлоос хэдэн төгрөгийг төлсөн, өөрт нь хэдэн төгрөгийн бодит хохирол учирсан талаар шүүх тодруулаагүй байна.  

Иймд нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зөрчсөн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж,  хууль буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 151/ШШ2019/00191 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  хариуцагч Т.Т.У ын 17 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ӨРНӨДЭЛГЭР

 ШҮҮГЧИД                                                               Г.БОЛОРМАА

                                                                                   Т.ЭНХМАА