Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 35

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг №0079,

иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа,

шинжээч Б.Батзориг,

шүүгдэгч Б.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргачин овогт Боржоогийн Батсайханд холбогдох 2016 0108 0512 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, модны үйлдвэрийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчид 8 дугаар гудамж, 444 тоотод оршин суух, урьд 1995 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн а-д зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн ФЖ73060212 дугаартай, Баргачин овогт Боржоогийн Батсайхан.

Б.Батсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 27-86 УБА улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 11 дүгээр гудамжинд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс 503 тоот хашааны өмнө тавьсан байсан Б.Ариунзаяагийн эзэмшлийн 92-08 УНГ улсын дугаартай Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, түүнд 2.441.000 төгрөгийн хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн 27-86 УБА улсын дугаартай Т.Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 11 дүгээр гудамжинд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 503 тоот хашааны өмнө тавьсан байсан Б.Ариунзаяагийн эзэмшлийн 92-08 УНГ улсын дугаартай Т.Приүс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, түүнд 2,441,000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батсайханы өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийнхээ сургуулийн баярт очиж, 2 шил архи уусан. Шөнийн 05 цаг 30 минутын орчим согтуугаар машин жолоодож яваад осол аваар гаргасан. Би цус алдсан учир ослын газраас гэртээ харьсан. Гэрт цагдаа ирээд осол гаргасан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн өгсөн: “Хэрэг гарсан өдрийн өглөө эмээ “машин чинь байхгүй юм уу” гэж асуухаар нь би гэрээс гарч харахад гудамжны үзүүрт нэлээн эвдэрсэн байсан. Мөргөсөн машин хашааны үүдэнд байсан. Би шууд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунзаяагийн өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед байх 92-08 УНГ улсын дугаартай Приүс маркийн машинаа жолоодож гадуур явж байгаад Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 11-503 тоотод эмээгийндээ ирсэн, тэгээд хашааны хаалга нээж, хаахад хүнд байдаг машинаа хашааны хаалганы гадна талд тавиад гэртээ унтаж амарсан, тэгээд өглөө 08 цагийн үед хашаанаас гарч хартал хашааны үүдэнд тавьсан машин байсан газраа байхгүй байхаар нь гайхаад сайтар харахад уруу газарт миний машин нэлээн хол эвдэрсэн харагдсан. Харин миний машиныг мөргөсөн бололтой цагаан өнгийн Приүс маркийн машин манай хашааны булан хэсэгт мөн урд тал нь маш их эвдэрсэн байдалтай байсан. Гудамжны зүүн талаас ирсэн цагаан өнгийн Приүс маркийн машин миний машины урд талаас нь мөргөөд уруу газар байсан тул хойшоо өнхөрч нэлээн холдож зогссон байдалтай байсан. Мөн миний машиныг мөргөсөн газар нь машины мөр, машины эвдэрч хагарч унасан эд зүйлүүд байсан. Мөн миний машиныг мөргөсөн цагаан Приүс маркийн машины урд шил хагарсан, хагарсан хэсэг дээр нь хүний арьс бололтой юм харагдсан, мөн жолооч талын хаалганы гадна хэсэгт шил түүний доод талд газарт цус болсон байсан бөгөөд жолооч нь байхгүй, машиных нь хаалга түгжигдээгүй байсан, үнэлгээгээр тогтоогдсон 2.441.000 төгрөгийн, үнэлгээний хөлс 78.000 төгрөгийн, нийт 2.519.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг

/хх-ийн 43 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Болор-Эрдэнийн өгсөн “...Би “Бласт” ХХК-ны Өмнөговь дахь салбарт дулааны инженерээр ажилладаг ба 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хөдөө ажил дээрээ байхад манай эхнэр Б.Ариунзаяа над луу залгаад “хашааны гадаа машинаа тавьсан байсан чинь машин ирээд мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд миний нэр дээр байдаг манай эхнэр бид 2-ын дундын 92-08 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд тал мөргөгдөөд эвдэрсэн байдалтай хашаанд байсан. эхнэрээсээ “хэн мөргөсөн бэ” гэж асуухад “Батсайхан гэх хүн мөргөөд одоо цагдаад шалгагдаж байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 77-78 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Сороглонгийн өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой нөхөр Б.Батсайхан нь 1-р ангийн хүүхдийнхээ танилцуулга үдэшлэгт оччихоод дараа нь эцэг эхчүүдийн хамт караокед орно гээд өөрийн 27-86 УБА дугаартай Приүс маркийн машинаараа явсан, тэгээд удахгүй ирэх байх гэж бодоод гэрийн /байшинд байдаг/ хаалгаа түгжилгүй унтаад өгсөн, шөнө орж ирэхийг нь мэдээгүй, харин өглөө 08 цаг өнгөрөөгөөд цагдаа орж ирэхээр нь л мэдсэн. Батсайхан гэртээ орж ирээд газарт хөнжил нөмрөөд унтаад өгсөн, өөрөө ч мэдэхгүй бололтой байсан, цагдаа нар осол гаргасан байна гэхээр нь харахад гэрт нэлээн цус гоожуулсан, Батсайханы нүүр нь цус болсон духны хэсгээс нь цус гарч байсан, тэгээд цагдаа нар түргэн дуудаад таксигаар эмнэлэгт хүргэж өгсөн. Батсайхан тэр өдрөө Гэмтлийн эмнэлэгт очиж 13-14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Нөхөр Б.Батсайхан жолоодож яваад осол гаргасан, өөрийнх нь буруу учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 45 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №9416 дугаар:

 “1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Боржоо Батсайхан Налайх” гэж хаяглагдсан цусанд 1,4 промилли спиртын агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн техникийн шинжээчийн үзлэг хийсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №29 дүгээр:

“1. 27-86 УБА улсын дугаартай Тоёота Приүс маркийн машины жолооч Б.Батсайхан нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7-д жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.1 “Жолоочийн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

  1. 9208 УНГ дугаартай Тоёота Приүс маркын автомашины жолооч Баатарцогтын Ариунзаяа нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 47 дугаар тал/

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Замын Цагдаагийн Албаны шинжээчийн №93 дугаар:

  1. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Батхуягийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №29 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна. /МУ-н ЗХД-н 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; ...в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байсныг орхигдуулсан./
  2. Т.Приус маркийн 27-86 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, Б.Батсайхан нь МУ-ын ЗХД-ийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” Гэсэн заалтыг мөн дүрмийн 2.5-д заасан ““Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; ...в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 142-143 дугаар тал/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №8797 дугаар автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ, 

/хх-ийн 37-38 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 58 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 91 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Батсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №259755 тоот жолооны үнэмлэх, №01396332 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг тус тус хууль ёсны эзэмшигчид нь олгож, Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/01 дүгээр мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батсайханд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 2,441,000, үнэлгээний үнэ 78,000 нийт 2.519.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны явцад 1,900,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэдэг нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул үлдэх 619,000 төгрөгийг шүүгдэгч Б.Батсайханаас гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяад олгох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд “...Шүүгдэгч 2002 онд жолооч болсноос хойш 14 жилийн хугацаанд осол аваар гаргаж байгаагүй. Болгоомжгүйгээр осолд холбогдож, өөрийн буруутай үйлдлээс хэрэг үйлдсэнд маргах зүйлгүй. Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан боловч ялтай байх хугацаа нь дууссан байна. Өнөөдөр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эрүүл мэндийн байдал сайнгүй байна. Одоо 44 настай, эхнэр ажилгүй, 5 хүүхдийг тэжээн тэтгэдэг. Иймд шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялын доод хэмжээ оногдуулж, үүнийг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэж мэдүүлж байх боловч Б.Батсайхан нь шүүхийн шатанд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаанд удаа дараа зөрчсөн нь түүний хувийн байдлыг тодорхойлохын зэрэгцээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй байх тул гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баргачин овогт Боржоогийн Батсайханыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Батсайханд Эрүүгийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханд оногдуулсан 03 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсайханаас 619,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяад олгосугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧИНЗОРИГ