Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/192

 

 

 

 

 

 

     2021           2              24                                       2021/ДШМ/192

 

 

П.Лд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Н.Булганчимэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1007 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Амарбатын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч П.Лд холбогдох эрүүгийн 1809014460616 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П.Л, 1990 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаа эдэлж дууссан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Шүүгдэгч П.Л нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Ж.Мөнхтуулын цүнхнээс түүний өмчлөлийн “Ай Фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний орчимд хохирогч Т.Мөнхзаяагийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 494 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, эрүүгийн 1809014460616 дугаартай хэргийг прокурорт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд, анхан шатны шүүхээс “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй...”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч П.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...гэм буруугаа хүлээн мэдүүлсэн” мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдож чадахгүй байна....” гэж үзсэн. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэж байна. Шүүгдэгч П.Л өгсөн мэдүүлэг нь эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хэрэг учрал болох үед автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оюунзаяа, З.Мөнх-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар нотлогдсон. Тухайлбал: Эд зүйл хураан авсан тэмдэглэл болон автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд П.Л зорчин явсан автомашины суудлын дундах голын хайрцгаас хохирогчийн гар утсыг хураан авсан талаар тэмдэглэгдсэн, үүнд оролцогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд мөрдөгч нар гэрч Л.Оюунзаяагийн цүнхэнд үзлэг хийгээгүй, энэ талаарх баримт байхгүй, дээрх гэрч нар бас мэдүүлдэггүй болно. Түүнчлэн шүүх тогтоолдоо “...Улсын яллагч нь гэрч Ү.Мөнх-Эрдэнэ, Л.Оюунзаяа нарыг шүүгдэгчтэй ярилцаж тохиролцсон, шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгч байна гэх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шүүгдэгч болон дээрх 2 гэрчийн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдсөн бөгөөд энэ талаар урьд мөрдөн шалгах ажиллагааны явцад яригдаж байгаагүй учраас баримт байхгүй нь ойлгомжтой байхад үндэслэлгүй дүгнэлт хийж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн үндэслэлийг дурдаж шүүгдэгч П.Лд ашигтайгаар шийдвэрлэж, түүнийг цагаатгажээ. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын аль нь ямар эргэлзээтэй баримт болох талаар тодорхой дурдаагүй, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх байдлаар хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаанд шүүгдэгч, гэрч нар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээсээ илтэд зөрүүтэй буюу өөр байдлаар мэдүүлж байхад шүүхээс шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг үнэлж, хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудыг хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгчийг ял завшихад хүргэж байна. Түүнчлэн шүүгдэгч, гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс илтэд зөрүүтэй байгаа байдлыг шалгуулах талаар арга хэмжээ авалгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн хэмээн үзсэн нь ойлгомжгүй байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар хуульчилсныг шүүх анхааралгүй орхигдуулсан байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 1007 дугаартай шүүхийн “Цагаатгах тогтоол” нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй байна гэж үзсэн. Шүүгдэгч П.Л өөрийн гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдүүлэг, Мөн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хэрэг учрал болох үед автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, автомашины голын хайрцагнаас хурааж авсан гар утас нь шүүгдэгч П.Лх гэдгийг гэрч Л.Оюунзаяа, З.Мөнх-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлгүүдээр хөтөлбөргүй тогтоож шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх 2 гэрчийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцуулсан. Тухайн 2 гэрч өмнө нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл өөрсдөө гэмт хэрэг үйлдсэн талаар ярьсан. Шүүхийн хэлэлцүүлэгт 2 гэрчийн мэдүүлгийг үнэлж үзээд П.Лд холбогдох хэргийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв П.Л мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг өмнө нь өгсөн мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байвал тухайн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг эргэлзээгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоол үндэслэлгүй тул хэргийг прокурорт буцаах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос П.Л хохирогч Ж.Мөнхтуулын цүнхнээс түүний өмчлөлийн “Ай фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 624.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн  хохирогч Т.Мөнхзаяагийн халааснаас түүний өмчлөлийн “Ай фоне-6 Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 392.000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 1.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй...” хэмээн дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Л цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ цагаатгах тогтоолынхоо тодорхойлох хэсэгт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн “...хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлах...” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг няцаан үгүйсгэх болсон нотлох баримт, түүний агуулга болон шүүгдэгчийн мэдүүлгээс бусад яллах нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагуудад нийцсэнгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл анхан шатны зөвхөн “шүүх хуралдаанд оролцсон оролцогчдын” мэдүүлгийг үндэслэн цагаатгах тогтоол гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан тэдний мэдүүлэг болон бусад нотлох баримтыг  хэрхэн үгүйсгэсэн талаархи дүгнэлт анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд байхгүй байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад гэрч З.Мөнх-Эрдэнэ, Л.Оюунзаяа нар шүүгдэгч П.Л гэмт хэрэг үйлдсэн талаар тууштай мэдүүлж байсан атлаа шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн этгээд П.Л биш  З.Мөнх-Эрдэнэ болохыг З.Мөнх-Эрдэнэ өөрөө хүлээн мэдүүлж, мөн З.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг Л.Оюунзаяа гэрчилж мэдүүлгээ гэнэт өөрчилсөн нь эргэлзээтэй бөгөөд эдгээр мэдүүлгийн дагуу хэргийг шалгуулах эсэх асуудлыг анхаарч дүгнэлт хийлгүйгээр эрс зөрүүтэй уг мэдүүлгийг хэргийг цагаатгах нотлох баримт болгон шууд үнэлсэн нь учир дутагдалтай  болжээ.

Эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон П.Лд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан П.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1007 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Лд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл П.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

                      ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                      ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ