| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/04702/И |
| Дугаар | 101/ШШ2021/04080 |
| Огноо | 2021-12-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2021/04080
| 2021 12 07 | 101/ШШ2021/04080 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /рд:/-ийн гаргасан,
Хариуцагч: Э.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,506,090.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Б.Б 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай банктай зээлийн эрхтэй кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, төгрөгийн зэс картыг 4,000,000.00 төгрөгийн эрхтэйгээр авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгөний гүйлгээнд сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээнд сарын 2.0 хувийн хүү, мөн зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувийн хүүтэй гэсэн нөхцлөөр 24 сарын хугацаатай ашиглахаар болсон.
Гэтэл зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дууссан хэдий ч тэрээр эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөөгүй ба 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4,157,929.20 төгрөг, зээлийн үндсэн хүү 3,846,489.73 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,707,924.27 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,793,747.14 төгрөг, нийт 11,506,090.33 төгрөг болсон.
Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг төлөхгүй үүрэг гүйцэтгэх хугацааг олон хоногоор хэтрүүлсэн байх тул 3,846,489.73 төгрөгийн хүү бодогдсон. Харин 157,929.20 төгрөгийн эрхийг хэтрүүлсэн учраас гэрээнд зааснаар 1,707,924.27 төгрөгийн нэмэгдүүлэн хүү, зээлийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хэтрүүлсэн тул 1,793,747.14 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдсон.
Иймд, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 11,506,090.33 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, нэхэмжлэгч АА ХХК-ийн нэхэмжилсэн 11,506,090.33 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. Учир нь, миний хувьд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4,000,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй зэс карт авсан ба банкнаас нэхэмжилж буй зээлийн хүү, алданги нь зээлийн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн Банкны тухай болон Иргэний хуулийн заалтыг зөрчиж байна. Тиймээс миний бие үндсэн зээл 4,000,000.00 төгрөг болон алданги 2,000,000.00 төгрөг гээд нийт 6,000,000.00 төгрөг төлөх боломжтой.
Гэхдээ үндсэн зээл, зээлийн хүүг төлж болно, харин зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,707,924.27 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,793,747.14 төгрөгийг төлөхгүй. Миний бие зээлийн эргэн төлөлтийг төлж байгаагүй биш, төлөөд буцаагаад зээл аваад явж байсан. Гэтэл нэхэмжлэлд дурдсанаар зээлийн хүүг өндөр дүнгээр бодсон байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АА ХХК-иас хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,506,090.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч АА ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа .............. гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, мөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна /х.х-ийн 15 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
2. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч АА ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.Бтой кредит карт эзэмших тухай гэрээ байгуулж, нийт 4,000,000.00 төгрөгийг бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 5-7 хуудас/.
Тодруулбал, хариуцагч нь 4,000,000.00 төгрөгийн зээлийн эрх хэмжээтэй кредит картыг төлбөр тооцоонд ашиглахдаа тухайн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хэдэн ч удаа авч, буцаан төлсөн тохиолдолд төлөгдсөн дүнгээр дахин зээлэх эрхтэй ажээ.
Энэ талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23-т "төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монгол банкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг хэлнэ гэж, мөн 5.1.26-т "төлбөр тооцоо гэж хоёр ба түүнээс дээш талын хооронд хийгдсэн мөнгөн хөрөнгө, үнэт цаасны төлбөрийг дансанд тусгах ажиллагааг хэлнэ гэж тус тус зааснаар хариуцагч Б.Б нь бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхдөө 4,000,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй картнаас бэлнээр төлөхөд сарын 3.5 хувь, бэлэн бусаар төлөхөд сарын 2 хувийн хүүг тус тус авч ашигласан зээлийн хэмжээнээс тооцож төлөх үүргийг хүлээсэн байна.
3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар өнгөрсөн хугацаанд хариуцагчийн авч ашигласан зээлээс 4,157,929.200 төгрөг төлөгдөхгүй үлдсэнээс бэлэн төлбөр тооцоонд ашигласан 1,227,807.24 төгрөг, бэлэн бус төлбөр тооцоонд ашигласан 2,930,121.96 төгрөгийг төлөөгүй, мөн зээлийн хүүнд бэлэн гүйлгээнд 1,638,869.85 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 2,207,619.88 төгрөгийг тус тус төлөөгүй тухай маргаагүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг төлбөл зохих зээл, зээлийн хүүгийн хэмжээг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тооцсон тооцооллыг хариуцагч нь зөвшөөрсөн бөгөөд тэрбээр 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийг төлөхгүй үүрэг гүйцэтгэх хугацааг олон хоногоор хэтрүүлсэн учраас 3,846,489.73 төгрөгийн хүү бодогдсон байна.
Хэдийгээр зохигчдын байгуулсан гэрээнд бэлэн төлбөр тооцоонд ашиглах тохиолдолд сарын 3.5 хувь, бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах бол сарын 2 хувийн хүүтэй гэсэн боловч чухам ямар тохиолдлыг бэлэн, эсхүл бэлэн бус гэж үзэх талаар тухайлан тохироогүй байна. Гэвч хариуцагч Б.Б нь үндсэн зээлийн үлдэгдэл болоод хүүгийн талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг зээлийн үлдэгдэл 4,157,929.20 төгрөгийг зээлийн хүү 3,846,489.73 төгрөгийн хам нийт 8,004,418.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
4. Гэвч хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний бусад хүү болох зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,793,747.14 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,707,924.27 төгрөгийг тус тус төлөхгүй гэж маргасан.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж, мөн 3 дугаар зүйлийн 3.5-д Зээлийн эрх хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно гэж, 3.6-д Төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын хувиар тооцно гэж тус тус заажээ.
Банк, эрх бүхий этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд зээлийг хүүтэй, аль эсхүл хүүгүй олгож болох бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч болно.
Энэ талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно............... гэж, түүнчлэн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Гэтэл нэхэмжлэгч АА ХХК нь хариуцагч Б.Бтой байгуулсан зээлийн гэрээнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй хүү-г авахаар тохиролцсон байна. Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч гагцхүү хуулийн хүрээнд байх ёстой байтал нэхэмжлэгч нь хуулиар олгоогүй хүүг хариуцагчаас шаардахаар гэрээнд тусгасан нь хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг 4,000,000.00 төгрөгөөс илүү зээл авах ёсгүй гэсэн атлаа тийнхүү авсан хэмжээ нь хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 157,929.20 төгрөгийг хэтрүүлсэн гэсэн боловч нэмэгдүүлсэн хүү нь яагаад 1,707,924.27 төгрөг болсон талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, хэрэв хариуцагч нь авах ёсгүй байсан мөнгийг авсан тохиолдолд үүнийг зээл гэж үзэх эсэх, тухайн хэмжээгээр зээл олгосон гэж үзэж байгаа бол бэлэн, эсхүл бэлэн бус гүйлгээний хүүгээс хамаарч нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тохирсон тухайгаа тайлбарласангүй.
Нөгөө талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэдгээрийн байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж зааснаар стандарт нөхцөл агуулсан гэрээ байна.
Стандарт нөхцөл нь олон тооны гэрээнд давтан хэрэглэхээр нэг талын урьдчилан тогтоосон нөхцөл бөгөөд үүнийг тайлбарлахдаа гэрээний талуудын хүсэл зоригоос ангид, хараат бус байж, тухайн заалт, тайлбарын хэвшмэл бодит агуулга, утга санааг илэрхийлэх агуулгатай. Гэвч зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж заасан нь тухайн хүүг өдөр, эсхүл сар, жилээр тохирсон нь ойлгомжгүй байна.
Хэдийгээр гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-т тус тус зааснаар эдгээр хүүгийн хэмжээг сараар тооцон гэсэн боловч Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байхад (3.5x20%=0.7, 2x20%=0.4, 1x20%=0.2) хэтрүүлж гэрээнд тусгасан байна.
Зүй нь, нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тус тус нэхэмжилж байгаа тохиолдолд хуульд зааснаар бэлэн эсхүл бэлэн бус төлбөр тооцоонд хэрэглэснээс хамаарч хүүгийн хэмжээг 3.5x20%=0.7 хувь, 2x20%=0.4 хувиас илүүгүй хэмжээгээр тохирох ёстой байжээ.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. ................ гэж зааснаар тухайн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх ба мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасныг үндэслэн зээлийн хугацаа болон эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлсэн байх тул хариуцагч Б.Б нь зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,793,747.14 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,707,924.27 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээхгүй.
Иймд, дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 8,004,418.93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,501,671.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Боос 8,004,418.93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АА ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,501,671.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,048.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 143,021.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР