Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

   2025        04             03                                                     2025/ШЦТ/93

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр

 Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Зуунай

 Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2419004230067 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 24-ний өдөр хүлээн авч 2025 оны 04 сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

               Монгол улсын иргэн, О.Б

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ................тоотод О.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, нуруун тус газар нь хутгаар хутгалсны улмаас биед нь нурууны шарх, бүсэлхийн шарх, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч О.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Маргах зүйл байхгүй. Улсын яллагчтай тохиролцсон ялыг хүлээн зөвшөөрч байна. Өглөө үүрээр 4 цагт намайг унтаж байхад гэрт ороод ирчихсэн байсан.  Тэгээд татаж чангаагаад сэрээх шиг болсон би хэлтэй хэлгүйг нь мэдэхгүй танихгүй юм чинь юун хүн яваад байна гээд тэгсэн дуугараагүй. Намайг хамар луу өшиглөөд тэгээд л юу болж байна гээд дараад л хоёулаа дээр доороо ороод л шалан дээр өнхөрсөн. Тэрнээс өөр юм байхгүй. Би урьд орой нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг

 Хохирогч О.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дтой архи ууж байхад бүдүүн хүн унтаж байсан, тэр хүнийг дуудаж сэрээгээд би өөрөө май гээд архи өгөхөд миний зүүн нүүр рүү бүдүүн залуу алгадаж цохисон тэгэхээр нь би зөрүүлж алгадаад бүдүүн залуу намайг заамдаж барьж аваад доош тонгойлгож дарахад би ухаан балартсан тэр үед бүдүүн залуу миний нуруунд хутгаар дүрсэн тэр үед Д салгаж гарт нь байсан хутгийг авч ор руу шидсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р дугаар тал/

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 02/491 дугаартай "...О.Аын биед нурууны шарх,бүсэлхийн шарх,хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой 3.Учирсан нурууны шарх,бүсэлхийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан хүзүүний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг  сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ................тоот гэртээ архи хундаглаж өгсөн гэх О.Аын нүүр лүү нь гараараа цохиж, нуруун тус газар нь хутгаар хутгалсны улмаас биед нь нурууны шарх, бүсэлхийн шарх, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Аын мэдүүлэг /хх-ийн 12-13/,гэрч Б.Б, С.Д нарын мэдүүлэг /хх-ийн 15, 17-18/,хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24/ Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02/497 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/, яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 42/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч О.Б үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

            Иймд шүүгдэгч О.Б нь хохирогч О.Аын нүүр рүү цохих, нуруун тус газар нь хутгаар хутгалсны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

 

            Хохирол төлбөрийн талаар: Хохирогч О.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2,500,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Бд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунай нь шүүгдэгч О.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Б овогт О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

   6.Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.         

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН