2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/879

 

 

 

2025           03           31                                        2025/ШЦТ/879

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, улсын яллагч Б.Өлзийжаргал, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ш.Чанцал нарыг оролцуулан, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул тэмдэглэл хөтөлж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Ц.Э-гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000214 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: А овогт Ц.Э, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, ** настай,*******,*******,*******,*******,*******,, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан (РД:ФВ73032212).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр). Ц.Э нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй хүнсний дэлгүүрээс 1 хайрцаг буюу дотроо 700 граммын савлагаатай 20 ширхэг ууттай С ХХК-ийн “Х” гэсэн бичигтэй ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Н” нэртэй хүнсний дэлгүүрээс 1 хайрцаг буюу дотроо 6 ширхэгтэй “Fuze tea” гэсэн бичигтэй ундааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.Ч-т нийт 624,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

   Шүүгдэгч Ц.Э хуралдаанд мэдүүлэхдээ: Би дэлгүүрээс хорхой ааруул авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай сахрын өвчтэй, миний охин жирэмсэн. Би ар гэрээ тэжээж байгаа. урьд нь зайсанд хамгаалагчаар ажиллаж байсан. Би гэм буруугаа хүлээж харамсаж байгаа гэв.

            Эрүүгийн 2510000000214 дугаартай хэргээс:

            1.Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасагт гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

            2.2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас),

            3.2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

            4.Хохирогч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

5.Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

            6.Хас-Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2349 дугаартай хөрөнгийн үнэлгээний Хорхой ааруул /700гр/ 600,000 төгрөгөөр үнийг тогтоосон тайлан (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас),

            7.Хас-Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №2360 дугаартай хөрөнгийн үнэлгээний Fuze tea ундаа /1.25l/ төгрөгөөр үнийг тогтоосон тайлан (хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас),

8.Яллагдагч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

            9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овогт  Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Ц.Э-г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-оос 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч-т олгосугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА