| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/00912/И |
| Дугаар | 101/ШШ2022/02017 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/02017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, ******* тоот хаягт оршин суух, Гэзэгт овогт Ц*******ийн Б-И/регистрийн дугаар: /-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******, *******лол,*******,******* тоот хаягт оршин суух, Шуудай овогт Шархүүгийн Б-Э/регистрийн дугаар: /-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 59,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б-И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, хариуцагч Ш.Б-Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, гэрч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ш.Б-Этэй тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах №8117 тоот гэрээ байгуулж, 59,000,000 төгрөгөөр ММС Super Great маркийн ******* БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 сарын 22-ны өдөр Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэр дээр авсан.
Улаанбаатар хотоос Булган аймгийн чиглэлд 15 т хүнсний бараа тээвэрлэх үед энэ машины моторт тачигнасан яхир дуу, чимээ гарч, хүчгүй болж машин ажил гүйцэтгэх боломжгүй болох үед хариуцагч Ш.Б-Этэй утсаар холбогдож тухай бүр мэдэгдэж байсан бөгөөд энэ ачааны автомашинаар цаашид ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ гүйцэтгэх боломжгүй болсон учраас худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар цуцалж худалдан авсан төлбөр мөнгийг иргэн Ш.Б-Ээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 8117 тоот гэрээ хийгдсэн. Тээврийн хэрэгсэл чанар сайн байгаа гэж хэлж байсан. Өөрсдөө 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу мөнгөө болон эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дээр худалдсан тээврийн хэрэгсэл нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, эд хөрөнгийг тухайн төрлийн эд хөрөнгөөр буюу тухайн үед худалдаж авах шаардлагатай эд ангиар солих үүрэгтэй гэж заачихсан байгаа. Ц.Б-Итэй байгуулсан гэрээг нэг мөсөн цуцалж, 59,000,000 төгрөг гаргуулна.
Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийн доголдол гарсан учраас 6 сарын дотор техник доголдолтой, дуу гарч байна гэж үзэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.1-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Ц.Б-И энэ машиныг авах уу, үгүй юу гэдэг нь өөрөөс нь шалтгаална. Хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд Иргэний хуулийн 254 дугаар зүйл 254.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Япон улсаас оруулж ирсэн, Монголд явж байгаагүй тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдан борлуулсан ба шинэ машин биш, 2004 онд үйлдвэрлэгдсэн, бага сага хийх юм байдаг, тос масло найдвартай газар мэргэжлийн хүмүүсээр солиулаарай гэж хэлж байсан. Гэтэл Ц.Б-И нь дуудлагын хүмүүс дуудаж Нарантуул зах дээр солиулсан тул мотороо угаалгасан байж магадгүй байгаа. Дизель хөдөлгүүртэй, том мотортой машины тос солих үед моторыг угаалгаж болдоггүй.
Ц.Б-И нь Булган явах замдаа над руу утсаар холбогдож дуу гараад байна гэж хэлсэн. Булганд байж байгаад хот руу буцаж ирэхэд нь би машиныг 680,000 төгрөгөөр оношлуулахад ямар нэг эвдрэл байгаагүй.
Би, Ц.Б-Итэй хамт 15 км орчим газар өөрөө унаж явж үзэхэд ямар нэгэн асуудал, эвдрэл гэхээр юм байгаагүй. Тэгээд Ц.Б-И машинаа авч яваад хэд хоногийн дараа дахин холбогдож, юм дугараад байна гэхэд нь би машинаа аваад ирээ, моторын доод тагийг авч үзээд, юу болохгүй байгааг нь мэдээд засъя гэхэд, үгүй чамайг шүүхэд өгнө, эсвэл машинаа ав гэсэн. Машинаараа Булган-Улаанбаатарын хооронд ачаа тээвэрлэж, миний мэдэхээр 1 сарын дотор 3 удаа ирж очсон. Хамгийн гол нь би тэр эвдрэл гээд байгаа юмыг нь Ц.Б-Ид буруу өгөөгүй. Чи өр тавьж зээлээр авсан болохоор би засаж өгье гэхэд үгүй гэсэн.
Тийм учир энэ эвдрэл гэж яриад байгаа зүйл нь манай талаас шалтгаалсан зүйл би гэж үзэж байна. Уг машиныг анх Замын-Үүдийн гаалиар орж ирэхэд нь би өөрөө унаж Улаанбаатар хот руу 700 км явж ирэхэд асуудал байгаагүй.
Ц.Б-И нь анх уг машиныг авахдаа машин мэддэг гэх хүмүүстэй хамт ирж 2-3 удаа үзэж судалж байгаад 65 сая төгрөгийн машиныг 59 сая төгрөгөөр авсан.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар тодорхой үйлдэл хийснээр хүлээж авсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар автомашин мэддэг хүн дагуулж ирээд унаж үзээд уг машиныг авсан байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаар заасан. Гэтэл нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдлыг илрүүлж тогтоолгүйгээр эд хөрөнгийг доголдолтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байтал нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон нотлох баримтаар 2-3 удаа даац хэтрүүлсэн нь тогтоогдож байна. Даацаас нь хэтрүүлэн ачсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Жижиг хэмжээний зөрчил гарсныг худалдагч тал засан сайжруулж, түүнтэй холбоотой гарсан зардлыг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар зарим хэсэг нь доголдолтой, эсхүл доголдолтой нь доголдолтой нь нотлогдоогүй бол бүхэлд нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т зааснаар мэдсээр байж худалдаж авсан. Худалдагчийн буруу биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Автомашин өгсөн, авсан асуудлаар Ш.Бнийг танина. Ц.Б-Иг ганц, хоёр удаа харж байсан. Энэ машинд эвдрэл байна гээд форсункуудыг нь авч цэвэрлэсэн. Эвдрэл компьютераар ч гарна, механик эвдрэл гардаггүй. Тухайн үед машинд доголдолтой зүйл нэг их байгаагүй. Мотор хүчгүй байна гэхээр нь форсункийг нь авч цэвэрлээд цаашаа яах вэ гэхэд Ш.Б-Этэй ярьж байгаад болоё гэж хэлсэн. Ш.Б-Э 300,000 гаруй төгрөг төлсөн. Яг хэдэн төгрөг төлснийг нь санахгүй байна. Форсунк нь түлшнээсээ болоод гацчихсан байсан. Түүнийг нь зориулалтын машинаар гүйлгэхэд гацаа нь арилаад автомашин нь өөрөө цэвэрлэчихдэг. Задалж аваад форсункийг нь шалгадаг автомашин дээр шалгаад 1-2 удаа өнгөлж байгаад буцаагаад угсарсан. Форсунк авах үед 4, 5 дугаар форсункны үзүүр дээр бөнжигнөсөн байдалтай зүйл нь ус ч биш, түлш байх. Ус бөнжигнөж гарч ирч байвал автомашин явахгүй шүү дээ. Завсарчин гэдгээ нотлох бичиг баримт надад байхгүй. Би хувиараа засварчин хийгээд 20 гаруй жил болж байна. Тухайн үед машинд ноцтой дуу чимээ байгаагүй. Форсункийг гаднаас хараад хэлэх боломжгүй. Надад форсункыг үзүүлснээс хойш буцаж ирээгүй. Форсункийг нь үзээд цааш нь үзэх үү гэхэд Ш.Б-Этэй ярьж байгаад болоё гээд машинаа аваад явсан гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б-И нь хариуцагч Ш.Б-Эд холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 59,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулж, Ц.Б-И нь 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, Mitsubishi Super Great маркийн, FS54JVZ-531450 арлын дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гаалийн хилээр нэвтэрсэн автомашиныг Ш.Б-Ээс худалдан авахаар харилцан тохиролцжээ.
Гэрээний Гуравдугаар зүйлийн 3.1-д тээврийн хэрэгслийн үнийг 60,000,000 төгрөг гэж тусгасан байх боловч автомашиныг 59,000,000 төгрөгөөр худалдсан, худалдан авагч тал төлбөрөө бүрэн төлж, гэрээний зүйл болсон автомашинаа авсан болох нь талуудын хэн альны тайлбараар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Талуудын тайлбарт дурьдагдаж буй хариуцагч худалдаж буй автомашины үйлдвэрлэгдсэн он, хуучин автомашинд шаардлагатай тос, тослогоо хийлгэх талаар худалдан авагчид тайлбарласан байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2.-т Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй. гэж заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар, худалдан авсан автомашины доголдлыг арилгуулах, доголдол арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 254.6.-д заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг цуцлахаар шаардаж буй үндэслэлд дурьдаж буй автомашины моторт тачигнасан яхир дуу, чимээ гарч, хүчгүй болж автомашинаар цаашид ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ гүйцэтгэх боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй буюу гэрээний зүйл болсон тээврийн хэрэгсэл доголдолтой гэж үзэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нотлогдсонгүй.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1., 251.2-т Эд хөрөнгийн биед байдлын доголдлын талаар хуульчилсан зохицуулсан бөгөөд гэрээгээр тогтоосон ... чанар бүхий эд хөрөнгө болон чанарын талаар заагаагүй ч гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, гэрээнд заасан эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан, хариуцагч Ш.Б-Эд холбогдох Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг цуцаж, 59,000,000 төгрөг гаргуулах тухай Ц.Б-Ин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-Ин улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,950 төгрөг, 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА