Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нарантуяа

     Улсын яллагч: Н.Бадам

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч А.Эрхэмбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хадных овгийн Амгаланбаатарын Эрхэмбаатарт холбогдох 201718010031 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар  сарын 31-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэдээлэл зүйн мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж ахын хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, наадамчдын зам, Туул ривэр хотхон, 000-р байр, 00 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хадных овгийн Амгаланбаатарын Эрхэмбаатар РД:ВЮ-/.

            Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч А.Эрхэмбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 14-15 дугаар тэмдэгтэд Хонда Пит загварын 50-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Ц.Сүрэнхорлоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 02-р сарын 28-ны өдийн өглөөний 09 цагийн үед Улаанбаатар хотоос Орхон аймаг явах гээд өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 51-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эхнэр Сарангэрэл, хүү Батбэх, миний эхнэрийн төрсөн дүү болох Одгэрэл, Отгонгэрэл нарын хамт явсан юм. Тэгээд Дархан-Уул аймаг ороод эхнэрийнхээ хамаатан Отгондаваа, Чулуунцэцэг нарыг аваад цаашаа Орхон аймаг руу явж байгаад Орхон гүүр өнгөрөөд удаа ч үгүй байхад миний өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл зөрөх гээд урсгал сөрж орж ирээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд тал руу мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тухайн үед маш хурдан болоод өнгөрсөн. Хэсэгхэн зуурд би юу ч санахгүй байсан юм. Нэг мэдэхэд л би хүүгээ тэвэрчихсэн эмнэлэг дээр байсан юм. Ийм л зүйл болсон юм. ...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдүүлж мөнгө авсан юм. Одоо би Улаанбаатар Кредит Банк Бус Санхүүгийн Байгууллагад 20 000 000 төгрөгийн үлдэгдэл зээлтэй байгаа юм. ...Би 70 километр хурдтай явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Миний биед учирсан гэмтэл гэвэл толгой хагарсан юм. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Манай хүү Батбэх нь нэг настай юм. Тиймээс би өөрийн хүүгийн өмнөөс хохирогчоор тооцогдох хүсэлтээ гаргасан юм. ...Миний хүү Батбэхийн баруун талын хөл нь хугарсан юм. ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

 2. Хохирогч Г.Сарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 02-р сарын 28-ны өглөөний 09 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явсан юм. Орхон аймаг руу явах замдаа Дархан-Уул аймаг ороод өөрийн хамаатны хүмүүс болох Отгондаваа, Чулуунцэцэг нарыг аваад Орхон аймаг явах замдаа Орхоны гүүр өнгөрөөд 500 метр орчим явж байхад өөдөөс нэг машин гэнэт урсгал сөрж орж ирээд манай сууж явсан машинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед юу болсныг би сайн санахгүй байна. Тэгээд ухаан ороод юу болсон талаар хүмүүсээс асуухад зам тээврийн осолд орсон байна гээд байж байх хугацаанд Дархан-Уул аймгийн эмнэлэг рүү нэг машинд суугаад эмнэлэгт хүргүүлсэн... Осолд орсны улмаас миний хүү Батбэх, төрсөн дүү нар минь, манай нөхөр гэмтсэн. Тий учраас би гомдолтой байна. Мөн зүгээр явж байгаад эд хөрөнгөөрөө хохирсон тул эмчилгээний зардал болон машиныхаа хохирлыг нөхөн барагдуулж авмаар байна. Миний болон дүү, нөхөр, хүүхдийн минь эмчилгээний зардлыг нөхөн барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй        ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35 хуудас/,

3. Хохирогч Г.Отгонгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 02-р сарын 28-ны өглөөний 09 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Орхон аймаг руу төрсөн ах Одгэрэл, Сарангэрэл, түүний нөхөр Сүрэнхорлоо, хүү Батбэхийн хамтаар 5-уулаа явсан. Орхон аймаг руу явах замдаа Дархан-Уул аймаг руу орж хамаатны хүмүүс болох Отгондаваа, Чулуунцэцэг нарыг аваад Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу явсан юм. Тэгээд Орхон аймаг руу явах замд Орхоны голын гүүр өнгөрөөд явж байхад өөдөөс явж байсан машин урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машины өөдөөс мөргөж осолд ороод юу болсныг санахгүй байна. Тэгээд эмнэлэгт хэвтсэн юм... Ослын улмаас миний хэвлий хэсэгт гэмтэл учирсан байна гээд хэвлийн эмчилгээнд орсон юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

4. Хохирогч А.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 02-р сарын 28-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар орох гээд 50-81УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн төрсөн дүү Эрхэмбаатар, авга ах Галсан-Ёндон нарын хамт явж байгаад Орхон гүүр орох гээд явж байхад манай машин баруун тал руугаа замаас гараад баруун талын дугуй нь замын хөвөө рүү ороод буцаж өөрийнхөө эгнээгээр явж байгаад эсрэг талын урсгал руу орж өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөн зам тээврийн осолд орсон... Машиныг миний төрсөн дүү Эрхэмбаатар жолоодож явсан... Эрхэмбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Миний нуруу 3 нугалам хугарч биедээ хүнд гэмтэл авсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

5. Иргэний нэхэмжлэгч Д.Амгаланбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... “...50-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... Эрхэмбаатар нь манай отгон хүү байгаа юм... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

6. Гэрч Л.Галсан-Ёндон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нагац дүү нар болох А.Эрдэнэбаатар, А.Эрхэмбаатар нарын хамт Хонда Пит маркийн 50-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Сайхан сумын Номгон 3 дугаар баг өнгөрөөд нилээн явж байгаад Дархан-Уул аймгийн Орхоны гүүр орох гээд явж байхад миний сууж явсан тээврийн хэрэгсэл нь замын баруун талын хөвөө хэсэг рүү ороод буцааж зорчих эгнээгээр явж байгад гэнэт замын зүүн хэсэг рүү урсгал сөрөн орж өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон юм. ...Миний сууж явсан Хонда Пит маркийн тээврийн хэрэгслийг манай нагац дүү Эрхэмбаатар жолоодож явсан. Эрхэмбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тээврийн хэрэгслийн хойд суудал дээр нь ганцаараа сууж явж байсан. Би хойно сууж явж байхдаа суудлын бүсээ хэрэглэсэн байсан. Тийм учраас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байх гэж бодож байна. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй тийм учраас би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/,

7. Гэрч Д.Чулуунцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 02-р сарын 28-ны өдөр Приус маркийн 51-33 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн төрөл садангийн хүмүүс болох Сүрэнхорлоо, түүний эхнэр Сарангэрэл, хүүхэд Бэхбат, дүү нар болох Отгонгэрэл, Одгэрэл, өөрийн нөхөр Отгондаваа нартай Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу явах замдаа Дархан-уул аймгийн Орхон гүүрийг өнгөрөөгөөд явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл явж харагдсан. Тэр тээврийн хэрэгсэл эхлээд баруун тал руу зам гараад явж байгаад буцаж өөрийн явж байсан зорчих эгнээ рүү орж явж байгаад миний сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Ямар шалтгааны улмаас зам тээврийн осол гарах болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан миний сууж явсан Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж ирж мөргөсөн... Сүрэнхорлоогийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэсэн. Сүрэнхорлоо өөрөө жолоодож явсан.... Сүрэнхорлоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэвийн хурдтай явж байсан. Осолд орсны дараа миний толгой нуруу өвдөөд байсан... Одоо миний бие зүгээр байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

8. Гэрч Б.Отгондаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ...2017 оны 02-р сарын 28-ны өдөр Монголын үндэсний баяр болох цагаан сар болж байсан болохоор Тоёота Приус маркийн 51-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн төрөл садангийн хүмүүс болох Сүрэнхорлоо, түүний эхнэр Сарангэрэл, хүүхэд Бэхбат, дүү нар болох Отгонгэрэл, Одгэрэл, өөрийн эхнэр Чулуунцэцэг нарын хамтаар Орхон аймаг руу золголт хийх гээд Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу явж байх замдаа Дархан-Уул аймгийн Орхоны гүүр өнгөрөөд явж байхад өөдөөс нэг тээврийн хэрэгсэл явж харагдсан. Тэр тээврийн хэрэгсэл эхлээд баруун тал руу замаас гараад явж байгаад буцаж өөрийн явж байсан зорчих эгнээ рүү орж явж байгаад миний сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн... Би Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр Отгонгэрэл, Одгэрэл, эхнэр Чулуунцэцэг нарын хамт сууж явсан... Сүрэнхорлоогийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэсэн. Сүрэнхорлоо өөрөө жолоодож явсан. Сүрэнхорлоо согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хэдэн километр цаг хурдтай явж байсныг хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна... Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...  /хх-ийн 51 хуудас/,

9.  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 316 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Одгэрэлийн биед тархи доргилт, духны зулгаралт, баруун хөлийн шилбэн дэх цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Г.Одгэрэлд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 81 хуудас/,

10. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 315 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Батбэхийн биед баруун хөлний дунд чөмөгний битүү хугарал, хуйхны шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4. С.Батбэхэд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 84  хуудас/,

11. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 314 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Г.Сарангэрэлийн биед зүүн хөлийн дунд чөмөгний битүү хугарал, зүүн мөрний тохойн үений зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл  болно. 4. Г.Сарангэрэлд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.... гэсэн дүгнэлт /хх-ийн 103 хуудас/,

12. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2017 оны 03-р сарын 10-ны өдрийн 313 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Отгонгэрэлийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүү урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, цус алдалтын дараах хурц цус багадал, хүнд зэргийн шок, аарцгийн цагираг яс болон умдаг ясны үелэж салсан олон байрлалын хугарал, хэвлийн арын ханан дахь цус хуралт, зүүн мөр тохой орчмын зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12, 3.1.15, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4. Г.Отгонгэрэлд учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 123 хуудас/,

13. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2017 оны 03-р сарын 14-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. А.Эрдэнэбаатарын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн бүдүүн гэдэсний цоорол, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн  гялтангийн түгээмэл үрэвсэл, цус алдалтын дараах хурц цус багадал, бүсэлхийн 1-2 дугаар нугаламын шархадсан хугарал, Цээжний өмнө хэсгийн зулгарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12, 3.3.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай, хүнд зэргийн гэмтэл болно. 4. А.Эрдэнэбаатарт учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... гэсэн дүгнэлт /хх-ийн 168 хуудас/,

14. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Тоёота Пирус-10 маркийн 5133 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Сүрэнхорлоо нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 2. Хонда Пит маркийн 5081 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Эрхэмбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчидог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Хариулт хоёроор хариулагдана ... гэсэн дүгнэлт /хх-ийн 53 хуудас/,

15. “Бан Хас” ХХК-ын техникийн эвдэрэл, хохиролын үнэлгээ: ... Хонда пит 50-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 2,399,000 төгрөг, шууд бус зардлын дүн 140,000 төгрөг, нийт 2,539,000 төгрөг ...гэх үнэлгээ /хх-ийн 57 хуудас/,

16. “Бан Хас” ХХК-ын техникийн эвдэрэл хохирлын үнэлгээ: ...Тоёота Приус  51-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 4.750.000 төгрөг, нийт дүн 4.870.000 төгрөг... гэх үнэлгээ   /хх-ийн 64-68 хуудас/,

17. Шүүгдэгч А.Эрхэмбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би шинийн нэгний өдөр Эрдэнэтэд айлд очиж золгочихоод шинийн хоёрны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1 цагийн орчимд явж байхад миний машины урд дугуй баруун тал руу орсон. Замаас хальт гарсан. Би тэрнээс гараад үрүүлээ тэгшлээд 100 метр явж байсан чинь миний машин үрүүлээ булаагаад эсрэг талын урсгал руу ороод юу юуны духанд хүрэлгүй осол болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зүгээр явж байсан хүмүүсийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна гэв.

18. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт: Галбадрах овогтой Сарангэрэл би 2017 оны 02-р сарын 28-ны өдөр гэр бүлийнхний хамтаар Дархан-Уул аймгаас Эрдэнэт хот чиглэлтэйгээр явж байхдаа зам тээврийн осолд орсон. Ослын улмаас Г.Отгонгэрэл хүнд зэргийн гэмтэл, би болон миний хүү Сүрэнхорлоо овогтой Батбэх хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд Дархан-Уул аймгийн эмнэлэгт эмчлүүлэхдээ нийтдээ 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөгийн хохирол учирсан.

2017 оны 03-р сарын 17-ны өдөр буюу өнөөдөр Эрхэмбаатарын ах Мөнхбат овогтой Баасанжаваас Улаанбаатар хотод байрны түрээсийн төлбөр болох 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг Хаан банкны дансаар хүлээн авсан. Мөн түүнээс өнөөдөр буюу 2017 оны 03-р сарын 21-ний өдөр эмчилгээний төлбөр төлсөн 1.500.000 /нэг сая таван зуун/ төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Иймд нийт 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг хүлээн авсан ...гэх баримт,

19. 2017 оны 03 дугар сарын 27-ны өдрийн М.Баасанжав, Г.Отгонгэрэл нарын мөнгө хүлээлцсэн баримт,

20. 2017 оны 05 дугаар сарын 02-ны М.Баасанжав, Г.Сарангэрэл, Г.Отгонгэрэл нарын мөнгө хүлээлцсэн баримт,

21. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Сүрэнхорлоо, Н.Сарангэрэл нарын иргэний нэхэмжлэлд 4.945.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн баримт,

22. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч А.Эрдэнэбаатарын ...гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ...гэх хүсэлт,

23. Ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 225 хуудас/,

24. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 хуудас/,

25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Эрхэмбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 14-15 дугаар тэмдэгтэд Хонда Пит загварын 50-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэмийн 8.2 –эсрэг хөдөлгөөнтэй хоёр энгээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтыг зөрчиж, урдаас ирж явсан Тоёота Приус маркийн  51-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний биед хүнд, 2 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Сүрэнхорлоо, Г.Сарангэрэл, Г.Отгонгэрэл, А.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Амгаланбаатар, гэрч Д.Галсанёндон, Д.Чулуунцэцэг, Б.Отгондаваа нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 313, 314, 315, 316 тоот, 2017 оны 03-р сарын 14-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлтүүд, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, “Бан Хас” ХХК-ын Тоёота Приус  51-33 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдэрэл хохирлын үнэлгээ,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрхэмбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Эрхэмбаатарт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А.Эрхэмбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-25 хуудас/ тогтоогдож байх тул А.Эрхэмбаатарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хохирогч А.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн осолд орсон. Ослын улмаас миний биеийн учирсан гэмтэлд гомдолгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Мөн хэвтэрийн дэглэм сахиж буй тул шүүх хуралд оролцох боломжгүй байна... гэх хүсэлт,

            Иргэний нэхэмжлэгч Д.Амгаланбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Орхон аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаад миний эзэмшлийн Хонда Пит загварын 50-81 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хүү Эрхэмбаатар жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасаны улмаас миний учирсан хохирлыг миний бие төлүүлэх ямар нэгэн гомдол саналгүй болно. Миний бие нь ач охиноо хардаг тул шүүх хуралд очих боломжгүй байна. Энэ шалтгааныг хүндэтгэн үзэхийг хүсэе... гэсэн хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлжээ.

            Хохирогч Г.Сарангэрэл, Г.Отгонгэрэл, С.Батбэхийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэнхорлоо нар нь гэмт хэргийг улмаас учирсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч А.Эрхэмбаатар нь дээрх хохирогч нарт эмчилгээний болон байрны түрээсийн төлбөр нийт 2.950.000 төгрөг, хохирогч Ц.Сүрэнхорлоод машины хохирлын төлбөрт 4.945.000 төгрөгийг өгсөн болох нь Ц.Сүрэнхорлоо, Г.Сарангэрэл, Г.Отгонгэрэл нарын А.Эрхэмбаатарын ах М.Баасанжав нарын мөнгө хүлээлцсэн тухай баримт, Хаан банкны орлогын мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч А.Эрхэмбаатарыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Нөгөөтэйгүүр шүүх хохирогч нарт шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хохирогч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул талуудын саналыг сонсож, хохирогч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч нь А.Эрхэмбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүүгээр хэлтэст даалгах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч А.Эрхэмбаатарт сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дугаараа нөхөн төлсөн буюу гэмт хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож ял шийтгэл оногдуулав.

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн №1049067 дугаартай В ангилалын  жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Эрхэмбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эрхэмбаатарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Шүүгдэгч Хадных овгийн Амгаланбаатарын Эрхэмбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч А.Эрхэмбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Эрхэмбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар А.Эрхэмбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүүгээр хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч А.Эрхэмбаатарт сануулсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3-т зааснаар энэ хэрэгт дагалдаж ирсэн А.Эрхэмбаатарын №00000 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7 Энэ хэргийн улмаас шүүгдэгч А.Эрхэмбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эрхэмбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН