Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/218

 

 

 

 

 

 

      2021          3             3                                          2021/ДШМ/218

 

М.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Батнасан,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1036 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Сд холбогдох эрүүгийн 2005021721395 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Жамсран овогт М.С, 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2,

 

            Шүүгдэгч М.С нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн 1 дүгээр давхарт байх “Хүрмэн” эмийн санд үйлчлүүлж байхдаа хохирогч З.Птай маргалдаж, улмаар З.Пы эрүүл мэндэд 2 гарын бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалгад зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Сгийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, М.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ж.Наранбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах 3 үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг буруу тусгаарласан бол гэсэн үндэслэл гаргаж байна. Учир нь, тухайн гэмт хэрэгт холбогдуулж М.С болон З.П нар хоёулаа гэмт хэргийн талаар тус тусдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг.  Гомдлыг шалгах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хугацааг зөрчиж, гаргах ёстой шийдвэрийг гаргалгүй, хэргийн оролцогч нарт тодорхой шийдвэр гаргаж мэдэгдэлгүй шийдвэрлэсэн. Тухайлбал, З.П цагдаагийн байгууллагад гаргасан гомдолдоо “миний эрүүл мэндэд хохирол учруулсан, мөн миний гар утсыг гэмтээсэн” гэх 2 үндэслэлээр, М.С “миний эрүүл мэндэд З.П хохирол учруулсан” гэж гомдол гаргасан байхад цагдаагийн байгууллага хүлээж авсан атлаа М.Сгийн гомдлыг шалгах хугацааг эрх бүхий албан тушаалтны тогтоолоор сунгаж явснаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үедээ М.Сгийн гомдлын дугаараар З.Пы гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. М.Сгийн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хамтад нь явуулсан. Прокурор энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тайлбарлаж, шүүх хуралдаанд мэтгэлцдэг. Ингэхдээ нэг үйлдэлд хэд хэдэн төрлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж болно гэсэн заалтыг үндэслэж тайлбарладаг. Гэтэл нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэдэг нь М.С, З.П нар нэг цаг хугацаанд хоорондоо харилцан зодолдсон боловч тус тусдаа гэмтэл учруулсан, тусдаа гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байх тул хоёуланд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгах, хэрэв шаардлагатай бол нэгтгэж шийдвэрлэх байтал зөвхөн З.Пы гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Прокурорт хэрэг очсоны дараа яллах дүгнэлт үйлдсэн өдрөө З.П М.Сг зодсон гэх үйлдэл, мөн М.С З.Пы гар утсыг шидэж гэмтээсэн үйлдлүүдийг прокурор ямар нэг шийдвэр гаргалгүйгээр албан тоотоор цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Энэ талаараа М.Сд мэдэгдээгүй нь түүний дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, прокурор хуульд заасны дагуу тогтоол гаргаж тусгаарлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэг хэрэг бүртгэлтийн дугаар авчихаад 3 үйлдлийг шалгадаг. Эдгээр үйлдлүүдэд тус тусад нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах уу, татгалзах уу гэдэг шийдвэрээ гаргаж хохирогч болон холбогдогч нарт мэдэгдэж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь хангах ёстой байсан. З.П, М.С нарын биед анхны шинжээчийн дүгнэлт гарах үед М.Сгийн биед гэмтэл тогтоогдохгүй, З.Пы биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан. З.Пы биед 2 удаа, М.Сгийн биед нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Үүнийг прокурор шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байсан ч шүүгдэгч М.Сгийн хүсэлтийг үндэслэн дахин 2 удаа шинжээч томилох тогтоол үйлдэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэрэв шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байсан бол удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл, прокурор хууль зөрчиж дахин шинжээч томилсон мэт харагдаж байна. Гэтэл М.Сгийн биед учирсан гэмтлийн талаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан боловч эхний 2 дүгнэлт хэвээр, 3 дахь удаагийн дүгнэлтээр шинэ нөхцөл байдал буюу М.С тархи хавантай гэсэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 3 дахь дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон тогтоол хэрэгт авагдсан бөгөөд түүний асуулт нь нэг, хоёр дахь удаагийн дүгнэлт гаргахад асуусан асуултуудтай яг адилхан байсан. 3 дахь шинжээч томилсон тогтоолд прокурор Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн КТГ-ын шинжилгээ, цаасаар гарсан дүгнэлт, сиди зэрэг хэрэгт авагдсан дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл мөн эсэхийг тодруулсан нэмэлт асуултууд оруулж дүгнэлт гаргах ёстой байтал өмнөх асуултуудаа дахин асууж дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд дахин дүгнэлт гаргасан шинжээч Оюунбаясгалан оролцсон боловч тэрээр Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн гаргасан дүгнэлттэй танилцаагүй гэсэн. Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргах боломжгүй. Учир нь, энэ хэргийг тусгаарлаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг тодруулахын тулд Оюунбаясгалан гэх шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахад “би бүрэлдэхүүнд ороогүй учир хууль сануулсан баримтад гарын үсэг зурахгүй” гэсэн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг прокурорт буцааж, тогтоогдсон гэмтэл үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилох нь зүйтэй. Мөн цагдаагийн байгууллага гомдол хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол холбогдох баримтаа миний үйлчлүүлэгчид танилцуулж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр нь хангасан бол энэ асуудал мөрдөн байцаалтын шатанд шийдвэрлэгдэх боломжтой байсан. Гэтэл уг эрхээр нь хангаагүй, З.Пы хохирсон хэрэгт хамт явуулж байгаад яллах дүгнэлт үйлдсэн өдрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэж  тусгаарласан албан тоот хийсэн. Гэвч прокурор үүнийгээ тайлбарлаж чаддаггүй, буруу тусгаарласан. Миний үйлчлүүлэгчид танилцуулж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр нь хангаагүй байж тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэдийгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэсэн боловч хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир М.Сгийн эрх зөрчигдөж, хэргийг бүрэн бодитойгоор шийдвэрлүүлэх эрх нь хаагдсан. Иймд энэ эрхийг нь хангах үүднээс хэргийг прокурорт буцааж, дахин шинжээч томилуулах, эсхүл хохирогчийн гаргасан үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж үзвэл тусгаарлаж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр нь хангаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Мөн З.Пы миний биед гэмтэл учруулсан хэргийг надад мэдэгдэлгүйгээр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст албан бичгээр шилжүүлсэн байсан төдийгүй тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг минь хязгаарласан гэж үзэж байна. Хуулийг зөрчин байж хэргийг тусгаарласны зорилго нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхгүй гэсэн санаа гэж хардаж байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж намайг яллахдаа гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн нөхцөл байдал, шалтгаан, хохирогчийн санаатай зүй бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хийгдсэн миний хариу үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж тооцоогүй. Үүний учир нь хэргийг тусгаарлахад оршиж байж гэж би ойлгож  байна. Намайг зодсон эмэгтэй З.П намайг доромжилж байхдаа “шүүх, цагдаа яаж ажилладгийг чамд харуулна” гэсэн. Би гэмт хэрэг хийсэн хүний нуугдах газар шүүх хурал биш, гэмт хэрэг хийсэн хүн Шүүх эмнэлгийн шинжээчийн хариуцлагагүй байдлыг ашиг хонжоо болгон хувиргаж хохирогчийн дүрд тоглож, ял завшиж болохгүй” гэж үзэж байна. Хуулиар тогтоосон хэв журмыг биелүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл болон иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө хуулиар яллуулсан жишээ би болж байна. Үүнд маш их гомдолтой байна. Би ял завших болоод хүнийг яллах сонирхолгүй. Зөвхөн шударга үнэнийг олох хүсэлтэй байна. Хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр эргэлзээгүйгээр шийдвэрлэж тогтоосон бол би давж заалдах шатны шүүхэд хандаж, та бүхний цаг завыг үрэхгүй, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахгүй байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Шүүх надад хамгийн бага ялыг өгсөн боловч би зөвхөн шударга шүүхээр шүүлгэхийг хүссэн. Энэ ажиллагаа эхнээсээ хууль зөрчсөн. Энэ бүхнийг өмгөөлөгч маань анхан шатны шүүх хуралдаанд хуулийн зүйн заалтаар тайлбарлаж байсан боловч шүүх авч үзээгүй. Иймд өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор Б.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэсэн заалт юм. Энэ хэрэгт эд хөрөнгө устгаж гэмтээсэн асуудал, З.Пы биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон асуудал нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй байсан учир эдгээр асуудлуудад зөрчил  шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичгээр холбогдох материалыг хуулбарлаж явуулсан. Энэ талаараа яллагдагч М.Сд яллах дүгнэлт гардуулж өгөх үедээ танилцуулсан бөгөөд М.С анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо энэ талаар мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Надад мэдэгдэхгүйгээр хэргийг тусгаарлаж, шүүхэд шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн М.Сгийн биед 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хамгийн сүүлийн 3 дахь удаагийн дүгнэлт гаргуулах шинжээч томилсон прокурорын тогтоолд 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн дүгнэлтэд тархины хаван гэж бичигдсэн байх тул энэ эргэлзээг арилгах зорилгоор шинжээч томилуулъя гээд прокурорын тогтоолд тодорхой тусгагдсан. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйл явдал болсон. Үүнээс 46 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр шүүгдэгч М.С Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт үзүүлэхэд тархины хаван гэсэн зүйл бичигдсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ханхүү “М.Сгийн эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл учирсан бол 28 хоногийн дотор эдгэрэх боломжтой” гэж тодорхой мэдүүлсэн. Гэтэл үйл явдал болсноос хойш 46 хоногийн дараа М.Сгийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх үндэслэлгүй байна. Түүнчлэн М.Сгийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Харин ч түүний эрхийг хангах үүднээс 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг нь хангаж, шинжээч томилох тогтоол үйлдэж, гарсан шинжээчийн дүгнэлтийг түүнд танилцуулсан. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл авч чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч М.С нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн 1 дүгээр давхарт байх “Хүрмэн” эмийн санд үйлчлүүлж байхдаа хохирогч З.Птай “оочер дараалал дайрлаа” гэх шалтгаанаар маргалдаж, толгойн зүүн хойд талаас зүүн чихний доод хэсэгт гараараа 1 удаа цохиж, барьцалдаж, зууралдах явцдаа эрүүл мэндэд 2 гарын бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалгад зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  болох  нь:

            хохирогч З.Пы “...2020 оны 6  дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дотор байрлах  “Хүрмэн” эмийн сан дотор үйлчлүүлж байхдаа дүү рүүгээ утсаар яриад ямар эм авах талаар ярьж эмийн сангийн ажилтнаас дүүгийн хэлсэн эмийг байгаа юу гэж асууж байхад миний урд нэг үл таних эмэгтэй хүн үйлчлүүлж дууссан. Тэгээд тухай хүн яваад би араас нь үйлчлүүлж байхад миний араас настай эмэгтэй хүн “амьд хүн байхад урдуур дайрлаа, харахгүй байна уу чи” гэхээр нь “өө яанаа уучлаарай, би таныг харсангүй, та ор” гэж хэлсэн. Тухайн эмэгтэй “амьд хүн байхад харахгүй” гэж дахин дахин хэлээд албаар урдуур дайрлаа гэхээр нь би тэр хүнд “би таныг хараагүй, харах албатай биш дээ гэж хэлсэн биз дээ” гэсэн. Тэгээд тэр эмэгтэй урдуур үйлчлүүлж дуусаад явсныхаа дараа буцаж ирээд намайг загнаж хараагаад байсан. Худалдагч эмэгтэй тухайн эмэгтэйг “та болио, үйлчлүүлж дууссан бол та гар аа” гэхэд намайг янз бүрээр “гахай” “сэвс” гэх мэтээр доромжлоод хараагаад байхаар нь би урдаас нь зайл гэж хэлэхэд цаашаа явчих шиг болсноо удалгүй миний толгойны зүүн хойд талаас зүүн чихний доод хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад барьцалдаад авсан. Миний гар утас газар унахад “чиний гар утсыг хагалчихая” гээд шидсэн. Эмийн санд үйлчлүүлж байсан эмэгтэй шинжээчийн дүгнэлт  дээрх бүх гэмтлүүдийг надад учруулсан. ...” /1хх 35-38/,

гэрч Э.Тамжидын “...Пүрэвсайхан гэгч эмэгтэй сандарч ирээд надаас эмийн үнэ асуусан чинь Сарантуяа нь уурлаад “чи хүн үйлчлүүлж байхад оочир дараалал дайрлаа” гэж Пүрэвсайханыг загнасан. Пүрэвсайхан нь Сарантуяад хандан “уучлаарай эгч ээ, яараад анзаарсангүй” гэтэл Сарантуяа нь Пүрэвсайхан руу хэл амаар доромжилж дайраад тэр хоёр хоорондоо маргалдсан. Сарантуяа нь Пүрэвсайханы шанаа, толгой орчим руу нь гараараа цохиод авсан. Гэтэл Пүрэвсайхан нь Сарантуяаг “та чинь яаж байгаа юм” гээд тэр хоёр хоорондоо зууралдаж барьцалдаж аваад бие биеэ өшиглөөд байсан. Пүрэвсайханы гар утас нь газар унасан чинь Сарантуяа тэр гар утсыг нь газраас аваад шидчихсэн. Тэгээд байж байгаад Пүрэвсайхан цагдаа дуудсан. Сарантуяа эмийн сангаас буцаад зугтаах гээд гараад явахад араас нь Пүрэвсайхан гараад явуулахгүй гэж татаж чангаагаад Грандын 1 давхарт тэр хоёр дахин бие биетэйгээ зууралдаж, зодолдсон Эмийн сангийн эд зүйл эвдэрч гэмтсэн зүйлгүй. ...” /хх 42-44/,

гэрч Ц.Буянхүүгийн “...Пүрэвсайхан гүйж орж ирээд эм асуухад нь би асуусан эмийг нь байгаа” гэж хэлээд Сарантуяад эм өгөөд зөвлөгөө өгөөд байж байсан. Сарантуяад эмийг нь өгөөд үйлчилгээ дууссан. Тэгээд Пүрэвсайхан гэх эмэгтэйд эм авч өгөхөөр лангуу руу очоод эмийг нь аваад эргээд харахад уг хоёр эмэгтэй “би эм авч байна, чи байж бай” гээд нэгнээ хөгшин, залуугаараа дуудаад нэг нэгнээ цохиод байсан...Сарантуяа гэх эмэгтэй нь Пүрэвсайхан гэх эмэгтэйг ихэвчлэн бие, толгой хэсэг рүү нь цохисон, гэдэс рүү нь өшиглөөд гараараа толгой хэсэг рүү нь цохиод байсан. Би голоор нь ороод салгасан. Сарантуяа нь Пүрэвсайханы гар утсыг нь аваад газар шидчихсэн. Тэгэхэд гар утас нь салаад эвдэрсэн. Сарантуяа нь Пүрэвсайханыг хэл амаар доромжлоод байсан. ...” /1хх 45-47/ гэсэн мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7206 дугаартай дүгнэлтээс “...З.Пы биед зүүн, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалгад зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 55-56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 933 дугаартай “...З.Пы биед 2 гарын бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалгад зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтүүд нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” /1хх 59-61/ гэх дүгнэлтүүд,  “Ашид Билгүүн”  ХХК -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 110-112/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Сгийн хохирогч З.Птай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл заалтад зааснаар торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ж.Наранбаяр: “...М.Сгийн эрх зөрчигдөж, хэргийг бүрэн бодитойгоор шийдвэрлүүлэх эрх нь хаагдсан. Иймд хэргийг прокурорт буцааж, дахин шинжээч томилуулах, хэрэв хэргийг нь зөрчлийн шинжтэй гэж үзвэл тусгаарлаж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээр нь хангаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч З.Пы биед хөнгөн хохирол учирсан талаарх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гэрч Э.Тамжид, Ц.Буянхүү, хохирогч З.П нарын мэдүүлэг зэргээр М.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг М.Сгаас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг баримтлан шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон дүгнэлтийг удаа дараа гаргасан байх тул дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг  бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүх үзэв.

 

Мөн шүүгдэгч М.С, хохирогч З.П нар нь харилцан бие биетэйгээ зууралдан барьцалдаж байгаа нь камерийн бичлэгээс харагдаж байгаа хэдий ч 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр М.Сгийн биед гэмтэл учраагүй гэх дүгнэлт гарсан байна. Харин З.Пы харилцан зодолдсон гэх үйлдэлд 2020  оны 10 дугаар сарын 8-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсэн байна. /1хх 162-163/

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1036 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Ж.Наранбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ