Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 112/ШШ2022/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Есөнбулаг сумын иргэн Л.О

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бт холбогдох багш Л.Оийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмж 9,247.000 төгрөгийг Л.Оийн дансанд шилжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,  хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч багш Л.Оийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмж 9,247.000 төгрөгийг Л.Оийн дансанд шилжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бт даалгуулахаар маргаж байна.

  2. Нэхэмжлэлийн үндэслэл: Л.О миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдлын хороо 1-11 тоотод хүүгийн хамт амьдардаг. 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгаанчин мэргэжлийн багшаар ажилд ороод ажиллаж байгаад төсвийн төсөлд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авахаар хүсэлтээ явуулж миний нэр дээр 9,247.000 төгрөг байгууллагын төсөвт батлагдаж орж ирсэн юм. Энэ орж ирсэн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарсан гэдэг шалтгаанаар одоо болтол өгөхгүй байгаа юм гэжээ.

 3. Нэхэмжлэгч Л.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2011 онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын цахилгааны мэргэжлийн багшаар орж ажилласан. Тэрнээс хойш тасралтгүй 11 жил ажилласан байгаа. Ажиллах байх хугацаандаа буюу 2016 онд 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн хүсэлтийг өгөөд 2017 онд олгогдсон байгаа. Үүнээс хойш ажиллаж байгаад 2021 онд тэтгэвэрт гарах, 5 жилийн тэтгэмжээ авах хүсэлтээ хамт өгсөн байсан. Тэтгэвэрт гарах тэтгэмж суугдаад 5 жилийн мөнгө суугдалгүй орж ирсэн. Тэгээд яагаад тэтгэмжийн мөнгө суугдаагүй талаар тодруулахад нягтлан бодогч таных 2017 онд олгогдсон байна гэсэн. Тэгээд яах вэ гэж лавлагаа хийхэд та хүсэлтээ өг гэхээр нь сургуулийнхаа удирдлагад хүсэлтээ 2022 оны төсвийн тодотголд миний тэтгэмж олгогдсон. 2021 оны 12 дугаар сарын 28-нд би тэтгэвэрт гарах тэтгэмжээ авсан. Тэгээд 5 жил тутамд 1 олгох тэтгэмж нь тушаал гараад танд олгогдохгүй гэсэн учир үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасан байгаа гэв.

 Би тэтгэврийн мөнгө, тэтгэмжийн мөнгө хоёроо хамт суулгах хүсэлт гаргасан. Тэгэхэд 5 жилийн мөнгө суугдаагүй. Тэгээд би 5 жилийн тэтгэмжээ авч байж тэтгэвэрт гарна. Одоо яах юм гэхэд та хүсэлтээ өг гэхээр нь би хүсэлтээ байгууллагынхаа удирдлагад өгсөн. Тэгээд надаас өргөдөл аваад миний 5 жилийн тэтгэмжийн мөнгө орж ирсэн. 12 дугаар сарын 28-нд тушаал гарсан. Тэгэхэд миний 5 жилийн мөнгө суугдаад ирсэн. Одоо яах ёстой юм гэж нягтлан болон захирлаас асуусан. Болох байх гэж хариу өгсөн. Тэгээд болох юм болов уу гэж бодож яваад 4 дүгээр сард хүмүүсийн тэтгэмжийг өгөхөөр нь минийх яасан юм гэхэд танд өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн гэв.

 4.Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус цахилгаанчин мэргэжлийн багш Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах өргөдлөө өгч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэртээ гарч өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж 14,908.200 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Л.О багшийн төрийн банкны дансанд шилжүүлсэн байна.

Л.О багш хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг өмнө нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан байна. Энэ хугацаанаас хойш тасралтгүй 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байж тухайн тэтгэмжийг авах эрх үүсдэг. Иймд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс Л.О багштай хийсэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 2022 оны төсөвт батлагдсан хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж 9,247.000 төгрөгийг шилжүүлэх боломжгүй байна. 2017 оноос хойш тасралтгүй 5 жил ажиллаж байж тэтгэмжээ авах ёстой. Гэтэл багш маань 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэмжээ авсан байгаа. Энэ нь оны эцэс болсон учир тэтгэмж буцааж татагдахтай холбоотойгоор авч таарсан байдаг. 5 жилийн тэтгэмж нь 2022 оны 04 дүгээр сарын дундуур орж ирсэн дансанд байгаа нь үнэн. Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоол дээр 5 жил нь тасралтгүй ажилласан байна гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлаж өгсөн байгаа. 5 жилийн мөнгө хэзээ олгогдсон өдрөөс дараагийн 5 жилийн хугацаа тоологдож явдаг. Тэтгэмжийг олгоно, олгож чадна гэдэг зүйлийг огт хэлээгүй. Төсөвт орж ирээгүй зүйлийг олгоно гэж хэлж чадахгүй. 2022 оны 04 дүгээр сард төсөвт мөнгө орж ирсэн. Сургуулийн дансанд 4 дүгээр ард орж ирээд олгоё гэдэг суудал тавьсан. Аудитаар болохгүй гэж хэлсэн мөн заавал дээрээс зөвшөөрөл ав гэсэн учир дээшээ холбогдоод болохгүй гэдэг зүйл ярьсан учраас зөвшөөрөл авсан хүнтэй бас та холбогдсон байгаа. Тухайн 5 жилийн тэтгэмж орж ирэх, ирэхгүй талаар мэдэхгүй байсан.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Л.О нь 2011 онд ажилд ороод 2016 онд авах байсан тэтгэмжийн мөнгө нь 2016 онд хүсэлт яваад 2017 онд тэтгэмжийн мөнгө нь орж ирээд авсан байдаг. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19.3-д мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно гэж заасан. Тэгэхээр Л.Оийг тасралтгүй ажиллаагүй гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл Мэргэжлийн боловсролын тухай хуульд тасралтгүй 5 жил тутам гэж үг байхгүй. Л.О нь 2021 онд тэтгэвэртээ гарсан бол 2022 онд 5 жилд 1 удаа олгох тэтгэмжийн мөнгийг дээд байгууллага нь яагаад гаргаж өгсөн юм гэхээр 5 жил тутамд нэг удаа авдаг тэтгэмжийн хүсэлтээ 2021 онд явуулаад тэр нь 2022 онд санхүүжилт орж ирсэн. Тухайн үед Л.О нь ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19.1.1-д зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу гэрээгээр ажиллах, мэргэшил дээшлүүлэх, зөвлөгөө өгөх ийм эрх үүрэг нь Л.От байсан. Дээрх хуульд заасны дагуу энэ хүн хүсэлт тавьсны дагуу 2022 оныг дуустал ажилласан байгаа. Иймээс байгууллагын дансанд орж ирсэн мөнгийг Л.От өгөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож Л.От олгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэгт манай зүгээс дансанд байгаа мөнгийг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Дээд газраас бичиг тоот ирээд өгөхгүй гэсэн учир өгөхгүй байгаа гэдэг тайлбар гаргаж байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өг гэсэн боловч өнөөдрийн шүүх хуралдаанд Л.Оийн мөнгийг ямар учраас яагаад өгөхгүй байгаа талаар албан бичиг тоот ирээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Л.Оийн анх ажилд орсон 2011 оны 11 дүгээр сарын 25-наас хойш тоолохоор энэ хүн 2021 оны 10 дугаар сарын 25-н хүртэл тасралтгүй 10 жил нь хангалттай болсон байгаа. 5 жил тутамд 10 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно гэж заасны дагуу 2021 онд хүсэлтээ явуулаад 2022 онд төсөвт суутгагдаж орж ирсэн болохоос энэ хүн 2022 онд цагийн багшийн ажлыг хийж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. 2021 оны 10 дугаар сарын 25-нд тасралтгүй 10 жил ажилласан байдал харагдаж байна. Энэ хүний нэр дээр тэтгэмжийн мөнгө суугдаад орж ирсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1. Нэхэмжлэгч Л.О нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар барилгын цахилгаанчин мэргэжлийн багшаар томилогдон ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирлын тушаалаар багш Лхаасүрэнгийн Оюунцэцэгийг  55 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

            2. Дараа нь буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаар захирлын тушаалаар Л.Оийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаагаар барилгын цахилгаанчин мэргэжлийн цагийн багшаар томилон ажиллуулж байгаад 2022-2023 оны хичээлийн жилийн хичээл сургалтын үйл ажиллага дуусгавар болж цагийн ачаалал дууссан тул барилгын цахилгаанчин мэргэжлийн цагийн багшийн ажлаас 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар чөлөөлсөн байгаа талаар хавтаст хэргийн материалд авагдсан байна.

            3. Багш Л.О нь ажиллаж байх хугацаандаа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд “Л овогтой О миний бие барилгын цахилгаанчин мэргэжлийн багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуулийн 19.3 дахь заалтыг үндэслэн 5 жил тутамд олгодог 10 сартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.2, 16.5.5, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн багш Л.От 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 6,010.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хаан банкны дансанд шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 28, 31-32 дахь тал/

            4. Нэхэмжлэгч “...ажиллах байх хугацаандаа буюу 2016 онд 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн хүсэлтийг өгөөд 2017 онд олгогдсон байгаа. Үүнээс хойш ажиллаж байгаад 2021 онд тэтгэвэрт гарах, 5 жилийн тэтгэмжээ авах хүсэлтээ хамт өгсөн байсан. Тэтгэвэрт гарах тэтгэмж суугдаад 5 жилийн мөнгө суугдалгүй орж ирсэн. Тэгээд яагаад тэтгэмжийн мөнгө суугдаагүй талаар тодруулахад нягтлан бодогч таных 2017 онд олгогдсон байна гэсэн. Тэгээд би 5 жилийн тэтгэмжээ авч байж тэтгэвэрт гарна. Одоо яах юм гэхэд та хүсэлтээ өг гэхээр нь би хүсэлтээ байгууллагынхаа удирдлагад өгсөн. Тэгээд надаас өргөдөл аваад миний 5 жилийн тэтгэмжийн мөнгө орж ирсэн. 12 дугаар сарын 28-нд тушаал гарсан. Одоо яах ёстой юм гэж нягтлан болон захирлаас асуусан. Болох байх гэж хариу өгсөн. Тэгээд болох юм болов уу гэж бодож яваад 4 дүгээр сард хүмүүсийн тэтгэмжийг өгөхөөр нь минийх яасан юм гэхэд танд өгөх боломжгүй гэдэг хариу өгсөн...” гэсэн, харин хариуцагчаас “...Л.О багш хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг өмнө нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан байна. Энэ хугацаанаас хойш тасралтгүй 5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байж тухайн тэтгэмжийг авах эрх үүсдэг. Иймд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс Л.О багштай хийсэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 2022 оны төсөвт батлагдсан хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласаны тэтгэмж 9,247.000 төгрөгийг шилжүүлэх боломжгүй байна. 2017 оноос хойш тасралтгүй 5 жил ажиллаж байж тэтгэмжээ авах ёстой. Гэтэл багш маань 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарч тэтгэмжээ авсан байгаа. Тэтгэмжийг олгоно, олгож чадна гэдэг зүйлийг огт хэлээгүй. Төсөвт орж ирээгүй зүйлийг олгоно гэж хэлж чадахгүй. 2022 оны 04 дүгээр сард төсөвт мөнгө орж ирсэн...” гэж маргасан.

5. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэж зааснаар Л.О 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн захирлын тушаалаар 10 сарын үндсэн цалинтай хэмжээний мөнгөн тэтгэмжийг авсан.

6.Хэрэв дахин хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд нэг удаа олгох мөнгөн тэтгэмж авах нөхцөл үүсэх хугацааг тоолохдоо олгосон он, сар, өдрөөс үйл явдал болж өнгөрсний дараах өдрөөс эхлэн тоолно. Ингэж хугацааг тоолоход 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 21, 2020 оны 04 дүгээр сарын 21, 2021 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр бүтэн 5 жил ажиллаж байж тэтгэмж авахаар байхад 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд “...миний бие 1966.12.28-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн ...улсад нийт 28 жил ажилласан. Үүнээс тус сургуульд 12 жил ажиллаж байна ...2021.12.28-нд 55-н нас хүрч өндөр насны тэтгэвэрт гаргах хүсэлтэй байгаа тул 2021 оны төсөвт суугдсан тэтгэмжийг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж 2022 оны 12 дугаар сарын 29-нд хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол шаардлагыг ханган, өндөр насны тэтгэвэртээ гарсанаар 2022 онд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авах эрхээ алдсан байна.

7. Тодруулбал: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-т “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох” гэсэн хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор  Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Боловсролын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 11 дэх хэсэгт “Мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно” гэж тайлбарласан байгаагаас үзэхэд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дэх хэсэгт заасан 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгохоор байна. Гэтэл нэхэмжлэгч Л.О багшаар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/97 дугаар захирлын тушаалаар 12 дугаар сарын 29-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс цагийн багшаар томилогдон ажилласнаар 2022 оны 1 дүгээр сар тасарсан төдийгүй тасралтгүй 5 жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байна.

           8.Иймд нэхэмжлэгч Л.Оийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмж 9,247.000 төгрөгийг Л.Оийн дансанд шилжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            9. Мөн нэхэмжлэгч хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жил тутамд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг 2022 онд авахыг мэдэж байсан боловч 2021 онд тэтгэвэрт гарсан, 2022 оны төсөвт 5 жилийн тэтгэмж суугдах эсэх асуудлыг тэтгэвэрт гарч байх хугацаанд мэдэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Л.Оээс Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бт холбогдуулан гаргасан  багш Л.Оийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, суугдаж орж ирсэн тэтгэмж 9,247.000 төгрөгийг Л.Оийн дансанд шилжүүлэхийг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛБАДРАХ