Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 223/МА2019/0010

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 09 өдөр

      Дугаар 223/МА2019/00010

 


Д.Б-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 151/ШШ2019/00159 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч ИТХТхолбогдох,

  “Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш олгогдох ёстой байсан цалин хөлс болох 8,667,533 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, бүгд 30,167,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5,613,685 төгрөгийн цалин хөлс, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4,000,000 төгрөг, Цагаатгах ажлыг зохион байгуулах Комиссын нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2,874,208 төгрөг, шүүхийн зардал 685,650 төгрөг, нийт 13,173,543 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тэргүүлэгчдийн 44 дүгээр тогтоолоор намайг ажлаас чөлөөлсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2017/0590 тоот магадлалаар ажлаас чөлөөлсөн дээрх шийдвэр үндэслэлгүй тул ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хариуцагчид даалгасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг санаатайгаар үл биелүүлэн удаа дараа шүүхийн шийдвэрийг хэлэлцэн намайг ажилд эгүүлэн томилохоос татгалзсаар 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд томилсон. Гэхдээ төсөвт тусгаагүй гэсэн шалтгаанаар цалин хөлсийг маань олгоогүй. Миний бие олон сараар цалин хөлсөө авч чадахгүй хохирсоор байгаа.

Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд орсон хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлс болох 8,667,533 төгрөг, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, бүгд 30,167,533 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. Мөн ИТХТ-н  2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолоор намайг албан тушаал бууруулж шийдвэрлэсэн. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2018/0030 дугаартай шийдвэрээр дээрх Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Би Захиргааны хэргийн шүүхэд болон Иргэний хэргийн шүүхэд Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар 2 удаа мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн авч эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийн төлбөрийг, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийн төлбөрийг өмгөөлөгчид тус тус төлсөн. Миний бие 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 324,200 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 49,450 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 265,000 төгрөг, 2018.11.22-ны өдөр 47,000 төгрөгийг тус тус шүүхийн зардалд улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн. ИТХТ-н  нарийн бичгийн дарга нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд улиралд 359,276 төгрөгийн урамшуулал авдаг. Иймд миний бие шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ажиллах байсан хугацаандаа авах ёстой урамшуулал болох 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр улирал, 2018 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллын мөнгө 2,874,208 төгрөгийг тус тус хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 5 сар 15 хоногийн 5,613,685 төгрөгийн цалин хөлс, эрх зүйн туслалцаа авсан хөлс 4,000,000 төгрөг, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын Нарийн бичгийн даргын улирлын урамшуулал 2,874,208 төгрөг, шүүхийн зардал 685,650 төгрөг, нийт 13,173,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэмж нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 473 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Д.Б ыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилсон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2017 оны 8 сарын 17-ноос 2018 оны 5 дугаар сарын 23-нд ажилд орсон хүртэлх 8 сар 17 хоногийн цалин хөлс болох 8,667,533 төгрөгийг олгох боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-т 3ахиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулна., 132.4-т 3ахиргааны байгууллага төлбөрийг энэ хуулийн 132.3-т заасны дагуу дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулаагүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтан болон төрөөс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэтэл дээрх олговрын мөнгө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны төсөвт тусгагдаагүй, эх үүсвэр хүрэлцэхгүй байгаа тул олговрыг олгох боломжгүй байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т Гэрээг бичгээр байгуулахад хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор заасан ба нэхэмжлэгч Д.Б  нь өмгөөлөгч Б.Баярмагнайтай 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээг байгуулахдаа гэрээний нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, 2 тал хүсэл зоригоо илэрхийлж, өмгөөллийн хөлсийг тохиролцон гарын үсэг зуржээ. Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд өмгөөлөгч Б.Баярмагнай нэхэмжлэгч Д.Б т эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 1,500,000 төгрөг авахаар тохиролцож, түүний эрх ашгийг хамгаалахаар сайн дураараа гэрээ байгуулсан байна. Мөн 2 талын сайн дураараа байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсийг шүүхийн зардалд тооцохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарахгүй. Иймд Д.Б-н эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс нийт 5,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол гэх 20,000,000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь манай гаргасан шийдвэрээс болж нэхэмжлэгч Д.Б т сэтгэл санааны ямар хохирол учирсан, түүнээс болж хэрхэн хохирсон тухайгаа баримтаар нотлоогүй байна. Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11 өдрийн 123/ШШ2018/0030 дугаар шийдвэрийг биелүүлж, Д.Б ыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар үргэжлүүлэн ажиллуулах тухай тогтоол гаргасаар байтал нэхэмжлэгч өдийг хүртэл ажилдаа ирэхгүй ажил тасалсаар байна. Мөн нэхэмжлэгч Д.Б  ажилдаа ирээгүйгээс шалтгаалан Хурлын ажлын албаны ажилтнуудыг шууд удирдлага зохион байгуулалтаар хангах ажил тасарч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн бүх гүйлгээ зогсож, Ажлын албаны ажилтнуудын 2018 оны үр дүнгийн гэрээг дүгнэж чадахгүй байх зэргээр Ажлын албаны зарим үйл ажиллагаа цалгардаж, тасарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид /ажлын алба/-ээс 10,431,535 /арван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181,854 төгрөгийг гаргуулан, 62,655 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, 119,199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б т олгож, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй хариуцагч Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 сарын 29-ний өдөр хянан шийдвэрлээд гаргасан 151/ШШ2019/00159 дугаартай Шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Өмгөөллийн хөлс, өөрт учирсан хохирол гаргуулах талаар: Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 3 удаа мэргэжлийн өмгөөлөгчийн туслалцаа авч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. Дээрх баримт нь хэргийн материалд авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нотлогддог бөгөөд өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчид бэлэн мөнгө төлсөн баримт олгодоггүй, Монгол улсын Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуулиар НӨАТ төлөгч биш зэрэг нөхцөд байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр өмгөөллийн хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардал бус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасанчлан төрийн байгууллагын илтэд буруутай үйл ажиллагаанаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлага байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Хэрэв Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс удаа дараа хууль бус шийдвэр гаргаж шүүхээр маргаан шийдвэрлэгдээгүй бол нэхэмжлэгч мэргэжлийн өмгөөлөгч хөлслөн төлбөр төлөх, улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагын илт буруутай үйл ажиллагаа, иргэнд учирсан хохирол зэрэг нь шууд шалтгаант холбоотой байна.

   2. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын нарийн бичгийн даргын улирлын урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: Нэхэмжлэгч нь цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ийнхүү ажиллахдаа урамшуулал авч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Харин шүүх хэний ямар шийдвэрээр цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон, ямар хэмжээний урамшуулал авсан, ямар шийдвэрийг үндэслэн энэ ажлыг эрхлээгүй байгаа зэрэг нотлох баримт гаргаж өгөөгүй гэх хэт нэг талыг барьж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн дарга нь албан тушаалаараа хавсран гүйцэтгэдэг бөгөөд хэн нэг этгээдийн шийдвэрээр томилогддоггүй, мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Шүүх ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж тогтоосон шийдвэрүүд байсаар атал анхан шатны шүүх ямар шийдвэрийг үндэслэн ажил эрхлэхгүй байгаа гэх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

    Иймд нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс, өөрт учирсан хохирол болох 5.861.500 /таван сая найман зуун жаран нэгэн мянга найман зуу/-н төгрөг, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн Комиссын нарийн бичгийн даргаар ажилласны урамшуулал 2.874.208 /хоёр сая найман зуун далан дөрвөн мянга хоёр зуун найм/-н төгрөг нийт 8.735.708 /найман сая долоон зуун гучин таван мянга долоон зуун найм/-н төгрөгийн хохирлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн  маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлээр залруулан зөвтгөх боломжтой  тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгч Д.Б  нь 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 14 сар 02 хоног /311 хоног/ ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 14.281.218 төгрөг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын нарийн бичгийн даргын 2017 оны 1-4-р улирал, 2018 оны 1-4-р улирлын урамшуулал 2.874.208 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5.500.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийг тус тус Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт ажлын 122 хоног, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 105 хоног нийт ажилгүй байсан 227 хоногийн олговор 10.431.535 төгрөг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй  байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон давхар гүйцэтгэж байсан Цагаатгалын ажлыг зохион байгуулах аймгийн комиссын нарийн бичгийн даргын  урамшууллын шаардлагуудыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

ИТХТ-н  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Д.Б ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр гарч ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүйгээс маргаан үүсч, Д.Б шүүхэд хандсанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 0590 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 473 дугаар тогтоол гаргаж, Д.Б ыг ИТХТ-н  нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Б т 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс шүүхийн магадлал гарсан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байна.

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилд нь буцаан томилсноор ажил үүргийг нь гүйцэтгүүлж байгаад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс албан тушаал бууруулж 66 дугаар тогтоол гаргаснаар дахин маргаан үүсч, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар шийдвэрээр ажил олгогчийн дээрх тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг тогтоолыг хэрэгжүүлж гаргасан холбогдох албан тушаалтны тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир Д.Б  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон бусад хохирлыг гаргуулахаар  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ханджээ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь Д.Б ыг ИТХТ-н  нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь тогтоогдсон байна.

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл  хугацааны олговрын асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 0590 дугаар магадлалаар  шийдвэрлэсэн тул түүнээс хойшхи хугацааны олговрыг Д.Б  шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх ажилгүй байсан бүх хугацааг тооцохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтыг буруу хэрэглэж, 84 хоногийн олговрыг хасч,  ажилгүй байсан хугацааны олговрын шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэсэн  болон мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ.” гэснийг буруу тайлбарлан урамшууллын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Цагаатгалыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын ажил үүргийг үндсэн албан тушаалын зэрэгцээ албан тушаалын хувьд гүйцэтгэж, халагдахаас өмнөх 2015, 2016  онуудад улирал тутам 359.276 төгрөг авч байсныг маргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж   шүүх нотлох шаардлагатай үйл баримтын хүрээг буруу тодорхойлсноос  гадна процессын эрх зүйд нотолгоо шаардахгүй үйл баримтад зохигчдын маргаагүй үйл баримт хамаардаг болохыг анхаараагүй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх  хугацааг  нэхэмжлэлд тодорхойлсон нийт 311 хоногоор тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д нийцэх тул  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17.155.426 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шийдвэрт оруулна. 

            Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба уг шаардлагаа  нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

            Нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 5.500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авах нь түүний хуулиар олгогдсон эрх бөгөөд үүнийг зайлшгүй гарах зардалд тооцож, хохирол учирсан гэж үзэхгүй нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох 5.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

           Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, хуульд заасан журмаар нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилагдах юм.

Нэхэмжлэгч нь анхны болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 42.655.426 төгрөгийн шаардлагад хуульд зааснаар 371.227 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид  төлөх ёстойгоос 312.000 төгрөгийг  төлсөн баримт хэрэгт авагдсан ба 59.227 төгрөг дутуу төлөгдсөн байна. Хэргийн 37-р талд авагдсан 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж 324.200 төгрөг баримт нь сар, өдөр нь нэмэгдүүлсэн шаардлага гаргахаас 4 сар гаруй хугацааны өмнө байгаа, банкны хуулбар баримт байна. Мөн хэргийн 39-р талд авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тэмдэгтийн хураамж 49. 450 төгрөг төлсөн баримт нь сар, өдөр нь нэмэгдүүлсэн шаардлага гаргахаас 3 сар гаруй хугацааны өмнө байгаа зэргээс үзвэл дээрх тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн гэж үзэх боломжгүй, харин 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  нэхэмжлэлийг буцаах  тухай шүүгчийн захирамж гарч байснаас үзэхэд энэ ажиллагаанд  төлсөн  хураамжийн баримт  байна. Анхан шатны шүүх энэхүү тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэх эрхгүй талаар зөв дүгнэсэн боловч улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулахдаа ойлгомжгүй заасан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 151/ШШ2019/00159 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид /ажлын алба/-ээс 10,431,535 /арван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /ажлын алба/-ээс ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 17.155.426 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дугаар заалтын “... хариуцагчаас 181,854 төгрөгийг гаргуулан, 62,655 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, 119,199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б т олгосугай нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 181,854 төгрөгийг гаргуулан, 62,655 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулж, 119,199 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б т олгосугай” гэснийг “хариуцагчаас 243.727 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 59.227 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-н гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154 721 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

                             ШҮҮГЧИД                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР