| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан (цахимаар),
Шүүгдэгч У.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн У-ын Д-т холбогдох эрүүгийн 2516000280077 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: У-ны Д.
Холбогдсон хэргийн талаар: У.Д нь 2024 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М баарны гадна хүмүүстэй маргалдаж байсан ба хүмүүстэй маргалдаж байх үедээ “тухайн үед газарт унагаасан ундаагаа авахаар тонгойсон” С.Б-ын толгой хэсэгт 1 удаа өшиглөж түүний биед тархины дух, зулай хэсгийн дунд зэргийн цусархаг няцрал, зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан бүлэн, баруун зулай ясны босоо шугаман хугарал, дээд уруулын дотор талд өнгөц язрал, дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М баарны гадна хүмүүстэй маргалдаж байсан ба хүмүүстэй маргалдаж байх үедээ “тухайн үед газарт унагаасан ундаагаа авахаар тонгойсон” С.Б-ын толгой хэсэгт 1 удаа өшиглөж түүний биед тархины дух, зулай хэсгийн дунд зэргийн цусархаг няцрал, зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан бүлэн, баруун зулай ясны босоо шугаман хугарал, дээд уруулын дотор талд өнгөц язрал, дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтууд нь:
1. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 27-нд Н багийн шинэ жил болоод би эхнэр Г.Б-ийн хамт орсон. Шинэ жилийн үйл ажиллагаа А болсон. Шинэ жилийн арга хэмжээ 00 цаг өнгөрч байхад тарсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М бааранд ороод удаагүй тухайн газар хаасан. Хамт явж байсан хүмүүс надаас түрүүлээд гараад явсан. Би араас нь хаалган дээр гараад ирсэн чинь хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Би газарт юм унагаад авах гээд тонгойсон чинь миний нүүр хэсэгт нэг хүн өшиглөөд би арагшаа саваад унасан. Тэгээд би эмнэлэгт сэрсэн. Би Д гэх хүнийг зүс танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би Д гэх хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би тухайн үед маргаанд ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/,
2. Түүний хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн дахин өгсөн “... Би тухайн үед хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Би газарт барьж явсан ундаагаа унагаад авах гээд тонгойсон. Миний нүүр хэсэгт өшиглөөд би арагшаа саваад шалан дээр унаад эмнэлэгт очсон. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Одоо энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
3. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 27-нд манай Н багийн шинэ жилийн үйл ажиллагаа А нэртэй ресторанд болсон. Тэндээс гараад Г нэртэй караокед ороод дуулж байгаад М нэртэй бааранд орсон. Бааранд ороод нэг шил архи аваад ширээн дээр сууж байгаад удалгүй баар хаагаад гараад явж байсан чинь хүмүүс хоорондоо маргалдсан. Тухайн үед манай нөхөр С.Б маргалдаж байгаа хүмүүсийн наад талаар тойроод яваад байсан. Би нэг харсан чинь манай нөхөр шалан дээр унасан байсан. Тухайн үед юу болсныг хараагүй. Манай нөхөр Б хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Манай нөхөр С.Б-ын биед ил харагдах гэмтэл байгаагүй. Хэн биеийн аль хэсэгт цохиж ямар гэмтэл учруулсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед нэг харсан чинь газарт шалан дээр ухаан алдсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
4. Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Д-ыг нь бол танихгүй. Б-ыг нь сайн танина. Манай нутгийнх. Бид найзууд. Бид нар 2024 оны 12 дугаар сарын 27-нд багийнхаа шинэ жилийг тэмдэглээд А нэртэй ресторанд ороод тухайн өдрийн 23 цагаас 00 цагт хүртэл байж байгаад гараад Г нэртэй караокед орж 2 цаг дуулж байгаад М нэртэй бааранд ороод сууж байсан. Тухайн үед юу болсон хэн цохисон гэж хэлээд баарнаас гараад шат руу бужигналдаад олон хүмүүс буусан би тухайн үед хамт буугаад өөрийн нөхөр болох Д-ыг авч гараад гэр лүүгээ явсан. Би энэ талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36- 37 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай багийн шинэ жил болоод хөдөөнөөс би ирээд эхнэр, найзуудтайгаа А орсон. Нэгдсэн журмаар тэндээсээ гараад л бөөндөө дээд талд нь байдаг Г гэсэн караокед орж тэнд нэг цаг хэртэй билүү суугаад тэгээд дээшээ М нэртэй бааранд ороход хаах гэж байсан болохоор ганц цаг сууя гээд нэг шил архи аваад ширээн дээр суусан. Тэнд сууж байсан чинь Ц гэдэг ах хамар луу цохичихлоо гэж хэлээд баарнаас гараад шат руу бууж байсан чинь араас хүмүүс бужигнаад л буугаад ирсэн. Тэгээд л тэр дунд ороод буусан эхнэр хажуугаар орж ирээд надыг хөтөлж аваад л гараад явсан. ...Тухайн үед манай эхнэр зодоон болох юм байна гэж хэлээд намайг дагуулаад гараад шууд гэр лүүгээ явсан. Би Б-ын бие махбодод хэн юугаар цохиж биеийн аль хэсэгт ямар гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
6. Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.Д бид хоёр М бааранд орчихоод баар хаагаад би түрүүлээд гараад ирсэн чинь шатан дээр нэг танихгүй хүн намайг цохиж аваад бид хоёрын дунд маргаан болоод хамт явсан хүмүүс нь дундуур орж ирээд намайг барьж аваад байж байсан. У.Д намайг авах гээд хүмүүс дунд орж ирсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Тал талаас хүмүүс зүгээр байгаач гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад У.Д бид хоёр хамт гэр лүүгээ явсан. У.Д бид хоёр архи согтууруулах ундааны зүйл уусан байсан. С.Б гэх хүнийг танихгүй. У.Д нь С.Б болон тэнд байсан хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Намайг баарнаас гарч байхад нэг танихгүй хүн цохиж аваад бид хоёрын дунд маргаан болоод У.Д дундуур орж ирээд болиулах гээд байсан. У.Д нь Б гэх хүнийг өшиглөж унагасныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... С.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, эмийн эмчилгээ тусламж 1,748,934 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 73,128 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөн 73,128 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тусламж үйлчилгээ 31,049 төгрөг, нийт 1,926,239 төгрөгийн үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг, ЭМДЕГ-ын лавлагаа /хх-ийн 31, 70 дугаар хуудас/,
8. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан “...1. 2. С.Б-ын биед тархины дух, зулай хэсгийн дунд зэргийн цусархаг няцрал, зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан бүлэн, баруун зулай ясны босоо шугаман хугарал, дээд уруулын дотор талд өнгөц язрал, дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Учирсан гэмтлүүд нь 2024.12.27-28-ны өдрийн хооронд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 5. Дээрх гэмтлүүдээс тархины дух, зулай хэсгийн цусархаг няцрал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан бүлэн, зулай ясны босоо шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээд уруулын дотор талын өнгөц язралт гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх 52 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч У.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Б гэх хүнийг танихгүй. Тухайн үед манай найз хүнтэй маргалдаад болиулах гээд дундуур нь орсон чинь араас хүн татаад барьж аваад байхаар нь би хөлөөрөө эргэж хараад өшиглөсөн чинь нэг танихгүй хүнийг өшиглөөд газарт унагасан. Тухайн үед яг юу болсныг санахгүй байна. Дараа нь С.Б гэж хүнийг хөлөөрөө өшиглөж унагаснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
10. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,
11. Хохирогч С.Б-ын гаргасан санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршиг, тогтоолгох шаардлагагүй талаарх хүсэлт /хх-ийн 12, 13 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч У.Д нь 2024 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М баарны гадна хүмүүстэй маргалдаж байсан ба хүмүүстэй маргалдаж байх үедээ “тухайн үед газарт унагаасан ундаагаа авахаар тонгойсон” С.Б-ын толгой хэсэгт 1 удаа өшиглөж түүний биед тархины дух, зулай хэсгийн дунд зэргийн цусархаг няцрал, зүүн зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан бүлэн, баруун зулай ясны босоо шугаман хугарал, дээд уруулын дотор талд өнгөц язрал, дээд үүдэн нэг шүдний хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч У.Д нь тухайн үед харилцан маргалдаагүй, зодооны нөхцөл байдалд огт хамааралгүй хүн болох С.Б-ыг араас цохисон хүнтэй андуурч толгой хэсэгт өшиглөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдож байх бөгөөд түүний гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч У.Д-ын бусдын бие махбодид өшиглөж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг урьдчилан мэдсэн хэрнээ хийж буй санаатай үйлдэл хэдий ч хохирогч С.Б-тай ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа үүсгээгүй, тухайн хэрүүл маргаанд хохирогч нь С.Б нь оролцоогүй, хажуугаар нь гарч явсан хамааралгүй этгээд байх бөгөөд шүүгдэгч У.Д нь өөрийг нь цохисон хүнтэй андуурсаны улмаас өшиглөж хохирол учруулсаныг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тухайн хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.
Шүүгдэгч У.Дугарын үйлдэл нь хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах шууд санаатай үйлдлийг анхнаасаа хийгээгүй, сэдэл зорилгогүй байсан бөгөөд хохирогч руу бус өөр этгээдрүү шууд чиглэсэн үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгчийн үйлдэл нь болгоомжгүйгээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч У.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Д нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын тухайд:
Шүүгдэгч У.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирлыг өгч, улмаар хохирогчийн зүгээс “...одоо энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй..” гэх мэдүүлэг (хх-27-28 хуудас) авагдсан, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,926,234 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч У.Д-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,926,234 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг шүүгдэгч У.Д-аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч У.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч У.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч У.Д-т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч У.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг саналыг дэмжиж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ...” гэж, 2-т “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн тухайд малчин, түүнээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч хуульд нийцүүлэн түүний эрхэлж буй, ажил мэргэжил, хувийн байдлыг харгалзан үзэж нийтийн албанд томилогдох эрхийг хасах байдлаар нэмэгдэл ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу дээр маргаагүй болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч У.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыгдурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн У-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч У.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-д зааснаар шүүгдэгч У.Д-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч У.Д-аас 1,926,234 (нэг сая есөн зуун хорин зургаан мянга хоёр зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР