Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2019/00001

 

******* банкны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Б.*******

Хариуцагч: Г.Чу-

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжиннямын даргалж шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн А.Ам- хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Чу- нь тус банкны Завхан салбараас 2014 оны 10 сарын 20-ний өдөр ЦЗ-14-65-1 тоот нэмэлт зээл олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 6.000.000 төгрөгний зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь нэмэлт зээл олгох, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар үндсэн зээлд 2431975.91 төгрөг төлөхөөр байна. Зээлдэгч нь нэмэлт зээл олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.4.3-д заасан нөхцөлийг зөрчсөн тул, банк барьцаат зээлийн гэрээний 5.1.5 дахь заалтын дагуу 2016 оны 09 сарын 06-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл өгч удаа дараа 89807085, 88632738, 94457665, 99084581 дугаарын утсаар холбогдон зээл төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банк нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний болон барьцаат зээлийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

а/ үндсэн зээлийн үлдэгдэл 2.431.975 төгрөг

б/ зээлийн хүүгийн төлбөр 10409,5 төгрөг

в/нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг бүгд 2.442.385 төгрөг гэжээ.

Хаан банкны Завхан салбар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 3.624.604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Чу- анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул багийн иргэн *******гийн ******* нь 2013 оны 06 сараас Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж Улиастай сумд амьдарч байсан. 2014 оны 08 сард 1.300.000 төгрөг, 2014 оны 10 сард нэмэлтээр 4.700.000 төгрөгнийцалингийн барьцаат зээлүүдийг авсан. Тухайн үеүүдэд А.*******ийн эхнэр Баянтэс сумын иргэн миний авга дүү болох Б.******* нь нялх хүүхэдтэй суманд байсан учраас банкны шаардлагын дагуу хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хамгийн ойрын хамаатны хүн хэрэгтэй байна. А.******* миний ах, дүү, хамаатан садан энд байхгүй. Хадам талын ойрын хүн гээд чамайг дуудсан. Би хамтран зээлдэгчээр орох юм байна гэсний дагуу хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Зээлдэгч иргэн А.*******тэй өөртэй нь холбогдож зээлийг нь төлүүлэх тал дээр ******* банк удаашралтай хандаж байгаа. Миний тухайд А.*******ийн зээлийг төлөх ямар ч боломжгүй юм. Би энэ зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй байхад миний харилцах данснаас 920.000 төгрөг төлүүлсэн. Миний авга дүүтэй хамт амьдарч байсан болохоос төрсөн болон мах цусны хамаатан садан биш, А.*******ийн зээлийг төлөх боломжгүй. Сард өөрийн 722.356 төгрөгийн зээлийг *******, ******* банкуудад төлдөг. Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж үндсэн зээлдэгч А.*******өөр зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн болон бусад заалтуудыг дэмжиж байна. Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.3-т зааснаар ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкны зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Чу-аас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилсэн. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу мөнгөн дүнгээ дэмжиж оролцож байна. Ер нь бол хамтран үүрэг гүйцэтгэгч юм уу аль нэг үндсэн үүрэг гүйцэтгэгчийг аваад явах боломжтой байсан боловч Г.Чу-аас гаргасан хүсэлтийн дагуу өмнөх жилүүдэд *******ийг эрэн сурвалжлах болон бусад шаардлагуудыг нь дэмжиж аль болох боломжит байдлаар хамтран ажилласан. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн зээлийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд зааж болно гэсэн заалтын дагуу гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохирч гарын үсэг зурсан. 20 хувиасаа хэтрээгүй. Мөн Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас дээрх хуулийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний төлбөрөө бүрэн төлж дуусах хүртэл хугацаат зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн болон гэрээний зохицуулалттай тул Г.Чу-аас нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч Г.Чу- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээнд миний гарын үсэг байгаа. Анх 2014 оны 10 сарын 20-ны өдөр зээл авсан байдаг. Өмнө нь 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй, нэмэлтээр 1.700.000 төгрөгийн зээл аваад нийт 6.000.000 төгрөгний зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр миний гарын үсэг байдаг. Энэ зээл нь төлөгдөхөө байгаад сүүлдээ ******* банкнаас намайг зээлийг төл гэсэн шаардлагыг тавьсан. Би тухайн үед үндсэн зээлдэгчийн талаар мэдээллийг ******* банкинд байнга өгч байсан. Зээлээ төлөхөө больсноосоо хойш үндсэн зээлдэгч нь нэлээд олон аймагт ажилласан. ******* банкны эдийн засагчийг би үндсэн зээлдэгчийн араас хангалттай хэмжээнд хөөцөлдөөгүй гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 10 сарын 28-нд миний харилцах данснаас 920.000 төгрөг бэлэн бусаар тус зээлийн төлбөрт төлөгдсөн. Үүнийг нь мэдээд би зээлийн хүүг нь зогсоолгох хүсэлтийг ******* банкинд гаргасан. Асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод үндсэн зээлдэгчийг эрэн сурвалжлуулсан боловч олдохгүй байсаар хугацаа нэлээд алдсан. Тийм учраас би шүүх хуралдаанд үндсэн зээлдэгчийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Миний гарын үсэг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед *******ийн эхнэр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах байсан боловч энд байгаагүй. Баянтэс сумд байсан. ******* энд таних хүн байхгүй гэсэн учраас би гарын үсэг зурсан. Би өнөөдрийн шүүх хуралдаан болохоос өмнө ******* банкинд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн хүсэлт өгсөн боловч ******* банк нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн байна. Би энэ зээлийг өөрөө аваагүй болохоор төлөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Чу-т холбогдох ...Зээлийн гэрээний үүрэгт 3,624,604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Г.Чу-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,624,604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт: ....нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудад тухайн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Түүнчлэн хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь өгнө, хэрэв бичмэл нотлох баримтын эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэснийг нэхэмжлэгч байгууллага биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Г.Чу-ыг ******* банкны Завхан салбараас зээл авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд нотлох баримтын шаардлагыг хангасаны үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь иргэний болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох, ингэснээр тухайн зөрчлийг талууд арилгаж дахин маргаанаа хянан шийдвэрлүүлэх эрхтэй болно. Тухайн зээлийн маргааны хувьд талууд зээл авсан аваагүй талаар маргаагүй бөгөөд хариуцагч Г.Чу- нь зээлийн талаар маргаагүй харин нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүхэд тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагчГ.Чу-ыг ******* банкны Завхан салбараас зээл авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мэдэгдэнэ үү. Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /Утас: 99068468/ оролцох тул хурлын товыг урьдчилан мэдэгдэнэ үү.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Зээлийн талаар маргаагүй байхад нотлох баримтын шаардлага хангаагүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч талын эрхийг бүрэн зөрчсөн байна гэж давж заалдах гомдол гаргасан гэв.

 

Хариуцагч Г.Чу- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө нь анхан шатны шүүхэд тайлбараа өгсөн байгаа би энэ мөнгөнөөс авч огт хэрэглээгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь хариуцагч Г.Чу-т холбогдуулсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.442.385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудыг хуулбарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулан шүүхэд ирүүлсэнийг анхан шатны шүүх дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаж байгаа эсэхийг урьдчилан шалгаж хүлээж аваагүй,

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, бичиг баримтанд үзлэг хийх боломжтой байхад шүүх дээрх ажиллагааг хийж гүйцэтгэлгүй байсны эцэст хэрэгт ач холбогдол бүхий дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр үнэлэлгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчимыг ноцтой зөрчжээ.

Тухайлбал, мэтгэлцэх зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, зохигч ...гагцхүү хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимыг ноцтой зөрчжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан зарчим зөрчигдөж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******ын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.943 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР