Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0903

 

   

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н******-ийн Ч******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Д*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б********, Г.У*******

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Н.Ч*****-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ч********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

            2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаар захирамжаар “А**” ХХК-д тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70,000 м.кв газрыг мод үржүүлэг, жимс жимсгэнэ зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмших эрхийн 0064*** дүгээр гэрчилгээг олгожээ.

Дээрх газрыг нэхэмжлэгч Н.Ч******** “А**” ХХК-иас 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан ба Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмших эрхийн 0349*** дугаар гэрчилгээг олгосон байна.

            Харин Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 582 дугаар захирамжаар нэхэмжлэгчид олгосон газрын зориулалтыг амины орон сууцны хотхон болгон өөрчилжээ.

 Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Н.Ч******-ын эзэмших эрх бүхий Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байршилтай, 178041/*****, 1862630357**** дугаар нэгж талбарын дугаартай, 70000 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасныг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрхийн 000681*** дугаар гэрчилгээг олгожээ.

            Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “B*********” ХХК-тай 70,000 м.кв газарт 5 жилийн хугацаатай амины орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг  байгуулсан байна.

            Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03-06/7151 дүгээр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-06/1865 дугаар албан бичгээр тус тус нэхэмжлэгчид хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тул үүнтэй холбогдуулан тайлбар, санал, нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ.  

            Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжаар Н.Ч******-ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/2868 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

3. Нэхэмжлэгч Н.Ч****** дээрх захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/5563 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон буцааж, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс дахин нэхэмжлэлээ ирүүлжээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг нь иргэн надад хамааралгүй. Учир нь надад 2017 онд газар эзэмшүүлэх эрх болон гэрчилгээ олгоход хуулийн уг хэсэгт заасан заалт байхгүй байсан бөгөөд энэхүү хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, надад эзэмшүүлсэн газар нь тухайн үед Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд хамаарахгүй газар байсан болно.

       Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд миний бие 2017 онд тус газрын эзэмших эрхийг авч БНХАУ-аас санхүүжилт авч, хөрөнгө оруулалт татах хэлэлцээр хийж гэрээ байгуулах шатанд явж байхад дэлхий дахинд коронавирус цар тахал гарч хөрөнгө оруулагч тал энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөрөнгө оруулалтаа түр хойшлуулсан байсан. Харин одоогоор цар тахлын нөхцөл байдал намжиж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал нааштай яригдаж байгаа болно. Монгол Улсад коронавирустай холбоотой хөл хориог Монгол Улсын Засгийн газраас тогтоож, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шат дараатайгаар удаа дараа зогсоосон зэрэг нөхцөл байдал үүссэн байхад уг давагдашгүй хүчин зүйлийг анхаарч үзэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

       Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тайлбарлахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчнээс үүдэн газар эзэмшигч буюу ашиглаж байгаа этгээдээс хамаарах шалтгаан байхгүй гэдгийг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.

        Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь заалтад “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангана" гэж тус тус заасан байхад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан тушаалтнууд үйл ажиллагаандаа болон Нийслэлийн Засаг дарга гадагшаа чиглэсэн, сөрөг нөлөөлөл бүхий үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргахдаа энэхүү хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн. 

         Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйлүүдэд зааснаар захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулах ажиллагааг огт хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу иргэн Н.Ч********** миний газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамж нь хууль бус бөгөөд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул уг захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би бол тэр сонсох ажиллагааг хийе гээд утсаар асуугаад байсан. Татварынхан эхлээд хотын даргатай уулз гэсэн. Даргатай уулзах гээд очиход тийм ч ажилтай, ийм ч ажилтай гээд огт уулзах боломж надад гаргаагүй. 15 жилээр өгчихөөд 2 жил ашиглаагүй гэж цуцалж байгаа нь төр иргэдээсээ дээрэм хийж байна гэж харахаар байна.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна. Дээрх шийдвэрийг гаргаж байх үед иргэн Н.Ч*******-ын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тус тус хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан хууль бус шийдвэр гаргах үндэслэл болоогүй байсан гэж үзэж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийг гаргахдаа эрх зүйн формаль болон материаллаг шаардлагыг хариуцагч зөрчиж гаргасан гэж үзэж байгаа. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд нарийвчлан зохицуулсан журам байхгүй учраас Захиргааны ерөнхий хуулийг баримталж иргэн Н.Ч*******-ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг гаргах ёстой. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан байх шаардлагыг хариуцагч заавал хүлээнэ. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4-д зааснаар хариуцагчийн сая өгсөн баримт дээр нэхэмжлэгч Н.Ч*******-т 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа хийнэ гэж мэдэгдсэн боловч энэ сонсох ажиллагаагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2, 25.1.7-д заасан журмыг зөрчсөн. Хэдийгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч энэ сонсох ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй. Мөн зайлшгүй цуглуулах нотлох баримтаа аваагүй. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан боломжийг хариуцагч олгоогүй, 26.2-т заасан сонсох ажиллагаагаа хариуцагчаас хийгээгүй, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5-д заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, 27.6-д заасан сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл байхгүй. Огт энэ талаар хөтлөөгүй байна. 27.7-д зааснаар сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэж заасан. Гэвч энэ шалтгаанаа ч хариуцагч өнөөдрийн байдлаар тайлбарлаж чадаагүй байна. Мөн Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны болон мэдэгдэх журам, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны журмыг маш ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Мөн түүнчлэн материаллаг эрх зүйн шаардлагаа хариуцагчаас нотолж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан. Гэтэл маргаан бүхий акт дээр 2 үндэслэл дурдсан байна. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчаас зөвхөн ганцхан үндэслэлээр гаргаж хариу тайлбартаа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тавьсан байдаг. Захиргааны акт өөрөө хууль зүйн хувьд тодорхой байхыг шаарддаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамж ойлгомжгүй. Хамааралгүй заалтыг дурдсан байдаг.” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****** татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Н.Ч******* нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу одоо хүртэл ашиглаагүй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03-06/7151, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-06/1865 дугаар албан бичгээр тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. 

        Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэгч Н.Ч*****-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нь тухайн газрыг 2011 оноос хойш эзэмшиж байгаа. 2017 онд хамгийн сүүлд хугацаа сунгасан. 2017 онд сунгаад 6 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших гэрээгээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж байгаа учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн. Захирамж дээр зааснаар тус хуулийн 40.1.6 болон 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох гэдэг ойлголт байгаа. Газрын тухай хуулийн 39.1.4-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон бол газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан байгаа. 

Тайлбар санал авахаар бол 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан. Нэхэмжлэгч бол энэ дээр маргадаггүй. Маргаан бүхий захиргааны акт маань 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Нэхэмжлэгч энэ хооронд тухайн хугацаанд өөрт хамааралтай баримт болон газраа хэрхэн зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар баримтыг гаргаж өгөх боломжтой байсан гэж үзэж байна.

2008 оны Улсын Дээд шүүхийн тайлбар дээр Газрын тухай хуулийн 40.1.6-г тайлбарлахдаа зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан байна. Хээрийн судалгаа хийсэн баримт дээр ч гэсэн 70000 м.кв дээр ямар нэгэн ажил үйлчилгээ эхлээгүй байна. Барилгын ажил ч эхлээгүй байх тул зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл бүрдсэн байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

1.  Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар;

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.”Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4.”Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 26 дугаар зүйлийн 26.1.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 27 дугаар зүйлийн 27.5.”Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заажээ. 

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан газар эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний 03-06/7151 дүгээр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч тус мэдэгдлийг хүргүүлсэн, гардуулсан болох нь тогтоогдохгүй байх ба энэ талаарх баримт байхгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдэгдэж байна.

Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дахин 2022 оны 04 дүгээр сарын 26-ны 02-06/1865 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг мөн өдөр нь нэхэмжлэгч өөрөө гардаж авчээ. 

 Нэхэмжлэгч сонсох ажиллагааны хүрээнд хүргүүлсэн дээрх мэдэгдлийг хүлээн аваад биечлэн тайлбар өгөхөөр бэлдэж байсан, улмаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдтэй уулзах, сонсох ажиллагаанд хамааралтай нотлох баримтыг гаргаж өгөхөөр бүрдүүлж байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх бөгөөд хуулийн дээрх заалтад заасан сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан гэж зэх боломжгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын гэрчилгээг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариуцагч хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлж нэхэмжлэгчээс санал, нотлох баримтуудаа гаргах боломжоор бүрэн хангалгүйгээр шийдвэр гаргасан нь дээр дурдсан хуулийн заалтад нйицээгүй байна.

2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийн үндэслэлийн тухайд;

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзвэл энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход нэгд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, хоёрт зориулалтын дагуу ашиглаагүй байх, гуравт 2 жил дарааллан ашиглаагүй байх гурван нөхцөл зэрэг бүрдсэн байх талаар хуульд зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь тус газарт амины орон сууцны барилга барихаар “А*******” ХХК-иар эскиз зураг хийлгэн батлуулах болон “B*************” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулан ажиллаж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хугацааг 15 жилээр сунгасан 2017 оноос хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу ашиглахын тулд барилга барихаар гэрээ байгуулж, барилга барих ажлыг эхлүүлсэн үйл ажиллагаа нь ашиглах эрх бүхий газар дээрээ бодитоор үйл ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл болох бөгөөд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Аливаа газарт барилга барихад Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.“Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.5.”барилга архитектурын загвар зураг;”, 22.1.6.”техникийн нөхцөл олгоход шаардагдах барилга байгууламжийн хүчин чадал, инженерийн хангамжийн хэрэгцээг тодорхойлсон мэдээлэл.”, 23 дугаар зүйлийн 23.2.“Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна.” гэж заасан үйл ажиллагааг явуулж, зөвшөөрөл, техникийн нөхцөл авсан байх учиртай бөгөөд энэхүү үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийг эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Н.Ч******-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН