Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 36

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Д.Дагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Дагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0431 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2а хэсэг Баатархайрхан гудамж, 949 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй, регистрийн ЦИ86103017 дугаартай, Хар нүдэн овогт Доржсүрэнгийн Дагвасүрэн.

Д.Дагвасүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 12 дугаар гудамжаар Т.Приус маркийн 35-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн  “2.7  “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хойноос урагш чиглэлтэй Х.Аксент маркийн 16-50 УБЛ улсын дугаартай Б.Оюунцэцэгийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж нийт 134,300 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Дагвасүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Т.Приус маркийн 35-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 12 дугаар гудамжаар урдаасаа хойшоо чиглэлтэй жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “2.7а-д согтууруулах ундаа ... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хойноос урагш чиглэлтэй Б.Оюунцэцэгийн жолоодон явсан Х.Аксент маркийн 16-50 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нийт 134,300 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дагвасүрэнгийн өгсөн: “Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Дагвасүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн үе Налайх дүүрэгт газар зарна гэхээр нь үзэх гээд зарын дагуу Мөнх-Оргил гэдэг хүнтэй холбогдоод Налайх дүүрэгт хүү 4 настай Жаргалангийн хамт ирээд Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэхэд байсан газрыг очиж үзчихээд нөгөө хүнтэйгээ үнэ ханшин дээрээ тохиролцохгүй нэлээн ярилцсан. Тэгтэл Мөнх-Оргил гээд ах нэг шар өнгийн виски гаргаж ирсэн. Тэрнээс бид 2 тус бүр 2 рүнк татаад би тэндээс хөдлөөд тэр хавьцаа ойролцоо байдаг ангийнхаа Нямдашийн гэр рүү явтал би хайгаад олоогүй. Тэгээд нэг гудамж руу ороод жаахан өгсүүр байхаар нь би өөдөө өгсөж гараад баруун тийш дараад 100 гаруй метр дээшээ өгсөөд явж байтал гэнэт өөдөөс цагаан өнгийн Аксент маркийн тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд би зайлж амжилгүй чигээрээ очоод мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машиныг очоод хартал тэр машинаас нэг хүн бууж ирээд машин дотор сууж байсан хүмүүс гайгүй болохоор нь би машиндаа эргээд иртэл манай хүү зүгээр байсан. Тэгэнгүүт би сандарч балмагдаад машинаа асаагаад ухарч яваад шууд Улаанбаатар хот руу гарсан. Замдаа Петровис шатхуун түгээх станцын замын эсрэг талд байрлах дэлгүүрээс хүүдээ чипс ундаа авч өгчихөөд цааш 400 гаруй метр явж байхад араас замын цагдаа ирээд намайг зогсоосон. Тэгээд Налайхын цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40-46 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оюунцэцэгийн өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би хүү Айсерк, бэр Эрдэнэ-Отгон, танил Эргэнбек нартай гэрээсээ гараад аав Бүрнээбаатарын эзэмшлийн 16-50 УБЛ улсын дугаартай Х.Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй хүү Айсеркийн найзаас нүүрс авах гээд 4 дүгээр хорооны гол руу бид нар бөөнөөрөө явж Нисэхийн 12 дугаар гудамжны баруун талд урд зүг рүү явж байхад Нисэхийн 12, 11 дүгээр гудамжны голоос мөнгөлөг саарал өнгийн Т.Приус маркийн 35-69 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гудамжнаас маш хурдтай гараад ирсэн. Тэгэхээр нь би согтуу биш байгаадаа гэж бодоод жаахан зайлаад баруун тал руугаа шахтал тус машин баруун тийш дарж явж байгаад миний машиныг чиглээд машины зүүн гар талын урд хэсгээс миний машиныг хүчтэй мөргөөд пижигнээд дугарсан. Тэгтэл Эргэнбек машинаас буугаад нөгөө залуу дээр очоод “чи яаж байгаа юм бэ” гэхэд “өө одоо тэгээд яахав дээ цагдаа дуудахгүй юу” гэсэн. Тэгээд Эргэнбек цагдаа дуудах гээд утас хайгаад явж байтал нөгөө залуу чинь машиндаа сууж байгаад хойшоо ухраад хөдлөөд яваад өгсөн. Тэгтэл манай бэр Отгон-Эрдэнэ цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн.

...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-19, 101 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч О.Эрдэнэ-Отгоны өгсөн “…2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би хадам ээж Оюунцэцэг, хадам ээжийн найз  Эргэнбек, нөхөр Айсерк нарын хамт гэрээс гараад ээжийн 16-50 УНЛ улсын дугаартай Х.Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй ээжийн найзаас очиж нүүрс авах гээд нөхөр бид 2 замд нь буух гээд явсан. Тэгээд “Асу” ХХК-ийн дэлгүүрийн ойролцоо Нисэхийн 12 дугаар гудамжны баруун талын шороон замаар явж байтал Нисэхийн 12, 11 дүгээр гудамжны голоос саарал өнгийн Приус маркийн машин их хурдтай гарч ирээд манай машиныг чиглээд жаахан баруун тийш дараад яваад байсан тэгтэл ээж рүлээ баруун тийш дараад зайлах гэтэл нөгөө машин нь манай машины зүүн урд хэсгийг ирээд мөргөсөн тэгээд Эргэнбек ах бид 2 буугаад нөгөө жолооч дээр очоод “чи одоо яаж яваад байгаа юм бэ дүрмээ мэддэггүй юм уу” гээд байсан. Тэгсэнээ нөгөө залуу машиндаа ороод суусан би цагдаа дуудах гэж байтал машинаа асаагаад ухраад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа нар ирээд үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч С.Айсеркийн өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би ээж Оюунцэцэг, ээжийн найз Эргэнбек, эхнэр Эрдэнэ-Оюун нарын хамт гэрээс гараад ээжийн 16-50 УНЛ улсын дугаартай Х.Аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Амангельдийн гэрт очиж нүүрс авах гээд явж байсан. Тэгээд “Асу” ХХК дэлгүүрийн ойролцоо Нисэхийн 12 дугаар гудамжны баруун талын шороон замаар явж байтал  Нисэхийн 12, 11 дүгээр гудамжны голоос саарал өнгийн Приус маркийн машин их хурдтай гарч ирээд манай машиныг чиглээд баруун тийш дараад яваад байсан. Тэгтэл ээж рүлээ баруун тийш дараад зайлах гэтэл нөгөө машин манай машины зүүн урд хэсгийг ирээд мөргөсөн. Тэгээд Эргэнбек ах машинаас гараад нөгөө жолоочтой уулзаад байсан. Тэгээд “цагдаа дуудна” гээд яриад байсан тэгтэл нөгөө жолооч нь машиндаа очиж сууснаа машинаа асаагаад зугтаад яваад өгсөн. Тэгээд манай эхнэр цагдаа дуудаад удагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эргэнбекийн өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би найз Оюунцэцэг, түүний хүүхэд Айсерк эхнэрийнх ь хамт 4-үүлээ би гэр рүүгээ хүргүүлэх гээд тэд нар нүүрс авах гээд цагийг нь сайн санахгүй байна өдөр л байсан юм явж байсан. Би Оюунцэцэгийн хойно нь сууж байсан. Тэгээд “Асу” ХХК-ийн дэлгүүрийн ойролцоо Нисэхийн 12 дугаар гудамжны баруун талын шороон замаар явж байтал Нисэхийн 12, 11 дүгээр гудамжны голоос саарал өнгийн Приус маркийн машин их хурдтай гарч ирээд манай машиныг чиглээд жаахан баруун тийш дараад яваад байсан тэгтэл би “наад машин чинь мөргөлөө” гээд орилтол нөгөө Приус чиглэж ирээд бид нарын машины зүүн урд талаас мөргөсөн. Тэгээд Оюунцэцэгийн машинаас Эрдэнэ-Оюун бид 2 буугаад нөгөө машины жолооч бас буугаад би тэр жолоочтой “чи яаж байна аа” гэхэд “өөрсдөө яаж байна аа” гээд байсан. Тэгээд би “за байж байгаарай би цагдаа дуудая” гэхэд тэр залуу чимээгүй машиндаа суучихсан. Тэгээд машинаа асаахаар нь “би байж бай цагдаа дуудсан шүү дээ” гэтэл ухраад хойд зүг рүү яваад өгсөн. Тэгээд бид нар хөдлөөгүй цагдааг хүлээсэн. Нөгөө машин номер оо унагаагаад яваад өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирээд хэмжилт хийгээд байсан. Цагдаа хэмжилт хийж дуусаад Оюунцэцэг машинаа хашаандаа аваачаад би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч П.Баганаагийн өгсөн “...Би 2012 оны 08 дугаар сард 16-50 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,650,000 төгрөгөөр худалдаж авсан ба тус тээврийн хэрэгслийг унаж байгаад 2015 оны хавар тус тээврийн хэрэгслийг нэг залууд зарсан, нэрийг нь одоо сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 99 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гантөмөрийн өгсөн “...Би 15-60 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 онд худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж жил гаруй хугацаанд унаж байгаад 2016 оны хавар тус тээврийн хэрэгслийг зарсан. Би тус тээврийн хэрэгслийг хөдөө амьдардаг гэх Оюунцэцэг гэх хүнд 900,000 төгрөгөөр зарсан. Тэрнээс хойш тус тээврийн хэрэгслийг тус Оюунцэцэг гэх хүн эзэмших болсон...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 100 дугаар тал/

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Замын цагдаагийн албаны шинжээчийн №606 дугаар:

  1. “Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь 35-69 УНЛ улсын дугаартай Toyots-Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Дагвасүрэнгийн буруутай үйлдлээс гарсан байн үндэслэлтэй байна.
  2. Тээврийн хэрэгслийн хурд тухайн замын нөхцөлд тохирч байсан эсэхийг тогтоох боломжгүй болно.
  3. Зам тээврийн осол гаргасан 35-69 УНЛ улсын дугаартай Toyots-Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Дагвасүрэн нь МУ-ын ЗХД-ийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
  4. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх

  1. Зам тээврийн осол гаргасан 16-50 УБЛ улсын дугаартай Hyundai-Accent маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Оюунцэцэг нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  2. 35-69 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үедээ ямар хэмжээний хурдтай явсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
  3. 16-50 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл осолд орох үедээ ямар хэмжээний хурдтай явсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
  4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
  5. Тухайн нөхцөлд Ө.Оюунцэцэг нь МУ-ын ЗХД-ийн холбогдох заалтыг биелүүлсэн байх үндэслэлтэй байна. Д.Дагвасүрэн нь МУ-ын ЗХД-ийн холбогдох заалтыг биелүүлэх үүрэгтэй.

/хх-ийн 31-32 дугаар тал/

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Вендо” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний компанийн авто машин техникийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 26-27 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 47 дугаар тал/

Хорооны тодорхойлолт,

/хх-ийн 48 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 50 дугаар тал/

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч Б.Оюунцэцэгийн гаргасан өргөдөл /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийснээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Дагвасүрэн нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Дагвасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.Дагвасүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хар нүдэн овогт Доржсүрэнгийн Дагвасүрэнг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар Д.Дагвасүрэнг 1 жил 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Дагвасүрэнд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Дагвасүрэн нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дагвасүрэнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дагвасүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЧИНЗОРИГ