Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/219

 

 

 

 

 

 

    2021           3              3                                        2021/ДШМ/219

 

 

М.Над холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1809029060802 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын  16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Магнай овогт М.Н, 1988 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 320 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай шүүгчийн захирамжаар 3 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

            Шүүгдэгч М.Н нь өөрийгөө Б.Батдэлгэр хэмээн хохирогч Б.Б танилцуулж, улмаар "манай ээж барилгын материалын дэлгүүрт нярав хийдэг, хямд барилгын материал авч өгнө" хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Бхуурч, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 515.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Хаан банкны дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Магнай овогт М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч М.Ныг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Над энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 839 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Над оногдуулсан 4 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нын цагдан хоригдсон 135 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Наас 2.415.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Бямба-Эрдэнэд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн холбогдсон хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргээ нэгтгүүлэх талаар хүсэлт гаргаж байсан боловч огт тийм хэрэг байхгүй гэж хяналтын прокурор шүүхэд хандан тайлбар гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх, мөн Улсын дээд шүүх тогтоохгүйгээр прокурорын гаргасан тайлбарыг үндэслэн 1 зүйл ангид багтах нэг төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял эдэлж байсан намайг хорих ангиас авчирч ял нэмж байгаад миний бие маш их гомдолтой байна. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг тогтоохдоо 11 хоногийг илүү тогтоож, эдэлсэн ялын хугацааг 11 хоног дутуу тоолж, зөрүүтэй ялын тооцоон дээр ял нэмж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул ялын тооцооны зөрүүг арилгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.Нын өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор М.Над 6 сарын хорих ял шийтгэсэн. Уг хэрэг Улсын Дээд шүүхээр хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болсон. Одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оногдуулсан шийтгэх тогтоол гарсныг М.Н эсэргүүцэж гомдол гаргасан. Давж заалдах гомдолд дурдсанаар хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой байхад эрх зүйн байдлыг нь дордуулж хоёр дахь удаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс анх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр М.Над холбогдох хэргийг хэлэлцэх үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орсон хэргийг нэгтгүүлэх санал гаргаснаар шүүх нэгтгэж шийдвэрлэхгүй бол эрх зүйн байдал нь дордоно гэж үзээд хэргийг түдгэлзүүлсэн байсан. Гэвч Улсын Дээд шатны шүүхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчингүй болсон. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвээр үлдвэл миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүснэ. Өмнөх 6 сарын хорих ялыг хэрэг Улсын Дээд шүүхээр хэлэлцэх үед эдэлж дууссан. Тэгэхээр одоо энэ хэргийг ямар агуулгаар яаж нэгтгэж шийдвэрлэх вэ гэдэг хууль зүйн үндэслэл учир дутагдалтай байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Ныг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хорих 409 дүгээр ангиас шилжүүлж энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Энэ хугацаанд М.Н Баянзүрх дүүргийн прокурорын газраас шийдвэрлэсэн хэрэгтээ шат шатанд нь гомдол гаргаад явж байсан талаараа мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан байдаг. Миний шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэргийн хүрээнд нотлогдсон, гэмт хэргийн улмаас 2.415.000 төгрөгийг бусдад төлөхөөр байсан. Энд шүүгдэгчийн эрх зүйн байдал яригдах боловч энэ хэргүүд шийдвэрлэгдэхгүй  хойшилсноор хохирогч нарын эрх ашиг удаа дараа хөндөгдөх юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн үйл баримттай нийцсэн. Прокуророос ямар нэг гомдол, эсэргүүцэл гаргаагүй. Мөн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлэх үйл явц Баянзүрх дүүргийн прокурорын газраас шилжүүлсэн хэрэг материалын талаар ямар нэг шийтгэх тогтоол, бусад баримт бичгийг өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гаргаж өгөөгүй. Хүчин төгөлдөр болсон эсэх нь тогтоогдоогүй байсан. Энэ талаар шүүхэд шилжүүлээд эхний шүүх хуралдааны тов гарахад тухайн шүүх хуралдаанд яригдсан. Түүнээс биш 3 сарын хугацаа өнгөрөөд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүх хурал болж, шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолоор 8 сарын хорих ялыг нэмж нэгтгээд эдлүүлэх нь зүйтэй байна. Энэ 8 сарын хорих ялыг нэмж нэгтгээд эдлүүлж байгаа боловч тухайн зүйл заалтад заасан хамгийн дээд ялд багтаан оруулсан учир нэг талаасаа эрх зүйн байдлыг нь дордуулахгүй. Нөгөө талаас шүүгдэгч болон өмгөөлөгчийн ярьж байгаагаар залилах гэмт хэргийг үргэлжилсэн байдлаар удаа дараа үйлдсэн. Гэхдээ энэ нь шүүхийн шийтгэх тогтоол гарах үед мэдэгдэж байгаа бол нэмж нэгтгэх ёстой. Нэмж нэгтгээгүй болохоор илүү их ял болж, дээрээс нь цагдан хоригдсон хоногийг илүү тооцож, аль дүүргийн прокурорын газраас хорьж байгаа нь тодорхойгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна гэж байна. Гэвч энэ нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр миний шилжүүлсэн хэрэгт цагдан хоригдсон. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоолд гомдол гаргасан. Энэ хооронд би шилжүүлж авсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцсэн. Улсын Дээд шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд эсхүл прокурорт буцаасан шийдвэрийн алийг гаргасныг мэдэхгүй байна. Энэ тохиолдолд цагдан хорих асуудлыг тэнд нь шийдвэрлэсэн байх. Тийм ч учраас таслан сэргийлэх арга хэмжээ нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шийдвэрлэгдэж байгаа байх. Тухайн үед хавтаст хэргийн хүрээнд ийм үйл баримт байгаагүй учир энэ талаар мэдэхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй. Харин удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн хэрнээ хохирлоо төлж барагдуулахгүйгээс болж хохирогч нарын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолоор “шүүгдэгч Магнай овогт М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч М.Ныг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Над энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 839 дугаар дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар  тогтоож”  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Н нь анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцүүлэх үед “...нэг зүйл ангид байх, нэг төрлийн гэмт хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт тавьсаар байтал түүнийг харгалзахгүйгээр удаа дараа ял нэмж  байгаад гомдолтой байна” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Тус гомдлын дагуу хэргийг хянахад, анхан шатны шүүхийн ялыг нэмж нэгтгэсэн М.Над холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 839 дугаар дугаартай шийтгэх тогтоолыг Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 680 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Иймээс шүүгдэгч М.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх хууль зүйн үндэслэлгүй болж байна.

 

Шүүгдэгч М.Нын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” буюу ижил төрлийн гэмт хэргүүд байх тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй байхад прокурор тус тусад нь салган зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, улмаар шүүгдэгчийн гэм буруутай байдлыг дүгнэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлж эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад нөлөөлсөн байх бөгөөд хяналт тавьж буй прокурор цаашид энэ талаар анхаарах шаардлагатай.

 

Иймд шүүгдэгч М.Нын гаргасан эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэг шийтгэх тогтоолоор өөрт холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 926 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Над холбогдох 1809029060802 дугаартай хэргийг тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн  прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийн прокурорт очтол М.Над урьд авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

                      ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ