| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.У |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Б.У
Хохирогч Э.Т,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э /цахимаар/
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-д холбогдох 2416002600129 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл ***, *** хүүхдийн хамт **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэр, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** регистрийн дугаартай Т овогт Х.Б.
Холбогдсон хэргийн талаар: Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-г **** аймгийн ***** сум, **** баг, ***** гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд, Тоёота приүс маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан тэмээг мөргөн онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 52 настай, эмэгтэй, С.Ц, 2 настай, эрэгтэй, Т.М нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б нь **** аймгийн ***** сум, **** баг, ***** гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд, Тоёота приүс маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан тэмээг мөргөн онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгслийн зорчигч болох 52 настай, эмэгтэй, С.Ц, 2 настай, эрэгтэй, Т.М нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 2/
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14-28/,
3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 69-76, 78-80/,
4. Амь хохирогч Т.М-н хууль ёсны төлөөлөгч Б.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед **** аймгаас ***** хотын чиглэлд ***** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид нар гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай аав болох Х.Б жолоодож, ээж Ц урд суугаад, манай нөхөр Э.Т, хүү, охин нарын хамт ард нь сууж явсан юм. Замдаа хоол унд идэж уулгүй шууд явсан ба замдаа нэг удаа зогсож бие зассан. Орой 21 цагийн үед байх бүрэнхий болчихсон байсан. Аав тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад гэнэт ээжийг орилохоор нь зам руу харахад зам дээр дайрчихсан тэмээ байж байсан. Аав машинаа баруун гар тал руугаа дарахад машины зөв талын хоёр дугуй тэмээний хөл дээгүүр гарсан, Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний өөрийн ухаан орон гаран байсан учраас хүүгээ тэвэрчихсэн сууж байснаа бүдэг бадаг санаад байгаа юм... ***** улсын дугаартай мөнгөлөг саарал, өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй хэрэгсэл байгаа юм... Миний цээж, баруун хөл нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Харин манай нөхөр Т-н нурууны яс цууралттай, хүзүүний яс хугарсан гэмтэлтэй. Манай аав Б-н нуруу цууралттай, хуучин нурууны хагалгаанд орсон нь сэдэрсэн гэж байсан. Охин У нь хярзангийн оёдолтой, ...Тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй. Ямар байсан манай ээж хүүе чи чинь яасан хурдтай явж байгаа юм гэж хэлж байхыг сонссон... **** улсын дугаартай мөнгөлөг саарал, өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 02 дугаар сард 12,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,
5. Насанд хүрээгүй Т.У-н хууль ёсны төлөөлөгч Б.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...төрсөн охин Т.У-н хохирлыг зэргийг тогтоосон ШШЕГ-н Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй ...охины биеийн байдал хэвийн зүгээр байгаа ...гомдол, санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг,
6. Амь хохирогч С.Ц-н хууль ёсны төлөөлөгч Б.И-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний ээж С.Ц нь **** оны **** сарын ****-ний өдөр **** аймгийн ***** суманд төрсөн. ...2007 оноос ***** хотод гэр бүлийн хамт шилжиж одоог хүртэл ***** дүүргийн ***** хороо ****-д амьдарч байсан. Миний ээж миний аав Х.Б-тай 1995 онд танилцаж улмаар гэр бүл болж **** хүүхдийн эцэг эх болсон... Миний аав, ээж хоёр **** аймагт айлын хуримд оролцохоор явж байсан. Улаанбаатар хотоос 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд төрсөн эгч Б.Х, түүний нөхөр Э.Т, Т.У /эм, 7 настай/, Т.М /эр, 2 настай/ нарын хамт явсан... Миний том эгч Б.Х-ийн эзэмшлийн Toyota prius-20 ****** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашин... ослын дараа аав, эгчийн ярьж байгаагаар зам дээр машинд мөргүүлсэн байсан тэмээг харалгүй зайлж гарах гэж байгаад замын хажуу руу онхолдсон гэж сонссон... Тухайн тээврийн хэрэгслийг миний аав Х.Б жолоодож байсан гэсэн... Миний аав, ээж, эгч, дүү гэр бүлийн гишүүд маань явж байгаад зам тээврийн осолд орсон. Харамсалтай байгаа ч миний зүгээс аавдаа гомдоллох, нэхэмжлэх ямар нээн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 128-129/,
7. Хохирогч Э.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “..2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед **** аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ***** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай хадам аав болох Х.Б тээврийн хэрэгслийг жолоодож, хадам ээж Ц, эхнэр Х, хүү, охин нарын хамт гарсан. Замдаа хоол унд идэж уулгүй шууд явсан ба замдаа нэг удаа зогсож бие зассан юм. Орой 21 цагийн үед байх бүрэнхий болчихсон байсан Аав тээврийн хэрэгслийг жолоодож, ээж хажууд нь суугаад арын суудал хэсэгт эхнэр, хүүхдүүдийн хамт сууж явсан. Тэгсэн гэнэт явж байхад ээжийг орилохоор нь зам руу харахад зам дээр дайрчихсан тэмээ байж байсан. Аав машинаа баруун гар тал руугаа дарахад машины зөв талын хоёр дугуй тэмээний хөл дээгүүр гарах шиг болсон. Машинаа буцаагаад зүүн дарж байхыг санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний өөрийн ухаан орон гаран байсан учраас ухаан орсноос хойшхи болсон зүйлсийг сайн санахгүй байна... ***** улсын дугаартай мөнгөлөг саарал, өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь манай эхнэр Б.Х-н эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Миний өөрийн биед нурууны яс цууралттай, хүзүүний яс хугарсан гэмтэлтэй. Тухайн үед ээж аавыг 90 км цагийн хурдтай явж байхад харчихаад зөөлөн яв, зөөлөн яв гээд хурдыг нь хасуулж байсан юм. Осол болохоос өмнө би хурдыг нь харахад 76-77 км/цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг/хх-н 45-46/,
8. Иргэний нэхэмжлэгч Б.Х-н мөрдөн байцаалтад өгсөн: “...төрсөн охин Т.У-н хохирлын зэргийг тогтоосон ШШЕГ-н Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа... дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... Toyota prius-20 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2021 онд хувь хүнээс 14.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан...тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхгүй...ослын дараа машины гэрчилгээг аав Х.Б-н нэр дээр шилжүүлсэн... Ослын дараа Toyota prius-20 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлын оношилгоонд ороогүй... Машинаа түр саатуулах байрнаас 1 сарын дараа аваад ***** аймагт задаргааны сэлбэг болгож 2.700.000 төгрөгөөр өгсөн санагдаж байна... Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-н 135, 138, 188/,
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.11.04-ний өдрийн “Т.М-н биед тархины дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, хатуу хальсан доорх цус хураа, тархины эдийн няцрал, тархийн баруун тал бөмбөлгийн ивэрхии, хавчигдал тархины шаантаглалт, духанд шарх, дух баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь 2024.09.26-27-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүдээс хатуу хальсан доорх цус хураа, тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн ивэрхий, хавчигдал тархины шаантаглалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Т.М нь 2024.10.01-ны өдөр дээрх гэмтлийн улмаас нас барсан болно гэх 253 дугаартай дүгнэлт,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.11.04-ний өдрийн “Амь хохирогч Т.М-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, хатуу хальсан доорх цус хураа, тархины эдийн няцрал, тархийн баруун тал бөмбөлгийн ивэрхий, хавчигдал тархины шаантаглалт, духанд шарх, дух баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс хатуу хальсан доорх цус хураа, тархины эдийн няцрал, тархийн баруун тал бөмбөлгийн ивэрхий, хавчигдал тархины шаантаглалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2024.09.26-27-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу авсан байна. Амь хохирогч Т.М нь гавал тархины битүү гэмтэл: Тархины хүнд зэргийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ гэх 59 дугаартай дүгнэлт /хх-н 64-68/,
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.10.30-ны өдрийн Амь хохирогч С.Ц-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гуяны артерийн судасны бүрэн тасрал, баруун дунд чөмөгний зөрсөн далд хугарал, баруун талын 1-3-р хавирганы далд хугарал, зүүн чамархай, хэвлийн баруун талд зулгаралт, баруун гуя, баруун ташаан толгойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтлүүдээс баруун гуяны артерийн бүрэн тасрал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдлоо. Дунд чөмөгний далд хугарал, баруун талын 1-3-р хавирганы хугарал гэмтэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болно. Амь хохирогчийн цогцост үүссэн баруун гуяны бүрэн тасрал гэмтэл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч амь насыг нь аврах боломжгүй байна. Амь хохирогч С.Ц нь баруун гуяны артерийн бүрэн тасрал гэмтлийн улмаас цус алдалтын шокоор нас баржээ. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 1,1 промилли спиртийн зүйл илэрлээ. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх 57 дугаартай дүгнэлт /хх-н 81-83/,
12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.10.21-ний өдрийн .Шинжилгээнд ирүүлсэн иргэн Э.Т-н гэх цуснаас дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийн бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход спиртийн зүйл илэрсэнгүй” гэх 122 дугаартай дүгнэлт /хх-н 48- 49/,
13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.10.22-ны өдрийн Э.Т-н биед хүзүүний 5,6-р нугаламын далд хугарал, сээрний 9-12-р нугаламын зөрөөтэй далд хугарал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2024.09.26-27-ны хооронд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 252 дугаартэй дүгнэлт /хх-н 51-52/,
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.10.22-ны өдрийн Б.Х-н биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2024.09.26-27-ны хооронд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 251 дугаартай дүгнэлт /хх-н 54/,
15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.10.22-ны өдрийн Т.У-н биед гадна бэлэг эрхтний ил шарх, духанд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2024.09.26-27-ны хооронд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх 254 дугаартай дүгнэлт /хх-н 56-57/,
16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн 2024.10.22-ны өдрийн Х.Б-н биед гэмтэл тогтоогдсонгүй гэх 250 дугаартай дүгнэлт /хх-н 59/,
17. Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Г-н 2024.10.12-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа” /хх-н 96-97/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Х.Б нь ****** аймгийн ****** сум, ***** баг, ***** гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд, Тоёота приүс маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан тэмээг мөргөн онхолдсоны улмаас тус тээврийн хэрэгслийн зорчигч болох **** настай, эмэгтэй, С.Ц, ** настай, эрэгтэй, Т.М нарын амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас С.Ц, Т.М нарын амь нас хохирсон хор уршиг, хохирогч Э.Т-н биед хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс ямар нэгэн хохирол төлбөр, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар Х.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч Т овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 (арван) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1(нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ