Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/01014

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2019/01014

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  А ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Х ХХК /-д холбогдох

 

18 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, хариуцагчийн төлөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-тай НӨАТ ороогүй дүнгээр нийт 16 000 000 /арван зургаан сая/ төгрөгийн бараа Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. А ХХК нь хөрөнгийг гэрээ байгуулсан өдрөөс 5 хоногийн дотор хүлээлгэн өгч, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. /бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтыг хавсаргав/ Х ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийн 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг бартераар буюу хайрга цементээр, 10 000 000 /арван сая/ төгрөгийг 3 хувааж 3 сарын дотор төлөхөөр гэрээнд тусгасан боловч өр төлбөрөө ямар ч хэлбэрээр барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, компанид хохирол учруулсаар байгаа тул гэрээний 9.2-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Х ХХК-с (Д.Тамир) барааны төлбөр болох 16 000 000 төгрөг, 32 сарын алданги болох 2 560 000 төгрөг, нийт 18 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18 560 000 төгрөг гаргуулна. 2016 онд хариуцагч нь зам талбайн хавтан худалдаж авсан. Нийт үнэ нь 16 сая төгрөг болсон. Гэрээ байгуулж цувуулж өгөх болсон боловч төлөөгүй. Иймд гэрээнд зааснаар алдангийн хамт нэхэмжилж байна. Хариуцагчийн хэлж байгаагаар 7 сараас төлбөрийг авч эхлэх боломжгүй. Хариуцагчийн хэлж байгаа эвлэрэх саналыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Х ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: "Х" ХХК нь 2016 оны 06 дугаар сард "А" ХХК-иас 16 000 000 (арван зургаан сая) даацын хавтанг гэрээ хийн худалдан авсан бөгөөд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нь үнэн болно. Бид 2016 онд Нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн 100 цогцос хадгалах байгууламжийг (1-р зэрэглэлийн морг) анх удаа барьж ашиглалтанд оруулсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн орлого байхгүйгээс гэрээний хугацаанд төлбөрийг барагдуулж чадаагүйдээ "А" ХХК-иас удаа дараа уучлал хүссэн болно. Учир нь Монгол улсад хэрэгжиж байгаа салбарын хуулинд өнөөдрийг хүртэл Морг-ийн стандартгүй, үүнээс улбаалсан үйл ажиллагааны зохицуулалт үгүй учир өнөөдрийг хүртэл "Х" ХХК нь Баянзүрх дүүргийн иргэдэд ямар ч үнэ төлбөргүй үйлчилсээр ирсэн. Иймд "Х" ХХК нь "А" ХХК-тай эвлэрэн тохиролцож төлбөрийн хуваарь гаргах хүсэлтэй. Должинсүрэн овогтой Тамир (ЦЕ83031213) нь "Х" ХХК-тай өнөөдөр шууд хамааралгүй болно. Бидний хүсэлтийг хүлээн авч, зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 сараас эхлэн манай компани үйл ажиллагаагаа эхэлсэн. Моорог байгуулсан. Иргэн Тамиртай анх цуг ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгчээс явган замын хавтан авсан. Төлөх хугацаагаа мооргийн үйл ажиллагаагаа нээгээд үйлчлүүлэгчтэй байна гэж бодсон. Үйл ажиллагаа эхэлсэн боловч мооргийн стандартыг батлуулах болсон. Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж манай үйл ажиллагаа зогссон. Бүх хөрөнгөө гаргаад барилгаа барьсан тул үйл ажиллагаа зогссон. Улмаар Тамир бид өөр өөрсдийн авсан хөрөнгө оруулалтыг төлөх болсон. Тамир нэхэмжлэгчийн төлбөрийг төлөөгүй тул энэ өр үлдсэн. Үүнийг төлөх ёстой. Би өөрөө хийж байгаа ажлаасаа 7 дугаар сарын 1-с эхлэн 10 дугаар сарын 1 хүртэл төлж дуусгах хүсэлтэй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 18,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн боловч төлбөр төлөх хугацааны талаар зохигч эвлэрэх боломжгүй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлыг доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

Уг гэрээний зүйлийг эко хавтан гэж нэрлэсэн бөгөөд нэг бүр нь 16,000 төгрөгний үнэ бүхий 1,000 ширхэг хавтанг нийт 16,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь уншигдах боломжгүй байна. Гэвч хариуцагч, түүнй төлөөлөгч нь гэрээний дагуу 16,000,000 төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүнийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөөгүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний 6.5-д зааснаар алданги тооцсон гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 32 сарын хугацаанд сар бүр 0.5 хувиар алдангийг тооцсон гэж тайлбарлаж байна. Гэрээний 6.5-д нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа 0.5 хувийн торгууль төлөх агуулга бүхий зохицуулалт байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т зааснаар гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа төлөх төлбөрийг анз гэх бөгөөд анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй юм. Торгууль нь тодорхой хувь хэмжээгээр нэг удаа тооцогдох бөгөөд харин алданги нь үүрэг гүйцэтгэгдээгүй хоног тутам хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүй хувиар тооцогдоно. Гэрээний 6.5-д зааснаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн алдангийг сараар тооцсон гэх тайлбараас үзэхэд зохигч алдангийн талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлд алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д нийцэхгүй юм. Гэвч хуулийн дээрх заалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийн талаарх зохицуулалт бөгөөд харин хариуцагч алданги төлөхийг зөвшөөрөхийг хязгаарлахгүй.

Эдгээр үндэслэлээр хариуцагч, түүний төлөөлөгч нь зөвшөөрсөн тайлбар гаргаснаар худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 16,000,000 төгрөг, алдангид 2,560,000 төгрөг, нийт 18,560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 18,560,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД