| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/02746/И |
| Дугаар | 101/ШШ2018/02435 |
| Огноо | 2018-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2018/02435
| 2018 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2018/02435 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Х-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амьдрал, өмгөөлөгч Н.Баатардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амьдрал нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л.Х нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрлийн абжурны мөнгө дутаад байна гэж 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүүгээ Солонгос улс руу явуулах гэсэн юм гэж 2.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг зээлсэн. Анх мөнгө зээлэхдээ 1.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 2.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай тохирсон. Гэтэл Л.Хийн гэрээний хугацаа дууссан ч одоог болтол үндсэн зээл болох 3.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг цувуулж өгсөн бөгөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг өгөлгүй намайг хохироож байна. Иймд 2.000.000 төгрөгийг хариуцагч Л.Хээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Л.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Л.Х нэхэмжлэлийн хувийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Л.Х нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч С.Мэс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, шүүхэд гаргасан баримтыг зохих журмын дагуу үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг С.Мэс шилжүүлэн авсан нь үнэн болохыг баталсан бичгийн баримт хэрэгт авагдсан байна /хх-3/.
Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Л.Хийн Хаан банкин дахь тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна /хх-18/.
Дээрх баримтуудыг нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан үзэхэд зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээл буцаан төлөхийг шаардсаныг хангах үндэстэй байна.
Иймд хариуцагчаас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Хээс 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хээс 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мд олгосугай.
3. Хариуцагч Л.Х шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА