| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/0279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/446 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч*******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2403008431102 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-нд хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, “*******” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж ******* тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар түүнд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 01 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн, овогт ийн Батбаатар (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Нарны гүүрний доод талын замд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд “” маркийн УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 15.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-8 дугаар хуудас),
Шүүгдэгч *******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
Хохирогч*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах гэрээсээ гараад ажилдаа явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрний доод талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүг чиглэлтэй ногоон гэрэл дохиогоор зам гарч байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс баруун гар тийш эргэх үйлдэл хийж байсан маркийн УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч явган хүний гарц дээр намайг ирж мөргөсөн. Миний биед бүсэлхийн L1-L4 хүртэл нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Одоогийн байдлаар 2,214,509 төгрөгийн зардал гарсан, баримтыг гаргаж өгнө. Мөргөсөн машины жолоочоос ямар нэгэн эмчилгээний мөнгө төгрөгийн хохирол төлсөн юм байхгүй. Би гомдолтой байна. Сэтгэл санаанд учирсан хохирол болон эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна. Дараа гарах эмчилгээний зардал мөнгө болон ажилгүй байсан хугацааны мөнгө төлбөрийг гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),
Хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13443 дугаартай: “...Б.Мөнхжаргалын биед бүсэлхийн L1-L4 нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 431 дугаартай: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа зэрэг нь хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Хойд буфер зүүн гар тал хэсэгтээ цоорч хагарсан гэмтэлтэй байна. ...Тухайн автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос бүрэн ажиллагаатай байна. Зогсоолын тоормос зогссон. Тухайн автотээврийн хэрэгслийн жолооны механизмын ажиллагаа хэвийн байна. Тус тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Урд хойд тэнхлэг дээрх дөрвөн дугуй нь M+S тэмдэглэгээ бүхий өвлийн улиралд зориулагдсан байна. Тус тээврийн хэрэгслийн хол, ойрын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлагыг бүрэн хангаж байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-38 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн гаргасан 1967 дугаартай: “...жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө, 15.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Зорчигч******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тэр өдрийн 16 цагийн орчимд “” маркийн УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож нарны гүүрэн дээгүүр явж байгаад баруун гар тийш буцаж эргэж гүүрнээс бууж Барс зах орохоор гүүрэн доогуур баруун гар тийш эргэж байгаад явган хүний гарцаар гарч байсан эмэгтэйг мөргөчихсөн. Би гарцаар явган хүн гарч ирж байгааг хараад маш хурдан тоормос гишгэсэн, тэр хүн их хурдан миний баруун гар талаас гэнэт гараад ирсэн. Тэр эмэгтэйг машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Эмчилгээний зардлыг төлж барагдуулна, одоохондоо хохирол барагдуулаагүй байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 76-88 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 07 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Нарны гүүрний доод талын замд “-XE10” загварын УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 15.7 дахь хэсэгт заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн L1-L4 нугалмуудын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, цээжинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хохирогч*******ын мэдүүлэг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 13443 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 1967 дугаартай магадалгаа, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч*******ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч*******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгсөн, хэвтэн эмчлүүлсэн болон нурууны бүс, эм авахад зарцуулсан баримтаа гарган 2,514,509 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* 1,300,000 төгрөг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 1,214,509 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч******* нь шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр” зэргийг нэхэмжилж буй талаараа мэдүүлсэн болно. Хохирогч дээрх нэхэмжлэлийг гаргахдаа цалингийн жагсаалт гэсэн баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаар хангалттай нотлох баримт байхгүй байх тул тухайн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав.
Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дээрх зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна. Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хуульд заасан бөгөөд хохирогч*******ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй буюу шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч*******ын эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас хүндэвтэр хохирол учирч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 224,682 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч ******* нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч ******* “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жил 4 сар 19 хоногоор тогтоох саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, түүний Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр эрхэлж, оршин суудаг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож шийдвэрлэсэн байх ба уг ялаас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар биеэр 15 хоногийг эдэлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04-Б/2303 дугаартай албан бичгээр тогтоогдсон, харин энэхүү шийтгэх тогтоол гарсан 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дээрх ялаас 34 хоногийн ялыг эдэлж, 04 сар 26 хоногийн ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 (арав) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Хэрэв шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 (арав) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч *******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1,214,509 (нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга таван зуун ес) төгрөгийг гаргуулж, хохирогч Боржигин овогт Батбаярын Мөнхжаргал (РД: УБ90021909)-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч******* энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА