Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/03826

 

 

 

 

 

 

 

 

2021 11 23 101/ШШ2021/03826

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  тоот, РД:, Б.Х,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн тоот, РД:, Ш.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн  НШШГГт холбогдох,

НШШГ-ын Сүхбаатар дүүргийн  тоот 56 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 07-р сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шинжээч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч М.Ц нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2019-03-13-ны өдрийн 3985 дугаар захирамжаар Б.Х, Ш.Б нараас 150.000.000 төгрөг гаргуулж, Э ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар миний өмчлөлийн С дүүргийн тоот 56 м.кв тапбай бүхий 4 өрөө, улсын бүртгэлийн Ү дугаартай орон сууцыг Х ХХК-иар үнэлүүлсэн. 2021-06-28-ны өдөр 191.192.000 төгрөгөөр үнэлсэнийг НШШГГ 2021-07-01-ний өдрийн 4-153\12118 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө" гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг 2021-06-28-ны өдөр хүлээн авсан атлаа төлбөр төлөгч надад 2021-07-01-ний өдөр мэдэгдсэн. Тодруулж хэлбэл, шинжээчийн дүгнэлтийг гарснаас хойш 3 хоногийн дотор мэдэгдэх хуулийн дээрх эохицуулалтыг зөрчсөн. Уг үнэлгээчин орон сууцны үнийг тогтоохдоо байрны зах зээлийн үнийг 191.192.000 төгрөгөөр тогтоосон ба тухайн үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүчин төгөлдөр барилгын норм стандартыг баримтлаагүй ба зах зээлийн үнэ ханш байршил зэргийг харгалзан үзэлгүй хуульд заасан журмыг зөрчин байрны үнийг тогтоосон.

Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмыг зөрчин явуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, ямар хууль, дүрэм баримталж үнэ тогтоосон нь ойлгомжгүй. Учир нь манай дээрх орон сууц нь хотын төвд А зэрэглэлийн бүсэд оршдог бөгөөд одоо, ирээдүйд үнэ цэнэ нь улам өссөөр байгаа орон сууц атал үнэлгээчин үнэ тогтоохдоо зах зээлийн өнөөгийн бодит ханшаас хэт доогуур үнэлж, өмчлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж бусдад давуу байдал үүсгэж, эрх ашгийг хохироох үйлдэл хийсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол нь 167-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулахаар гарсан байхад 153-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулж байгаа нь зөрчилтэй байна. Х ХХК-ийн 2021-06-28-ны өдөр 01/70 итгэмжлэлд 2021-06-11-ний өдрийн НШШ шинжээч томилох тогтоол гэж дурьдагдсан, мөн шинжээч Б.Б-д итгэмжлэлийг 2021-06-28-ны өдөр итгэмжлэл олгогдсон байхад 2021-06-22-ны өдөр Шинжээч томилох тогтоолтой танилцаж, хуулийг тайлбарлан өгсөн дүгнэлтийг гаргасан хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд 2021-07-01-ний өдрийн 4-153Ү12118 дугаартай мэдэгдэлд дурдсанаар С дүүргийн тоот 56 м.кв талбай бүхий 4 өрөө, улсын бүртгэлийн Ү дугаартай орон сууцыг 191.192.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У-с шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-03-13-ны өдрийн 3985 дугаар захирамжаар Б.Х, Ш.Б нараас 150.515.000 төгрөгийг гаргуулж, Э ББСБ ХХК-д олгох, эвлэрсэн хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн  тоотод байрлах 54.м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020-05-06-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн тоотод байрлах 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд Х ХХКомпаниар үнэлгээг тогтоолгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг томилоход төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 тоотод байрлах 56 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг үнэлгээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 191.192.000 төгрөгөөр үнэлж төлбөр төлөгч Б.Х, Ш.Б нарт 2021-07-01-ний өдрийн 4-153/12118, 4-153/12117 тоот мэдэгдлийг биечлэн хүлээлгэн өгсөн.

Анхны албан дуудлага худалдааны мэдэгдэлийг 2021-08-17-ны өдрийн 4-153/15217, 4-153/15212 дугаартай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн хаягаар хүргүүлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х, Ш.Б нар хариуцагч НШШГГ 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 6/110 тогтоолоор Х ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох шийдвэрийг гаргасан ч шинжээч Б.Б-д итгэмжлэл олгоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсон, 167-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулах байхад 153-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж харъяалал зөрчсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй тул С дүүргийн тоот 56 м.кв талбай бүхий 4 өрөө, улсын бүртгэлийн Ү дугаартай орон сууцыг 191.192.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-03-13-ны өдрийн 3985 дугаар захирамжаар Б.Х, Ш.Б нараас 150.515.000 төгрөгийг гаргуулж, Э ББСБ ХХК-д олгох, эвлэрсэн хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд Сүхбааатар дүүргийн  тоотод байрлах 54.м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Б.Х, Ш.Б нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2020-02-10-ны өдрийн 212 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн байна.

НШШГГ Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2020-05-11-ний өдрийн 20380412 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020-05-11-ний өдрөөс эхлэн 167-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг явуулахаар шийдвэрлэжээ.

2020 оны 06 сарын 11-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх 20380412/03 тоот тогтоолыг гаргаж, эд хөрөнгө хураах 2020-06-04-ний өдрийн 20380412/8 тоот тогтоол үйлдэж, шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2020 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Б.Х, Ш.Бт нарт мэдэгджээ. /хх-ийн 49-50 тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийсэн байна. /хх-ийн 59 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар НШШГГ 2021 оны 06 сарын 22-ны өдрийн 6/110 тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг даалгажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Б.Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгч Э.У нь 2021 оны 06 сарын 22-ны шинжээч Б.Б-д эрх, үүргийг тайлбарлаж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 61, 63-64 тал/

Гэтэл Х ХХК нь 2021-06-28-ны өдрийн 01/70 тоот итгэмжлэлээр Б.Б-д итгэмжлэлийг олгосон, мөн итгэмжлэлд 2021-06-11-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 153-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Э.У-н Шинжээч томилох тогтоолын дагуу гэжээ. /хх-ийн 65 тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь тухайн хөрөнгийн үнэлгээ хийх байгууллагыг томилоод, үнэлгээний тайлангаа хүлээлцэх явцад шинжээч итгэмжлэлийг бидэнд өгдөг, эд хөрөнгө байгаа гэх үндэслэлээр 153-р тойрогт харъяаллаар материал шилжиж ирсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ асуудлыг дурьдаагүй байсан учир би шийдвэр гүйцэтгэгчийг томилсон тогтоолыг хэрэгт хавсаргаж өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд зааснаар явагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Х, Ш.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагч НШШГГт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасныг баримтлан Х ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/17 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгож, хуульд заасан арга, журмаар дахин үнэлгээ хийх ажиллагаа явуулахыг хариуцагч НШШГ газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х, Ш.Б нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/13797 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА