Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/220

 

 

 

 

 

 

     2021            3              3                                       2021/ДШМ/220

 

 

 Ч.Т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Ч.Т өмгөөлөгч Ө.Учрал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүжингийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Т холбогдох эрүүгийн 1905045391678 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Буур хээр овогт Ч.Т, 1985 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1,

 

            Шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инвест” банк бус санхүүгийн байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан 5 ханатай, 6 ханатай монгол гэрийн сийлбэртэй хана, тооно,багана, хаалга,  унь зэргийг хувьдаа авч завшиж нийт 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Тхолбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд, прокуророос яллагдагч Ч.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татжээ. Тухайн гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч тогтоохдоо эд хөрөнгийг завшсан байхыг шаардсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хууль заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” гэж хуульчилжээ. Яллагдагч Ч.Т мэдүүлэхдээ: “...тус гэрийн моднуудыг зарж борлуулах асуудал яригдаад үнийн дүнг асуухад 13.000.000 болно гэж хэлэхээр нь би түүнийг Цолмон гэх хуурай ахдаа гэрийн моднуудыг нь өгөөд явуулчихсан юм. Уг хүнээс гэрийн мөнгийг аваад өгнө” гэжээ. Дээрх яллагдагчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ч.Т нь тухайн гэрийн моднуудыг Цолмон гэх хүнд зарсан эсэх, хэрэв зарсан бол тухайн зарсан мөнгийг авсан эсэх, мөнгөө авсан атлаа хохирогчид өгөөгүй өөртөө авч завшсан эсэх асуудлыг мөрдөн байцаалтаар шалгах нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход зайлшгүй шаардлагатай гэж шүүх дүгнэлээ. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэлдээ: болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж үндэслэлгүй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлд тус тус заасан Үнэн зөв мэдүүлэг үүрэгтэй хохирогч Ө.Б“...2018 оны 8 дугаар сард хүлээж аваад тус гэрийн моднуудыг хадгалах байргүй болчхоод манай байгууллагатай хамтран ажилладаг Цэрэндорж гэх залуутай холбогдоод Монгол гэрийн сийлбэртэй иж бүрэн гэрийн модыг түр харж хариуцуулж хадгалуулах хүн хайж байгаад Түвшинтөгс гэх нэртэй залууд өгөхөөр болсон юм. Манай банк бус санхүүгийн байгууллагаас ажилтан Б.Мягмардорж, Цэрэндорж нар Түвшинтөгсийн агуулахад хурааж тавьсан юм. Тэгээд 2019 оны 7 дугаар сард наадмын үеэр тус Монгол гэрийн моднуудыг бусдад зарж борлуулахаар болоод очиж уулзахад Монгол гэрийн моднуудыг өөрийнхөө ахад өгчихсөн байгаа, удахгүй мөнгийг нь гаргаад өгчихнө гэж хэлээд түүнээс хойш уулзаж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх 20-22/, гэрч Б.Мягмардоржийн “...Би “Инвест” банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагчаар ажилладаг юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сард манай байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу бүтэн сийлбэртэй 6 хана, 5 ханатай монгол гэрийн моднуудыг хүлээж аваад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС /Кей Эф Си/ хоолны газрын хойд талд Түвшинтөгс гэх хүний гражид Цэрэндорж гэх хүний хамт очиж хураасан юм. Тэгтэл 2019 оны 7 дугаар сард очиж авах гэхэд байхгүй болчихсон байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 25-26/, гэрч Ч.Цэрэндоржийн “...Би “Инвест” банк бус санхүүгийн байгууллагад хураагдсан байсан гар сийлбэртэй гэрийн хана, унь, багана, тооно, хаалга зэргийг тавьсан юм. Би амаараа өөрөө Түвшинтөгстэй тус Монгол гэрийн моднуудыг түр хугацаанд хадгалаад өгөөч гэж хэлж ярьсан юм...” гэх мэдүүлгүүдээр /хх 30-31/ тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Цолмонг гэрчээр мэдүүлэг авах талаар дүгнэлт хийж буцаасан нь энэ хэрэгт нотолгооны хувьд ач холбогдолгүй, хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, яллагдагч Ч.Т нь хохирогчийн монгол гэрийн сийлбэртэй модыг өөрийн танил ахдаа зарсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл Хөрөнгө завших гэмт хэрэг нь субъектэд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар буцааж өгөөгүй байдал бөгөөд бусдын итгэмжлэн хариуцаж байсан эд хөрөнгийг бусдад худалдан борлуулсан төлбөрөө авсан эсэхээс үл хамаарч өмчлөгчийн зөвшөөрөлгүй бусдад худалдсан Ч.Т үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, завших гэмт хэрэг төгс үйлдэгдэж төгссөн байтал яллагдагч Ч.Тхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 135 дугаартай “Хэргийг прокурорт буцаах" тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэрийн модыг Ч.Тхүлээлгэн өгсөн. Цолмон гэх хүний талаар огт танихгүй. Цолмон, Түвшинтөгс нар хоорондоо ямар харилцаатайг мэдэхгүй. Зөвхөн Түвшинтөгс Цолмонгийн талаар ярьж мэдүүлдэг. Бидний хувьд өгсөн хүнээсээ нэхэмжилж байгаа тул үүнийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Б өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх мөнгийг өөртөө авсан, аваагүй талаар дүгнэлт өгсөн байсан. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт гэрийн модыг авсан асуудал чухал болохоос биш гэрийн модны үнэ буюу мөнгө завшсан асуудал яригдахгүй. Энэ нь тусдаа асуудал болно. Бидний зүгээс гэрийн модыг хадгалуулж, хүлээлгэн өгсөн модыг Ч.Т байхгүй болгосон тул энэ асуудал гэрийн мод завшсан асуудал болно. Гэтэл анхан шатны шүүх гэрийн модыг худалдаад мөнгийг нь яасан бэ гэдэг агуулгаар дүгнэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Манай компани 2019 оны 10 дугаар сард гомдол гаргасан бөгөөд энэ хугацааны ихэнх үед Ч.Тийг эрэн сурвалжилсан. Ч.Т анх байгууллага дээр ирэхдээ гэрийн модыг төлнө гэж хэлсэн байдаг ч шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааснаас болж алга болсон. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Т өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн агуулгаар шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, завших гэмт хэрэг төгс үйлдэгдэж төгссөн гэж байна. Завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу бусдын өмчийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиг олсон байх тухай ойлголт. Энэ төрлийн гэмт хэргийн субьект нь итгэмжлэн хариуцаж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд юм. Ч.Т хувьд итгэмжлэн хариуцсан этгээд мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Хохирогч гэх банк бус санхүүгийн байгууллагын өмнө ямар нэг үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, үйл баримт болоод өнгөрсний дараа завшсан гэгддэг гэрийн моднуудыг банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө гэж ойлгосон байдаг. Түүний хувьд гэрийн модыг энэ хэргийн гэрч болсон Цэрэндоржийнх гэж ойлгоод улмаар Цэрэндоржтой ярилцаад 13.000.000 төгрөгөөр худалдаж болно гэсний үндсэн дээр 13.000.000 төгрөгөөр худалдсан. Энэ зарагдсан үнээр нь хохирлын үнэлгээг гаргасан. Ч.Т сайн дураараа мэдээд 13.000.000 төгрөгөөр Цолмон гэх хүнд худалдаагүй, Цэрэндоржоос асууж байж худалдсан. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагын тухай огт мэдээгүй, хэргийн дараа гэнэт банк бус санхүүгийн байгууллага гарч ирсэн байдаг. Ч.Т хувьд Цолмонгоос одоо хүртэл мөнгөө аваагүй, буцаж эргүүлэн төлөөгүй байгаа. Түүнээс биш завшиж өөртөө авсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Ч.Т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй болжээ.

 

Прокуророос Ч.Тийг “Инвест” банк бус санхүүгийн байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан 5 ханатай, 6 ханатай монгол гэрийн сийлбэртэй хана, тооно, багана, хаалга, унь зэргийг хувьдаа авч завшиж нийт 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...яллагдагчийн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Ч.Т нь тухайн гэрийн моднуудыг Цолмон гэх хүнд зарсан эсэх, хэрэв зарсан бол тухайн зарсан мөнгийг авсан эсэх, мөнгөө авсан атлаа хохирогчид өгөөгүй өөртөө авч завшсан эсэх асуудлыг мөрдөн байцаалтаар шалгах нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтооход зайлшгүй шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, уг хэрэгт яллагдагч Ч.Т “...тус гэрийн моднуудыг зарж борлуулах асуудал яригдаад үнийн дүнг асуухад 13.000.000 төгрөг болно гэж хэлэхээр нь би түүнийг Цолмон гэх хуурай ахдаа гэрийн моднуудыг нь өгөөд явуулчихсан. Уг хүнээс мөнгийг нь аваад өгнө. ...”/хх 49-50/ гэх мэдүүлэг өгсөн байдалд дүгнэлт хийж гэмт хэрэгт холбогдолтой, эсхүл холбогдолгүйг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар эргэлзээгүй тогтоох ёстой бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэх үед хохирлыг барагдуулах тал дээр дүгнэлт хийхэд шууд нөлөөлнө.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 135 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Билгүүжингийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

                          

                          ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

               

                          ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ