| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0742/З |
| Дугаар | 128/ШШ2022/0905 |
| Огноо | 2022-12-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2022/0905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.А********
Хариуцагч: Монгол Улсын дээд шүүх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М******, Д.Д*******
Маргааны төрөл: Н.А********-д Ардчилсан намын хаягийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан Монгол Улсын дээд шүүхийн хариу хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М********, Д.Д******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Дээд шүүхэд холбогдуулан “Ардчилсан намын хаягийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн хариу хууль бус болохыг тогтоож, Улсын дээд шүүх дэх Ардчилсан намын хувийн хэргээс Ардчилсан намын албан ёсны хаягийн талаарх мэдээлэл өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Ардчилсан намын хаягийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
2. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1-д “Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.5.гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл;", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3-д “Эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар гаргасан гомдол болон анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлнө." гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл гомдол гаргах нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд чөлөөлөхгүй төлүүлнэ гэж хуульд өөр өөрөөр заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвел тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ." гэж заасан.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нарийвчлан зохицуулсан хууль нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль гэж үзэж байгаа тул тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөг төлөхөөс чөлөөлнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газарт Ардчилсан намын хаягийн лавлагаа гаргуулах тухай хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд Улс төрийн намын тухай хуульд заасан бүртгэл хөтлөлтөд хаягийн өөрчлөлт хамаарахгүй тул уг асуудлаар тухайн намд хандах талаар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хариуг өгсөн байна.
4. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 05/3761 дүгээр албан бичгээр Ардчилсан намын төв байрны хаягийн мэдээллийг хүргүүлжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т тус тус заасны дагуу нээлттэй мэдээлэл авах эрхийн хүрээнд иргэн Н.А********* миний бие Улсын дээд шүүхэд хандан Ардчилсан нам гэх хуулийн этгээдийн хаягийн талаарх мэдээлэл авахыг хүссэн. Гэвч дээд шүүх нь манай байгууллага улс төрийн намын хаягийн бүртгэл хөтөлдөггүй, тухайн намаас нь ав гэсэн хариуг өгсөн.
Өөрөөр хэлбэл тодорхой мэдээлэл авахыг хүссэн хүсэлтэд дээд шүүхээс татгалзсан хариуг өгсөнд гомдолтой байна.
Улс төрийн намын хаяг нь Улсын бүртгэлийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т зааснаар нээлттэй мэдээлэлд хамаардаг. Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасанчлан хуулийн этгээдийн албан ёсны хаяг нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагддаг.
Улсын дээд шүүх нь хуульд зааснаар улс төрийн намын бүртгэлийг хариуцдаг. Тухайлбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.7, 25.8.8-д заасны дагуу болон Улсын төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын бүртгэлийн үйл ажиллагааг эрхэлдэг.
Өөрөөр хэлбэл, улс төрийн намын тухайд Дээд шүүх нь бүртгэх байгууллага юм.
Ийнхүү дээд шүүх нь өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой, нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэхгүй, зөрчиж байна.
Иймд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасны дагуу Улсын дээд шүүхийн дээд шатны байгууллага байхгүй тул шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.
6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх явцад Улсын Дээд шүүх надад албан бичгээр хаяг байршлын талаарх мэдээллийн хариуг өгсөн. Мөн нэхэмжлэлийн хариу тайлбартаа тус хуулийн этгээдийн хаяг байршлын талаарх мэдээллийг өгсөн байсан. Үүнээс би тус хуулийн этгээдийн хаягийн талаарх мэдээллийг авсан учраас холбогдох хуулийн этгээдийн хаяг байршлын талаарх мэдээллийг гаргаж өгөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Харин нөгөө шаардлагын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хуулийн этгээдийн хаяг байршлын талаарх мэдээлэл нийтэд нээлттэй байдаг. Энэ ч утгаараа зөвхөн Ардчилсан нам гэлтгүй бусад улс төрийн намын хаяг байршлын талаарх мэдээлэл авахаар хүсэлт гаргахад Улсын дээд шүүхээс бид үүнийг бүртгэдэггүй, манай чиг үүрэгт хамаарахгүй гээд хүсэлтэд хариу өгөхгүй байх тохиолдол гарах боломжтой байна. Иймд иргэний мэдэх эрхийн хүрээнд уг татгалзал хууль ёсны эсэхийг мэдэхээр нэхэмжлэлийн шаардлагыг үлдээж шийдвэрлэсэн байгаа.
… Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд мэдээлэл гэсэн байдлаар томьёолсон ч агуулгын хувьд адил гэж ойлгосон тул хүсэлтэд тухайн байгууллага ямар хаяг дээр байгааг тодруулах зорилгоор мэдээлэл авах гээд байгаа лавлагаа гаргаж өгнө үү гэж бичсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар өөрчлөн байгуулагдсан, шинээр байгуулагдсан, дуусгавар болсон талаарх мэдээллийг бүртгэх талаар хуульчилсан байна. Дэлгэрүүлж авч үзвэл мөн хуулийн 7.1.3-д зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэлийн төрөлд хамааруулахаар заасан байна. Үүнээс үзвэл хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг юу гэж ойлгох талаар хэрхэн бүртгэх талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээлэл хамаарах болов уу гэж бодож байна. Иймд зөвхөн ардчилсан нам ч гэлтгүй бусад намын хаягийн талаарх мэдээлэл, лавлагаа авахаар хэн нэгэн хандахад манайх уг асуудлаар тогтоол гаргаагүй гээд мэдээлэл өгөхөөс татгалзах нь үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор хандаж байна. Тус асуудлыг бүртгэх тусгайлсан журам байх боломжтой. Хуулийн этгээдийн хувийн хэргийг бүртгэх журамд зааснаар улс төрийн намын хаяг байршил хувийн хэрэгт байдаг. Мөн улсын дээд шүүхийн цахим сайтад байгаа мэдээ мэдээлэл албан ёсны, үнэн зөв мэдээлэл байгаа гэж ойлгож байна. Гэтэл хариуцагч уг мэдээлэлтэй холбоотой дээд шүүхийн тогтоол байхгүй учраас тухайн мэдээллийг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тухайн мэдээлэл хуулийн этгээдийн хувийн хэрэгт байгаа бол ямар нэгэн хэлбэрээр хүсэлт гаргасан иргэнд өгөх боломжтой гэж үзэж байна.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 25.8.8-д заасны дагуу Улсын дээд шүүх нь улс төрийн намыг үүсгэн байгуулсан болон өөрчлөн байгуулах, үйл ажиллагаа зогсоосон, мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах зэрэг хууль тогтоомжид заасан бүртгэлийг хөтөлдөг. Улс төрийн нам нь оршин байгаа хаягаа өөрөө тодорхойлж Монгол Улсын дээд шүүхэд гаргаж өгдөг.
Тус намаас ирүүлсэн мэдээллүүдийг шүүж үзэхэд Ардчилсан намын хувийн хэрэгт "Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Сүхбаатарын гудамж, Ардчилсан намын төв байр-1”, “Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын төв байр” гэсэн хаягийн мэдээлэл байна.
Мөн Монгол Улсын дээд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, 5-д заасны дагуу иргэн Н.А******-ын өргөдлийн хариуг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр түүний харилцах утсаар хариу өгсөн талаар бичиг хэргийн ажилтанд тэмдэглүүлсэн байна.
Захиргааны эрх зүйд зөвшөөрснөөс бусдыг хориглодог зарчим үйлчилдэг. Хууль тогтоомж болон шүүхийн тогтоолд заагаагүй асуудлаар Тамгын газар дур мэдэн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд улс төрийн намын хаяг бүртгэх, өөрчлөлт бүртгэх үүргийг хууль тогтоомжоор оногдуулаагүй.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг тодорхойлсон. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хувьд намын хаягийн өөрчлөлт бүртгэдэггүй, намын хаягийн өөрчлөлтийн талаар ямар нэг шийдвэр гаргаагүй, гаргах ч эрх зүйн үндэслэлгүй бөгөөд нам нь оршин байгаа хаягаа өөрөө тодорхойлж ирүүлдэг. Ирүүлсэн мэдээллийг цахим хуудастаа байршуулсан байна. Энэ талаар иргэн Н.А*******-д хууль тогтоомжийн хүрээнд зохих мэдээллийг өгсөн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... улс төрийн бүртгэл хөтлөх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргахаар хууль тогтоомжид заасан байна. Энэ шийдвэрлэж гаргасан улс төрийн намын бүртгэлтэй холбоотой тогтоолын нийт шүүгчдийн хуралдаанаар гарсан тогтоолын хүрээнд лавлагаа мэдээлэл өгөх боломжтой бөгөөд хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар лавлагаа мэдээлэл өгөх боломжгүй гэж үзэж байна.
… Нэхэмжлэгчийн зүгээс 07 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагад гаргасан хүсэлтдээ ардчилсан намын хаягийн лавлагааг өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Манай байгууллагын зүгээс лавлагаа өгөх боломжгүй. Харин хууль тогтоомжийн дагуу тухайн байгууллагын хувийн хэргээс хаяг байршлын талаарх мэдээллийг олгосон байна. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэх үедээ мэдээлэл өгөхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгч хоёр зөрүүтэй ойлголтыг нэг мэтээр хүлээн авч нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
… Улсын дээд шүүхээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн нээлттэй мэдээлэл гэдэг ойлголтыг тодорхойлж өөрийн цахим сайтад нээлттэй тавьсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс лавлагаа мэдээлэл гэдэг ойлголт нэг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал мэдээлэл, лавлагаа гэх агуулга нэгэн утга санааг илэрхийлдэг байсан бол Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 125 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа мэдээлэл өгөх журамд уг хоёр ойлголтыг ялгамжтай байдлаар хуульчлахгүй гэж бодож байна.” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа мэдээлэл өгөх журам нийтэд ил байгаа учраас дахин давтах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч анх хүсэлтээ гаргахдаа лавлагаа өгөх гэсэн байгааг анхаарах. Дээрх журамд лавлагаа гэж юу болох мэдээлэл гэж юу болох талаар дэлгэрэнгүй заасан байгаа. Улсын бүртгэлд анх бүртгүүлэхээр өгсөн хаягийн мэдээллийн бүрдлээс харж мэдээлэл өгөх боломжтой. Гэтэл хаягийн мэдээлэл анх бүртгүүлсэн мэдээллээс өөр байх солигдох боломжтой тул бүртгэл хийснээс хойших хаяг үнэн зөв гэсэн лавлагааг өгөх боломжгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.“Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.4.“захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзлээ.
2. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6.“Улсын дээд шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ”, Улсын төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.“Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:”, 9.3.5.“намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хууль ёсны хаяг” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Улсын дээд шүүх нь улс төрийн намыг бүртгэх эрх бүхий этгээд бөгөөд ийнхүү бүртгэхдээ тухайн намын оршин байгаа хууль ёсны хаягийг шалгаж бүртгэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... улс төрийн намын хаяг бүртгэх, өөрчлөлт бүртгэх үүргийг хууль тогтоомжоор оногдуулаагүй” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.
3. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4. “"хуулийн этгээдийн хувийн хэрэг" гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр байгаа, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн бүрдлийг;”, 4.1.6.“"хуулийн этгээдийн мэдээлэл" гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг;”, 10.1.“Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:”, 10.1.3.“хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг;”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.”Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө.”, 12.2.“Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна”, 12.2.2. “хаягийн сан” гэж тус тус заажээ.
Дээрх хуульд зааснаар Арчилсан намын гүйцэтгэх байгууллагын байнга оршин байгаа хууль ёсны хаяг нь тус намын хувийн хэрэг дэх нээлттэй мэдээлэл болохын хувьд энэ талаарх мэдээллийг Улсын дээд шүүх иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна.
4. Нэхэмжлэгч “...би мэдээлэл авахын хүссэн, мэдээлэл болон лавлагаа ялгаагүй …”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...нэхэмжлэгчийн хүсэлтээр хаягийн лавлагааг гаргаж өгсөнөөрөө Ардчилсан намыг тухайн хаяг дээр байгаа гэдгийг нотлох болно” гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ын 1.2.“Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 1.2.1.“"лавлагаа" гэж мэдээллийн санд үндэслэн бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон цахим болон цаасан баримт бичгийг;”, 1.2.2.“"мэдээлэл" гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаарх цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг” гэж заажээ.
Тус зохицуулалтаас үзвэл мэдээлэл нь мэдээлэл хүсэгчид өгсөн хариу бөгөөд харин тус хариугаа үнэн зөв болохыг нотолсон баримтыг хариундаа хавсаргасныг лавлагаа гэж ойлгохоор байна.
Нэхэмжлэгч Улсын дээд шүүхэд гаргасан хүсэлтдээ лавлагаа, мэдээлэл гэж бичсэн боловч Улсын дээд шүүх нь дээр дурдсанчлан шаардлага хангасан улс төрийн намуудыг бүртгэх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн санд агуулагдаж байгаа лавлагааг өгсөнөөрөө өөрт байгаа мэдээллийг үнэн зөв болохыг нотолж байгаа хэлбэр бөгөөд харин Ардчилсан намыг тухайн хаяг дээрээ үйл ажиллагаа явуудаг эсхүл тухайн хаяг дээр байдаг гэдгийг нотлохгүй юм.
Иймд улс төрийн намын хаягийн мэдээллийг өгөх нь Улсын дээд шүүхийн үүрэг тул мэдээлэл өгөхөөс татгалзсан хариу нь хууль бус байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээр дурдсан тайлбар үндэслэлгүй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлтийн тухайд,
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6.“мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах;” гэж зааснаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:”, 41.1.5.”гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл;”-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул хүсэлтийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, Улсын төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-д заасныг тус тус баримтлан Н.А********-оос Улсын дээд шүүхэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Ардчилсан намын хаягийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийн шийдвэр хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН