Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 37

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

хохирогч Т.Мухаметхалий,

шүүгдэгч А.Хуанган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шыбарайгыр овогт Аманжолын Хуанганд холбогдох 2017 0108 0104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүдийн хамтаар Улаанбаатар хот Налайх дүүрэг 2 дугаар хороо, 53 дугаар байр, 25 тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүнийг 3 жил хорьж шийтгэж, Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр магадлалаар Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэгт 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 260-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорьж” гэснийг “Эрүүгийн хуулийн 260-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорьж” гэж, тогтоох хэсэгт 2,3 дахь заалтанд “ 2 жилийн” гэснийг “1 жилийн” гэж “ 3 жил гэснийг “2 жил” гэж тус тус өөрчилөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн шүүгчийн 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн УД75092816 дугаартай, Шыбарайгыр овогт Аманжолын Хуанган.

А.Хуанган нь Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн гудамжинд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тамхи татуулсангүй намайг алгадлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Т.Мухаметхалийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Хуанган нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим Налайх дүүргийн “Оргил” худалдааны төвийн гадаа Т.Мухаметхалийтай машинд тамхи татуулсангүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч харих гээд явахад нь араас нь очиж Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн гудамжинд түүний нүүр орчимд цохиж хамар ясны хугарал, тархи доргилт, нүүр, цээж, баруун шанаанд цус хуралт, нүүр хүзүү цээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал зэргээр бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хуанганы өгсөн “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Мухаметхалийгийн өгсөн: “Оргил худалдааны төвд цайллага болсон юм. Цайллаганаас гараад машинд суугаад явцгааж байхдаа Хуанган бид хоёр маргалдсан. Би эхлээд хацар луу нь цохьсон. Дараа нь Хуанган намайг цохьсон” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Хуанганы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Оргил” худалдааны төвд найзын маань цайллага болоод тэндээс 21 цаг өнгөрч байх үед эхнэр Балхаш, найз Мухаметхалий, түүний эхнэрийн хамтаар гарч ирээд найз Болдбаатарын машин дотор Мухаметхалий бид хоёр суусан ба би машинд нь суухдаа тамхиа хаяагүй тэр чигээрээ бариад орчихсон юм. Тэгсэн чинь Мухаметхалий намайг “битгий тамхи тат хая” гэхээр нь “чамд ямар хамаатай юм, битгий хуц” гэсэн чинь нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлж цохиод машин дотор зууралдаж, барьцалдаж аваад машинаас гараад хоёулаа зууралдаад 2, 3 удаа цохисон юм. Тэгээд хүмүүс гүйж ирж салгаад би эхнэрийнхээ машинд очиж суугаад явсан ба би Мухаметхалийгийн гэрийн гадна очоод машинаас буугаад бид 2 хоорондоо зууралдаж барьцалдаад 1-2 удаа нүүр хэсэгт нь цохисон чинь хүмүүс ирээд салгасан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-30 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Мухаметхалийгийн өгсөн “Би 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 18 цагийн үед “Оргил” худалдааны төвд болж байсан одонгийн цайллаганд очсон. Тэнд хоол идэж, 1-2 хундага архи уусан. Цайллаганаас манай дүүгийнд очихоор найз Хуанган, манай эхнэр Нарантуяа нарын хамт гараад таксинд суусан. Тэгтэл Хуанган машин дотор тамхи татсан ба жолооч нь тамхи татлаа гэж дургүйцсэн. Би ч дургүйцсэн чинь тамхиа татаад байхаар нь би зүүн талын хацар руу нь гараараа нэг цохисон чинь Хуанган намайг заамдаад  2 талын шанаа руу 2-3 удаа гараараа цохисон ба манай эхнэр салгасны дараа  Хуанганы эхнэр Балхаш ирээд Хуанганыг өөр машинд суулгаад авч явсан. Намайг гэрийн гадаа ирэхэд Хуанган машинтай ирээд дахиад бид 2 муудалцаад Хуанган намайг заамдаж боогоод миний хамар, нүүр рүү гараараа цохиж унагаад хавирга руу өшиглөсөн ба манай эхнэр Нарантуяа, хүү Еркенбек нар салгасан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15-16 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №08шэ/157 дугаар:

  1. “Мухаметхалий биед хамар ясны хугарал, тархи доргилт, нүүр, чээж баруун ташаанд цус хуралт, нүүр хүзүү, чээжинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхй чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 18 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 31 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 32 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 36 дугаар тал/

Налайх дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 43-44 дүгээр тал/

Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр магадлалын хуулбар,

/хх-ийн 44-45 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-51 дүгээр тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Хуанганы ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Хуанган нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шыбарайгыр овогт Аманжолын Хуанганд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар А.Хуанганыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ялтан А.Хуанганд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Хуанган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Хуанганд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЧИНЗОРИГ