| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/0327/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/452 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч ******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2408000001753 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “*******” орон сууцны конторт ус, дулааны байцаагч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ТЭЦ ******* гудамжны *******од оршин суух бүртгэлтэй, ам бүл 7, дөрвөн хүүхэд, ач, зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамжны *******од оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, овогт (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” нэртэй буудлаас хохирогч н куртикнээс Хаан банкны картыг хулгайлж, данснаас нь 500,500 төгрөг уншуулан авч бусдад нийт 520,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас),
Хохирогч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро төвийн орчимд найз Батмагнайн гэрт ирсэн. Бид хоёр орой 19 цагийн үед гэрээс нь гараад Саппоро төвийн зүүн талд байрлах Миний сүлжээ дэлгүүрээс Агар нэртэй 0,75 литрийн архи аваад эргээд орох гэтэл найз Батмагнай цааш яван үл таних махлагдуу биетэй 40 гаран настай эмэгтэй дагуулж ирээд манай гэрт орж хамт архи ууя гээд дагуулаад орсон. Бид гурав тухайн архийг хувааж уугаад сууж байхад Батмагнай согтоод байж байтал тухайн хүүхэн хоёулаа гарч хэсэг караокед сууж байгаад ирье гэхээр нь би зөвшөөрөөд хамт гараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич нэртэй нийтийн караокед орж Сэнгүр нэртэй 0,5 литрийн пивоноос 2 шилтэйг уусан юм. Удалгүй бид караокеноос гараад зүүн талын М март дэлгүүрээс дахин Агар нэртэй 0,75 литрийн архи аваад Од нэртэй зочид буудалд ороход түүний дүү гэх үл таних 20 гаран насны эмэгтэй дагаж орсон. Бид гурав тухайн буудалд ороод 10 минут орчим болж байхад би найзыгаа гадаа унаанд суулгаж өгчихөөд ирье гэж хэлээд гарахаар нь би дагаад гарсан ба төв замаас такси бариад хорооллын Дүүхээ төвийн дараагийн буудал буюу ******* байрны автобусны буудал дээр 2 хүүхнээ буулгачихаад эргээд тухайн такситайгаа зочид буудалд ирээд өөрийн үүрч явсан хар өнгийн жижиг цүнхэндээ карт үзэхэд алга болчихсон байхаар нь хүү Төмөрбатын 97083109 дугаарт залгаж хэлсэн. Хүү Төмөрбатын гар утсанд миний Хаан банкны дугаарын дансны интернэт банк холбоотой байдаг учир картаа хулгайд алдсан талаараа мэдэгдэхэд 500,500 төгрөг 22 цаг 27 минутад Төрийн банкны АТМ-ээс авсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх болсон. Надад сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Тухайн эмэгтэй нь 45-47 орчим настай, махлагдуу биетэй, үсээ задгай тавьсан, бүлцгэр нүдтэй, 160-165 см орчим өндөртэй хүн байсан. Тэр хүн миний виза картны нууц үгийг сонссон. Би дахин харвал танина. ...Миний Хаан банкны картыг хулгайлж авч явсан хүүхэн надад буцаагаад миний Хаан банкны тоот данс руу 2024 оны ******* сарын 04-ний өдөр 120,000 төгрөг “Delgertsetseg” гэсэн утгатай, 2024 оны ******* сарын 06-ны өдөр 200,000 төгрөг “Delgertsetseg” гэсэн утгатай хийсэн байсан. Одоо би 180,000 төгрөг Дэлгэрцэцэгээс авах ёстой. Миний Хаан банкны картыг буцааж өгөөгүй тул карт захиалсан 20,000 төгрөгийг авмаар байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Баярмагнай 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-46 тоотод байх манай гэрт ирсэн. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэрээсээ гараад Миний сүлжээ дэлгүүр ороод архи аваад гарч явахад явган хүний зам дээр үл таних 50 орчим насны эмэгтэй зогсож байхаар нь би очоод тэр эмэгтэйгээс “яриа байна уу” гэж асуусан чинь “би тийм зүйл мэдэхгүй, миний сэтгэл санаа муу байна” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд манай гэрт орох санал тавьсан чинь “за” гэж хэлээд бид гурав манай гэрт орсон. Бид гурав архи согтууруулах ундааны зүйлээ хэрэглэж байхад тэр үл таних эмэгтэй чанга дуугараад байхаар нь би гэрээсээ хөөсөн чинь найз Баярмагнай хамт манай гэрээс гараад явсан. Тэгээд дахиж манай гэрт ирээгүй. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Баярмагнай бид хоёр Миний сүлжээ дэлгүүр орж архи согтууруулах ундааны зүйл авахад Баярмагнай өөрийн Хаан банкны виза карт гаргаж ирээд тооцоо хийсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
“” ХХК-ийн шинжээчийн “...Хаан банкны чиптэй карт, нийт хохирлын дүнг 20,000 төгрөгөөр тогтоож байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
Хохирогч н эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 37, 40 дүгээр хуудас),
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Саппоро худалдааны төвийн зүүн талд зогсож байхад өмнө нь харж байгаагүй хоёр хүн ирээд “яриа байна уу” гэхээр нь би юун яриа билээ гэсэн чинь уучлаарай ах нь буруугаар ойлгочихож, Монгол хүн байна даа манайд орж суух уу, хоёр ах нь ганц архи авсан явж байна, ороод хань болоод суугаач гэхээр нь би зөвшөөрөөд гэр лүү нь орсон. Гэрт нь орж архиа уугаад байж байсан чинь Магнай гэх хүн нь надтай юм ярихаар нөгөө хүн нь уурлаад байсан, яагаад уурлаад байсныг мэдэхгүй байна. Тэгээд Магнай бид хоёрыг тэр залуу гэрээсээ хөөсөн. Тэгээд Магнай гэх хүнтэй гэрээс нь гараад Цамбагаравын автобусны буудлын тэр хавьд байдаг караокед ороод 4, 4 шилтэй пиво уугаад дуулсан. Удалгүй тэндээс гараад Магнай бид хоёр цамбын ард байдаг буудал руу орсон, тухайн буудлын нэрийг мэдэхгүй байна. Тэр буудалд ороод 0,75 литрийн шилтэй архи тал хүртэл нь уусан бөгөөд архи ууж байх хугацаанд Магнайг 00 орох хооронд куртикний халааснаас нь банкны картыг авсан, Магнай картыг авсныг мэдээгүй. Удалгүй тухайн буудлаас хамт гарч такси бариад би Гэмтлийн эмнэлгийн ойролцоо бууж үлдсэн, Магнай гэх залуу такситай ганцаараа цааш явсан. Би таксинаас буугаад тэр хавьд байдаг АТМ-ээс 500,000 төгрөг бэлнээр авсан. Би 320,000 төгрөг одоогийн байдлаар Магнайд өгсөн байгаа, 180,000 төгрөгийг энэ сарын 20-нд цалин буухаар төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудалд хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан н куртикний халааснаас түүний эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван улмаар картыг нь ашиглан бэлэн мөнгөний машинаас тухайн өдрийн 22 цаг 27 минутад 500,500 төгрөгийг авч, бусдад нийт 520,500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч , гэрч Ө.Батмагнай нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, “” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь зочид буудалд хохирогч н хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа түүнийг бие засах өрөөнд орсон хойгуур куртикний халааснаас нь Хаан банкны картыг нууцаар авч, улмаар уг картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас зарлагын гүйлгээ хийж, хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 520,500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ийн энэхүү үйлдэл хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч ******* өөрийнх нь үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Иймд шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч д 520,500 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...сэтгэцэд учирсан хохирол тогтоолгох шаардлага байхгүй, карт хулгайлж авч явсан хүүхэн миний данс руу 320,000 төгрөгийг Delgertsetseg гэсэн утгатай шилжүүлсэн” гэж мэдүүлсэн байх ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирлоо буцааж авсан, шүүх хуралд оролцох боломжгүй байна” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ...учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон өмнө нь удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Хэрэв шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч *******ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА