Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Г.М******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М*******т холбогдох эрүүгийн 2515000000030 дугаартай, 304/2025/0054/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Г*******ийн М*******, Булган аймгийн Т******* суманд ******* оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн Т******* сумын 4 дүгээр баг, гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, малчин,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, 45 настай, эрэгтэй, РД:*******

 

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.М******* нь  Булган аймгийн Т******* сум, ******* 3 дугаар баг “*******” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн 2 ширхэг 1.233 м3 босоо модыг 10 ширхэг болгон тайрч бэлтгэн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 330.082 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирлыг  3 дахин нэмэгдүүлэн тооцоход 990.246 төгрөгийн шууд бус хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2515000000030 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.М******* нь  Булган аймгийн Т******* сум  ******* 3 дугаар баг “*******” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн 2 ширхэг 1.233 м3 босоо модыг 10 ширхэг болгон тайрч бэлтгэн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 330.082 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтанд зааснаар 990.246 төгрөгийн шууд бус хохирол  учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М*******ын өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл: “...1 дэх хожуулыг 1 нэг дугаарлав.Диаметрыг хэмжиж үзэхэд 50 см өндөр нь 70 см байв.2 гэж дугаарласан модны хожуулын диаметрыг хэмжиж үзэхэд 54 см, өндөр нь 80 см байв....” гэх /хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

2.Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Урал” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө...” гэх /хавтаст хэргийн 09 дэх тал/,

3.Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт “...Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн: “Урал” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн 1 ширхэг цахилгаан моторт хөрөө...” гэх /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

4.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Булган аймгийн Т******* сум 3 дугаар баг “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүй бэлтгэн, тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгсэл нь улсын дугаартай, тээврийн хэрэгслийн эзэмшигч Г*******ийн М*******...”гэх  /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

5.Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл “... улсын дугаартай загварын ачааны тээврийн хэрэгсэл, 10 ширхэг мод...” гэх /хавтаст хэргийн 20-21 дэх тал/

6.Иргэний нэхэмжлэгч Б.Дйн өгсөн: “...Тухайн үед иргэн Г.М******* нь надаас мод бэлтгэх талаар зөвшөөрлийн бичиг авах хүсэлт гаргаагүй надаас зөвшөөрөл аваагүй.  ******* 3 дугаар баг “*******” гэх газар хэрэглээний болон түлээний тусгаарлалт огт хийгдээгүй гэх.Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сумын ой ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм.Заасан газраас өөр газраас авах, хоног хугацааг хэтрүүлэх, эрхийн бичигт сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болох үндэслэл болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

7. Гэрч П.Бгийн өгсөн:“...Манай нөхөр Г.М******* нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр “*******” гэх газар луу өөрийн эзэмшлийн улсын дугаартай Бонго 3 маркын тээврийн хэрэгсэлтэй өвсөнд явна гэж өдрийн 12 цагийн үед явсан.Өдөр манай нөхөр Г.М******* нь энд байсан өвсийг мал идчихсэн ачих өвс байхгүй юм байна гэж хэлсэн. Нэгэнт ирчихсэн юм чинь хоосон яваад яахав “*******” гэх газраас түлээний мод бэлдээд яваад очно гэж хэлсэн. Намайг түлээний бичиг аваарай гэж утсаар хэлсэн. Би Т******* сумын 3 дугаар багийн байгаль хамгаалагч Б.Дэмбэрэлдаштай утсаар холбогдоход модны гоожин өгөхгүй “*******” гэх газар нь мод бэлтгэх тусгаарлалт хийгээгүй газар гэж хэлсэн. Тэгээд би Г.М******* луу утсаар хэлэх гээд залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд орой мод бэлтгэн, тээвэрлэж яваад сумын экологийн байцаагчид баригдчихлаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

8. Гэрч Г.Сын өгсөн: “...Тухайн иргэн Г.М******* нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ойн ангид болон байгаль хамгаалагч нарт хүсэлт гаргаагүй гэх..” гэх /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

9. Яллагдагч Г.М*******ын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай Бонго 3 маркын тээврийн хэрэгсэлтэй Т******* сумын 3-р баг "*******” гэх газар луу 12 цагийн үед өвс ачиж ирэх гээд явсан. Тэгээд 01 цагийн үед "*******" азарт очин өвсөө ачих гэтэл байсан өвсийг мал идээд ачих өвсгүй болсон байсан. Тэгэхээр нь Жаргалант 5 дугаар баг төвийн гэрт түлээгүй болж байхаар нь эхнэр П.Б утсаар энд авах гэсэн өвс байхгүй мал идсэн байна хоосон буцаад яахав түлээний мод ачаад явна чи модны гоожин бичиг авчих гэж хэлсэн. Тэгээд мод руу ороод өөрийн машинд явсан ногоон өнгийн "Кубань" гэх нэртэй цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөж унагаан машиндаа ачаад сумын төв рүү 16 цагийн орчим явсан. Тэгээд Т******* сумын төв рүү орох гэж явахад сумын экологийн байцаагч шалгаад таны бэлтгэн, тээвэрлэж яваа мод хууль бус байна гэж хэлээд Т******* сумын цагдаагийн хэсгийн кобан байрны хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дорждэрэмийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1259 дугаартай “... Булган аймгийн Т******* сумын 3 дугаар багийн нутаг "*******" гэх газраас бэлтгэсэн моднууд Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Нарсны овгийн (Pinaceae), Сибирь шинэс Larix sibirica Ledeb байна.Шинжилгээнд ирүүлсэн модны тайрдас нь 11%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. Тайрагдах үеийн модны чийгийг тодорхойлох боломжгүй. Түлээний зориулалтаар бэлтгэсэн мод байна. Амьдрах чадварыг тодорхойлохын тулд модны үндэсний систем, хөрстэй бэхлэгдсэн байдал зэргийг харгалзан үзэж тодорхойлно. Шинжилгээнд ирүүлсэн дээж модноос амьдрах чадвартай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 86 насжилттай байна. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 330,082 төгрөг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

11.Ашид билгүүн ХХК-ны шинжээч Ч.Жамьянгийн өгсөн: “...Г.М*******ын эзэмшлийн 4323 БУА улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэсэн, 2020 онд Монгол улсад орж ирсэн Бонго 3 загварын тээврийн хэрэгсэл 11.000.000 төгрөг, цахилгаан хөрөө 80.000 төгрөг..” гэх /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

12.Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаяр өгсөн: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирол болох шинэс 1.23 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ 330.082 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 990.246 төгрөгийн нөхөн төлбөр болж байна...” гэх /хавтаст хэргийн 76 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу хэргийг бодит байдлыг сэргээн тогтооход,

 Шүүгдэгч Г.М*******  нь Булган аймгийн Т******* сум  ******* 3 дугаар баг “*******” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн 2 ширхэг 1.233 м3 босоо модыг 10 ширхэг болгон тайрч бэлтгэн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 330.082 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирлыг  3 дахин нэмэгдүүлэн тооцоход 990.246 төгрөгийн шууд бус хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.М******* зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй, санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Г.М******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авалгүйгээр Булган аймгийн Т******* сум, ******* 3 дугаар баг “*******” гэх газраас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, шинэс төрлийн 2 ширхэг 1.233 м3 босоо модыг 10 ширхэг болгон тайрч бэлтгэн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 330.082 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу ойн санд учруулсан хохирлыг  3 дахин нэмэгдүүлэн тооцоход 990.246 төгрөгийн шууд бус хохирол  учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.М******* нь шүүхийн шатанд байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулсан талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.М*******ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М*******т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэв.

Хавтаст хэргийн 92, 94-110 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлааа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М******* нь Булган аймгийн Т******* сумын 4 дүгээр баг, гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, малчин,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүгдэгч Г.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.М*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай Вонго 3 маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 10 ширхэг модыг тус тус битүүмжилж Т******* сумын цагдаа Ганбатад хариуцуулсан. Эдгээр битүүмжилсэн шийдвэрүүдийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 10 ширхэг шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөг тус тус улсын орлого болгох саналыг,

Шүүгдэгч Г.М******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Г.М*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Тодруулбал гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг  шүүх заавал хураана гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 11.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий   улсын дугаартай Вонго-3 загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 10 ширхэг буюу 1.23 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий Урал гэх бичиглэлтэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Г*******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.М*******ын эзэмшлийн 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Вонго-3 загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 10 ширхэг буюу 1.23 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 80.000 /наян мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СУВД-ЭРДЭНЭ