| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/00170/И |
| Дугаар | 101/ШШ2017/00354 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2017/00354
| 2017 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/00354 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч:Ц.Г
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би 2016 оны 04-р cap 28-ны өдөр Цогтбаяр овогтой Гэнэндарамд Япон улсын виз гаргаж өгнө гэхээр 5.280.000 төгрөг өгсөн. Надад виз чинь 09-р сард гарж байгаа гэсэн боловч виз гараагүй. Ц.Гэнэндарамаас мөнгөө авмаар байна гэхэд сарын дараа өгнө гээд одоо болтол өгөхгүй намайг хохироосоор байна. Би Ц.Гэнэндарамын намайг залилсан үйлдлийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гээд өргөдлийг минь шалгахгүй буцаасан юм.
Ц.Гэнэндарамаас виз гаргаж өгнө гэж надаас авсан 5.280.000 ( таван сая хоёр зуу наян мянга ) төгргийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Виз гаргаж өгнө гэхээр нь 5,280,000 төгрөг өгсөн. Виз гараагүй. Буцааж өгөөгүй тул цагдаад өгөхөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тул 5,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Энэ үед 190,000 төгрөг буцааж өгсөн тул хасаад 5,090,000 нэхэмжилнэ. Өгсөн мөнгөний баримтаар байгаа 4,880,000 төгрөг дээр хариуцагч өөрөө урилгад бэлнээр 400,000 төгрөгийг өгсөнийг зөвшөөрдөг тул түүнийг нэмээд 5,280,000 төгрөг болно гэв.
Хариуцагч Ц.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие сургалтаар Япон уруу Бг явуулах гэсэн боловч урилга ирсэний дараа би явахаа болилоо гэсэн. Анх би урилга 400,000 төгрөг, зуучлалын хөлс 1,000,000 төгрөг, сургалтын төлбөр 1,500,000 төгрөг, урилга гээд бүгд 4,680,000 төгрөг авсан. Үүний дараа явахгүй гэхээр нь бага багаар мөнгө өгч байгаа одоо 150,000 төгрөг өгсөн байгаа. 4,680,000 төгрөгнөөс 150,000 төгрөгийг хасаад 4,530,000 төгрөг өгөх болно. Бид хамт бичиг бичихдээ тоогоо буруу бичсэн байна лээ. Б өөрөө мэдэж байгаа гэжээ.
Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь 5,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын зарим хэсэг буюу 190,000 төгрөгийг төлсөн гээд 5,090,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Хариуцагч Ц.Г нь нийт 4,680,000 төгрөг авсан, 150,000 төгрөг төлсөн, үлдэх 4,530,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргасан байна.
Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүүхэд өвчтэй, хуралд ирэх боломжгүй, эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай утга бүхий тайлбарыг шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 5,280,000 төгрөг өгсөн гэж, хариуцагч нь 4,680,000 төгрөг авсан гэж маргасан. Харин тодорхой хэмжээний мөнгийг Япон улсын виз гаргаж өгөх зорилгоор өгсөн гэдэгт зохигч хэн аль нь маргаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 380,000 төгрөг, нийт 4,880,000 төгрөгийг Япон улсын виз гаргуулах зорилгоор хариуцагч Ц.Г өгсөн болох нь хариуцагчийн Хаан банкан дахь тоот дансны хуулгаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт урилга гэж 400,000 төгрөг авсан талаар зөвшөөрсөн тул үүнийг дансаар шилжүүлсэн мөнгөн дээр нэмээд нийт 5,280,000 төгрөг болно гэж тайлбарласан. Хэдийгээр хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт урилга 400,000 төгрөг гэсэн боловч нийт 4,680,000 төгрөг авсан гэж маргасан тул хариуцагчийн тайлбараас 400,000 төгрөгт холбогдох хэсгийг салган авч дансаар шилжүүлсэн мөнгөн дүнг нэмж өгсөн мөнгийг тооцох үндэслэлгүй юм. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэхүү 400,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн боловч өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхой үйлдэл хийлгэхээр 4,880,000 төгрөг олгосон гэж үзлээ.
Улмаар хэдийгээр хариуцагч нь 150,000 төгрөг буцаан төлсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 190,000 төгрөг буцаан авсан гэж тайлбарлаж байх тул 190,000 төгрөг буцаан олгогдсон гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл буюу Япон улсын виз гаргуулах зорилгоор 4,880,000 төгрөг олгосон бөгөөд цаашлаад виз гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн энэ талаарх үйлдэл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй талаар маргаагүй тул буцаан төлсөн 190,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 4,690,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг 190,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул энэ хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч Ц.Г-с 4,690,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93,165 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 3,175 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД