Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 39

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгч А.Маратбекийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгчийн Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Батзаяа,

хохирогч Ж.Телеген, А.Маратбек, Б.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч А.Маратбек, Б.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханд овогт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйл 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молкы овогт Амангельдийн Маратбек нарт холбогдох 2016 0108 0520 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Өлгийн 4 дүгээр гудамж, 07 тоотод оршин суух, регистрийн УД00031015 дугаартай, Молкы овогт Амангельдийн Маратбек.

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 дүгээр ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Нарангийн 24-570а тоотод оршин суух, регистрийн ВП98030511 дугаартай, Ханд овогт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэ.

Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек, Ж.Телеген нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 119 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа онооноос болж хоорондоо маргалдан Б.Мөнх-Эрдэнийг А.Маратбек, Ж.Телеген нар нь бүлэглэн нүүрэн тус газар нь гараараа цохих хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн, Б.Мөнх-Эрдэнэ нь  Ж.Телегений нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр, мөн А.Маратбекийн нүүрэн тус газарт  нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Маратбек,  Б.Мөнх-Эрдэнэ, Ж.Телеген нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 119 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа онооноос болж хоорондоо маргалдан шүүгдэгч А.Маратбек, Ж.Телеген нар нь бүлэглэн хохирогч Б.Мөнх-Эрдэнийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөх үед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зэргийн хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Ж.Телеген, А.Маратбек нарын нүүрэн тус газарт гараараа цохих үед Ж.Телегений биед баруун 5-р хурууны шивнүүр ясны хугарал, хамрын таславчны хугарал, хамрын нуруу, нуруунд зөөлөн эдийн няцрал зэргийн хүндэвтэр гэмтэл, А.Маратбекийн биед тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал зэргийн хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Маратбекийн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 02-нд 19 цагт 119 дүгээр сургууль дээр заал авсан. Тэнд нөгөө талд Мөнх-Эрдэнэ найзуудтайгаа тоглож байсан. Бид нар хожигдсон нь заалны мөнгөө төлөхөөр тохиролцож тоглосон. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр онооны зөрүүнээс болж маргалдсан. Мөнх-эрдэнэ намайг барьж аваад миний нүүрлээ цохьсон. Удахгүй цаг дуусаад тэндээсээ гараад явж байтал Мөнх-Эрдэнэ “чи гай болно шүү, 32 шүдийг чинь түүнэ шүү”  гэхээр нь би өөдөөс нь салаавч гаргасан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ миний малгайнаас доош дараад нүүр лүү өшиглөхөд хажууд байсан хүүхдүүд ирээд салгасан. 119 дүгээр сургуулиас гараад “Эрдмийн-Оргил” бага сургуулийн хажууд явж байсан чинь Мөнх-Эрдэнэ ирээд Телегенийг өшиглөхөөр нь би хажуугаар нь орж, Мөнх-Эрдэнийг цохиход Бүжинсүрэн, Төгөлдөр нар салгасан. Тэгээд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 02-нд манай ангийнхан урлагийн үзлэгтээ бэлдээд байж байтал манай найз Төгөлдөр, Бүжинсүрэн нар 119 дүгээр сургууль дээр зааланд тоглоё гээд дуудсан. Очиход нэлээн хэдэн хүүхэд байсан. Би хэд хожигдсон нь заалны мөнгөө өгөхөөр болж тоглосон. Тэгтэл манай баг оноо их болоод ирэхэд Маратбек уурласан. Тэгээд бид хоёр маргалдсан. Би Маратбекийн нүүр лүү цохьсон нь үнэн. Гэхдээ Телегентэй бол маргалдаагүй. Заалнаас гараад дахиад маргалдаад Маратбекийг цохиход Телеген хажуугаас намайг цохьсон. Тэгээд манай найзууд салгаад явцгаасан. Бид нар “Эрдмийн оргил” бага сургуулийн гадаа явж байгаад би Телегенийг нэг алгадсан тэрнээс биш мөргөөгүй. Намайг Телегенийг алгадахад Маратбек миний хамар луу цохиход миний хамраас цус гарч хугарсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манай ээж даралт ихтэй хөгшин хүн байдаг. Байнга даралтыг нь ихэсгэж байгаа. Маратбек, Телеген хоёроос уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Телегений өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 02-нд бид хэд  заал авч тоглож байгаад нөгөө талд тоглож байсан хүүхдүүдтэй заалны мөнгөө хожигдсон нь өгөхөөр бооцоотой тоглосон юм. Тоглож байгаад онооны зөрүүнээс болж Маратбек Мөнх-Эрдэнэ 2 маргалдахад бид хэд салгасан. Цаг дуусаад  гараад явж байтал Мөнх-Эрдэнэ Маратбекийн малгайнаас дараад цохихоор нь би Мөнх-Эрдэнийг нэг удаа гараараа цохисон. Тэгээд Эрдмийн-Оргил сургуулийн тэнд явж байтал Мөнх-Эрдэнэ намайг “чи орлуу” гээд цохиход Маратбек хажуугаас орж ирээд цохисон” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Маратбекийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч С.Бунчинсүрэнгийн өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найзуудын хамт 20 цагийн үед нэг цагийн хугацаатай Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах 119 дүгээр сургуульд заал авч сагсан бөмбөг тоглосон. Тэгээд заал авч байхдаа бид нар 2 багт хуваагдаад хожигдсон баг нь заал авсан мөнгөө өгөхөөр болж тохиролцоод тоглоход Мөнх-Эрдэнэ, Маратбек 2 хоорондоо онооноос болж маргалдаад Мөнх-Эрдэнэ, Маратбекийн бацаанаар нь дуудаад бараг хоорондоо 2-3 минут хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод зодолдох гээд байхаар нь салгаад аваад гарсан ба манай хэд гарч яваад би нойл орж нүүр гараа угаачихаад араас нь гарахад Мөнх-Эрдэнэ, Маратбек 2 хоорондоо заамдалцсан бие биенийхээ нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохилцоод  зогсож байсан ба Телеген хажуунаас нь очоод Мөнх-Эрдэний нүүр рүү эгц урдаас нь цохихоор нь очоод Телегений урдаас нь 2 мөрнөөс нь бариад салгаад Төгөлдөр Маратбекийг хорьж салгаад Маратбек, Телеген хоёр яваад өгсөн. Тэгээд араас нь алхаж явтал замдаа Мөнх-Эрдэнэ “би зодуулчихлаа” гээд Телеген, Маратбек хоёр хоорондоо хэрэлдээд Мөнх-Эрдэнэ тэр хоёрыг өөрсдөөсөө болсон гээд Маратбек нь Мөнх-Эрдэнийг чи амжихгүй шүү гэхэд нь  Мөнх-Эрдэнэ ах захаа мэдэхгүй гэж хэрэлдэж байгаад Мөнх-Эрдэнэ очоод Телегенийг барьж аваад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиход Маратбек хажуунаас нь  Мөнх-Эрдэнийн хамар руу нь цохиод Төгөлдөр бид 2 очоод салгах гэхэд Маратбек Мөнх-Эрдэнэ 2 хоорондоо барьцалдаж авчихаад тавихгүй Телеген цохих гээд салгаж дийлэхгүй байсан ба Маратбек, Телеген хоёрыг түлхэж бариад арай ч нэг юм салгаж холдуулаад явуулахад Мөнх-Эрдэний хамраас цус гарч байсан ба хартал хамар нь муруйчихсан байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг

/хх-ийн 81-82 дугаар тал/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Төгөлдөрийн өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр найзуудын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо 119 дүгээр сургуулийн биеийн тамирын зааланд сагсан бөмбөг тоглохоор 20 цагийн үед заал авч тоглосон. Тэгээд бид нар хоорондоо бооцоотой хожигдсон нь заалныхаа мөнгөө өгөхөөр болоод тоглоход Маратбекийн баг Мөнх-Эрдэнийн багт хожигдоод хоорондоо онооноосоо болж маргалдаад Мөнх-Эрдэнэ, Маратбектэй барьцалдаж авахаар нь салгасан юм. Тэгээд заал нэг цаг авсан учир цаг дуусаад 21 цагийн үед хувцасаа солиод гарцгаасан ба манай хэд түрүүлж гарч яваад би араас нь гартал 119-р сургуулийн урд Маратбек, Мөнх-Эрдэнэ 2 хоорондоо заамдалцаад авчихсан хоёулаа бие биенийхээ нүүр рүү гараараа 2-3 удаа цохилцож байхад хажуунаас нь Телеген орж ирээд Мөнх-Эрдэнэ нүүр рүү гараараа нэг удаа шанаадахаар нь бид нар голоор нь орж салгаад Маратбек, Телеген нар түрүүлээд явцгаасан. Бид нар ч гэсэн араас нь гараад алхахад Мөнх-Эрдэнэ, Маратбек, Телеген 2-ын араас хоорондоо маргалдаад бие биенээ элдэв үгээр ална, зодолдох уу, чи амжих уу гэх мэтчилэн хэрэлдэж яваад Эрдмийн Оргил бага сургуулийн ойролцоо явж байтал Мөнх-Эрдэнэ Телегений араас очоод заамдаж аваад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиход хажуунаас нь Маратбек очоод Мөнх-Эрдэний хамар руу цохиход Бунчинсүрэн очоод салгаад холдуулаад Маратбек, Телеген хоёрыг хөөгөөд явуулсан ба Мөнх-Эрдэний хамраас цус гараад байхаар нь асаагуурын гэрэл тусгаад хартал хамар нь муруйсан байхаар нь шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 83-84 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №08шэ/558 дугаар:

 “1. Маратбекийн биед тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №08шэ/557 дугаар:

 “1. Мөнх-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт,

/хх-ийн 25 дугаар тал/              

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №08шэ/559 дүгээр:

 “1. Телегений биед баруун 5-р хурууны шивнүүр ясны хугарал, хамрын таславчны хугарал, хамрын нуруу, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 52 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 53, 57, 63 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-70 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны баримтлан хохирогч А.Маратбектэй шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй цаашид нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрч байгаа нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-68-70/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ханд овогт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98, 99 дүгээр зүйлийн 98.1, 99.1 дэх хэсэгт, Молкы овогт Амангельдийн Маратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Ханд овогт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Молкы овогт Амангельдийн Маратбекийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар, А.Маратбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар тус тус албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнх-Эрдэнэ, А.Маратбек нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ЧИНЗОРИГ