Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0963

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би Д.Х******-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд иргэн Д.Х*******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа ба гуравдагч этгээдээр “А*******” ХХК оролцож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Х******** миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Д.Х****-оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон “А********” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2015/01 дүгээр “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар захирамжийн биелэлтийг хангуулж, газар чөлөөлөх үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Х*******-ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Д.Х********-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон “А**********” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2015/01 дүгээр “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар захирамжийн биелэлтийг хангуулж, газар чөлөөлөх үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээ”-г илт хууль бус гэрээ болохыг тогтоолгох ” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН