| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 2423000000083 |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Иргэдийн төлөөлөгч Л.*******аа
Шинжээч П.*******иа
Гэрч Н.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******
Хохирогчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******а
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******ад холбогдох 2423000000083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6 эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Алдархаан сумын ...........багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............ /регистрийн дугаар: ........./
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “Намгийн үзүүр” гэх газарт зусаж байсан иргэн Т.ийн гэрийн гадна 2024 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед “хохирогч Р.ээгийн хөл дээр нь гишгэхэд шорон пизда чинь” гэж хэлснээс шалтгаалан маргалдаж түүний амь бие, эрх чөлөөнд халдаж нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “Намгийн үзүүр” гэх газарт зусаж байсан иргэн Т.ийн гэрт хохирогч Р.ээгийн хамт орсон бөгөөд Т.ийн гэрээс гарахдаа хохирогч Р.ээг “хөл дээр нь гишгэлээ шорон пизда чинь” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй маргалдаж гэрийн гадна хохирогчийн нүүр, толгой, цээж хэсэгт цохиж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гийн “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд бид нар найранд сууж байхдаа ээг нас барсан болохыг мэдсэн бөгөөд Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд гарцгаасан. ...Талийгаач нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл уучихсан бололтой байсан. Надтай утсаар ярихдаа хаана ямар хүмүүстэй байгаа талаараа хэлээгүй, би ч түүнээс асуугаагүй. Утсаар ярьж байхад нь цаана нь хүмүүс шуугиж дуугарч мэдэгдэхгүй байсан. ...Би талийгаачийн амь насыг бусдын гарт алдсандаа маш их харамсаж байна. Миний зүгээс маш их гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардал, хүүхдийн тэтгэлэг, сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулж авна..” гэсэн мэдүүлгээр,
Амь хохирогч Р.......г Ч.Э...... зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Н......ын “...2024 оны 06 дугаар сарын 25-ны орой нар жаргаж байхад буюу 19 цагийн орчимд анх уулзаж ........ бид гурав тэдний гэрт очиж архи ууж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчимд .....гэх айлын гэрт хамт очсон, ... о гэж .....ыг манай нутгийн хүмүүс дууддаг. ...Намайг ........ийн гэрт байж байгаад гараад ирэхэд гэрийнх нь урд талд Р........., ........ дээр нь гараад суучихсан, доод талаас нь ...... цохиод байгаа бололтой байсан. Би Э......... хоёр бие биенийгээ хэдэн удаа хаана, хаана нь юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Би талийгаач Р....... хоёртой ер нь маргалдаж муудалцаагүй. Тэр хоёрыг зодолдож байгааг нь хараад та хоёр нэг нутгийн хүмүүс байж хоорондоо ингэж муудалцаад ямар хэрэг байна гэж хэлээд салгаад .......н дээрээс ....... татсан хажуу тийш болоод тухайн газартаа суусан. Харин би ....... аваад тэндээс шууд гэрт нь хүргэж өгчихөөд өөрийнхөө гэр рүү явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрийнх нь гадаа Р........э биедээ гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан тухай мэдүүлсэн гэрч П....... “...Намайг үхрээ хурааж байхад Н....... нар саарал өнгийн машинтай манай гэр лүү чиглээд нилээн ойрхон ирж байсан. Би тэр машиных нь маркийг нь мэдэхгүй байна. ...Машин манай гадаа ирээд Ч.Э...... гэр лүү орж харчхаад хүнгүй болохоор нь буцаад гараад ирсэн. Н........ 2 машинаас бууж ирэлгүй байж байгаад нэг нь машины цаанаас бууж толгой нь машины дээгүүр харагдаж байгаад буцаад суусан. Манай гэрийн гадаа 30 орчим минут болох үед нь би хувинтай сүүгээ аваад гэр лүүгээ явж байхад саарал машин буцаж байсан. ...Тэгсэн гэрийн зүүн талд гэрээс 10 орчим метр зайд Р......... өөрийнхөө машиныхаа урд толгой нь зүүн тийш чиглэлтэй, 1 гараа дэрлэсэн байдалтай доош харсан байрлалтай хэвтэж байхаар нь “архи уугаад тасраад унтаж байгаа юм байна” гэж ойлгоод очиж харалгүй зэл рүүгээ явсан. ...11 цагийн үед гэртээ ирэхэд Р..... байрандаа хэвтэж байсан. Р........ бөөлжих гээд байгаа юм шиг нуруу нь оволзоод байхаар нь явж очоод мөрний хэсгээс нь татаж үзтэл амнаасаа хүрэн улаан өнгийн зүйлээр бөөлжсөн байдалтай, намайг татаж байгааг мэдрэхгүй байгаа шинжтэй байхаар нь сумын цагдаад очиж хэлсэн. Би Р...... мөрнөөс нь татаж үзэхэд ам, хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь айгаад эмч дуудах гээд явсан. Нүүрний хэсэгт ямар гэмтэл шарх байсанг тогтож харж чадаагүй. Толгойдоо саарал өнгийн саравчтай малгай өмссөн байсан нь хажуу талд нь байсан. Толгойны зүүн тал хэсэгт бага зэрэг шалбарчихсан юм уу гэмээр зүйл харагдсан. Яг ямар шарх байна гэдгийг харж чадаагүй. ........о гэж Н.Д.....г хэлж байгаа юм. Н.......ийн гэрийнхэн нь ....... гэж дууддаг болохоор доо гэчихээд байгаа юм. Ч.........г ..... гэж дууддаг. Намайг гэртээ орох үед гэрт байх ширдэгний баруун урд талын үзүүр нь дотогшоогоо хуйларсан байдалтай байхаар нь гарахдаа ийм болгочихсон юм байх гэж бодоод 2 зээгээ аваад гарсан. Өөр ямар нэгэн эд зүйл эвдэрсэн эсэх нь анзаарагдаагүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц.На......ийн “...Үхэр сааж байгаад гэр рүүгээ харахад манай гэрийн гадаа ......, ээ болон бас нэг хүн гурав ирчихсэн харагдсан бөгөөд би үхэр сааж байсан учраас анзаарч хараагүй. 08 цаг өнгөрч байхад үхрээ сааж дуусгачхаад гэр рүүгээ явах замд манай саахалт айлын залуу манай гэрийн урд талд хэвтчихсэн байхлаар нь би согтуу хүн унтаж л байгаа юм байлгүй гэж бодоод гэртээ орж сүүгээ гал дээр тавьсан. ...Манай нөхөр ...11 цагийн үед буцаж ирсэн бөгөөд гэрийн гадаа ирмэгцээ буцаад Сонгуулийн хэсгийн хорооны гэр рүү явчихаар нь би гарч ирээд харсан чинь манай урд хэвтэж байсан залуу их сонин болчихсон харагдахаар нь би багийн эмч рүү залгаж дуудах гэсэн боловч утас нь холбогдоогүй. Удаа ч үгүй манай нөхөр хойноос нэг цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Тэгээд нөгөө саахалтын залууг нас барчихсан байна гээд аймгийн төв рүү цагдаад мэдэгдсэн. ...Талийгаач манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,
Т.М....йн гэрийн гадна Р.Э.. нас барсан байсан тухай мэдүүлсэн гэрч Г.Б....н “... Намайг ........гийн хотноос хөдлөхөд .......,........., ........ гурав ......ийн гэр рүү орж байсан. ...Би жирэмсэн эхийн биеийг үзчихээд 15 цагийн үед ...ирэхэд талийгаач ......э нас барсан байдалтай ......ийн гэрийн гадаа байсан. ...Намайг очиж үзлэг хийхэд Р.......н хамар, амнаас цус гараад нөжирч тогтсон байсан. Дээд уруул жаахан хавдартай харагдсан. Намайг .....ийн хотноос салах үед .......йн нүүр, ам, уруул хэсэгт ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Намайг ......тэй хамгийн сүүлд уулзахад ээ малгайгүй толгой нүцгэн байсан. Ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй...” гэсэн мэдүүлгээр,
Т..........д очихоос өмнө Р.Э.....н биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан тухай мэдүүлсэн гэрч С.О......ын “..........ээс ...хонь авахаар 07 цагийн орчимд очсон. ..........ээ...хонин дотроосоо надад нэг хонь барьж өгчхөөд байж байтал тэднийд цагаан саарал өнгийн жижиг машинтай 2 согтуу хүн ирсэн. ....... гэх залуу архи уучихсан бололтой нэлээн согтуу байсан. ...Түүний биед ил харагдах ямар ч гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлгүүдээр, Завхан аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Завхан аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э...... үйлдлийн улмаас хохирогч Р.Э.....н амь нас хохирсон болох нь Завхан аймгийн шүүх шинжилгээний шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 0000000037 дугаартай “…Амь хохирогч Р.......ийн цогцост тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт, зүүн чамархайн дээд хэсэгт хуйхан доорх цус хуралт, доод уруулын дунд хэсэгт шарх хаван, толгойн оройн зүүн хэсэгт ташуу шарх, баруун мөрний урд хэсэгт, баруун тохойн үений хэсэгт, тохойн үений дотор хэсэгт, баруун бугалганы гадна доод хэсэгт, баруун эрхий хурууны урд үений гадна хэсэгт, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогчийн толгойн оройн зүүн хэсэгт ташуу шарх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг, доод уруулын дунд хэсэгт шарх хаван, толгойн оройн зүүн хэсэгт ташуу шарх гэмтлүүд нь хохирлын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа хохирлын зэрэг тогтоогдохгүй. Амь хохирогчийн цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Амь хохирогчийн цогцост үүссэн тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа. Зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт. Зүүн чамархайн дээд хэсэгт хуйхан доорх цус хуралт гэмтлүүд нь нас бархад хүргэсэн байна. Бусад гэмтлүүд нь нас бархад нөлөөлөхгүй. Амь хохирогч Р.Э..... нь тархины битүү гэмтэл: Тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн толгой болон нүүрэнд цохиж зодоход хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч хүний амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ч.Э.... хохирогчийн толгой болон нүүр хэсэгт цохиж зодсон үйлдэл нь хохирогч Р.Э......н тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, Зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт, Зүүн чамархайн дээд хэсэгт хуйхан доорх цус хуралт гэмтлүүд болж нас барсан хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ч.Э.... нь хохирогч Р.Э.......йн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “амьд явах”-эрхийг зөрчиж түүний толгой тус газар цохиж зодсон үйлдлийн улмаас Р........н амь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Э...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А........ болон түүний өмгөөлөгч Б.......... нар “...Талийгаачийн буяны ажилд зарцуулсан зардал 11,521,000 төгрөг /арван нэгэн сая таван зуун хорин нэгэн мянга/, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөг, нийт 110,521,000 /нэг зуун арван сая таван зуун хорин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...иргэний нэхэмжлэлийн үндэслэл түүний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг , эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг шинжлэн судлаад талийгаачийн буяны ажилд зарцуулсан нийт 11,736,455 /арван нэгэн сая долоон зуун гучин зургаан мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгөөс 1,473,560 төгрөгийг хасаж, нотлох баримтаар тогтоогдсон 10,262,895 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А.......д олгох нь зүйтэй байна.
Тухайлбал нотлох баримтаар өгсөн зарим баримтуудын он, сар, өдөр тодорхойгүй болон эм тариа авсан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн, зарим баримтад төлсөн баримтуудад бичигдсэн үнийн дүн зөрүүтэй байдлуудыг харгалзан үзэж 1,473,560 төгрөгийг хасаж тооцлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А.....н сэтгэцэд хор уршиг учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 21 дугаартай “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А.......н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Г.А....... нь амь хохирогчийн гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан.
Дээрх заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг харгалзахгүйгээр гэм хорын нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийн хэмжээний аль ашигтайгаар хохирогчид олгохоор зохицуулсан.
Хуулиар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг өөрчлөх эрхийг шүүхэд олгоогүй учир Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон хүснэгтийг шүүх баримтлах үндэслэлгүй байна.
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон хүснэгт нь хүний амь нас хохирсноос бусад хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахад баримтлах аргачлал бөгөөд хүн нас барсан тохиолдолд сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гаргана.
Хэрэг болох үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул түүнээс 99,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Э... болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг танилцуулж тэмдэглэлд тусгуулсны дараа хохирол нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд талийгаачийн оршуулахтай холбогдон гарсан зардалд 10,262,895 /арван сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун ерэн тав/ төгрөгөөс 8,000,000 /найман сая/ төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчээс 2,262,895 /хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун ерэн тав/ төгрөг болон сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 99,000,000 /ерэн есөн сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А......д олгох нь зүйтэй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Л.Б...... “...шүүгдэгч Ч.Э.......ыг болгоомжгүй бусдыг алсан...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.Э......г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч Ч.Э....... нь ямар нэг сэтгэцийн өвчингүй, гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэг өвчингүй, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын сэтгэцийн шинжээч нарын 17 дугаартай “...Ч.Э..... нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй байсан болно. Ч.Э...... нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй, өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадвартай болно. Ч.Э......... нь одоо сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчин үгүй болно. Гэмт үйлдлээ хариуцах чадвартай болно. Ч.Э.......ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд тулгуурлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Эр......д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан оршуулахтай холбогдон гарсан зардлаас 8,000,000 төгрөгийг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ч.Э......д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэдгийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Ч.Э.......д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулахтай холбогдсон зардлаас 8,000,000 /найман сая/ төгрөг төлсөн зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ч.Э.....д Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Э....... нь 61 хоног цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн саравчтай малгай, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн хулдаасны хэсэг, пивоны хуванцар сав 1 ширхэг, 0,75л архины шил 1 ширхэг зэргийг тус тус устгаж, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Э........д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Э......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч........ад оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э...... нь 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ч.Э......д өмнө авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******аас оршуулахтай холбогдон гарсан зардалд 2,262,895 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 99,000,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн саравчтай малгай, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн хулдаасны хэсэг, пивоны хуванцар сав 1 ширхэг, 0,75л архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Шүүгдэгч Ч.Э.......с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч оршуулахтай холбогдон гарсан зардалд 8,000,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А....... нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ
ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА
З.НАНДИНЦЭЦЭГ