| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0709/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/927 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Аминаа хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Цээрүүгүндүү /томилолтоор/,
шинжээч эмч Э.Баасанжав /цахимаар/,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутайхан овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 2408000001284 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, сантехникийн угсралт хийдэг, ам бүл 5, эхнэр 3-н хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Сутайхан овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* караокены орчим хохирогч Т.*******тай маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн атгаалын толгойд бэхлэгдсэн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрийн үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй. ...Би хохиролд 750.000 төгрөг төлсөн гэв.
Шинжээч эмч Э.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 8 сарын 22-ны өдөр Т.*******ын биед эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр Т.*******ын биед зүүн атгаалын толгойд бэхлэгдсэн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрний үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлт нь 11187 дугаартай гэв.
Хоёр. Эрүүгийн 2408000001284 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч Т.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 12 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 62-76 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 40 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 42-43 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 45-48 дахь тал/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1008 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 21-ний орой Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* караокены орчимд хохирогч Т.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгой, нүүр, мөр, цээж хэсэг рүү нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь “зүүн атгаалын толгойд бэхлэгдэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрний үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч Т.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2024 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* караокены гадна хуурай ах Батболдтой уулзахаар өөрийн цагаан өнгийн мопедыг унаж очоод зогстол уг караокены хашаанаас үл таних нэг согтуу ах гарч ирээд шууд чи пизда минь гэж хэлээд миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед миний зүүж явсан харааны шил газар унаж эвдэрсэн. Би “та яаж байна” гэхэд “ямбий мопедыг чинь яасан ч яадаг юм” гэж хэлээд миний мопедыг гараараа түлхэж унагаасан. Би газраас мопедоо босгоод байж байтал дахин дайрч миний зүүн шанаа руу нэг удаа цохиж намайг тэвэрч аваад газар унагаах үед миний гар утас газар унасан байсан. Намайг унагаасан согтуу ах миний утсыг авсан. Энэ үед буудлын эмэгтэй намайг салгасан. Би тэр хүнээс гар утсаа авъя гэхэд өгөхгүй цаашаа явсан. Би буудлын эгчийг цагдаа дуудаад өг гэж гуйсан. Тэгээд би нөгөө ахаа гар утсаа булааж аваад цагдаа дуудахад дахин миний зүүн хацар руу цохисон. Би газраас босож ирээд цагдаа дуудсан. Намайг цагдаа дуудлаа гээд дахин булан шахаад зүүн гар, нуруу, толгойн дагз хэсэг рүү олон удаа цохисон. Би зүүн мөр хэсгээр унаад босож ирэхэд миний зүүн гарын мөр хэсэг хөхөрч хавдсан. Намайг зодсон ах гэр лүүгээ явж орсон. ...Миний зүүн гарын мөр хэсэг гэмтсэн. ...Уг гэмтлийг тэр согтуу ах намайг зодож учруулсан. ...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, харин миний эмчилгээний 709.700 төгрөг, уг гэмтлээс болж 8 хоног ажилдаа яваагүй тул ажлын 1,344,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 12 дахь тал/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот ******* ******* караокед 2024 оны 8 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед ганцаараа сууж байтал гадаа хүмүүс муудалцаж байгаад гарахаар нь гараад очтол хөрш айлын залуу ******* архи уусан согтуу цагаан өнгийн мопедтой залуутай маргалдаад зогсож байсан. Би тэр цагаан өнгийн мопедтой залууг “чи явчих аа” гэхэд явахгүй байсан. Тэгээд ******* тэр залууг барьж аваад цохиход тэр хоёр зууралдаж газар унасан. Би боль гээд салгаад тэр залууг одоо явчих, наад хүн чинь согтуу байна гэж хэлэхэд тэр залуу явахгүй байсан. Тэгснээ шатны дэргэд муудалцаад ******* тэр хоёр зууралдаад тэр залуугийн мөр, цээж хэсэгт гараараа цохиход нөгөө залуугийн нүдний шил нь унаж эвдэрсэн. Удалгүй цагдаа дуудсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээч Э.Баасанжавын гаргасан дүгнэлтэд: Т.*******ын биед зүүн атгаалын толгойд бэхлэгдэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрний үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Шинжээч эмч Э.Баасанжавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2024 оны 8 сарын 22-ны өдөр Т.*******ын биед эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох үзлэг хийсэн. Үзлэгээр Т.*******ын биед зүүн атгаалын толгойд бэхлэгдсэн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрний үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлт нь 11187 дугаартай гэсэн мэдүүлэг,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд: Т.******* нь 2024 оны 8 дугаар сарын 23-аас 29-ний өдрүүдэд нийт 50.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 62-76 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бага хүү ..сэвлэгийг үргээж найр хийсэн юм. Тухайн үедээ ямар нэгэн архи дарсгүй тэмдэглэсэн. Ингээд 19 цагийн үед хамаатны ойрын ах хүү Батсүрэн гэрт ирээд бид хоёр гурав, гурван пиво хувааж уусан. Үүний дараа бид хоёр Шарга дэлгүүрээс нэг виски, 6 ширхэг пиво аваад гэртээ ууж байгаад урьд шөнө нь нойргүй хоносон учир хурдан согтсон. Би 21 цагийн үед гэрээс гараад ******* ******* караокены гадна цагаан өнгийн мопедтой залуу ирж зогсож таарсан. Би тэр залуутай хэрүүл маргаан үүсгэж тэр залуугийн хацар хэсэгт нэг удаа цохисон. Гэтэл тэр залуугийн зүүж явсан нүдний шил газар унасан. Би тэр залуутай хэрүүл хийж хэд хэдэн удаа хацар хэсэгт нь гараараа цохисон. Би согтуу байсан зарим зүйлийг санахгүй байна. Нэг харахад караокены эгч ******* гадаа гараад ирсэн намайг “миний дүү боль” гээд хэлж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Субьектив тал” нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх ба гэмт этгээд нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжийг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч Т.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хохирогчийн толгой, нүүр, мөр, цээж хэсэг рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдсан идэвхтэй үйлдэл хийжээ. Шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед “зүүн атгаалын толгойд бэхлэгдэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрний үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******ын биед халдан цохих, унагаах зэргээр халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******ыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 30 дахь тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан үзэхийн зэрэгцээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хохирогчид нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр хувиараа сантехникийн угсралт хийдэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “...зүүн атгаалын толгойд бэхлэгдэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрний үенд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон.
Хохирогч Т.******* нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 606.700 төгрөг, шатахууны зардалд 156.000 төгрөг, нийт 762.700 төгрөгийн мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба мөн хавтаст хэргийн 79 дэх талд хохирогчоос “...миний бие шүүх шинжилгээний ерөнхий газарт сэтгэцийн хор уршиг тогтоолгохгүй, сэтгэл санааны хохирол байхгүй, харин өөрт учирсан хохирол болох 2.053.700 төгрөгийг ******* гэх хүнээс нэхэмжилж байна, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******д эмчилгээний зардалд гарсан 606.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зүйтэй. Харин шатахууны зардал болох 156.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******ын эзэмшлийн 2905161456 тоот дансанд 750,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 62 дахь талд “Эс Энд Эй транс ХХК-ийн тодорхойлолтод: автобусны жолооч албан тушаалтай Түмэн-Эрдэнэ овогтой ******* 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ны өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгаанаар албан ажилдаа ирээгүй нь үнэн болно” гэсэн баримт авагдсан хэдий ч хохирогч Т.******* нь тус компанид хөдөлмөрийн гэрээ эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг аль болох, цалин, хөлсийг нотолсон баримт, эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан эмнэлгийн магадалгаа зэрэг холбогдох бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Мөн хохирогч Т.******* нь дээрх гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалаар 50.000 төгрөгийн хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/ авагдсан хэдий ч иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдүүлэг, тайлбар аваагүй байна.
Хохирогч Т.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин, хөлс орлогоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Т.*******д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардалд сангаас гарсан зардал болох 50,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх эрхтэй дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сутайхан овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ид мэдэгдсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******д 750,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
4. Хохирогч Т.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацаанд дутуу авсан цалин, хөлс орлогоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Т.*******д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардал 50,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******оос тус тус нэхэмжлэх эрхтэй дурдсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР