Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/04013

 

 

 

 

 

 

 

 

2021 12 03 101/ШШ2021/04013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Л.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О-д холбогдох 1,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О , шинжээч С.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020-09-30-ны өдөр Л.Б, Г.О нарын хооронд Тоёота хайлукс маркийн авто машиныг 45,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг бэлнээр төлж, ББСБ-аас 30,000,000 төгрөгийн зээл авч төлбөрийг өдөрт нь хийсэн. Тухайн үед машиныг худалдан авахдаа явах эд ангийн оношилгоонд оруулаад, жижиг хашаа дотор машиныг унаж үзээд авсан байдаг. Тухайн үед ямар нэгэн гэмтэлгүй юм шиг байсан тул асуудалгүй юм байна гээд өнгөрсөн. Үүнээс хойш 10 хоногийн дараа буюу 2020-10-10-ны өдөр нэхэмжлэгч машинаа унаад Архангай аймаг руу явах гээд хотоос гараад шулуун зам дээр тодорхой замыг туулж байтал машины урд талаас уур савсаж доголдол илэрсэн тул буцаж Улаанбаатар хот руу ирээд Г.О-д энэ талаар мэдэгдээд мөн өөр хүмүүсээс асууж тодруулсан байдаг. Тухайн үед засварын газарт очоод үзүүлэхэд машины радиатор, таг хоёр нь гэмтэлтэй байна, үүнийг солиулчихвал зүгээр болох байх гэж хэлснийг нь Г.О-д мэдэгдэхэд за тэгье, засуулчих гээд 300,000 төгрөгийг шилжүүлсний дараа радиатор, таг хоёрыг солиулсан боловч зүгээр болоогүй тул өөрөө өөр засварын газруудаар яваад үзэхэд моторын блок нь цуурхаар ийм шинж илэрдэг гэсэн байдаг. Тэгээд Г.Отай холбогдох гэтэл утсаа аваагүй, зурвас бичсэн. Ингээд 2020-10-25-ны өдөр буюу гэмтэл илэрснээс хойш 15 хоногийн дараа хамт үзлэг хийдэг оношилгооны газруудаар явсан байдаг. Л.Бын очсон хоёр газар нь моторын блок цуурсан гэсэн хариуг өгсөн, Г.Оын очсон газар нь гавлын жийрэг цуурсан байна гэдэг. Нэхэмжлэгч тухайн үед гавлын жийрэг мөн бол солиулчихад асуудал алга гэхэд Г.О тэгье, хувь хүнд 300,000 төгрөгөөр засна гэж байна гэхээр нь нэхэмжлэгч 45,000,000 төгрөгөөр авсан машинаа хувь хүн дээр засуулмааргүй байна, баталгаат авто засварын газар очъё, тэнд нь үнэтэй байвал би тал мөнгийг нь гаргая гэхэд Г.О зөвшөөрөхгүй байсан. Гэрээний зүйл болох Toyota Hilux маркийн авто машиныг худалдан авсны дараа гэмтэлтэй болохыг мэдсэн даруй хариуцагч Г.Оад машиныг засаж өгөхийг удаа шаардсан боловч хүлээж аваагүй тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сард хүргүүлж, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан тул 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Авто машины гэмтлийг тодруулахаар шүүхээр албан ёсоор шинжээч томилуулах хүсэлтэй байсан тул хариуцагчийн хариу тайлбартай танилцаад шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу шүүх 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4919 тоот захирамжаар шинжээч томилж шийдвэрлэсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр машиныг оношлуулахад шинжээч нь танай машиныг бид нар зөвхөн моторыг нь задалж үзээд л орхих учраас дараа нь та нар машинаа чирж яваад засвар дээр очиж угсруулах болно. Тийм болохоор шууд авто засвар дээр очиж задлуулсан нь дээр гэсний дагуу хариуцагч тал болон нэхэмжлэгч тал, шинжээчийн хамт Ван ундрал ХХК авто машины засварын газарт очиж машины моторыг задлуулж үзсэн. Моторыг задлуулж үзэхэд гавлын жийрэг цуурсан байна гэсэн учир бид дахин мотор задлуулах хүндрэлтэй болохоор тухайн үед нь шууд гавлын жийргийг солиулсан. Машины мотор задлуулж машинд үүссэн байсан гэмтэл болох гавлын жийргийг солиулахад нийт 1,710,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б төлсөн. Иймд машины гэмтлийг нэхэмжлэгч өөрөө засуулсан тул 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 2935 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, машины мотор задлуулах болон гавлын жийрэг солиулсны төлбөр нийт 1,710,000 төгрөгийг хариуцагч Г.Оаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Г.О нар 2020 оны 09 сарын 30-ны өдөр авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсан тал дээр маргах зүйл байхгүй. Тоёота хайлукс маркийн авто машиныг 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулагдсан. 2021 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1,710,000 төгрөг гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Хариуцагчийн зүгээс тус автомашиныг 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн манай улсад орж ирээд шууд Л.Б-д худалдсан төдийгүй худалдах үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд бүрэн хамруулан хүлээлгэн өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Л.Б автомашинаа худалдан авснаас хойш ашиглах явцдаа гэмтэл үүсгээд авто засварын газраас асуулаа машины мотор эвдэрсэн байна гээд мотор солиулах 8,000,000 төгрөгийг Г.О-с нэхэмжилсэн. Хариуцагч Г.О анхнаасаа эвдрэлтэй машин Л.Б-д хүлээлгэн өгөөгүй тул тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд Л.Б хариуцагч Г.Оыг өөрийн танил автозасварын газарт очиж гавлын жийрэг сэтэрсэн гэж худал онош гаргуулсан, эвдрэлтэй машин худалдан борлуулсан гэх зэргээр гүтгэж гэрээнээсээ татгалзаж 45,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Toyota Hilux маркийн автомашинд автотехникийн шинжилгээ хийсэн бөгөөд тус шинжээчийн дүгнэлтэнд Toyota Hilux автомашины хөдөлгүүрийн цилиндрийн гавлын жийрэг цуурсан гэмтэлтэй, автомашины хөдөлгүүрт гарсан дээрх гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ гэж тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч тал тухайн автомашиныг худалдан авснаас хойш ашиглаж байгаад ашиглалтын явцад үүссэн гэмтлээ хариуцагч Г.Оаас ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 6.1-т Худалдсан тээврийн хэрэгсэлийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон худалдан авагчийн буруугаас гарах аливаа эвдрэл, гэмтэл, урсгал зардал, уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсний эрсдэл дагаж шилжинэ гэж заасны дагуу худалдан авагч тал автомашины ашиглалтын явцад үүссэн эрсдлийг өөрөө хүлээхээр заасан байтал хариуцагч Г.Оаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал өөрсдөө тухайн авто машиныг ашиглах явцдаа эвдрэл, гэмтлийг үүсгэсэн учир эрсдэлийг манайх хүлээхгүй. Иймд нэхэмжлэгч тал хууль болон гэрээний ямар шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн засварын зардалд 1,710,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхой бус үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Г.Оад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 45.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь машины мотор задлуулах болон гавлын жийрэг солиулсны төлбөрт 1,710,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч Г.О нь анхнаасаа эвдрэлтэй машин Л.Б-д хүлээлгэн өгөөгүй, худалдан авагч тал автомашины ашиглалтын явцад үүссэн эрсдлийг өөрөө хүлээхээр гэрээнд заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Л.Б хариуцагч Г.О нарын хооронд 2020-09-30-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахаар гэрээг байгуулж, У улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн,  арлын дугаартай, Тоyoта Hilux маркийн авто машиныг худалдан авахаар тохиролцож, хариуцагч Г.Оад 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт дээр талууд маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2271 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн Тоүoта Hilux маркийн  улсын дугаартай автомашины хөдөлгүүрийн цилиндрийн гавлын жийрэг цуурсан гэмтэлтэй байна.

2. Автомашины хөдөлгүүрт гарсан дээрх гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ, үүсэх цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтэл гарснаар хөргөлтийн шингэн шаталтын бүхээг рүү нэвчиж орсноор хөргөлтийн шингэн хэвийн хэмжээнээс багасгах, хөдөлгүүрийн тос болон хөргөлтийн шингэн холилдох, хөдөлгүүр халах, хөдөлгүүр доголдох, цилиндрийн толгой хэсэг дээр шингэн орсноор хөдөлгүүрийг цаашид ашиглах боломжгүй гэмтэл үүсэх шалтгаан нөхцөл үүснэ гэжээ.

Зохигч нарын хувьд 2020-09-30-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахаар гэрээг байгуулж, У улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, арлын дугаартай, Тоyoта Hilux маркийн авто машиныг өгч, авах цаг хугацаанд автомашины доголдлыг хэн аль нь мэдэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Шинжээч худалдан авсан автомашиныг Улаанбаатар хот дотор буюу бага зайнд унаж хэрэглэх явцад уг гэмтэл илрэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч Л.Б нь 2020 оны 10-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг явах замд уг гэмтэл илэрч хариуцагч Г.Оад мэдэгдсэн, гэмтлийг оношлуулахаар хэн аль нь засварын газарт хандсан, холбогдох зардал 300,000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг үйл баримт дээр талууд маргаагүй./хх-ийн 15-22 тал/

2020-09-30-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний худалдан авсан Тоyoта Hilux маркийн  улсын дугаартай автомашины хөдөлгүүрийн цилиндрийн гавлын жийрэг цуурсан гэмтэл нь нэхэмжлэгч Л.Бын буруутай үйлдлийн улмаас учирсан гэж үзэхээргүй байна.

Зохигч шинжээчийн хамт Ван ундрал ХХК-ийн авто машины засварын газарт очиж автомашинд учирсан гэмтлийг тогтоолгож, эд ангийг худалдан авч, засварлуулахад 1,710,000 төгрөгийн зардал гаргаж засварлуулсан болох нь нотлогдож байх тул хариуцагч Г.Оаас 1,710,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Л.Б нь 2020-10-10-ны өдөр автомашинд учирсан гэмтлийг засваруулах зорилгоор хариуцагч Г.Оаас 300,000 төгрөгийг авсан байх тул нэхэмжлэгч Л.Бод олгогдох 1,710,000 төгрөгнөөс уг 300,000 төгрөгийг хасч Г.Оаас 1,410,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б-оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 453,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 42,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О-аас 1,410,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.О-аас 42,310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА