Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эзэмшлийн ХААН банкны *******, *******, ******* тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 7,195,651 төгрөгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, далд аргаар авч өөртөө захиран зарцуулж бусдад нийт 7,195,651 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би *******ийн ХААН банкны интернэт банкаар нэвтрэн орж дансанд байсан мөнгийг нь авч хэрэглэж, данс барьцаалан зээл авч хэрэглэсэн нь үнэн. Тхайн ******* гэх хүний дансаар нь ороод утсанд нь мессеж очдог үйлчилгээг нь идэвхгүй болгочихсон юм. Би энэ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, дахин ийм төрлийн хэрэг хийхгүй гэдгээ ухамсарлаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/,

Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би ******* гэх хүнийг танихын хувьд танина. Энэ хүнтэй цуг яваад ороход энэ хүн хоёулаа үлдээд карт аваад ирсэн. Энэ хүнээрээ хийлгэчих гэсэн. Тэгтэл энэ хүн чадна гэсэн. Би таны утсыг цэнэглэж байгаад мөнгийг чинь янзлаад өгнө гэж хэлсэн. Хотод очоод 7,500,000 төгрөгөөр газар авъя гэж хэлсэн. Би сэтгэл санааны хохиролтой байна. Хүүхдээ аваад явъя гэхээр чадахгүй. Үзүүлэх гээд явахаар газрын холоос өөрөө унаа мал унаж чаддаггүй. Үнэхээр би авахгүй эгчээ гээд миний утсыг гэр рүүгээ аваад орсон. Нөхөр өнгөрөөд надад ямар ч мөнгө төгрөг байхгүй. гомдолтой байна. Мөнгийг даруй гаргаж өгнө үү гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2024 оны 10 дугаар сарын дундуур Баян-Овоо сумаас Баянхонгор аймагт орж ирээд тэгээд Баян-Овоо сум руу явж хүүхдийн карт сэргээх, захиалах болон ХААН банк орох ажил гараад Баян-Овоо сум руу явах гэтэл унаа олдохгүй байсан. Миний зүс таньдаг хүн ******* нь надтай хамт Баянхонгор сумын төвөөс Баян-Овоо сум руу *******гийн машинд бензин хийж өгөөд явахаар болсон юм. Тэгээд тэр өдрөө Баянхонгор сумаас гарч яваад Баян-Овоо сум ороод ХААН банк дээр очиход банкны теллер эмэгтэй ганцаараа үйлчилж байсан. Тэгээд би очоод үйлчилгээ авах гэтэл “та жоохон хүлээж бай” гээд би суугаад байсан. Тэгээд тэр теллер 30 орчим минут болоод за яасан гэнээ гэж хэлсэн. Тэгээд карт захиалсан ирсэн үү гэтэл би мэдэхгүй захиргаанаас асуу гэж хэлж байсан. Тэгээд би захиргаа руу ортол карт ирсэн байна захиргаа тэр картыг аваад буцаад теллер дээр очоод энэ картыг гар утсанд мэдээлэл ирдэг болгоод өг мэдээллээ хардаг болгомоор байна гэж хэлтэл жижиг цаасан дээр миний банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг бичиж өгсөн. Тэгээд би үүнийг мэдэхгүй байна яг гар утсанд мэдээлэл ирэх үү гэж теллер эмэгтэйгээс асуутал би мэддэг чаддаг хүнээр холбуулаад хийлгэчихээ гэж хэлсэн. Тэр банкны теллер эмэгтэй надад өөрөө хийж өгөөгүй мэддэг хүнээр хийлгэчих гэж хэлсэн юм. Тэгээд ******* би хийгээд өгчихнө та санаа зоволтгүй гээд байсан. Бид 2 хамт Баянхонгор аймагт ирээд *******гийн гэрт нь орой нь очоод би танд тухтай сууж байгаад хийгээд заагаад өгье гэж хэлсэн. Тэгээд би *******гийн гэрт нь байх үедээ Баян-Овоо сумын ХААН банкны теллерийн цаасан дээр бичиж өгсөн банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг бичиж өгсөн цаасыг *******д өгсөн юм. Тэгээд ******* орой тухтай больё утсаа жоохон цэнэглэе гээд байсан. Тэгээд цэнэг орсон гэж хэлж байсан, тэгээд байж байснаа миний гар утсыг нэг оролдоод л өөрийнхөө гар утсыг нэг оролдоод л байсан. Тэгээд тэр үедээ одоо болчихлоо танд мэдээлэл ирдэг болно гэж хэлсэн. Би тэр өдрийн маргааш өглөө нь хөдөө Баян-Овоо сумын 3 дугаар багт байдаг гэр лүүгээ гар утасны сүлжээгүй газар руу явсан . 2024 оны 12  дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Улаанбаатар хотод нас бараад ажил явдал гараад Улаанбаатар хот руу явсан, хотод очоод би эгч тэй хамт би өөрийнхөө дансыг шалгаж үзтэл миний данснаас мөнгө гарсан байсан. Тэгээд би Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ХААН банкны салбар дээр очиж дансаа шүүлгэж үзтэл миний дансанд ямар ч мөнгө байхгүй байсан. Тэгээд дансны хуулгаа авч үзтэл огт миний хэрэглээгүй зарлага гарсан байсан, би эгч тэй гар утсаар яриултал миний данснаас мөнгө аваад хэрэглэчихсэн юм буцаагаад өгнө гэж хэлсэн. Би дансны хуулгаа шүүж үзэхэд миний данснаас ******* гэх хүн нь манай хүү ийн хадгаламж байсан тухайн хадгаламжийн мөнгийг бас авсан байсан нийт 7,349,000 төгрөг авсан байна. Би өөрөө ХААН банкны *******, ******* гэх дансаараа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ХААН банк дээр очсон өдрөөсөө хойш огт зарлага хийгээгүй, юм худалдаж аваагүй, сүлжээгүй газарт байсан тул ашиглаагүй юм,....2024 оны 10 дугаар сарын дундуур 15,16-ны орчимд л санагдаж байгаа юм. Миний данснаас 7,349,000 төгрөг гарсан байсан, тухайн мөнгөний хүү нь 990,000 төгрөг байсан түүнийг надад Баян-Овоо сумын ХААН банкны теллер хэлж байсан, буяны мөнгө байсан 300,000, хүүхдийн мөнгөнүүд 300,000 төгрөг надад нийт 8,839,000 төгрөгийн хохирол учирсан юм. Өөр нэмж ярих зүйл байхгүй, би ******* гэх хүн миний данснаас хулгайлсан 8,839,000 төгрөг нэхэмжилж байна, би гомдолтой байна.....Дээрх дансны гүйлгээний хувьд бол би хадгаламжийн данснаас бусад дансандаа виза карттай бөгөөд би хөдөө мал дээрээ сүлжээгүй газар байдаг тул хүүхдүүдээ хэрэглэж байгаарай гэж хэлээд хүүхдүүддээ банкны виза картаа үлдээчхээд явдаг юм. Тэгэхгүй бол хүүхдүүд маань мөнгө хэрэг болох үед би хөдөө сүлжээгүй газарт байх үед хүндрэлтэй байдаг юм. Би бол ХААН банкны АТМ-ээс карт уншуулж авсан мөнгө, дэлгүүрээс карт уншуулж авсан гүйлгээг *******гаас нэхэхгүй ээ, тэр бол манай хүүхдүүдийн миний ашигласан мөнгө байгаа юм. Би шинжээчийн дүгнэлт болон дансны хуулга, шинжээчийн дүгнэлтэд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлтэй танилцсан. Надад учирсан хохирол 7,195,651 төгрөгийн хохирол учирсан байна, би энэ хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр, дүгнэлт гаргуулах шаардлагагүй .....гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 111/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“ гэх хүн 2024 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ХААН банк дээр ирж надаас үйлчилгээ авсан зүйл болсон юм. Тухайн ******* гэх хүн нь танихгүй нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан юм. Над дээр карт захиалсан байсан бөгөөд тухайн картаа авах гэж ирсэн юм. Би тэр үед таны карт шуудан дээр ирсэн байгаа шуудан нь сумын захиргаа дотор байдаг та тэндээс картаа аваад ир гэж хэлээд явуулсан юм. Тэгээд удалгүй тэр эмэгтэй захиалсан картаа шуудангаас аваад эргээд орж ирээд тэр гэх хүн би интернэт банкаа блоклочихсон юм янзлаад өгөөч, орлого зарлага ороход мессеж ирдэг болгоод өг гэж хэлсэн юм. Тэгээд би хүсэлтийн маягт дээр гарын үсэг зуруулж аваад интернэт банкны нууц үг, нэвтрэх нэрийг нь янзалж сэргээж өгсөн. Тэр үед гэх хүн нь би өөрөө янзалж мэддэггүй чаддаггүй юм гэж хэлсэн тул би ийн интернэт банкаар нь орж нэвтэрч мессеж мэдээ ирэх үйлчилгээг идэвхжүүлж өгсөн. Тэгээд би жижиг цаасан дээр интернэт банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үг, нэвтрэх нууц үг зэргийг өөрийн хүсэлтийнх нь дагуу бичих өгсөн юм. Ийм үйлчилгээ аваад явсан юм. Би өөрөө янзлаад өгчихсөн юм. Би бол тухайн үедээ орлого зарлага хийгдэх болгонд ******* гэх хүний утасны дугаарт мессеж ирдэг болгож янзалж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 250 дугаартай шинжээчийн

 1.2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуустал хугацаанд ******* ХААН банкны ******* дугаартай дансанд 8,349,000 төгрөгийн орлого, ******* дугаартай дансанд 1,003,500 төгрөгийн орлого, ******* тоот дансанд 6,093,570 төгрөгийн орлого тус тус орсон байна.

  2.2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуустал хугацаанд *******//-ЫН ХААН банкны ******* дугаартай данснаас 8,348,250 төгрөгийн зарлага, ******* дугаартай данснаас 1,223,841 төгрөгийн зарлагын гүйлгээ бүгд 9,572,091 төгрөгийн зарлага гарсан бөгөөд ******* тоот данснаас ямар нэгэн зарлага гараагүй байна.

3.******* нь ХААН банканд хадгаламжтай байсан бөгөөд хадгаламж барьцаалсан зээлийг 3 удаагийн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 950,000 төгрөгийн, 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 50,000 төгрөгийн, нийт 6,000,000 төгрөгийн зээл авсан байна.

4. *******-ын Хаан банкны *******, *******, ******* тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуустал хугацаанд нийт 9,572,091 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Харин 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаанд хадгаламж барьцаалсан зээл нийт 6,000,000 төгрөгийн зээл авсан байна. Тайлбар: Хадгаламж барьцаалсан зээл болох 3 удаагийн үйлдлээр авсан 6,000,000 /зургаан сая / төгрөгийн гүйлгээг хийхдээ *******ийн эзэмшлийн дугаартай харилцах дансанд шилжүүлсэн байна..гэх дүгнэлт /хх-ийн 87-89/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  27/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 99-102/, депозит дансны хуулганууд /хх-ийн 3-26, 41-63/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 73/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 79, 83-86/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эзэмшлийн ХААН банкны *******, *******, ******* тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 7,195,651 төгрөгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, далд аргаар авч өөртөө захиран зарцуулж бусдад нийт 7,195,651 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******гийн..би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/,

Хохирогч *******ийн...би өөрийнхөө дансыг шалгаж үзтэл миний данснаас мөнгө гарсан байсан,...Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ХААН банкны салбар дээр очиж дансаа шүүлгэж үзтэл миний дансанд ямар ч мөнгө байхгүй , дансны хуулгаа авч үзтэл огт миний хэрэглээгүй зарлага гарсан байсан,....  би дансны хуулгаа шүүж үзэхэд миний данснаас ******* гэх хүн нь манай хүү ийн хадгаламж байсан тухайн хадгаламжийн мөнгийг бас авсан байсан нийт 7,349,000 төгрөг авсан байна. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 111/,

Гэрч ... ийн интернэт банкаар нь орж нэвтэрч мессеж мэдээ ирэх үйлчилгээг идэвхжүүлж өгсөн, ...би жижиг цаасан дээр интернэт банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууц үг, нэвтрэх нууц үг зэргийг өөрийн хүсэлтийнх нь дагуу бичих өгсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №250 дугаартай шинжээчийн...4... *******-ын ХААН банкны *******, *******, ******* тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуустал хугацаанд нийт 9,572,091 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,... 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаанд хадгаламж барьцаалсан зээл нийт 6,000,000 төгрөгийн зээл авсан байна. Тайлбар: Хадгаламж барьцаалсан зээл болох 3 удаагийн үйлдлээр авсан 6,000,000 төгрөгийн гүйлгээг хийхдээ *******ийн эзэмшлийн дугаартай харилцах дансанд шилжүүлсэн байна..гэх дүгнэлт /хх-ийн 87-89/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эзэмшлийн ХААН банкны *******, *******, ******* тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 7,195,651 төгрөгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр, нууцаар, далд аргаар авч өөртөө захиран зарцуулж бусдад нийт 7,195,651 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан,  бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Уг гэмт хэргийн хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь 2024 оны  12 дугаар сарын 27-ны өдрийн № 250 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч ******* нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 7,195,651 төгрөгийг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулаагүй байх тул  шүүгдэгч *******гаас 7,195,651 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор чиглэлийг тогтоох... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  1 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т …шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина...гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт ...ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч *******г гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хамаарч байгаа боловч өмгөөлөгч нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар дүгнэлт гаргасан,

түүнчлэн шүүгдэгч *******гийн  ар гэрт байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал болох 0-6 насны 5 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн эрүүл бойжих, хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлын улмаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн эмнэлгээр эмчилгээ үйлчилгээ авах  зэргээр шүүгдэгч болон түүний асрамжид байгаа бага насны хүүхдүүдийн эрхийг зөрчиж шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногддуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс зорчихоор даалгаж шийдвэрлэх нь улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах ял нь түүний хувийн байдалд тохирохгүй тул улсын яллагч , шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагад гаргасан дүгнэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус тус  заасныг үндэслэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Учир нь шүүгдэгч *******гийн нь үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба  шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн хуульчилсан бөгөөд шүүгдэгч  ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/ ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт амьдардаг,  бага насны буюу 0-6 насны 5 хүүхдүүдтэй, тогтмол орлогогүй, хүүхдийн мөнгөөр өрхийн орлого бүрддэг, нөхөр улирлын ччанартай барилгын ажил хийдэг,  ББСБ-аас авсан зээлтэй/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, , шүүгдэгчийн тайлбар зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж, 

Шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр  зургаан сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******д хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар шүүгдэгч *******д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр зургаан  хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******гаас 7,195,651 төгрөг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

8.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Ч.БАЙГАЛМАА