| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/04549/И |
| Дугаар | 101/ШШ2022/00100 |
| Огноо | 2021-12-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/00100
| 2021 12 28 | 101/ШШ2022/00100 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.А-гийн гаргасан,
Хариуцагч: Б.С,
Хариуцагч: Б.Э нарт холбогдох,
Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.Э, Б.С, өмгөөлөгч Ц.Д, Г.Б, гэрч Ө.О, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би, хариуцагч Б.Стай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С ХХК болон Ч ХХК нарын хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулаагүй, миний бие нотариат дээр очиж байгаагүй бөгөөд толгой компани болох М ХХК-иас тэдгээр гэрээг бүртгүүлсэн байна.
Надад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийн дагуу шийдвэр гүйцэтгэгч М.Амгалантай очиж уулзахад намайг С ХХК-ийн төлбөрийг төл гэсэн. Тэгэхэд нь би, түүнд надад энэ асуудал огт хамаагүй, төлбөр төлөгч нь биш гэдгээ хэлсэн. Миний бие тус компаниудын хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 09 дүгээр сарын 25, 30-ны өдрүүдэд авсан лавлагаа, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан дэлгэрэнгүй лавлагаагаар мэдсэн.
Би, М ХХК-ийн дэд захирлаар ажилладаг байсан ба Ц.М захирлын хүргэн С ХХК-ийн захирал Б.С нь гадаадад түр хугацаагаар явах болсон гэсэн шалтгаанаар надад тус компанийн захирлыг үүргийг түр гүйцэтгэж бай гэсэн чиглэл өгч байсныг хүлээн зөвшөөрч байгаагүй, гүйцэтгэх захирал хийж байгаагүй, надад тамга, тэмдэг, гэрчилгээ, бусад баримт бичиг байхгүй байсан. Тэгсэн ч уг компаниуд ямар ч хөрөнгөгүй, Х тайлан өгч, үйл ажиллагаа явуулдаггүй, би ямар ч шийдвэр гаргадаггүй байсан.
Ер нь энэ компаниудтай холбоотой дүрэм, бичиг баримт, гэрээ хэлцэлд болон хувьцаа эзэмшигчийн шийдвэрт миний гарын үсэг байна гэж үзвэл намайг төлөөлж хуурамчаар дуурайлгаж зурсан гэж үзэж байна. Тиймээс хариуцагч Б.Стай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хийгдээгүй, би эдгээр гэрээ, хэлцэлд гарын үсэг зураагүй, нотариатад очиж байгаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ талаар мэдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 58.1.8-д заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд, нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.С нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан С ХХК, Ч ХХК нарын хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нотариатын хууль бусаар хийсэн үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгч Л.А нь тухайн гэрээнүүд өөрийнхөө хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, нотариатад очиж гэрээг батлуулаагүй, тухайн компаниудын бичиг баримт болон хувьцаа эзэмшигчээр тогтоосон баримтад зурагдсан гарын үсгийг өөрийнх нь гарын үсгийг дуурайлгаж зурсан байна гэж хэлсэн. Тухайн үед тэрээр М ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад хариуцагч Б.Сын үүсгэн байгуулсан С ХХК-ийн хувьцааг шилжүүлэх талаар түүнд удаа дараа санал тавьж байсан байдаг.
Гэвч үүнийг нэхэмжлэгч Л.А хүлээн зөвшөөрч байгаагүй, М ХХК-ийн захирал буюу н.Мянганбаяр чи, Б.Сыг гадаадад явах хугацаанд түр хариуцаж бай гэж хэлсний дагуу гүйцэтгэх захирлын үүргийг орлон ажиллаж байх хугацаанд хэд хэдэн баримтад гарын үсэг зурсан байдаг болохоос хувьцаа эзэмшигч болох талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлээгүй юм гэв.
Хариуцагч Б.Саас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт өгсөн тайлбартаа:
Би, М ХХК-нд дэд захирлаар ажиллаж байгаад 2008 онд ажлаас халагдсан. Энэ үед миний нэр дээр С ХХК, Ч ХХК болон өөр таван компани бүртгэлтэй байсан. Ерөнхий захирал Ц.М /хүргэн ах/, санхүү эрхэлсэн захирал Л.А /Ц.М ахтай баз хүргэн/ хоёр надтай уулзаад дээрх компаниудыг нэхэмжлэгч Л.Ад шилжүүлэхээр болсон.
Ингээд бид нарын ярилцсан ёсоор 2008 оны 11 дүгээр сарын 20 өдөр М ХХК-ийн байранд намайг очиход нэхэмжлэгч Л.А, хуулийн зөвлөх О, дуудлагаар ирсэн нотариатч Б.Э нар бүх бичиг баримтыг бэлдэж, гарын үсэг зурсан ба уг компаниуд нь ашигт малтмалын лиценз эзэмшдэг байсан.
Нэхэмжлэгч Л.А нь М ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа бүх компаниудын үйл ажиллагаанд оролцдог байсан болохоор нэхэмжлэлд бичсэн зүйлд итгэхгүй байна. Тус С ХХК, Ч ХХК-иудын эрх шилжүүлж авах гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээн дээр байгаа гарын үсэг, компаниудын дүрэм дээр зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг мөн. Ц.М болон Л.А нар одоог ч хүртэл ажил хэргийн харилцаатай байдаг, компаниудын хувьцааг ажил хэргийн хүрээнд шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нь өөрөө мэдэж байгаа билээ.
Миний бие 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тус компаниудын үйл ажиллагаанд оролцоогүй, нэхэмжлэгч Л.Атай уулзаж байгаагүй, хуулийн этгээдийн эрх шилжсэнээс хойш 13 жилийн дараа ийм нэхэмжлэл гаргаж байгааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Бид, компани бүрийн хувьцааг нийт 1,000,000 төгрөгөөр үнэлээд би мөнгөө аваад явсан ба тус хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч С.Арслан гарын үсгээ зурж, нотариатыг дуудаж гэрчлүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч нь Ч ХХК-ийн хувьцааг О гэж хүнд худалдсан байсан, тухайн гэрээг гэрчилсэн нотариатын дэвтэрт Л.Агийн гарын үсэг зурагдсан байна. Тэгэхээр өөрөө мэдэхгүйгээр бусдаас компанийн хувьцааг шилжүүлэн авсан гэсэн тайлбар ор үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь намайг оролцуулахгүйгээр гэрээ байгуулсан гэсэн. Гэтэл шүүхээс томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Л.Агийн гарын үсэг мөн байна гэжээ. Мөн одоог хүртэл нэхэмжлэгч Л.А нь С ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн хэвээр, Ч ХХК-ийн хувьцааг өөр хүнд шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бичгийн хэлбэртэй гэрээ хэлцэлд хүсэл зоригоо илэрхийлэгч гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн 42.4-т нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг нотариат гэрчилсэн бол хүчин төгөлдөр болон гэж заасан. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан хэлцэлд талууд гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн байдаг. Гэвч хууль зөрчсөн хэлцэл гэдэг нь хуулийн хэм хэмжээг зөрчсөн хэлцлийг хамааруулж ойлгох ёстой байтал нэхэмжлэлд ямар хуулийг ноцтой зөрчөн үйл баримт тогтоогдсон талаар дурдаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэсэн боловч ямар хэлцлийг халхавчлахаар байгуулсан гэдэг үндэслэл нь алга, энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Мөн хуулиар зөвшөөрсөн хэлбэрийг зөрчиж хийсэн буюу нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч чухам ямар үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах гэж байгаа вэ гэдэг талаар тайлбарлаагүй, хавтаст хэрэгт тухайн үйл баримттай холбоотой нотлох баримт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсон баримтыг өөрсдөө шүүхэд гаргаж өгөх тухай зохицуулсан. Гэвч хавтаст хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эгээс тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Би, 2008 оны 11 дүгээр сарын 21-ний С ХХК, Ч ХХК-иудын эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн.
Нэхэмжлэгч Л.А нь 2008 оны 11 дүгээр сарын 21-ний тус компаниудын эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээ, хэлцэлд би гарын үсэг зураагүй, нотариатад очиж байгаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мэдээгүй гэжээ. Миний хувьд М ХХК-тай хийсэн нотариатын үйлчилгээ үзүүлэх тохиролцооны дагуу өөрийн ажлын байранд болон зарим тохиолдолд уг компанийн байранд дуудлагаар очиж нотариатын үйлчилгээ үзүүлдэг байсан.
Тухайн үед буюу 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-ийн ажлын байранд очиж нэлээд хэдэн гэрээ, компанийн бичиг баримт гэрчилсэн байна. Энэ үед С ХХК болон Ч ХХК нарын эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг компанийн зүгээс бэлдсэн байсан тул би Нотариатын хууль тогтоомжийн дагуу холбогдох талуудыг байлцуулж, бичиг баримтын бүрдлийг шалгаад гэрчилсэн.
Нэхэмжлэгч Л.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нотлох баримтаас харахад бүх гэрээ дүрмийг нотариатч намайг хууль бусаар бэлдэж хийсэн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Тэрээр өөрөө дээрх компаниудын захирал байсан гэдэгтэйгээ маргадаггүй, 2008 оноос хойш захирал хийж байсан хүн тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь хэн бэ гэдгийг мэдэлгүй 13 жил болсон гэхэд үнэмшилгүй байна. Тэр үед надад компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, холбогдох бичиг баримтыг батлуулах ажил байна, тийм учраас, манай компанийн байранд хүрч ирээд үйлчилгээ үзүүлэх боломжтой юу гэсэн хүсэлтийн дагуу очиж үйлчилгээ үзүүлсэн.
Намайг очих үед н.Мянганбаяр захирлын өрөөнд эдгээр хүмүүс цугларсан байсан ба холбогдох баримтыг бэлдсэн байсан учир миний бие гэрээ, хэлэлцээрийг бүртгэж, бүртгэлийн дэвтрийг дамжуулж өгөөд гарын үсэг зуруулсан. Үүнийг нэхэмжлэгч Л.А нь өөрөө мэдэж байж өөрийгөө байхгүйд миний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэсэн тайлбарыг өгч байгаа нь үндэслэлгүй, харин яагаад түүнийг бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүйг мэдэхгүй байна. Би, уг компаниудын хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн, гэрээний талууд бүгд биеэр байсан, бүртгэлийн дэвтэрт хариуцагч тал үсэг зурсан байна.
Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг мэдэж байсан атлаа 13 жил өнгөрсөн байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Агаас хариуцагч Б.С, Б.Э нарт холбогдуулан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч нь С ХХК болон мөн Ч ХХК-иудын хувьцааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, эдгээр гэрээ, хэлэлцээрийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л.А 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.Стай С ХХК, түүнчлэн Ч ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, эдгээр компанийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн байна.
Тодруулбал, зохигчид С ХХК-ийн 1,000 ширхэг хувьцааг 1,000,000.00 төгрөгөөр, Ч ХХК-ийн 1,000 ширхэг хувьцааг 1,000,000.00 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авахаар тохиролцсон ба талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Л.Аг худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн эсэх талаар маргаагүй /х.х-ийн 19, 24, 29, 30 хуудас/.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн болон худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна гэж, мөн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж тус тус зааснаар С ХХК болон Ч ХХК-иудын хувьцаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болохын хувьд талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл болжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л.А нь тус гэрээ, хэлэлцээрийг үндэслэн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд С ХХК, Ч ХХК нарын хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Тодруулбал, тухайн компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ болоод компанийн дүрэмд нэхэмжлэгч нь компаниудын 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 8, 11-13, 69-71, 97 хуудас/.
Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн гэж, түүнчлэн 16.2-т Компанийн дүрэмд дараах зүйлийг заавал тусгана гээд 16.2.2-т компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тус тус тусгах гэж, мөн 17 дугаар зүйлийн 17.4-т Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, С ХХК, Ч ХХК нарын хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгч Л.Агийн ийнхүү 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталсан дүрмүүд нь тус компаниудын үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дээр дурдсан хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болсон байна.
Энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд 22.3.3-т дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт-ийг бүртгүүлдэг журамтай.
Иймд, нэхэмжлэгч Л.А болон хариуцагч Б.С нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байна.
2. Гэтэл нэхэмжлэгч Л.А нь тус С ХХК болон Ч ХХК-иудын хувьцааг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж, мөн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж, бас 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хүчин төгөлдөр төгөлдөр бус хэлцэл нь талуудын хооронд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд тийнхүү тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон бол дээр дурдсан хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хэлцлээр авсан болон өгсөн зүйлийг харилцах буцаах үүрэг үүсдэг.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бол нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд нийтийн дэг журам, ёс суртахуун, зан үйлд огт нийцэхгүй байхыг ойлгоно.
Мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл байдаг.
Түүнчлэн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ. Уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна.
3. Гэвч нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Стай 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан С ХХК, Ч ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус ямар хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан талаар тодорхой тайлбар өгсөнгүй.
Тэрээр шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн гэрээнүүдэд гарын үсэг зураагүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар эдгээр гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлж байгуулаагүй гэсэн.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0 тоот захирамжаар шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2959 тоот дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч Л.А нь 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан С ХХК, мөн Ч ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх тухай гэрээ, түүнчлэн компанийн дүрэмд тус тус гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байна /х.х-ийн 192-196 хуудас/.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан буюу хууль зөрчсөн, миний зөвшөөрөлгүйгээр гэрээ, хэлэлцээрийг байгуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээг байгуулсан гэсэн үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй юм.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л.А 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ч ХХК-ийн 1,000 ширхэг хувьцааг Б.От бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бол Б.О нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Б.Сад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, улмаар хариуцагч Б.С нь 2014 оны 09 дүгээр 17-ны өдөр Ц.Лд мөн адил бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна /х.х-ийн /.
Тодруулбал, нэхэмжлэгч Л.А нь өнөөдрийн байдлаар Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, харин С ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн чухам ямар эрх ашиг Ч ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б.С нь 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Л.Ад худалдсан Ч ХХК-ийн хувьцааг буцаан Б.Ооос шилжүүлэн авч, хожим Ц.Лд шилжүүлсэн үйл баримт бий боловч гагцхүү үүнийг үндэслэн зохигч нарыг дүр үзүүлсэн, аль эсхүл өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хийсэн гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын тайлбараар халхавчлуулж буй хэлцэл нь тодорхойгүй, гэрчийн мэдүүлгээс үзвэл тодорхой этгээдүүдийн ажил хэргийн хүрээнд хийгдсэн гэрээ, хэлэлцээр байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэхэд учир дутагдалтай байна.
5. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхтэй бөгөөд тийнхүү татгалзах үндэслэл байхгүй бол гэрээ, хэлэлцээрийг гэрчлэх ба хожим 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар 31 дүгээр зүйлийг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцож болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч буюу нотариатч Б.Э нь 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.С нарын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан С ХХК, мөн Ч ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн байна /х.х-ийн 165-167 хуудас/.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заажээ. Тодруулбал, энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн-ээр хүчин төгөлдөр болно гэсэн.
Гэвч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй, энэ талаар Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараах гэрээ, хэлцлийг гэрчилнэ гээд 46.1.6-д эрх шилжүүлэх гэрээ гэж, мөн 46.1.8-д хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, хуульд компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэхийг шаардаагүй бөгөөд харин талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлж болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.С нарын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатч Б.Эгийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн бүртгэлийн дэвтэрт хариуцагч Б.С гарын үсэг зурсан бол нэхэмжлэгч Л.А гарын үсэг зураагүй байна.
Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална гэж, мөн 26.2-т Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ гэж, түүнчлэн 26.3-т Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэл гарын үсэг зурна гэж тус тус заасан.
Нотариатын бүртгэл нь тухайн нотариатын үйлдэл хийснийг гэрчлэх баримт бөгөөд нотариатч Б.Э нь 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.С нарын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн үйлдлээ өөрийн бүртгэлийн дэвтэртээ бүртгэсэн ба хэдийгээр дэвтэрт нэхэмжлэгч Л.А гарын үсэг зураагүй байгаа нь нотариатч Б.Эгийн үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, зохигчид 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан тухайн гэрээ, хэлэлцээрийг нотариатаар гэрчлүүлсэн, тэрхүү гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгч Л.Аг С ХХК, мөн Ч ХХК-иудын хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байх тул нотариатч Б.Эгийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн үйлдлийг нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцох нь учир дутагдалтай болно.
6. Хариуцагч Б.С, Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Л.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эсэргүүцэж маргаж байна.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг.
Тодруулан хэлбэл, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой бус, гэрээ, хэлэлцээр болон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тоолно.
Ингээд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зохигчдын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тоолоход 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дууссан байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж зааснаар нэхэмжлэгч Л.А, хариуцагч Б.С нарын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан С ХХК, Ч ХХК-иудын хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэж 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Л.А нь дээр нэр дурдсан компаниудын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан талаар 2020 оны 09 дүгээр сарын 25, 30-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авсан лавлагаагаар мэдсэн гэсэн боловч үүнтэй холбоотой тайлбараа тодорхой баримтаар нотлоогүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С, Б.Э нарт холбогдох 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан С ХХК, Ч ХХК нарын хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР