Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/04074

 

 

 

 

 

 

 

2021 12 07 101/ШШ2021/04074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Н.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийг асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Б.Б-тэй танилцаж улмаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Т төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2020 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Б.Т эх Н.Эын асрамжинд амьдарч өсч торниж байна. Хүүхэдтэй болсноос хойш олон удаа салж байсан. Хүүгээ 1 сартай байхад тусдаа амьдарсан ч сарын дараа эвлэрээд 3 сард дахин муудалцаж салсан. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Төгөлдөрийг миний асрамжинд үлдээж, эцэг Б.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Н.Этай танилцан 2019 оны 09-р сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2019 оны 09-р сарын 01-ны өдөр хүү Б.Т төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 03-р сараас тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Б.Т миний хүү мөн, маргах зүйлгүй. Хүүхдийг эхийн асрамжинд үлдээж тэтгэлэг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Бээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б нь гэрлэлт цуцлуулж, хүү Б.Т-ийг эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Гэрлэгчид 2017 онд танилцаж 2019-09-13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2019-09-01-ний өдөр хүү Б.Т төрж, эцэг, эхийг тусдаа амьдрах хугацаанд Б.Т нь эхийн асрамжинд эрүүл өсөн бойжиж байгаа болох нь иргэний гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 07-р хорооны Таны Итгэл ӨЭМТөвийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид зан харилцааны хоорондын таарамжгүй байдлаас 2020 оны 03-р сараас тусдаа амьдарсан, одоо хэн аль нь бие биенээ гэх хайр халамжгүй, эхнэр нөхрийн дотно харьцаагүй, цаашид гэр бүлийн амьдралаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлгүй гэсэн тайлбарыг гаргасан, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үр дүнд хүрээгүй, хэн аль нь гэр бүлээ авч үлдэх идэвхи санаачлага гаргахгүй байх тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2019-09-01-ний өдөр төрсөн хүү Б.Т нь эцэг эхийг тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжинд эрүүл өсөн бойжиж байгаа байдал, насны байдал зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэх.

Хүүхдийн эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан явдал нь эцэг, эхийг хуулиар тогтоосон үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхийг хязгаарлах эрхгүй юм.

Эцэг Б.Б-ий хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах эрх, үүрэг нь хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч Н.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,065 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бээс 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Н.Э, Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019-09-01-ний өдөр төрсөн хүү Б.Т-ийг эх Н.Эын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-ээс тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Б.Б, эх Н.Э нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА