Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 205/МА2019/00004

 

Д.Цо-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Цо-гийн өмгөөлөгч

/Увс аймгаас онлайнаар/: Б.*******

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын

итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цо- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Дашдоржийн Цо- миний бие 1997 онд Европ хэлний дээд сургуульд элсээд 2001 онд төгсөөд Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд Англи хэлний багшаар ажиллаж байгаад 2014 оны 08 сарын 08-нд Завхан аймгийн Идэр сумын сургуулийн захирлаар томилогдон ажилласан юм. Миний бие Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй, тогтвор суурьшилтай 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Гэтэл миний бие ажил үүргээ ном журмын дагуу гүйцэтгэж байтал Завхан аймгийн засаг дарга Д.******* нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас Аймгийн засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж чөлөөлсөн юм. Миний нөхөр Д.******* нүдний хагалгаанд Улаанбаатар хотод орох болсон тул би 2018 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн 10 хоногийн цалинтай чөлөө аймгийн Засаг даргаас авч явсан. Гэтэл нөхөр маань хагалгаанд орсны дараа явж чадахгүй дахин шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул миний бие ажлын 2 хоногийн чөлөөг Идэр сумын Засаг дарга Х.*******аагаас түүний ******* дугаартай утас руу нөхөр Д.*******ийн ******* дугаартай утаснаас 2018 оны 03 сарын 23 өдөр 3 минут хиртэй ярьж албан ёсны чөлөө авсан юм.

Миний бие албан ёсоор гачигдалаа утсаар хэлж чөлөө авсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 2 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна.

Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Б/66 тоот Завхан аймгийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд буцааж эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Дашдоржийн Цо- нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/66 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаартай захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсэргийн нэгж түүний удирдагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Завхан аймгийн Автотээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018 оны хот хооронд зорчсон талаарх тасалбар, оролцогч Д.Цо-гийн сонсох ажиллагааны тайлбар болон холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тасалбар болгон Д.Цо-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг хангаж байх тул Д.Цо-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Цо- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг 2014 оноос эхлэн хийж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нөхөр 2018 оны 03-р сарын 06-ны өдөр хүнд зодуулж хүнд гэмтэл авсан. Ингээд нөхрийгөө 2018 оны 03-р сарын 08-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай хугарсан, хамар хугарсан байна. Заавал Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай гэж эмч нар хэлсэн учраас би 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг дарга өгөх ёстой гэж Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргаас 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс ажлын 10 хоногийн цалинтай чөлөө авсан. Ингээд би нөхрийгөө аваад 2018 оны 03-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хот ороод 2018 оны 03-р сарын 12-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд 2018 оны 03-р сарын 20-ны өдөр нүдний ухархайн хагалгаанд ороод 2018 оны 03-р сарын 23-ны өдөр эмнэлгээс гаргасан. Тухайн үед нөхөр маань маш их хэмжээний цус алдсан, нэг нүд нь боолттой байсан учраас нэг хүн заавал хамт явах шаардлагатай байсан. Ингээд би байнга хамт явж байсан. Манай нөхрийг эмнэлгээс гарахад нь эмч 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн өглөө нүднийх нь хагалгааны оёдлыг авхуулаарай гэж хэлсэн. Миний чөлөөний хугацаа 2018 оны 03-р сарын 23-ны орой дууссан учир би 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн оройн 06 цаг 30 минутад сумын Засаг дарга *******аатай утсаар холбогдоод ...нөхөр маань 2018 оны 03-р сарын 26-ны өглөө нүднийхээ хагалгааны оёдлыг авхуулахаар байна. Мөн шинжилгээнд хамрагдаж магадгүй байна. Та 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрийн чөлөө өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Засаг дарга *******аа зөвшөөрсөн. Тийм учраас би аймгийн Боловсрол соёлын газрын дарга болон аймгийн Засаг дарга руу чөлөөний асуудлаар яриагүй. Ингээд би 2018 оны 03-р сарын 26-ны өдөр нөхрийнхөө нүднийх нь хагалгааны оёдлыг авахуулаад 2018 оны 03-р сарын 27-ний өдөр автобусанд суугаад 2018 оны 03-р сарын 28-ны өдөр ажилдаа бэлэн ирсэн. Тийм учраас 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрүүдэд сумын Засаг даргаас чөлөө авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 4.4.2-д 3 өдрийн чөлөөг Боловсрол соёлын газрын дарга, 4.4.3-д 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг дарга, 4.4.1-д 1 өдрийн чөлөөг сумын Засаг дарга өгнө гэж заасан. 2 хоногийн чөлөөг хэн өгөх нь тодорхой бус байсан учраас би сумын Засаг даргаас 2 хоногийн чөлөө авсан. Тухайн үед сумын Засаг дарга *******аа надад 2 хоногийн чөлөө өгөхийг зөвшөөрсөн учраас би өөр хэн нэгэн рүү чөлөөний асуудлын талаар яриагүй. Ийм учраас 2 хоног ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсандаа гомдолтой байна. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсч байна гэв.

Нэхэмжлэгч Д.Цо-гийн өмгөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цо-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Д.Цо-г аймгийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гэдгийг Засаг даргаас Д.Цо-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д ...3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргын зөвшөөрснөөр, 6.1.1-д ...ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө, 9.3.5-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй бол гэсэн эдгээр 3 заалтуудыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж эдгээр заалтуудыг баримтлан ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Цо- нь 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл 10 хоногийн цалинтай чөлөөг аймгийн Засаг даргаас авсан байдаг. Д.Цо-гийн 10 хоногийн чөлөөний хугацаа 2018 оны 03-р сарын 23-ны өдөр буюу 5 дахь өдөр дууссан. Цо-гийн нөхөр нь нүдний хагалгааныхаа оёдлыг 2018 оны 03-р сарын 26-ны өдөр авахуулах шаардлагатай байсан. Тухайн үед өвчтэй нөхрийг нь эмнэлэгээр авч явах хүн Цо-гаас өөр байгаагүй учраас Д.Цо- 2 хоногийн чөлөө авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм. Д.Цо- нь чөлөө авсан хугацаандаа нөхрийгөө хагалгаанд оруулсан, оёдлыг нь авахуулсан, үзүүлж, эмчлүүлж, сувилуулсан байдал нь өвчний карт дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчилгээ хийлгэсэн бичилтээс харагддаг, нотлогддог. Нөхрийнх нь өвчний картыг хэрэгт албан ёсны нотлох баримтаар нотариатаар баталгаажуулан хавсаргасан байгаа. Нөгөө талаар Д.Цо- нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 4 жил ажиллаж байгаа удирдах албан тушаалтан юм. Ямар тохиолдолд чөлөө авах, ямар тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан болох талаар Цо- өөрөө мэдэж байсан учраас 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн 18 цаг 24 минут 43 секундэд Д.Цо- нөхрийнхөө ******* дугаарын утаснаас Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга *******аагийн ******* дугаарын утас руу залгаж ярьсан ярианы билл нь тодорхой байдаг. Хэрэв Цо-д Идэр сумын Засаг дарга *******аа ямар нэгэн чөлөө өгөөгүй бол Цо- ямар нэг аргаар Боловсролын газар, эсвэл аймгийн Засаг дарга руу утсаар ярьж чөлөө хүсэх боломжтой байсан. Гэтэл Идэр сумын Засаг дарга *******аа Цо-д чөлөө өгсөн учраас өөр хэн нэгэн рүү холбогдож чөлөө хүсэх шаардлага байгаагүй. Тэгэхээр Цо-гийн 2 хоног ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар Д.Цо-г ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэдгийг нэхэмжлэгч тал ярьлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчилд хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д ...3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргын зөвшөөрснөөр, 6.1.1-д ...ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө, 9.3.5-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй бол гэсэн үндэслэлүүд байгаа. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь заалтыг тайлбарлья. Цо- нь аймгийн Засаг даргаас 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс цалинтай 10 хоногийн чөлөө хүссэнээр аймгийн Засаг дарга Д.Цо-д 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. Хэрэв Цо- нөхрийгөө үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол хамгийн эхэлж хэнээс чөлөө авсан тэр албан тушаалтандаа хандаж дараагийн чөлөөний асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан 2 хоногийн чөлөө хэнээс авах нь тодорхойгүй байсан гэж яриад байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээнд 1 хоногийн чөлөөг сумын Засаг дарга, 2, 3 хоногийн чөлөөг Боловсрол соёлын газрын дарга, 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргаас авахаар заасан байгаа. Тэгэхээр 2 хоногийн чөлөөг хэнээс авах нь тодорхойгүй зүйл байхгүй. Мөн 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрүүдэд нөхрийгөө үзүүлсэн учраас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэгч ярьж байна. Үүнийг нотлох баримтаар 1-р эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөн байна лээ. Нотлох баримт гэдэг бол хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн, хуульд заасан хэлбэрийг хангасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт нь Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалаар батлагдсан эмнэлгийн магадлагаа ямар журам, ямар шаардлагыг хангасан байх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч, ерөнхий эмч гарын үсгээ зурж, албан тушаалаа бичээд тамга тэмдэгээ дарсан байх ёстой. Мөн тухайн эмнэлэгээс гарч байгаа эмнэлэгийн магадлагаа нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзэж болохоор бол зайлшгүй эмнэлэгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байх ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалд тодорхой заасан байна. Тийм учраас Цо- нь 26, 27-ны өдрүүдэд чөлөө хүсэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Цо- нь Сумын засаг даргаас 2018 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 14-ний өдрийн хооронд 4 хоногийн чөлөө авсан байсан. Гэтэл сумын Засаг дарга 4 хоногийн чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан биш. Д.Цо- хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хэд хоногийн чөлөөг хэнээс, ямар албан тушаалтнаас авах талаар мэдэж байсан гэдэг нь Д.Цо-гийн аймгийн Засаг дарга, сумын Засаг даргаас авсан чөлөөний болон Боловсрол соёлын газраас авч байсан чөлөөний баримтуудаар нотлогдож байна. Мөн сумын Засаг дарга *******аа гэрчийн мэдүүлэгтээ Д.Цо-г ...өөрөөс нь чөлөө авъя гэж яриагүй, нөхөр нь ийм өвчтэй байна. 2 хоног ажилдаа ирэх боломжгүй байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй аймгийн Засаг даргатай холбогд гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тийм учраас Д.Цо- нь аймгийн Засаг даргаас чөлөө авах ёстой байсан боловч аваагүй нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж үзэж байна. Мөн 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс чөлөө авчихаад 2018 оны 03-р сарын 23-нд чөлөөний хугацаа дуусахад нь аймгийн Засаг даргаас чөлөөгөө авах ёстой байсан. Мөн Сумын засаг даргаас 2018 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 14-ний өдрийн хооронд 4 хоногийн чөлөө авсан байсан. Энэ хугацаанд хадам ээжийгээ эмнэлэгт үзүүлсэн гэж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй, чөлөөг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргаас авах ёстой байсныг сумын Засаг даргаас авсан байгаа тул хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Энэ хугацааг мөн ажил тасалсан хоногт оруулан тооцож байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цо-г Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Цо-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Уг захирамжид Д.Цо- хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг хэзээ хэрхэн гаргасан талаар огт дурьдаагүй, ямар зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна. Уг захирамжийг гаргахдаа зөрчлийг хэзээ хэрхэн гаргасан талаар тусгах шаардлагагүй бөгөөд уг захирамж гаргах талаар Д.Цо-д Захиргаан Ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж тайлбар өөрийн гараар бичиж өгсөн.

Д.Цо-гийн гаргасан гэх ноцтой зөрчлийн улмаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл байгаа нь тогтоогдоогүй байна хэмээсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Д.Цо- нийт 6 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь хот хооронд зорчсон тасалбар болон өөрийнх нь тайлбаруудаар нотлогдож байна.

Энэхүү гаргасан ноцтой зөрчлийг тээврийн хэрэгслэлээр зорчсон талаар албан бичгийг хүлээн авсан өдрөөр хариуцагч тал мэдсэн бөгөөд энэхүү зөрчлийг ажил олгогч мэдсэн хугацаа гэж үзэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан бичиг явуулсан нь зөрчлийг мэдсэн хугацаа гэж тооцох учир дутагдалтай. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр бид Д.Цо-г зөрчил гаргасан байна гэдгийг албан ёсоор мэдэж байгаа юм.

Иймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Д.Цо-гийн өмгөөлөгч Б.*******/Увс аймгаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаандгаргасан тайлбартаа:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Цо-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн талаас гаргасан гомдол саналыг үндэслэлгүй гэж үзэж байна яагаад гэвэл анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай иргэний хэргийн анхан шатны шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Д.Цо- тухайн үед сахилгын шийтгэлийг удаа дараа гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, хоёрдугаарт Д.Цо-г ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, ноцтой зөрчил гаргасан гэж 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/66 дугаартай Завхан аймгийн Засаг даргын захирамж гарсан байгаа энэ нь бодит үндэслэлгүй гарсан захирамж байсан. Д.Цо- нь албан ёсоор чөлөө аваад нөхөр нь эмчилгээнд явсан учраас тухайн хүсэлтээ 10 хоногийн чөлөө болон дараа нь 2 хоногийн ажлын чөлөөг Идэр сумын Засаг даргаас утсаар авсан нь тогтоогдсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тухайн давтан зөрчил гаргасан ноцтой зөрчил гаргасан гэдэг ийм үндэслэл тогтоогдоогүй хуулийн дагуу тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хууль буруу тайлбарласан гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас давж заалдах гомдол нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа, гомдлынхоо үндэслэлийг тайлбарлая. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 60 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь тогтоогдохгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдоогүй байна гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байгаа. Энэ хуулийн заалтаас үзэхэд хоёр агуулгыг илэрхийлж байна гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан

Хоёрдугаарт: Ноцтой зөрчил гаргасан

Гэтэл манай хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр шийдвэрийг гаргаж Д.Цо-г ажлаас чөлөөлсөн. Гэтэл шүүгч хууль буруу тайлбарлан давтан гаргасан гэдэг нь баримтаар нотлогдоогүй байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан нь шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүнээс улбаалан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гэдэг нь: Сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог. Хөөн хэлэлцэх хугацааг Улсын дээд шүүхийн 2016 оны 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн байгаа. Мөн ноцтой зөрчил гэдэг нь ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж ойлгогдохүйц нөхцөл байдлыг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг зогсоож байгаа тохиолдолд ноцтой зөрчил гэж үзээд хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой. Гэтэл шүүхээс энэ нь манайхаас ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр чөлөөлж байхад давтан гаргасан гэдэг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлаж хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн буюу мэдсэн хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өмнө мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан гэм буруугүй гэдгээ заавал нотлох ёстой гэтэл шүүхийн шийдвэр буюу шүүгчээс Д.Цо-гийн ажил тасалсан хугацааг мэдсэн хугацаанд тооцохгүй гэж үзэж 08 дугаар сарын 22-оос өмнө мэдсэн гэдэг. Гэтэл нэхэмжлэгч талаас энэ зөрчлийг мэдсэн хугацааг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй мөн шүүх яагаад ноцтой зөрчилд хөөн хэлэлцэж хэрэглэж байгаа талаар мөн зөрчлийг 08 дугаар сарын 22-оос өмнө илрүүлсэн гэдгийг ямар нотлох баримтаар тогтоож байгаа талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгөөгүй. Шүүх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгч шийдвэрээ амаар тайлбарладаг, амаар тайлбарлахдаа ажил тасалсан зөрчил нь тогтоогдож байна гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нэг сарын өмнө мэдсэн байх ёстой гэж шүүгч шүүхийн шийдвэрээ тайлбарлаж байсан. Гэтэл шүүхийн шийдвэр бичгээр гарахдаа өөрөөр гарсан үүнд эмнэлгийн магадалгаа зэргээр хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг нь тогтоогдож байгаа учир хариуцагч талын тайлбарлаж буй нь үндэслэлгүй болон нотлох баримт хангалтгүй байна гэж тайлбарласан. Гэтэл шүүгч амаар тайлбарлахдаа өөрөөр тайлбарласан, үүнээс үндэслэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийг хэлбэрийн төдий гаргасан мөн шүүх хуралдааны дараа гаргасан үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгч шийдвэрээ бүхэлд нь зөвлөлдөх тасалгаанд гаргах учиртай мөн процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Үүнд ялангуяа эмнэлгийн магадлагаа гэж байгаа Д.Цо-гийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд чөлөөлсөн эмнэлгийн магадлагааг манайхаас шүүх хуралдаан эхлэхээс өмнө энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмнэлгийн магадалгаа бол тодорхой дүрэм, журам, хуульд заасны дагуу гаргасан нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой. Иймээс нэгдүгээр эмнэлэгээс гаргасан эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалаар батлагдсан эмнэлгийн магадлагаа олгох журамд заасан шаардлагыг хангаагүй байгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт тайлбар нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх бол шүүх түүнийг хүлээн авч шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна гэсэн хүсэлтийг шүүгч шийдвэрлээгүй нь өөрөө шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үндэслэлтэй байна. Шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй магадлагааг үндэслээд шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бүх талаас нь бүрэн үнэн зөв бодитой нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Нэхэмжлэгч Д.Цо- нь хариуцагч Завхан аймгийн засаг дарга Д.*******д холбогдуулан Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Цо- нь Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуульд захирлаар ажиллаж байсан бөгөөд Завхан аймгийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн Б/66 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож, Д.Цо- нь ажил олгогчтой байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй, 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан нь .... баримтаар тогтоогдсон тул Д.Цо-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 Тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Д.Цо- нь тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд, мөн 2018 оны 04 сарын 11-нээс 14-ны өдөр, 2018 оны 06 сарын 18-ны өдөр, 2018 оны 06 сарын 18, 19-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь Авто тээврийн Үндэсний төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэжээ.

 Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт зааснаар хүндэтгэх шалтгаангүйгээр 2 хоног, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Цо- нь 2018 оны оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд, мөн 2018 оны 04 сарын 14-ны өдөр, 2018 оны 06 сарын 18-ны өдөр, 2018 оны 06 сарын 18, 19-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үйл баримт тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл: Д.Цо- нь 2018 оны 03 дугаар сарын 26, 27,28 ны өдрүүдэд Улаанбаатар хотод өөрийн нөхөр Д.*******ийг эмнэлэгт хэвтэж байхад нь асарсан, 2018 оны 04 дүгээр сарын 11-нээс 14-ны хооронд албан ёсны чөлөөтөй байсан, 2018 оны 06 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан болох нь хэрэгт авагдсан өвчтөний карт, нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдөл, түүнд цохолт хийсэн Идэр сумын тамгын газрын баримт, УНТНЭ-ийн эмнэлгийн магадлагаа зэрэг баримтаар Д.Цо- нь захиргааны чөлөөтөй болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож байгаа бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

 Ажил олгогч нь тушаалынхаа үндэслэл болгож Д.Цо-гийн Улаанбаатар хот руу явсан болон Улаанбаатар хотоос ирсэн гэх талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ баримт нь Д.Цо-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх нотлох баримт биш байна.

 Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгч Д.Цо-г хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног, түүнээс дээш хугацаанд ажилдаа ирээгүй, ажиллаагүй гэх ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 Иймд ажил олгогчийн Д.Цо-г ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байх тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР