Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/268

 

 

 

 

 

    2021           3             16                                       2021/ДШМ/268                                                

 

Д.Э, Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Д.Нямбат,

яллагдагч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, Т.Одгал, Б.Түвшинтөгс,

яллагдагч Б.Уөмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Нямбатын бичсэн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Д.Э, Б.У нарт холбогдох эрүүгийн 2008018241194 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Жадамбаа овгийн Д.Э, 1986 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст цагдаа, зохицуулагч ажилтай, ам бүл 1,

            2. Цагаан овгийн Б.У, 1990 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2,

Яллагдагч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.У байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирласан буюу 2019 оны 1 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар багийн 19 дүгээр байрны 41 тоотод гэртээ, 2019 оны 7 дугаар сард наадмын өмнө, 2019 оны 11 дүгээр сарын 2-нд, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнө, 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гараараа цохих хөлөөрөө өшиглөх, үсдэх, хоолой боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.У 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гараар цохиж Б.У биед тархи  доргилт, цээж, эрүү, баруун өвдөг, зүүн шилбэ, зүүн мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй дагавар хүүхэд У.Д байнга буюу 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоотод гараар цохих, хөлөөрөө өшиглөх, чихнээс нь зулгаах зэрэг байдлаар харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн,

Яллагдагч Б.У нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий нөхөр Д.Этай харилцан зодолдож өмдний тэлээгээр толгой, хэвлийн тус газар нь ороолгож цохиж, гуяыг нь хазаж биед дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зулгаралт /хазагдсан шарх/, хэвлийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Уүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад “...гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, ... зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана.” гэж заасныг хангаагүй гэж үзлээ. Учир нь, прокуророос Д.Эг “2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоотод гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй хүүхэд У.Д байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж яллахдаа тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй, тодорхойгүй байдлаар “2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд” гэж бичсэн нь дээрх хуулийн шаардлага хангахгүй буюу гэмт хэрэг гарсан байдал буюу хэзээ, хаана яаж үйлдэгдсэн талаарх заавал нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байна.

Нөгөөтэйгүүр, Д.Эы гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийн давтамж /цаг, хугацааны хувьд/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “байнга” гэсэн шинжийн тооны давтамжийг агуулж байгаа эсэх, байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /2хх 44-46/, хүчирхийллийн аюулгүй зэргийн үнэлгээгээр “бага” гэж үнэлэгдсэн нь илэрч буй аюултай түвшин, зүй тогтлыг анхаараагүй, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Мөн насанд хүрээгүй хохирогч У.Дий хувийн байдалтай холбоотой баримт буюу төрсний бүртгэлийн лавлагаа /төрсний гэрчилгээ/ болон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл үйлдээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Д.Э, Б.У нарын гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, аль алиныхаа биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэл муутай, оновчтой бус байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт зэргийг тогтоох шаардлагатай. Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 4/47 тоот тогтоолд заасан үндэслэл, шалтгаан нөхцөлийг бүрэн бодитой тогтоолгохоор хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагааг хийлгүй 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 907/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг дээд шатны прокурорын тогтоолыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр гэмт этгээдийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг явуулах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болоод шударга ёсны зарчимд нийцнэ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Д.Э, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

  Прокурор Д.Нямбат тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой гэж үзэж байна. Үүнд, насанд хүрээгүй хохирогч У.Д нь яллагдагч Д.Эы талаар “чихнээс өргөөд хөндүүр болгосон, шанааны үснээс татах, хөлөөрөө өшиглөдөг, толгойноос дарж ширээ мөргүүлдэг, асаагуур ч юм уу гартаа тааралдсан зүйл шиддэг, цонхоор шиднэ гээд тонгойлгоод дарсан, манайхаас зайл гээд миний хувцастай чемоданыг үүд рүү шидсэн, байнга зоддог байсан” гэж мэдүүлсэн боловч хэзээ, хаана, хэдэн удаа үйлдэгдсэн гэдгийг хэлж мэдэхгүй мартсан болохоо мөн мэдүүлсэн. /1хх 58/ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж эхлээд улмаар гэмт хэрэг төгссөнөөс хойш 2 жилийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 20, 23-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр У.Дөөс мэдүүлэг авахад гэмт хэрэг хэзээ, хаана гарсан талаар санахгүй байсан. Өөрөөр хэлбэл, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж У.Дөөс хичнээн удаа мэдүүлэг авсан ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй юм. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй дагавар хүүхэд У.Дтэй байнга харгис хэрцгий харьцаж догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсвэл шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас давсан зүйлийг тогтоолгохоор даалгаж прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

2. Насанд хүрээгүй хохирогч У.Д нь хэдэн настай болох талаар түүний насанд хүрээгүй гэрч, хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт тодорхой бичигдсэн бөгөөд түүний төрсөн эх Б.У нь шүүх хуралдаанд хохирогч болон шүүгдэгчээр оролцож байгаа тул хүүхдийнх нь биеийн байцаалтыг тодруулж мэдүүлэг гаргуулах, У.Д шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд төрсний гэрчилгээг нотлох баримтаар гаргуулан шинжлэн судлах зэрэг олон байдлаар шалгах боломжтой юм. Үүнийг шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой ажиллагаа гэж үзнэ.

3. Яллагдагч Д.Э Б.У нар нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ харилцан зодолдож хэн алиндаа гэмтэл учруулсан нь тогтоогдсон тул прокуророос тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. Учир нь анх удаа тохиолдлын шинжтэй биш үйлдэл болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, зөрчлийн материал, дуудлага мэдээллийн бүртгэл, эд мөрийн баримт /Б.У цуглуулсан үс/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Хэрвээ Д.Э, Б.У нарын хэн алиндаа хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл биш, хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж шүүхээс үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. 

4. Улсын Ерөнхий Прокурорын газраас яллагдагч Б.У үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, яллах дүгнэлтийг хүчингүй болгож тус дүүргийн прокурорын газарт ирүүлэхдээ “Б.У бусдад хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай үйлдэгдсэн бөгөөд аргагүй хамгаалалтын шинжгүй” гэж дүгнэсний дагуу түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь тогтоолын агуулгатай нийцэж байна гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. …” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд : “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Ц.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Д.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэх нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон зүйл байхгүй гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа нь тодорхойгүй. Яллах дүгнэлт өөрөө энэ шинжийг хангаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзэж байна. Мөн Төв аймагт үйлдсэн гэх 1 удаагийн үйлдэл, 7 дугаар сард үйлдэгдсэн гэх үйлдлийн хооронд хөөн хэлэлцэх хугацааны зай хамаарал. Мөн Төв аймагт болсон үйл явдал нь хутга байгаагүй, хамт явж байсан гэрчийн этгээдүүдийг шалгаагүй. Төв аймагт үйлдэгдсэн байж болох нөхцөл байдлыг үгүйсгэх боломжтой. Гэрч нарыг дутуу асуусан. Мөн насанд хүрээгүй хохирогч У.Д тодорхой хугацаа зааж тэр хугацаанд гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг болов ч тухайн цаг хугацаанд хэдэн удаагийн үйлдлээр хэдий цаг хугацаанд гэдэг нь авагдаагүй. Тухайн цаг хугацаанд насанд хүрээгүй хохирогч У.Д удаа дараа Улаанбаатар хотод байгаагүй Дундговь аймагт байсан гэдэг баримт байна. Дундговь аймагт байсан цаг хугацааг нь Улаанбаатар хотод байсан мэтээр энэ хугацаанд гэмт хэрэгт өртөж байсан мэтээр цаг хугацааг тогтоосон байна. Мөн насанд хүрээгүй хохирогч хэдэн насны хүүхэд гэдгийг мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж насыг нь тогтоох ёстой. Хэдийгээр насанд хүрээгүй гэж хэрэгт авагдсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Мөн насанд хүрээгүй хохирогчийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж үзэж байгаа бол тухайн хүүхдийн эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол байгаа эсэхийг шинжээч томилж тогтоогоогүй. Насанд хүрээгүй хохирогчид шинжээч томилсон шинжээчийн тогтоол хэрэгт авагдаагүй. Тухайн хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шинжээчийн дүгнэлтээр заавал тогтоох ёстой. Энэ нь зайлшгүй хийх мөрдөн шалгах ажиллагаа байсан. Мөн Б.Ухүчингүй болгосон тогтоолд мөрдөн шалгах ажиллагаа явуул гэсэн хариуг улсын ерөнхий прокуророос хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд юу хамаардаг талаар процессын хуульд заасан байдаг. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад прокурор зөвшөөрлөөр эсхүл мөрдөгч өөрөө бие даан эрүүгийн хуульд заасан ажиллагааг хийдэг. Эдгээр ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа Энхтайванд холбогдох хэргийн зүйлчлэл нь өөрөө яаж догшин авирласан, яаж харгис хэрцгий хандсан гэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн эсэхийг тодорхой тайлбарлаагүй эрх зүйн байдлыг нь дордуулж салгаж зүйлчилсэн байна. Хэрэг шалгаж байх явцад 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Д.Энхтайвны хэргийн газар Б.У өөрийн эхийн хамт ирхэд, 2 цагдаагийн албан хаагч ирж таарсан. Энэ цаг хугацаанд Д.Эыг цохиж зодсон үйл явдал болсон. Энэ үйл явдал нь цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерт бичигдсэн дүрсийг гаргаж өгсөн. Энэ үйл баримтаас болж Д.Эы биед хохирол учирсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж энэ хэрэгтэй хамтад нь шалгуулмаар байна. Дээрх нөхцөл байдалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаагаар дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Т.Одгал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нийт 6 удаа гэрч асуулгах хүсэлт гаргаж байсан. Аль ч шатанд байсан прокурорын зүгээс хяналт тавьж хүсэлтийг шийдэх ёстой байсан боловч мөрдөн байцаалтын шатанд байгаа, прокурорын шатанд байгаа гэж шат шаруугаа дамжуулж хүсэлтийг маань хангаагүй. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих асуудлын 6 шинжийг хангаагүй байгаа учир тухайн үйл явдал болсон гэж байгаа үйлдэл өдөр сар өөрийн гэм буруугүй гэдгийг нотлох эрх байгаа. Тухайн өдөр хамт байсан, дагаж явсан өдрүүд байгаа. Жишээ нь хэрэг гарсан гэх 3 дугаар сарын 8-ны өдөр пицца захиалж идсэн байсан. Д.Э эдгээр гэрч нартай холбоотой хүсэлтийг гаргахаар прокурорын зүгээс хүлээж авдаггүй. Гэр бүлийн хүчирхийлэлд буруутайг нь нотлох гэж байгаа бол яллах болон цагаатгах талаа яагаад барихгүй байгаа юм бэ. Яагаад манай талын хүсэлтийг хүлээж авахгүй байгаа юм бэ. Эдгээр гэрч нараас тухайн өдөр болсон үйл явдал цаг хугацааг шалгуулмаар байна. Прокурорын зүгээс хэт нэг талыг барьсан байр суурьтай оролцдог. Анхан шатны шүүхээс шийдсэн шийдлийн хувьд мөрдөн байцаалтад буцаах гол үндэслэл нь улсын ерөнхий прокурорын тогтоол гэж ойлгож байна. Үүнд Б.Ухэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх болон мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн улсын ерөнхий прокурорын тогтоол байгаа. Гэтэл мөрдөн байцаалтад буцаахдаа ерөнхий прокурорын даалгавар бичиж болно бас бичихгүй байж болно. Гэтэл прокурор даалгавар ирээгүй учир бид ажиллагаа хийх шаардлагагүй гэсэн. Гэтэл миний зүгээс хөндлөнгийн байх байр суурьтай гэдэг утгаараа прокурор хяналт тавьж байгаа улсын яллагчийн хувьд Б.Ухувийн байдал ярьж байгаа зүйл нь үнэн худал эсэх тогтоох ёстой. Нийслэлийн прокурорт гомдол гаргахдаа Б.Утухай хэрэг явдал гарснаас хойш Д.Эы гэрт очиход автомашин хураах гэж ирсэн залуу, 2 цагдаа байсан. Гэтэл Д.Э огт гар хүрээгүй байхад цохиж зодож байгаа талаар, хувийн байдал нь ямар талаар сиди бичлэг явуулсан. Энэ сиди бичлэгийг судалж харна уу гэж хүсэж байна. Эмэгтэй хүн зөвхөн хүчирхийлэлд өртдөг биш эрэгтэй хүн бас хүчирхийлэлд өртдөг. Б.Умэдүүлгээр “зодоод байхаар нь гуя дээрээс нь би хазсан” гэдэг. Хэрэв зодож байсан бол яаж гуя дээрээс нь хазах юм бэ. Мөн үсний шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр хайрцаг дүүрэн зулгаасан үс байдаг. Энэ гэмт хэргийг урьдаас төлөвлөж бэлдсэн гэмт хэрэг, зориуд худал гэж үзэж байна. Шүүхийн бичсэн даалгаврын хүрээнд мөрдөн байцаах ажиллагаа хийсэн хэрнээ бусад хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн захирамжид нэмж гэрч нарыг асуулгах хүсэлтийг хангаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

 Шүүгдэгч Д.Эы өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн материалаас үзэхэд Б.У нь Д.Эыг чамайг ажилгүй болгоно, чамайг шоронгийн хадаас болгоно гэх мэтчилэн худал тайлбар мэдүүлэг өгсөн. Төрсөн эх нь ийм байдалтай ажиллагаа үйлдсэн. Эх, ах, Б.У нар нь Д.Эы эсрэг худал мэдүүлэг өгсөн. Прокурор тэр бүгдэд нь итгэж хэлсэн үгээр нь миний үйлчлүүлэгчийг яллаж шүүх рүү шилжүүлсэн. Яллах дүгнэлтэд 2019 оны 7 дугаар сарын дундуур наадмын өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж байна. Наадмын өмнө гэдгийг 13, 14 гэж ойлгох юм уу. 12 дугаар сарын дундуур гэдгийг мөн адил юу гэж ойлгох юм бэ. Хэрэг гарсан цаг хугацааг ерөнхий байдлаар наадмын өмнө гэх байдлаар тогтоож миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэгтэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Цагаатгах талын хэргийн бодит байдлыг харж үзээгүй. Мөн түүнчлэн бага насны хүүхэд У.Дий гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл гэж өдөр бүр хүчирхийлж байсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Гэтэл энэ хугацаанд 2019 оны 2 сараас хүүхэд нь Б.У, Д.Э нарын хамт байгаагүй өөр газар байсан болохыг тогтоосон. Ийм мэдүүлэг нь хэрэгт авагдсан. Гэтэл энэ хугацаанд Д.Эы хажууд байнга байж өдөр шөнөгүй хүчирхийлүүлж байсан мэтээр, хүүхэд хохирч байсан мэтээр хэргийг шилжүүлсэн. Гэтэл 2 сарын хугацаанд хаана байсан энэ 2 хүнтэй хамт байсан эсэх гэмт хэрэг хаана гарсан цаг хугацааг тогтоогоогүй. Баримжаагаар хэднээс хэдний хооронд гэж байнга хүчирхийлдэг байсан мэтээр дүгнэлт хийсэн. Насанд хүрээгүй хохирогч У.Дий мэдүүлэгт тулгуурлаж буруутгаж байна. Гэтэл У.Д бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай эсэх, мэдүүлэг нь өөр бусад зүйлээр нотлогдож байгаа эсэх дээр ажиллагаа явуулаагүй. Сурган хүмүүжүүлэгчээр нь энэ хүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх, мэдүүлэг нь өөр зүйлээр нотлогдож байгаа эсэх дээр ямар нэг ажиллагаа явуулаагүй. Насанд хүрээгүй хүүхэд буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдийн мэдүүлэгт тулгуурлаж хүнийг яллаж байна. Яагаад хувийн байдалтай холбоотойгоор нь ангийн багшаас нь мэдүүлэг аваагүй юм бэ. Гэтэл У.Д хойд эцэг гэдэг утгаар нь эхийнхээ талд орж Д.Эы эсрэг байнга хүчиндэж байсан мэтээр хурц хурц агуулга бүхий мэдүүлэг өгсөн. Худлаа мэдүүлэг байна хувийн байдлыг тогтоож өгнө үү гэтэл шалгаагүй. Нэмэлт мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийх гэхээр хэрэв нотлогдохгүй байна гэж үзэж байгаа бол хөнгөрүүлж шийдвэрлэх эрх нь шүүхэд байгаа гэсэн агуулгатай зүйл ярьж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу хэргийг буцааж хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох талаар анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.У өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шаардлагатай гэрч нарын мэдүүлэг хэрэгт хангалттай авагдсан. Шаардлагатай гэж үзвэл гэрч нарыг дуудаж асууж шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлох бүрэн боломжтой. Хэрэв нотлогдохгүй тогтоогдоогүй гэж үзвэл шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлж, цагаатгаж болно. Заавал хөтөлбөргүй үнэн тогтооно гэхгүйгээр прокурор, мөрдөгчөөс энэ зүйл ангиар ял халдаасан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурор буцаасан захирамжийг хүчингүй болгож хэргийг шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Прокуророос яллагдагч Д.Эд холбогдуулан шүүхэд ирүүлсэн “...Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.У байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, 7 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй дагавар хүүхэд У.Д байнга буюу 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гараар цохих, хөлөөрөө өшиглөх, чихнээс нь зулгаах зэрэг байдлаар харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, ...” гэх гэмт хэрэгт,

мөн яллагдагч Б.Ут холбогдуулан шүүхэд ирүүлсэн “...Б.У нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 109 дүгээр байрны 58 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий нөхөр Д.Этай харилцан зодолдож өмдний тэлээгээр толгой, хэвлийн тус газар нь ороолгож цохиж, гуяыг нь хазаж эрүүл мэндэд нь “дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт, зулгаралт /хазагдсан шарх/, хэвлийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хэрэгт анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж насанд хүрээгүй хохирогч У.Д байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг

“... байнга буюу  хэзээ, хаана хэрхэн  яаж  давтамжтайгаар үйлдсэн талаар заавал нотолбол зохих байдлыг тогтоох шаардлагатай гэж үзжээ.

            Хэрэгт байгаа баримтаас үзэхэд насанд хүрээгүй хохирогч У.Д нь шүүгдэгч Д.Эыг байнга харгис хэрцгий харьцаж зодож байсан талаар мэдүүлдэг боловч байнга буюу хэдэн сарын хэдэнд, хэдэн удаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа санахгүй байна, цаг хугацааны хувьд мартдаг болсон талаараа мэдүүлэг өгчээ.

            Нэгэнт насанд хүрээгүй хохирогчийн хувьд ийм мэдүүлэг өгсөөр байхад түүнээс дахин энэ талаар тодруулах шаардлагагүй бөгөөд хэрэгт бүрдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн насанд хүрээгүй хохирогч У.Дий төрсний бүртгэлийн лавлагааг шүүхээр хэрэг хэлэлцэх шатанд авч,  шүүхийн хэлэлцүүлгээр прокурор, болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан У.Дий насыг тодруулах боломжтой.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцогч талуудын хүсэлтээр хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авах замаар шүүхийн шатанд тэдний мэдүүлгийг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, гэмт хэрэг гарсан байдал буюу хэзээ, хаана яаж үйлдэгдсэн, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн давтамж, гэм буруугийн хэлбэрийг шаардлагатай гэж үзвэл тодруулан шийдвэрлэх боломжтой. 

Иймд Д.Э, Б.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож прокурорын  эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/164 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Э, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн  хэргийг  хэлэлцүүлэхээр  тус шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Э, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ                           

            ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ