Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0855

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Прокурор: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А**********

Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т********

Гуравдагч этгээд: “Т****************” ХХК

Дүгнэлт: “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т*******-ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0262072 дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: прокурор Н.А*******, хариуцагч Э.Т******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А********* би, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Т******* ““Т********" ХХК галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй” үйлдэлд холбогдогч “Т***********" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хуулийн этгээдийг нэг шийдвэрлэсэн бүртгэлийн НОБГ 2022/20 дугаартай материалыг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”-д 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах “М******” гарден хотхоны хашаанд ажилчдын хувцас солих өрөөнд хувцас, эд зүйл шатсан гал түймэр гарсан болохыг холбогдогч нь сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн...хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна..." гэсэн бол “Т********” ХХК-ийн ХАБ ажилтан Д.Д********** 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоор өгсөн мэдүүлэгт “... дуудлага өгөөгүй өөрсдөө унтраасан ... ажилчдын хувцас шатсан, цахилгааны утас холбохдоо буруу холболт хийснээс болж гал түймэр гарсан. Манай ажилтны буруугаас гал гарсан ..." гэжээ.

Дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийхэд, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Т********* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг “Т*********" ХХК-ийн ажилтан, эсхүл “Т***********” ХХК-ийн аль нь хуульд заасан галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг хэрхэн зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг нотлоогүй байж шийтгэл оногдуулсныг хууль бус, үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зерчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна", энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Зерчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэснийг зерчсен; мөн зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зерчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Цаашид галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг хүн, хуулийн этгээдийн аль нь үйлдсэн, үүний улмаас бусдад учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг нэмж тодруулан шалгах, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3.11 дэх заалтад зааснаар шүүхээс Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Т*******-ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0262072 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэлийн Прокурорын газрын прокурор 30 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийдвэр оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т***** нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******-ийн “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т******-ээс дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах хүртэл 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0262072 дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, өөрчлүүлэх” тухай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т****** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Учир нь гуравдагч этгээд болох холбогдогч “Т*********” ХХК нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 1,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А********-ийн дүгнэлт нь Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т********-ийн оногдуулсан шийтгэлийн зүйлчлэл, оногдуулсан шийтгэлд өөрчлөлт оруулах агуулгагүй тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл бусад этгээдийн буюу “Т***********” ХХК-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т******-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0262072 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А**********-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т********-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 0262072 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А**********-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч Э.Т****** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН