| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/03026/И |
| Дугаар | 101/ШШ2021/04142 |
| Огноо | 2021-12-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2021/04142
2021 12 10 101/ШШ2021/04142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч З.Баярмаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Ж нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц-д холбогдох гэм хорын хохиролд 1,485,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ж, иргэдийн төлөөлөгч Л.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-10-23-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед дээд айл болох Б.Ц-ийн 83 тоотоос 2 цаг гаруй ус алдаж манайд хохирол учруулсан. Тухайн үед Б.Ц-ийнх нүүж байсан. Миний бие Б.Ц, түүний эхнэр хоёртой уулзаж хохирол барагдуулах талаар ярьж тохиролцоод Б.Ц иргэний үнэмлэхээ үлдээгээд явсан боловч одоог хүртэл хохирлоо төлөөгүй. Миний хувьд албан ёсны акт баримтуудыг гаргуулаад ийм хэмжээний хохирол үүслээ гэж хэд хэдэн удаа эхнэрт нь болон өөрт нь мэдэгдсэн. Гэтэл өөрсдөө нүүгээд явсан учир олдохгүй гэж бодсон юм уу, хохирол төлөх талаар ямар нэгэн байдлаар хандаагүй. Шүүхэд хандсан боловч оршин суух хаяг нь тогтоогдохгүй байсан тул эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Иймд учирсан хохирол 1,302,500 төгрөг, үнэлгээний хураамж 65,000 төгрөг, үнэлгээчний дуудлагын хөлс 10,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 1,485,490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.Д-ээс шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Хуулиас гадуур хүн оршихгүй учир тухайн үеийн ханшаар бодогдсон хохирлыг 2 жилийн дараа төлөх нь бодит байдал дээр шударга бус. Хохирлыг нэн даруй шийдэж өгөх хэрэгтэй гэж үзэж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан ус алдсанаас учирсан хохиролд 1,485,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч засварын төлбөр 1,302,500 төгрөг, үнэлгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал 75,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааг хийлгэхтэй холбогдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нийт 1,447,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан.
Хариуцагч Б.Ц-д 2021-08-10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн баримтыг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан ба хариу тайлбар гаргах хугацаа 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дууссан ч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн шүүх хуралдааны товыг 2021-11-30-ны өдөр түүний 98112419 дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн, хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.Ц өөрөө гардаж авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаар шүүхэд хүсэлт, баримтыг ирүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тогтсон.
Нэхэмжлэгч Г.Ж-ны гэрт дээд айл болох Б.Ц-ийн гэрээс 2019 оны 10-р сарын 23-ны өдөр ус алдаж 1,447,700 төгрөгний хохирол учирсан болох нь Баатардулаанхан ОСНААК-ийн 2019-11-06-ны өдрийн комиссын акт, Х ХХК-ийн эвдрэл, хохирлын дэлгэрэнгүй үнэлгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 8-11 тал/
Хариуцагч Б.Ц-д 2021 оны 8-р сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг танилцуулсан. Гэвч хариуцагч Б.Ц хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн талаарх хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлох, мэтгэлцэх үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч сууц өмчлөгчийн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба нэхэмжлэгч Г.Ж-д учирсан хохирлыг хариуцагч Б.Ц нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд хариуцагч Б.Ц-с 2019 оны 10-р сарын 23-ны өдөр ус алдсаны улмаас учирсан бодит хохирол засварын төлбөр 1,302,500 төгрөг, үнэлгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардал 75,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааг хийлгэхтэй холбогдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нийт 1,447,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж-нд олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Л.Д хуулиас гадуур хүн оршихгүй учир тухайн үеийн ханшаар бодогдсон хохирлыг 2 жилийн дараа төлөх нь бодит байдал дээр шударга бус. Хохиролыг нэн даруй шийдэж өгөх ёстой хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Г.Ж нь өөрт учирсан хохирол 1,447,700 төгрөгний нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 37,790 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 1,485,490 төгрөг гэж тодорхойлжээ. Улсын тэмдэгтийн хураамжийг шүүх хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх журамтай болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37,790 төгрөгийг улсын орлого болгож, тэмдэгтийн хураамжийн зөрүү 323 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгох, хариуцагч Б.Ц-с 1,447,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,113 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-с 1,447,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,790 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ц-с 38,113 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ж-с 323 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Э.ЭНЭБИШ