| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0039/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Э.Уламбаяр
Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.*******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000035 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******;
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.******* нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №1372 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,19 хувийн промиль согтолттой үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0303 чиглэлийн замд Тоёота приүс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээрийн осол гаргасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Надад эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн үед С.******* намайг гэртээ хөдөө ганцаараа байхад манайд ирсэн. Тэгээд манай гэрт хоол унд идээд 2,5литрийн нэг том пиво хувааж уусан. Бид хоёр гэрээсээ хойд айлд очоод хүмүүстэй тоглож байгаад 0.5 литрийн архи, 1 том пиво З уулаа хувааж уусан. Тухайн айлаасаа унтаагүй байж байгаад 2025 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн үүрээр 03-04 цагийн орчим манай гэр лүү явж байгаад замдаа алаг шавар мөргөөд замын хажуу руу орчихсон юм. Тухайн үед С.******* цагаан өнгийн приүс-30 маркийн машин жолоодож явсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 25- 26/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 98 дугаартай
1.С.*******ийн биед хөмсөгний ором гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэх дүгнэлт, /хх-ийн 35-36/,
2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № 03 дугаартай Шинжээчийн ...тээврийн хэрэгслийн эвдрлийг...2,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт / хх-ийн 40-41/,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1372 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар холбогдогч С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэх оногдуулсан....” шийтгэврийн хуулбар /хх-ийн 78-81/,
2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01 дүгээр мөрдөгчийн
1.Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд... “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг.... гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.
2.******* улсын дугаартай цагаан өнгийн Тoyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* /РД:*******/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй нь тогтоогдож байна...,
3.Иймд ******* улсын дугаартай цагаан өнгийн Тoyota prius-30 маркийн -ээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: 1. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
2. Мөн дүрмийн 12.2-т заасан...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна....”
3. Мөн дүрмийн 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
4.Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг 1,2,3 дугаар заалтаар хариулагдсан гэж үзэж байна
5.Хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно..гэх магадлагаа /хх-ийн 44-45/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 20-21/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 57-58/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58-59/, шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-60/, депозит дансны хуулгууд /хх-ийн 73-76/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-83/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-85/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч С.******* нь нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №1372 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,19 хувийн промиль согтолттой үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0303 чиглэлийн замд Тоёота приүс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээрийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.*******ийн...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Гэрч *******гийн... манай гэрт хоол унд идээд 2,5литрийн нэг том пиво хувааж уусан, ...айлд очоод хүмүүстэй тоглож байгаад 0.5 литрийн архи, 1 том пиво Зуулаа хувааж уусан.манай гэр лүү явж байгаад замдаа алаг шавар мөргөөд замын хажуу руу орчихсон юм...гэх мэдүүлэг, / хх-ийн 25- 26/
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “...тээврийн хэрэгслийн эвдрлийн 2,000,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, / хх-ийн 40-41/,
Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1372 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар холбогдогч С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэх оногдуулсан...” шийтгэврийн хуулбар /хх-ийн 78-81/,
2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр мөрдөгчийн....Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг...; гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна….тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...гэж, Мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна…магадлагаа /хх-ийн 44-45/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч С.*******ийн цусан дахь спиртийн агууламж 1,19 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар С.*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №1372 дугаартай шийтгэвэр болон холбогдох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрийн үүрээр 03-04 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1,19 хувийн согтолттой жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар ял оногдуулах...дүгнэлтийг
Шүүгдэгч С.*******ийн... Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах ******* ХХК-д бетон зуурмагны үйлдвэрт ажилладаг, сарын 3200000 төгрөгийн цалинтай тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ..
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч С.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч хувийн байдал /Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* ХХК-д бетон зуурмагны үйлдвэрт ажилладаг, сарын 3.200.000 төгрөгийн цалинтай/, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч С.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч С.*******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******эд оногдуулсан дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч С.*******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА