Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 42

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч А.*******,

гэрч А.*******, У.*******,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох 2016 0108 0550 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, эгч, ах нарын хамтаар Улаанбаатар хот *******,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******.

М.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо Төрийн банкны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн А.*******т хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо “Төрийн банк”-ны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, Нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч А.Отгонбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид зүүн дээд 1,2-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр баарнаас гараад явж байгаад *******ын найз *******тэй муудалцсан юм. ******* намайг салгах гээд хажуугаас ороод ирэхээр нь санаандгүй мөргөсөн юм. Би мөргөе гэж бодоогүй санаандгүй зүйл болсон. Тэгээд би таксинд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Отгонбаатарын өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр би хөдөөнөөс ирээд, ирсэн айлдаа орой нь хонио гаргаж өгчихөөд У.*******тэй хамт бааранд оръё гарсан. Тэгээд хоёулаа “Тайхар” гэдэг бааранд ороод сууж байтал М.******* манай ширээн дээр ирээд У.*******ээс “утас байна уу” гэхээр нь нэгжгүй байгаа гэж хэлсэн. Тэгээд би У.*******ээс  “энэ хүнийг  таньдаг юм уу” гэсэн чинь танина гэж хэлсэн. Удахгүй би эгчийгээ “бааранд ирээд намайг авчихаач” гэж дуудчихаад гартал У.*******тэй муудалцаад зогсож байхаар нь би хажуугаас нь “боль” гэсэн чинь намайг мөргөсөн. Дараа нь Төрийн банкны хажууд явж байтал хүрч ирээд дахин мөргөсөн. Тэгээд гэртээ очоод шүд хойшоо болсон байхаар нь урагш болгосон чинь унаад өгсөн. ...Одоо надад гомдол саналгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна, нэхэмжлэх зүйл байхгүй. М.*******ыг ганц удаа өршөөж үзээчээ гэж гуйж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч А.*******гийн өгсөн: Би хохирогчийн төрсөн эгч байгаа юм. Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад шүүгдэгч баарны гадаа нэг цохиод, дараа нь Төрийн банкны гадаа дахиад цохьсон. Отгонбаатарын амнаас нь цус гараад үүдэн хоёр шүд нь унасан. У.******* хамт явж байсан. Ямар шалтгаанаар зодсоныг мэдээгүй. Гадаа хүний царай харагдахаар гэрэлтэй байсан. М.******* Төрийн банкны зүүн талаас гарч ирээд цохьсон. Тэгэхээр би “болиочээ цагдаа дуудлаа” гэсэн чинь зугтаад явсан. М.******* улаан малгайтай, хар куртиктэй, хуруугаа цагаан зүйлээр ороосон байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.*******ийн өгсөн: “...Би найзтайгаа явж байгаад бааранд орж нэг, нэг пиво уусан. Тэгтэл М.******* манай ширээнд ирээд “утсаа өгөөч би та хоёрт хүүхэн аваад өгье” гэсэн. Тэгэхээр нь би “утсанд нэгж байхгүй миний дүү согтуу байна одоо яв” гэж хэлээд явуулсан боловч дахиад ширээн дээр хүрч ирээд хэрүүл гуйгаад байсан. А.******* эгчийгээ хүрч ирээд авчих гэж дуудаад, бид хоёр гадаа гараад байж байтал надаас хэрүүл өдөөд байхаар нь би “яв” гэж хэлсэн. Надтай маргалдаад байж байтал А.******* хажуугаас орж ирээд “та хоёр яагаад байгаа юм” гэхээр нь би “дүү хүү жаахан согтуу байна, хэрүүл өдөөд байна” гэж хэлсэн. Тэгтэл А.*******ыг мөргөсөн. Тэгээд бид гурав Төрийн банкны тийшээ явж байтал араас ирээд дахин мөргөсөн. А.*******ын амнаас нь цус гарсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.*******ийн өгсөн “...Миний бага хүү ******* буюу Мөнхөөнөө нь 2012 оноос бөхийн спортоор хичээллэхээ больсноос хойш архи согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэж бараг өдөр болгон шахуу ууж, гэртээ ирэхгүй сүүлийн 3 гаруй жил архи ууж байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22-23 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч М.Баасансүрэнгийн өгсөн “...******* нь 2010 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2010 оны сургуулиа төгсөөд их сургуульд ороогүй. Тэрнээс хойш архи нэлээн уух болсон ба гэрийнхээ эд зүйлийг зараад гэрээсээ үе үе алга болчихдог болсон. *******ын энэ байдлыг болиулах гэж бид нар их хэлж зөвлөсөн боловч ерөөсөө ойлгодоггүй архи уугаад гэрээсээ алга болоод байдаг юм. Алга болохоороо хамгийн богино хугацаанд 4-5 хоног заримдаа 1 сар гаруй алга болж байгаад ирдэг. Ирэхээрээ Налайхын архичидтай нийлээд тэр хүмүүсийнхээ гэрээр яваад байдаг. ...Гэрээсээ эд зүйл хулгай хийж зараад архи уугаад байдаг юм. Бид нар цагдаад хандаж байсан ба засарчих байх хамгийн бага дүүгээ яаж шоронд явуулах вэ гэж бодоод өргөдлөө буцааж авч байсан. Цагдаад олон удаа эрүүлжүүлэгдэж байсан. ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 64-65 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №14920 дугаар:

  1. *******ын биед зүүн дээд 1,2-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, дээд урууланд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.10.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн******* дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 35 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 36 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 68 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Одоо надад гомдол саналгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх тул М.******* нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар *******ийн *******ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.*******т оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

  1. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.******* нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЧИНЗОРИГ