Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2022/0025/З |
Дугаар | 116/ШШ2022/0029 |
Огноо | 2022-12-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 116/ШШ2022/0029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******д холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлт”-ийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 7.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дорнод аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан О.******* нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд тус сургуулийн малчны хотонд очиж хонь барьж байх үедээ бие нь муудаж аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт ирж 3 хоног ухаан орохгүй байсаар нас барсан нь золгүй явдал болсон билээ. Тухайн золгүй явдлыг Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.******* нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
1. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх комисс” нь тухайн болсон явдлыг үйлдвэрлэлийн осол гэж огт дүгнээгүй бөгөөд албан ажлаа хийж яваад хүнд өвдсөн нь үнэн, хонь барьж байхдаа хүчлэх хөдөлгөөн хийсний улмаас харвасан байх гэсэн таамаглал дэвшүүлээд, харин үүнийгээ үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн тухай ослын акт бүртгэснийг нь улсын байцаагч баталгаажуулсан дүгнэлт гаргасан нь өрөөсгөл, эндүү зүйл болжээ.
2. Талийгаач О.*******ын энэхүү тохиолдол нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 дахь заалт /ажлын байр нэгж, хэсэг салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр явж байх үед/-д хамаарч байх тул хянан баталгаажуулав гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлая. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д “Үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг гэж ойлгомжтой хуульчилсан. Хуулийн энэ агуулгаар тухайн болсон тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэх эсэх хамгийн эхний шалгуур нь үйлдвэрлэлийн хүчин зүйлтэй холбоотой байх явдал юм. Талийгаач О.*******ын тухайд ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бие нь муудсан болохыг бид хүлээн зөвшөөрч огт маргахгүй байгаа. Харин нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлдэлд өртсөн эсэх дээр маргаантай байгаа юм. О.*******ыг тархины цус харвалтаар нас барсан байх гэсэн эмнэлгийн анхан шатны үзлэг болон тухайн үеийн эмчилгээний явц зэргээр таамаглаж байгаа боловч яг нас баралтын шалтгаан, задлан шинжилгээ, эмнэлзүйн дүгнэлт бидэнд байхгүй байна. Дээрх албан ёсны хариу дүгнэлтүүдийн талаар талийгаачийн ар гэрийн зүгээс бидэнд мэдэгдээгүй. Бидний хувьд ар гэрийн болон хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээний дүгнэлттэй танилцах боломжгүй тул дээрх тайлбаруудын улмаас ажил олгогч болон сургуулийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс” нь улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын гаргасан дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. 1. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэхүү дүрмийн 2.1.1-2.1.6 дахь заалтуудад хамаарах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн өвчилсөн, эсхүл амь насаа алдсан ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг осолдогч тус бүрээр тогтоож, дүрмийн 3.6 дахь заалтын дагуу судлан бүртгэх үүргийг мөн зохицуулсан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын хэлбэр, эрүүл мэндэд учирсан гэмтлийн төрлийг эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторын шинжилгээ, магадлагааг үндэслэн тогтоож, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн ажиллах үүрэгтэй. Энэхүү үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актын тухайд дараах тайлбарыг гаргаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад 2022.08.30-ны өдөр ...иргэн Л.Мөнгөнтуяагаас ирүүлсэн гомдлын дагуу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд МХГазрын даргын баталсан 12/74 тоот удирдамжаар төлөвлөгөөт бус хяналтыг хийж гүйцэтгэсэн. Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Л.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг 2022.09.08-ны өдрийн А/60 тоот тушаалаар байгуулсан байна. Уг “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс” нь талийгаач О.*******ын 2022.07.06-ны өдөр ...бие нь гэнэт муудаж, 3 хоног ухаан орохгүй байсаар амь насаа алдсан тохиолдлыг судлан ...холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн, 2022.09.14-ний өдөр комиссын гишүүд гарын үсэг зурж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу бүртгэсэн актыг аймгийн МХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулахаар хүргүүлсэн. Уг актад талийгаач О.******* нь 2022.07.06-ны өдрийн 15 цаг 50 минутын үед хонь барих ажлыг гүйцэтгэхдээ гэнэтийн хүчлэх хөдөлгөөн хийсний улмаас харвалт өгсөн байх ба энэхүү ажилтан нь ажлаа хийж яваад хүндээр өвдсөн нь үнэн гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасан эрхийнхээ дагуу хянан баталгаажуулдаг. МСҮТ-ийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 5.1 дэх заалтын дагуу бүрдүүлсэн холбогдох бичиг баримтуудыг хянаж үзэхэд осолдогчийн ХАБЭА-н сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон уг сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлсон баримт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хавсаргаагүй, тухайн өдөр гүйцэтгэсэн ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа талийгаач О.*******од өгөгдөөгүй байсан бөгөөд хонь хөдлөж барих ажил хийж байхдаа огцом хөдөлгөөн хийсний улмаас тархинд цус харвасан буюу ажлаа хийж явахдаа хүндээр өвдсөн нь үнэн гэж дүгнэсэнтэй нь санал нийлж, талийгаач О.******* нь ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээний үед буюу ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцож байхдаа эрүүл мэндээрээ хохирсон нь нотлогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.11 дэх заалтад заасны дагуу 2022.09.21-ний өдөр дүгнэлтийг гаргаж ажилласан.
2. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхдээ осол, хурц хордлогын шалтгаан хүчин зүйлийг Үндэсний статистикийн хорооны даргын 2019.12.24-ний өдрийн А/185 тоот тушаалаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-д заасны дагуу тооцдог. Талийгаач нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тогтоосон байршилд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хонь хөлдөж барих, машины тэвшинд хонь өргөж тавих зэрэг ажил гүйцэтгэх үедээ хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөний улмаас үйлдвэрлэлийн осолд өртсөн. ...Холбогдох бичиг баримтуудыг үндэслэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлсөн хүчин зүйлүүдийг судлан үзэхэд:
1. Техник технологийн хүчин зүйлийн нөлөөлөл тогтоогдоогүй.
2. Удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл. Холбогдох баримтуудыг хянаж үзэхэд осолдогчийн ХАБЭА-н сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон уг сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлсон баримт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хавсаргаагүй, тухайн өдөр гүйцэтгэсэн ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй байна.
3. Хүний хүчин зүйлийн нөлөөлөл тогтоогдоогүй. Гэрчүүдийн тайлбарт талийгаачийн хэт яарсан, анхаарал болгоомж алдсан талаарх үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлоогүй.
4. Ажлын байр, орчны хүчин зүйлийн нөлөөлөл. Бүрдүүлсэн материалаас үзэхэд тухайн өдрийн цаг агаар мэдээллийг холбогдох байгууллагаас аваагүй байсан. Иймд ажлын байрны хүчин зүйлийн нөлөөлөл тогтоогдоогүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын талийгаач О.*******ын талаарх “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ[1].
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар[2]: ... Талийгаач О.*******ын тухайд ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бие нь муудсан болохыг бид хүлээн зөвшөөрч огт маргахгүй байгаа. Харин талийгаач О.*******ын нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн, үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар маргадаг.
Харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ[3]: 2022.09.14-ний өдөр комиссын гишүүд гарын үсэг зурж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу бүртгэсэн актыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулахаар хүргүүлсэн. Уг актад талийгаач О.******* нь 2022.07.06-ны өдрийн 15 цаг 50 минутын үед хонь барих ажлыг гүйцэтгэхдээ гэнэтийн хүчлэх хөдөлгөөн хийсний улмаас харвалт өгсөн байх ба энэхүү ажилтан нь ажлаа хийж яваад хүндээр өвдсөн нь үнэн гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.2.5-д заасан эрхийнхээ дагуу хянан баталгаажуулдаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 5.1 дэх заалтын дагуу бүрдүүлсэн холбогдох бичиг баримтуудыг хянаж үзэхэд осолдогчийн ХАБЭА-н сургалтад хамрагдсаныг гэрчлэх болон уг сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлсон баримт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хавсаргаагүй, тухайн өдөр гүйцэтгэсэн ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа талийгаач О.*******од өгөгдөөгүй байсан бөгөөд хонь барих ажил хийж байхдаа огцом хөдөлгөөн хийсний улмаас тархинд цус харвасан буюу ажлаа хийж явахдаа хүндээр өвдсөн нь үнэн гэж дүгнэсэнтэй нь санал нийлж, талийгаач О.******* нь ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээний үед буюу ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцож байхдаа эрүүл мэндээрээ хохирсон нь нотлогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.11 дэх заалтад заасны дагуу 2022.09.21-ний өдөр дүгнэлтийг гаргаж ажилласан гэж тайлбарладаг.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлт”-д[4]:
1. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно/-ын дагуу талийгаач О.*******ын үйлдвэрлэлийн ослын актыг судлан тогтоосон байна.
2. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байсан Оюунтогтох овогтой *******ын ... ослын тохиолдол нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.3 дахь заалт /ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед/ -д хамаарч байгаа тул хянан баталгаажуулав.
3. Энэхүү дүгнэлт нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт”-ын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна гэжээ. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс”-ын зүгээс тухайн болсон явдлыг үйлдвэрлэлийн осол гэж огт дүгнээгүй бөгөөд албан ажлаа хийж яваад хүнд өвдсөн нь үнэн, хонь барьж байхдаа хүчлэх хөдөлгөөн хийсний улмаас харвасан байх гэсэн таамаглал дэвшүүлээд, харин үүнийгээ үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн тухай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь дээрхи актыг үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эмгэг судлаач эмч С.*******ийн 2022.08.10-ны өдрийн Эмгэг судлалын шинжилгээний протокол №С-27[5] Эмгэг судлалын оношоор,... Эмнэл зүй эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэж үзэхэд артерийн даралт ихсэх өвчтэй өвчтөн тархины цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Эмнэл зүй эмгэг судлалын онош тохирсон гэжээ.
Дээрхи дүгнэлтээр талийгаач О.******* нь ... тархины цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан нь тогтоогдсон байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5 “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах”, “үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.11 “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана” гэх заалтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн байна.
Иймд Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын талийгаач О.*******ын талаарх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.*******ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан дүгнэлтийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******од олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ