Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/269

 

 

 

     

 

  2021             3             16                                        2021/ДШМ/269                                   

                                                                                                            

 

Ю.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/904 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811023010887 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Дархад овогт Ю.Э, 1973 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

            Дархан хотын ардын шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт  зааснаар  2 жилийн хорих ял,  

            Дархан хотын ардын шүүхийн 1991 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 18 хоногийн хорих ял,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 181 дүгээр зүйлийн 3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

            Шүүгдэгч Ю.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Теди” худалдааны төвийн орчим хохирогч Д.Бд “хүнд үзүүлчихээд ирье” хэмээн нийт 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 22 ширхэг үнэртэй усыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ю.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дархад овогт Ю.Эг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эгаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан, хохирогч Даваасүрэнгийн Байгалмаад /РД:УС69100600/-д олгож, 5 /таван/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Suddenly madame glamour” гэсэн бичиглэл бүхий /50мл/ дундуур үнэртэй ус 1 ширхэгийг хэрэгт үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар: Шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр нүүрт “Хохирогч Д.Бд нийт 5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба хохирогч нь уг мөнгөө нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ю.Э нь уг мөнгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Даваасүрэнгийн Байгалмаад /РД:УС69100600/-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.” гэж дүгнэжээ.

Нэгдүгээрт: хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн судалж үзэхэд хохирогч Д.Бгийн залилуулсан гэх 22 ширхэг үнэртэй уснуудыг өндөр үнэтэй, брэндийн байсан гэдгийг нотолсон баримт хохирогчийн мэдүүлгээс өөр байдаггүй. Шүүх дүгнэлт хийхдээ үндэслэсэн гэрч П.Шүрэнцэцэг, Г.Дэлгэрмаа, Д.Даваасүрэн, Л.Бурмаа нарын мэдүүлгийг сайтар нягталбал эдгээр гэрч нар нь хохирогчийн “үнэртэй ус зардаг” гэх хувийн байдлын талаарх нөхцөл байдлыг нотолж буй болохоос хэрэг гардаг өдөр хохирогч нь Ю.Эд яг ямар брэндийн, хямдхан уу, эсвэл өндөр үнэтэй усны алиныг өгснийг нотолдоггүй. Өөрөөр хэлбэл эдгээр 4-н гэрчийн мэдүүлэг нь халдлагын зүйл болох үнэртэй усны шинж байдал буюу “ориг, брэндийн, өндөр үнэтэй, хулхи биш” гэдгийг нотлохгүй юм. Хэрэг гарах үед байсан энэ хэргийн цорын ганц гэрч Д нь “ямар үнэтэй ус өгснийг хараагүй” гэж мэдүүлдэг. /хх 185/

Хоёрдугаарт: Хохирогч өөрт нь 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чаддаггүй. Хохирогч нь бусдад залилуулсан гэх 22 ширхэг үнэртэй уснуудыг цаасан дээр гараар жагсааж бичээд ард нь өөрийн үнэлгээг бичсэн байдаг. Энэ баримтыг мөрдөгч нь шинжээчээр үнэлүүлж, дүгнэлт гаргуулсан байдаг. Гэтэл хохирогч Д.Б нь Франц улсаас үнэртэй усыг их хэмжээгээр худалдан авсан дэлгүүрийн баримт, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гаалийн баримт, эсвэл илгээмжийн байгууллагаар тээвэрлүүлсэн талаарх баримтуудын аль нь ч хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж хохирогч Д.Бгийн мэдүүлсэн илгээмжийн байгууллагын ажилтан Г.Минжбулганаас мэдүүлэг авахад “ямар ч бичиг баримт байхгүй” гэсэн байдаг. /хх 155/ Хохирогчийн бусдад залилуулсан гэх үнэртэй усны чанар байдал, өндөр үнэтэй эсэх, улмаар хохирлын хэмжээ үнэн зөв, бодитоор тогтоогдсон эсэх нь ийм эргэлзээтэй байхад шүүх хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн нь туйлын эргэлзээтэй юм.

            Дүгнэлтэд онцгой ач холбогдолтой бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй талаар: Яллагдагч Ю.Э нь халдлагын зүйл болсон үнэртэй усны брэнд, хохирлын хэмжээн дээр маргадаг. Яллагдагч нь, 20-30 мянган төгрөгийн үнэтэй үнэртэй авсан, түүнийгээ хүмүүст зарсан гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хохирогчоос авсан гэх хямдхан үнэртэй усыг биет байдлаар гарган өгч, уг үнэртэй усыг өөрөөс нь худалдан авсан Ц.А, Д.М, Г.Х, П.О, Ц.А нар нь гэрчээр асуугдсан байдаг. Яллагдагчийн хямд үнэтэй үнэртэй усыг шинжээч 600000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт хоёр төрлийн үнэлгээ гарсан байдаг. Гэтэл шүүх 5.000.000 төгрөг гэх үнэлгээг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон боловч 600.000 төгрөгийн үнэлгээг яагаад шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болохыг тайлбарлаагүй байна. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүх оролцогчийн үндэслэлийг баримтлаагүй бол няцаасан үндэслэлийг заавал тодорхойлох хэсэгт дурдах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч, яллагдагч нар хавтаст хэрэгт хоёр өөр төрлийн үнэлгээ гаргуулсан байдаг. Уг хоёр өөр төрлийн үнэртэй усны үнэлгээ буюу хохирлын хэмжээний талаар маргаж байхад анхан шатны шүүх нэг хэмжээг нь баримтлаад харин нөгөөг нь няцаасан үндэслэлээ шийдвэртээ огт бичээгүй байна. Ийм байхад яллагдагч яагаад хохирогчид 5 сая төгрөгийн хохирол төлөх ёстойгоо ойлгохгүй байна. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Шүүх нь яллагдагчийн мэдүүлдэг 600 000 төгрөгийн хохирлын хэмжээг яагаад баримтлаагүй болохоо үндэслэл бүхий тайлбараар няцаасан бол бидний хувьд давж заалдах шаардлага алга байлаа.

            Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Яллагдагч Ю.Э нь хохирогчоос үнэртэй ус авсан гэх үйл баримтад мөрдөн байцаалтын эхнээс маргадаггүй. Гагцхүү халдлагын зүйл болсон үнэртэй усны брэнд, нэг бүрийн үнэ, хохирлын хэмжээн дээр маргадаг. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэлийн их бага дээр маргадаг. Түүнээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Хохирогч нь яллагдагчтай урьд өмнө дотно харилцаатай байснаа илтэд үгүйсгэдэг бөгөөд яллагдагч өөрийг нь зориуд гэмт хэрэгт холбогдуулан буруутгаж байна гэдэг. Гэм буруу дээр маргаагуй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад анхан шатны шүүх 70 хувийн групп тогтоолгосон яллагдагчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь эрүүгийн хуулийн буруу хэрэглээд зогсохгүй, эрүүгийн хариуцлага яллагдагчийн хувийн байдалд тохирохгүй байна. Групп тогтоолгосон хүн хөдөлмөр эрхлэх нь чадвар хязгаарлагдмал юм. Тэгээд ч тэнсэх хуулийн үндэслэл, боломж байсаар байтал шүүх шууд ял оногдуулж байгаа нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулж байх шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Яллагдагч Ю.Эг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд түүний олон арван жилийн өмнөх ял эдэлсэн байдал нь түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуулийн үндэслэл болохгүй. Мөн яллагдагч өөрийн гэм буруу дээр маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хуульд заасан тэнсэх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасаар байхад тэнсэхгүй байгаа нь шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна. Иймд яллагдагч Ю.Э бусдад төлөх хохирлыг 600.000 төгрөгөөр тогтоож, харин түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж тус тус өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ю.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны наадмын дараа Д.Б над руу утсаар яриад “Тэди” дээр чи олон хүн таньдаг юм байна. Найз нь бараатай ирсэн” гэж хэлсэн. Бид 1 сар гаран Парист хамт амьдарсан. Үүнийгээ энэ хүн үгүйсгэхгүй. Мөрдөн байцаагч Насанжаргал “өөрийг чинь дуудахаар ирээрэй” гэж хэлсэн. Гэтэл намайг огт дуудалгүйгээр Д.Бгийн талын хүмүүсийн мэдүүлгийг авч хавтас хэргийг боож хавтас хэрэгтэйгээ танилц гэхээр нь би өмгөөлөгч авна гэж хэлсэн. Энэ мөрдөн байцаалтын явц анхнаасаа надад дарамттай байсан. Ахмад Ууганбаяр гэх “хүн хүүхдийг чинь 108 өгнө, эхнэрийг чинь барина” гэсэн. Надад бичлэг нь байгаа. Би 70 хувьд группт байдаг. “Suddenly madame glamour” гэх нэртэй европын холбооны сүлжээ дэлгүүрт зарагддаг усыг зарсан. Би аваад зарчхаад дараа нь тооцоо хийе гэсэн. Би мөнгийг нь төлөхгүй гээгүй төлнө. Би аваагүй гэж хэлээгүй. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг үнэртэй усны эх үүсвэрийг одоо болтол тайлбарлаагүй гэж байна. Гадаадад байгаа хүмүүс ачаагаа хямдхан газрын ачаагаар 1 кг 50 центээр явуулдаг. Ийм учраас гаалийн мэдүүлэг хийх боломж байхгүй. Одоо болтол үнэртэй ус зардаг хүмүүс үнэртэй ус, гоо сайхан барааг явуулдаг учир албан ёсны үнийг олж чадаагүй. Байцаагч Батсайхантай хамт каргоны газар очиход хүний ачаа учир задалж үзэх боломжгүй гэж хэлсэн. Ю.Э анхан шатны шүүх хуралдаанд “750.000 төгрөгийг 10 дугаар хорооллын “МТ колонк дээр уулзаад өгсөн” гэж хэлдэг. Гэтэл одоо 600.000 төгрөг гэж байна надад 750.000 төгрөг, 600.000 төгрөг аль алийг нь өгөөгүй. Анхнаасаа залилах гэж байсан учир арга заль хэрэглээд залилах гэж байна. Би өөрөө 70 хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын талаар мэдэхгүй байна. Энэ хүн одоо болтол хүмүүсийг луйвардаж “Тэди” төвийн гадаа утас авна, зарна гээд зогсож байгаа. 5.000.000 төгрөгийн хохирлоо авмаар байна. ...” гэв.

            Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс гаргасан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн үнийн дүн дээр маргаж байна гэж ойлголоо. О.Анхбаярыг өмгөөлөгч, хуульч хүний хувьд ёс зүйтэй гомдол гаргах хэрэгтэй гэж хэлмээр байна. Яагаад гэхээр Ю.Э хүний 5.000.000 төгрөгийн үнэртэй усыг авч залилан мэхэлсэн хэрнээ 600.000 төгрөгөөр үнэлүүлнэ гэж байгаа нь үнэнд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял хөнгөдсөн гэж ойлгож байна. 70 хувьд групп тогтоолгосон хүн нийтэд тустай ажил хийж чадахгүй гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж хуульчилсан. Ю.Э 70 хувь хөдөлмөрийн чадвар алдсан, 30 хувь хөдөлмөрлөх чадвартай. Гэхдээ хохирол төлбөр төлөөгүй, гэм буруу дээр маргаагүй гэсэн хэрнээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь цаад логик утгаараа хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэх тогтоолд заасан байхад тэнсэн харгалзаж өгнө үү гэж байна. Би ойлгохдоо хорих ялыг тэнсэн харгалздаг гэж ойлгодог. 5.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж хохиролгүй болгож хуулийн дагуу шийдэж өгнө үү. ...” гэв.        

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдолд зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг нь үнэлэхдээ нөгөө баримтыг нь няцааж дүгнээгүй гэж гомдол гаргасан байна. 14 төрлийн 22 ширхэг усыг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа тус үнэлгээгээр явагдаж байсан. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Ю.Эы талаас хүсэлт гаргасны дагуу үнэртэй усыг үнэлүүлж хэрэгт хавсаргасан. Гэхдээ прокурорын зүгээр 600.000 төгрөгийн үнэлгээтэй “Suddenly madame glamour” гэх нэртэй усыг нотлох баримтаар үнэлэлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж 5.000.000 төгрөгийн үнэлгээгээр хохирлыг шийдвэрлэсэн. Иймд зөрүүтэй нотлох баримт гэж үзэх шаардлагагүй шүүхэд хэрэг очихдоо 5.000.000 төгрөгийн хохиролтой гэж очсон. Хохирогч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, монгол улсын хилээр хэрхэн орж ирсэн талаар гэж байгаа боловч энэ талаар хохирогчийн мэдүүлэгт тодорхой байгаа. Иймд Монгол Улсын хилээр орж ирсэн талаар баримтыг хохирогчийн мэдүүлгээс өөр өөр авах боломжгүй байсан. Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатнаас 5.000.000 төгрөгийн хохиролтой явж байсан. Энэ хохирлыг шүүгдэгч талаас хүлээн зөвшөөрдөггүй. 5.000.000 төгрөг төлнө гэдгээ илэрхийлсэн ямар нэг баримт болон мэдүүлэг байхгүй. Ю.Эд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг тэнсэн харгалзах боломжгүй. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 904 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийтгэх тогтоолд бичиг хэргийн алдаа гарсан байсан. Үүний дагуу прокурорын зүгээс залруулга бичсэн. Энэ талаар анхан шатны шүүхээс асуухад залруулгыг хэрэгт хавсаргаагүй. Гэхдээ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор залруулга хийнэ гэж хэлсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Ю.Э нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Теди” худалдааны төвийн орчим хохирогч Д.Бд “хүнд үзүүлчихээд ирье” хэмээн нийт 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 22 ширхэг үнэртэй усыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б“...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Франц улсад амьдарч байх үедээ танилцсан Д нь залгаад “үнэртэй уснуудыг чинь хүнд зарж өгнө” гэж хэлэхээр нь би 3,4 дүгээр хороололд Дтай уулзаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tedy” төв дээр ирэх үед Тайван гэгч хүлээж байсан ба Тайван гэгчийн хамт тус худалдааны төв рүү орж 2 давхраар нь үзүүлсэн, үзүүлэх үед  авах гэж хүлээсэн хүн байхгүй байсан зүгээр л хүмүүст сонирхуулсан боловч нэг ч хүн худалдаж аваагүй. ...Тайван гэгч наад үнэртэй уснуудыг чинь 4 давхарт хүнд үзүүлэх байсан юм мартчихсан байна гэж хэлээд авч орсон. ...Хүлээж байсаар байгаад “Tedy” төв хаасан ба би залгаж “зараагүй байсан ч хамаагүй буцааж өг” гэхэд “яасан сүртэй юм бэ, маргааш ав” гэж хэлсэн Дарханбаатар нь намайг “за маргааш авч өгнө, өнөөдөртөө гэртээ хариад байж бай” гэж хэлсэн. Маргааш нь залгах үед Д “би Улаан-Үүд явж байна ажил гэнэт гараад би шөнө гарсан Тайван буцаагаад өгчих байх” гэж хэлсэн түүнээс хойш Д луу залгах үед “уулзан одоо өгнө” гэх мэтээр гэх мэтээр худлаа хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. ...Д Тайван гэх хүмүүст нийт 21 ширхэг 5.350.000 төгрөгийн үнэртэй ус өгч явуулсан. ...” /1хх 26-28/,

гэрч Ч.Д“...Би Бд Тайван Tedy-д таньдаг хүн их шүү дээ гээд дагуулаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Tedy-д ирсэн. Tedy төв дээр ирээд Тайвантай уулзсан ингээд Тайван Байгалаа хоёр Tedy төв рүү орж бараагаа үзүүлж байгаад нэлээн хугацааны дараа гарч ирсэн. Үүний дараа Тайван жижиг хайрцагтай үнэртэй усыг нь аваад Tedy төврүү орсон. Гарч ирэхгүй нэлээн удаан байхаар нь би Тайван руу залгаад “яачихав аа орой болчихлоо би явах гээд байна” гэж хэлсэн тэгээд Б Труу залгаад хоорондоо хэсэг ярьж байгаад Байгалаа намайг “явъя” гэж хэлсэн. Тэгээд би Байгалаад 10 дугаар хороололд гэрт нь хүргэж өгөөд гэрлүүгээ явсан. ...” /1хх 32/

гэрч П.Ш“...Тухайн үед би Байгалмаа гэх хүнийг таньдаг болж байсан. Тухайн үед Байгалмаа Chanel,  miss dior, Gucci гэх мэт олон төрлийн брэндийн уснуудыг зах зээлийн ханшаас бага зэрэг хямд үнээр зарж борлуулж байсан учраас би өөрөө 2-3 ус авч байсан. Үнэртэй уснууд нь ихэнх нь 150.000-350.000 төгрөгийн үнэтэй байсан. ...” /1хх 35/,

гэрч Г.Д“...2018 оны 9 дүгээр сард Байгалмаа над руу залгаад “Францаас ирчихсэн байгаа, найзад нь зарах гэж байгаа оригинал үнэртэй уснууд байна” гэхээр нь би гэрт нь очиход нэлээн олон тооны 20 гаруй үнэртэй уснууд байсан. Тэгээд би тэндээс нь өөрөө болон ажлын хүмүүсийг авна гэхээр нь 4 ширхэг үнэртэй ус авч байсан. Тухайн үед 4 ширхэг үнэртэй усны мөнгө нь барагцаагаар 1.000.000 төгрөг болж байсан. ...” /1хх 36/,

гэрч Д.Д“... 2010 оноос Д.Байгальмаа нь Франц улсаас илгээмжээр бараг сардаа 1 удаа үнэртэй уснууд явуулдаг байсан. ...Францаас үнэртэй ус ирэх үед манай охины ангийн хүүхдүүд ирээд заримдаа 1 ширхэг үнэртэй усыг 350.000 төгрөгөөр хүртэл худалдаж авдаг байсан тэр найзууд нь хүртэл энэ талаар сайн мэдэж байна. ...” /1хх 223/,

гэрч Л.Б“... Байгалмаа 2007 оны үед шиг санагдаж байна. Франц руу надтай байнга холбоотой байдаг байсан. Нэг удаа ирэхдээ Францаас үнэртэй ус хувцас зэрэг дандаа брэндийн зүйлс авч ирж зарж байсан. ...Сүүлд 2018 онд ирэхэд нь найз нартайгаа хамт гэрт нь очоод гутал, хувцас, үнэртэй ус худалдаж авч байсан. “Chanel, Dior” зэрэг брэндийн уснууд авсан.  Хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сард “Poison” нэртэй брэндийн усыг 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /1хх 226/,

шүүгдэгч Ю.Эы яллагдагчаар өгсөн “...Tedy худалдааны төв дээр Дарханбаатарын хамт ирж уулзсан. Тухайн үед Байгалмаагийн машинд хувцас, гутал, нүдний шил, үнэртэй ус гэх мэт олон төрлийн бараа байсан. Ингээд би таньдаг зарим нэг худалдагч нарт барааг үзүүлэхээр хамт орсон. Тэгтэл тэдгээр худалдагч нар үнэртэй уснуудыг үнэтэй байна гэж хэлээд аваагүй. Тэгээд “наад уснууд чинь үнэтэй байна” гэж  хэлээд аваагүй. ...”би өөрөө наад уснуудыг чинь 20.000 төгрөгөөр зарж байсан, тиймээс хүнээс асууж өгье” гэсэн. Тэгээд би дээшээ 4 давхарт гараад хүнээс асуух гэхэд тухайн хүн нь байгаагүй учраас би хямд ус асуухаас санаа зовоод өөр хүнээс асуугаагүй. Тэгээд Байгалмаад хандаад энийг авах уу гэж асуух гэж байсан хүн маань байхгүй байна гэхэд Байгалмаа “ чи наадхаа зараад надтай 20.000 төгрөгөөр тооцоо хийчих. Цаашаа хэдээр зарах нь хамаагүй” гэж хэлсэн. ... би  гэрээс согтуу гараад Дархан явж байсан. Нэг мэдэхэд л би Дарханд сэрсэн. Тухайн үед надад ямар нэгэн үнэртэй ус байгаагүй. Дараа нь Байгалмаагаас авсан уснуудаа гэртээ үлдээсэн байснаа мэдсэн. Би анх Байгалмаагаас 20 ширхэг үнэртэй усыг нэг бүрийг нь 20.000 төгрөгөөр бодож аваад 400.000 төгрөг өгөх ёстой байсан.  ...Бариач эмэгтэйд 2 ширхэг, Дарханы таньдаг залуудаа 3 ширхэг, ангийнхаа залууд 2 ширхэг, Эрдэнэтийн нэг хүүхэнд 1 ширхгийг өгсөн. Эхнэр хоёрыг авсан, бусдыг нь зар тавиад зарсан. ...” /1хх 40-418 194-195/ гэсэн мэдүүлгүүд,

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Дамно” ХХК-ийн №ЧД1-19-24 дугаартай “...13 нэр төрлийн   22 ширхэг үнэртэй ус буюу 4.715.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан. ...” /1хх 16-18/,

Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай “13 нэр төрлийн 21 ширхэг үнэртэй усны 2018 оны байдлаарх үнэ 4.680.000 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт. ...” /1хх 169-174/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 217 дугаартай “Мөрдөгчийн тогтоолд дурдсан “Allure Chanel 100ml” үнэртэй усны 2018 оны байдлаарх үнэ, 320.000 төгрөг болохыг тодорхойлов /2хх 208-212/ гэх дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ю.Эы бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаяр “...Ю.Э бусдад төлөх хохирлыг 600.000 төгрөгөөр тогтоож, харин түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Ю.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хохирол төлбөрөө төлөөгүй, хувийн байдал зэрэгт тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байх ба түүний 70 хувь хөдөлмөрийн чадвар алдсан нь тухайн ялыг эдлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгтээ харшлаагүй тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн өмгөөлөгчийн зүгээс хохирлын үнэлгээний талаар маргаж байгаа боловч тусгай мэдлэг бүхий шинжээчийн тогтоосон үнэлгээг бусад нотлох баримтуудтай харьцуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалттай тус тус нийцсэн байна. Учир нь:

Хэрэгт хохирогч Д.Б“...Д Тайван гэх хүмүүст нийт 21 ширхэг 5.350.000 төгрөгийн үнэртэй ус өгч явуулсан. ...” /1хх 26-28/,

гэрч П.Ш“...Тухайн үед Байгалмаа Chanel,  miss dior, Gucci гэх мэт олон төрлийн брэндийн уснуудыг зах зээлийн ханшаас бага зэрэг хямд үнээр зарж борлуулж байсан учраас би өөрөө 2-3 ус авч байсан. Үнэртэй уснууд нь ихэнх нь 150.000-350.000 төгрөгийн үнэтэй байсан. ...” /1хх 35/,

гэрч Г.Д“...Би гэрт нь очиход нэлээн олон тооны 20 гаруй үнэртэй уснууд байсан. Тэгээд би тэндээс нь өөрөө болон ажлын хүмүүсийг авна гэхээр нь 4 ширхэг үнэртэй ус авч байсан. Тухайн үед 4 ширхэг үнэртэй усны мөнгө нь барагцаагаар 1.000.000 төгрөг болж байсан. ...” /1хх 36/,

гэрч Д.Д“... 2010 оноос Д.Байгальмаа нь Франц улсаас илгээмжээр бараг сардаа 1 удаа үнэртэй уснууд явуулдаг байсан. ...Францаас үнэртэй ус ирэх үед манай охины ангийн хүүхдүүд ирээд заримдаа 1 ширхэг үнэртэй усыг 350.000 төгрөгөөр хүртэл худалдаж авдаг байсан тэр найзууд нь хүртэл энэ талаар сайн мэдэж байна. ...” /1хх 223/, гэрч Л.Б“...“Chanel, Dior” зэрэг брэндийн уснууд авсан.  Хамгийн сүүлд 2020 оны 3 дугаар сард “Poison” нэртэй брэндийн усыг 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /1хх 226/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Ю.Э нь 20 ширхэг 20.000 төгрөгийн үнэ бүхий “Suddenly madame ” гэх нэртэй усыг авсан нь тогтоогдохгүй шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын зүгээс 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасны дагуу  “Suddenly” гэх нэртэй үнэртэй усны үнэлгээг тогтоолгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, улмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 218 дугаартай “...Suddenly madame 50ml, 20 ширхэг үнэртэй усны 2018 байдлаарх үнэ, 600.000 төгрөг болохыг тодорхойлов. ...” гэсэн дүгнэлт /1хх 234-238/ гарчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх үнэлгээгээр хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа боловч хохирогч Д.Байгальмаа Suddenly madame 50ml, 20 ширхэг үнэртэй ус  байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, мөн хэрэгт энэ талаар дээр дурдсан үнэлгээнээс өөр баримт байхгүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирлын үнэлгээг бодитой тогтоолгох үүднээс хэргийг дахин мөрдөн шалгуулахаар 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 58 дугаар магадлалаар прокурорт буцаасан боловч, хохирогч Д.Б нь Франц улсаас үнэртэй усыг их хэмжээгээр худалдан авсан дэлгүүрийн баримт, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гаалийн баримт, эсвэл илгээмжийн байгууллагаар тээвэрлүүлсэн талаарх баримтуудын эх сурвалжаа мэдүүлээгүйн улмаас энэ талаар баримт бүрдэж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэвч шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр 20 гаран ширхэг өөр өөр төрлийн үнэртэй усыг зарахаар шүүгдэгч Ю.Э нь авсан, буцааж өгөөгүй болох нь тогтоогддог Г.Дэлгэрмаа хохирогч Д.Байгальмаагаас үнэртэй ус худалдан авч байсан гэрч Д.Даваасүрэн нарын мэдүүлгээс үзэхэд уг үнэртэй усыг 20.000 төгрөгөөр худалддаг байсан нь нотлогдоогүй, мөн бусад баримтаар ч 20.000 төгрөгийн 20 ширхэг адил нэртэй үнэртэй усыг Ю.Эд өгсөн нь тогтоогдоогүй байна.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 140 дугаартай “13 нэр төрлийн 21 ширхэг үнэртэй усны 2018 оны байдлаарх үнэ 4.680.000 төгрөг болохыг тодорхойлохдоо мөрдөгчийн тогтоолд дурдсан “Allure Chanel 100ml” үнэртэй усыг орхигдуулсан байх тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 217 дугаартай дүгнэлтээр тогтоосон 320.000 төгрөг гэснийг дүгнэжээ.

Иймээс хохирлыг 5.000.000 төгрөгөөр тооцож гаргуулсан нь зөв байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/904 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Эы өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                       ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                       ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ