| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00380/И |
| Дугаар | 129/ШШ2017/00394 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2017/00394
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 129/ШШ2017/00394 | Эрдэнэбулган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1973 онд төрсөн, Архангай аймгийн Ихтамир сумын 5-р баг, Тайхар заан хошуу 5 дугаар гудамж, 8 тоотод оршин суух Б овгийн Д.Х-д холбогдох
Хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н, иргэдийн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ихтамир сумын ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2017.04.13-ны өдрийн 17/02/15 тоот албан шаардлагаар 13.257,2 төгрөгийн төлбөрийг барагдуулахыг шаардсан. Дээрх төлбөрийг төсвөөс төлж барагдуулах боломжгүй байна. 2017 онд улсын хэмжээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан төсөв санхүүгийн боломж муу байна. Уг төлбөрийг ЗДТГ төлж барагдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь дээрх актууд дээр Д.Х-д даалгасан тул Д.Х-с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийг дуусталх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн бөгөөд уг хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрч 5 акт тавигдсан. Үүнд: Байгууллагын Ниссан Патрол маркийн АРА 00-07 улсын дугаартай авто машинд засвар үйлчилгээ хийж сэлбэг сольж тавихдаа хуулийн хүчин төгөлдөр шаардах хуудасгүй, сэлбэгийг уг машинд сольж тавьсан нь нотлогдохгүйгээс 4.180.000 төгрөгийг төлбөр, байгууллагад бараа материал аваад хөрөнгийг бэлтгэн нийлүүлээгүй, авлагаар данс бүртгэлд тусгаагүйгээс 2.000.000 төгрөгийн төлбөр, “Б” ХХК-иас сэлбэг авсан гэх боловч материалыг авч данс бүртгэлд тусгаагүйгээс 300.000 төгрөгийн төлбөр, Сумын 90 жилийн ойд багийн иргэдээс хандивт өгсөн бог малыг худалдан борлуулаад төлбөрийг төлөөгүй, данс бүртгэлд авлагаар тусгаагүйгээс 1 хүнтэй холбоотой 5.280.000 төгрөгийн төлбөр нийт 11.760.000 төгрөгийн төлбөр нь тухайн үеийн Засаг даргатай холбоотой байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 25 дугаар зүйлийн 25.12 дахь заалтуудыг тус тус зөрчиж дур мэдэн зарцуулсан гэм буруутай албан тушаатан болох тухайн үед сумын засаг даргаар ажиллаж байсан Д.Хүрэлшагайгаар төлүүлэн авч барагдуулуулахаар акт тавьж 2016 оны 8 сарын 20-ны өдрийн дотор аймгийн төсвийн орлогын Төрийн сан банкны дахь 010000955 тоот дансанд шилжүүлүүлэхийг Засаг даргын тамгын газарт хариуцуулсан. Тухайн актуудыг хариуцагч Д.Хүрэлшагай нь хүлээн зөвщөөрч уг актуудад гарын үсэг зурсан. Д.Хүрэлшагайг ажиллаж байх хугацаанд хохирлыг сарын цалингаас нь төвлөрүүлэн авч байсан боловч орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ажлаасаа гарсан тул дахин төлүүлэх боломжгүй болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 2017 оны 4 сарын 13-ны өдөр улсын байцаагчийн тавьсан актуудын дагуу 2017 оны 6 сарын 30-ны дотор төлбөрийг барагдуулуулж орон нутгийн орлогод оруулж биелэлтийг хангуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага ирүүлсэн. Энэ албан шаардлагатай холбогдуулан улсын байцаагчийн актуудын дагуу төлбөр барагдуулахыг иргэн Д.Хүрэлшагайд 2017 оны 4 сарын 25-ны өдөр албан мэдэгдэлээр мэдэгдэж өөрт нь гардуулан өгсөн боловч уг албан мэдэгдэлтэй холбогдуулан ямар нэгэн хариуг манай байгууллагад одоог хүртэл ирүүлээгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Иргэдийн хурал, Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ”, 41.2 дахь хэсэгт “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж хуульчилсаны дагуу Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 2016 оны 6 сарын 24-ний өдөр тавигдсан улсын байцаагчийн 17/03/83, 17/03/84, 17/03/85, 17/03/86, 17/03/87 дугаартай актуудыг нөхөн гүйцэтгүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Дээрх актууд дандаа Д.Х-д даалгасан байгаа учраас Д.Х-с нэхэмжилж байгаа. Улсын байцаагчийн актаар нийт 11.760.000 төгрөг тогтоогдсоноос Д.Х-г ажиллаж байх хугацаанд цалингаас нь 900.000 төгрөг суутгаад авчихсан байгаа. Одоо Д.Х-с нийт 10.860.000 төгрөг нэхэмжилж байгаа. Иймд манай байгууллагад бодит байдлаар учраад байгаа улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөрөөс 10.860.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэн Д.Х-с гаргуулан гэм хорыг арилгаж өгнө үү. Иргэн Д.Х-д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай албан мэдэгдэл болон шүүхэд өгсөн мэдэгдэлтэй холбоотой ямар нэгэн хариу тайлбар өгөхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Х-д холбогдуулан хохирол 10.860.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Х нэхэмжлэлийг гардан авч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор заасан боловч хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байх зарчимтай тул Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.Х-г Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргаар ажиллаж байх 2012-2016 оны хугацаанд тус сумын Засаг даргын тамгын газрын 2013, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт тогтоогдсон нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар болон 2016 оны 06 сарын 24-ний өдрийн дугаар 17/03/83, 17/03/84, 17/03/85, 17/03/86, 17/03/87 тоот актуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага агуулга, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт зэргээс үзэхэд төрийн албан хаагч болох засаг дарга Б.Хүрэлшагайгийн ажил үүргээ гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг нэхэмжлэгч нэхэмжилж байна.
Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч байх ба төсвийн захирагч нь /төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч/ түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байхаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д заасан тул сумын Засаг даргын Төсвийн тухай хууль зөрчсөн үйлдлийн улмаас төсөвт хохирол учирсныг тогтоосон аудитын актыг үндэслэн уг хохирлыг төлүүлэхээр тус сумын Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэх эрхгүй байна.
Иймд хариуцагч Д.Х-с хохиролд 10.860.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Д.Х-д шүүх хуралдааны товыг 2017 оны 07 сарын 19-ний өдөр Ихтамир сумын Засаг даргаар дамжуулж мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нямжаргал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Х-с 10.860.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Т.БАДРАХ