Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 156/ШШ2019/00049

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 23 өдөр

      Дугаар 156/ШШ2018/00049

               Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

156/2018/00695

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: ................ нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Х.....................тоотод оршин суух, Б.Б /РД:.............../, С.Ш /РД:................../ нарт холбогдох

            “зээлийн гэрээний үүрэгт 10 677 381,88 /арван сая зургаан зуун далан долоон мянга гурван зуун наян нэгэн/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Хаан банкны Хэнтий аймгийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, П.Б хариуцагч С.Ш, хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч .............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б, С.Ш нар нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр...........                   11 630 053,91 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 21,6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 4 ханатай шкаф, суурин компьютер, хөргөгч, угаалгын машин, LCD зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан.

Б.Б, С.Ш нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 052 250,80 төгрөг, зээлийн хүүд 1 849 322,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй байна.

Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Б.Б, С.Ш нараас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд: 1. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .................... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

Зээлийн төлбөр:

1. Үндсэн зээлийн төлбөр 8 577 803,11 төгрөг

2. Зээлийн хүүгийн төлбөр 1 993 163,32 төгрөг

3. Нэмэгдүүлсэн хүүгийн 106 415,45 төгрөг нийт 10 677 381,88 төгрөг,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн 185 788 төгрөг

5. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/

Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

 

Миний бие 2018 оны 10 сарын 11 өдөр Х..........аас          10 677 381,88 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариу тайлбар гаргаж байна. Уг нэхэмжлэлд зээлийн төлбөр болох үндсэн зээлийн төлбөр    8 577 803,11 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөр 1 993 163,32 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 106 415,45 төгрөгийг, нийт 10 677 781,88 төгрөгийг нэхэмжилж байгаа тусгагджээ.

Энэхүү нэхэмжлэлийг Б.Б би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний зээл авсанаас хойш сар бүр 441 800 төгрөг жил орчим төлсөн байхад ...........-аас 10 677 381,88 төгрөгийг нэхэмжлээд байгаа асуудал нь хууль зөрчиж байна гэж үзэж байна. Миний биеийн эрүүл мэндийн байдал шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул өмгөөлөгчид итгэмжлэл олгож шүүх хуралдаанд өмгөөлөгчөөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаан дээр нэхэмжлэл хууль бус байгааг нотлох болно. 6 500 000 төгрөг авсан нь үнэн, дараа нь 3 500 000 төгрөг нэмж авсан нь үнэн. Гэхдээ дунд нь зөндөө олон удаа төлөлт хийсэн.               12 удаагийн төлөлт хийгээд байхад яагаад үндсэн мөнгөний хүү хасагдахгүй байгаа юм бэ, энэ их сонин байна. Бодит үнэнд ойртуулж нэхэмжлээчээ, бид үндсэн мөнгийг л төлнө гэж хэлмээр байна гэжээ /хх-ийн 34х/.

 

Хариуцагч С.Ш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

С.Ш би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр............-аас 11 630 053,91 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй, хүү Б.Б хамтран зээлдэгчээр гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдэл 10 677 381,88 төгрөг миний бие төлөх бололцоогүй. Нөхөр бид 2 нийлээд сардаа 600 000-аад төгрөгийн тэтгэвэртэй. Дээр нь тэтгэврийн зээлтэй. Тэр нь амьдралд хүрэлцдэггүй. Хүү Б.Б маань банкнаас зээл авсаныхаа дараа Солонгос явж ажил хийж зээлээ төлнө гэсэн боловч одоогоор явж чадаагүй байгаа гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ........-нд  зээлийн данс үүсгээд жилийн 21,6%-ийн хүүтэй, 6 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээл авснаас хойш 3 удаа хүсэлт гаргаад зээлийн гэрээгээ өөрчилж, зээлийн хэмжээгээ нэмээд, зээл төлөлтийн хувиараа өөрчилсөн. Анх зээл авснаасаа хойш нэмж 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3 500 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 800 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус нэмж авсан. Нийтдээ зээлдэгч Б.Б нь зээлийн дансыг үүсгэснээс хойш 14 800 000 төгрөгийн зээл авсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлдэгч Б.Б  зээлийн төлбөр огт төлөөгүй байгаа, сардаа 441 800 төгрөгийн зээл төлөлтийн хувиартай болсноос хойш 10 удаа төлсөн байдаг. Төлөөгүй саруудын хүү хуримтлагдсаар байгаад ийм хэмжээний мөнгөн дүнтэй болсон. Зээлийн дансны хуулган дээр тухайн төлж байгаа мөнгөн дүн нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гээд задраад орж ирдэг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 800 000 төгрөг аваад сарын төлөлтөө 384 300 төгрөгөөр төлөөд 6 удаа төлөлт хийсэн. Банкинд зээлийн эргэн төлөлт хийдэг хоёр арга байдаг. Тухайн банкинд хуримтлагдсан хүү үндсэн зээлээс хасах үнийн дүн нь орчихсон. Зээлдэгчийн төлсөн бүх мөнгийг хүүнд аваагүй үндсэн зээлээс, хүүнээс ч авсан байдаг гэв.

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б өвчтэй босож чадахгүй байгаа, зээл сар болгон төлсөн баримтын хуулга байна. Хариуцагч Б.Б нийтдээ 5 301 600 төгрөгийг төлсөн. Үлдсэн төлөх ёстой 8 840 544 төгрөг гэж бидний зүгээс үзэж байгаа юм. Гэтэл илүү 1 836 837 төгрөгийг төлнө гэж .....-аас нэхэмжилж байна. Жишээ нь: /Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийг харахад сар бүр 21.6%-ийн хүүтэй зээл авсан/ гэж бичээд байгаа юм. Сар бүр 21.6%-ийн хүүтэй зээл  гэж хаана байна. Үүнд нэхэмжлэгч тал андуурсан байлаа ч андуурах асуудал байж болохгүй, нэхэмжлэл бол нэхэмжлэл үүнийг би байгаагаар нь л ойлгоно. Манай зүгээс үлдэгдэл 8 840 544 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа юм. Манай зүгээс сар болгон зээлээ төлөөд байхад яагаад тэр үндсэн мөнгөнөөс хасагдахгүй, өндөр хүүгээр бодогдоод яваад байна вэ.

Мөн алданги хүү хоёрын нэгийг л төлөх ёстой ингэж нэхэмжилж иргэдийг хохироож болохгүй энэ бол хууль бус гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн баримтанд сарын 21,6%-ийн хүүтэй гэж бичсэн нь алдаатай юм байна. Бид зээлээ сарын 1.8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон.Энэ нь жилийн 21,6%-ийн хүү юм. Зээлдэгч нь анх зээлийн хүсэлт гаргахдаа 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 6 500 000 төгрөгийн зээл авснаар эхэлсэн. Зээлдэгч Б нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй юм. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хамтран үүрэг гүйцэтгэгч болох Ш-ийн данснаас 476 000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасаж төлсөн. Хувиарийн дагуу төлөх ёстой үндсэн зээлээсээ дутуу төлсөн буюу төлөөгүй байгаа бол тэндээс бид бага хэмжээний хүү авдаг. Тэгэхээр үндсэн зээлдэгчийн төлөөгүй байгаа үлдэгдэл дээр сарын 1,8%-ийн хүү бодоод хуримтлагдсан байгаа хүү гэсэн үг юм. Нэхэмжлэгч талаас үндсэн зээл дээр хуримтлагдсан байгаа торгуулийн хүүг нэмж авах саналтай байна. Иймд нэхэмжлэгч талын саналыг хүлээж авах боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ......................нь  Б.Б С.Ш нарт холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 10 677 381,88 /арван сая зургаан зуун далан долоон мянга гурван зуун наян нэгэн төгрөг, наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Б, С.Ш нар нь .................-аас   11 630 053,91 төгрөгийн зээл авсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ................ дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 4-7х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-2х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 34, 37х/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч Б.Б, С.Ш нар нь зээл авсан өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11ий өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 3 052, 250,80 төгрөг, зээлийн хүүд 1 849 322,42 төгрөг нийт 4 901 573,22 төгрөг төлсөн байна.

 

Нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээл 8 577 803,11 төгрөг, зээлийн хүү                 1 993 163,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106 415,45 төгрөг, нийт 10 677 381,88 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т: зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч ............-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 10 677 381,88 /арван сая зургаан зуун далан долоон мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч Б.Б, С.Ш нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Б, С.Ш нараас зээлийн гэрээний үүрэгт 10 677 382 /арван сая зургаан зуун далан долоон мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..............-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ...........-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 185 788 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б. Б, С. Ш нараас 185 788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............-т олгосугай.

 

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Ж.БОЛДБААТАР