| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00451/И |
| Дугаар | 156/ШШ2020/00167 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2020/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00451/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ......... тосгонд оршин суух, Ц Б (РД: )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ....... оршин суух, М Б (РД: )-т холбогдох
3 918 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., түүний өмгөөлөгч Д.О, хариуцагч М.Б, түүний өмгөөлөгч Д.Г, гэрч, Ч.Х, Х.Б, нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... М.Б 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай гэр бүлийн хүн Б нь ХЭҮ-1315 дугаартай портер маркийн машиныг наймаа хийж авсан. Хөлсөнд нь азарга, эр үхэр 2 өгөөд маргааш нь машинаа гэртээ авч ирсэн.
Түүнээс хойш маргааш нь ХЭҮ-1315 дугаартай портер маркийн машины мотор нь цохиж 2016 оны 11 дүгээр сард машиныхаа моторыг янзлаад манайх хэрэглэж байтал 2017 оны 04 дүгээр сард Б манай гэрт ирээд наймаагаа буцлаа та нар надаас азарга, эр үхэр хоёроо аваарай гээд машинаа аваад явсан.
Тухайн үед би Б нэгэнт хийсэн наймаа буцахгүй машин чинь эвдрээд зөндөө их засвар үйлчилгээ хийгээд дөнгөж асаагаад байна. машины үлдэгдэл үнэ 2 000 000 төгрөгөө бэлэн ав гэж Б хэлтэл үгүй та нар намайг малгүй гэж бодоо юу гэж загнаад машинаа аваад явсан. Тухайн үед манай нөхөр байгаагүй би гэртээ ганцаараа нялх хүүхэдтэйгээ байсан.
Б нь машинаа авч явсан цагаасаа хойш таг чимээгүй эр үхэр, азарга хоёрыг минь өгөхгүй өнөөдрийг хүрч байна.
Иймд үхэр, азарга хоёроо тухайн үеийн ханш 2 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилж байна. (хх-ийн 1 тал)
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:... М.Б 2 000 000 төгрөг гаргуулах тухай өмнөх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэж байна. М.Б худалдан аваад буцааж өгсөн ХЭҮ 13-15 дугаартай портер маркийн машины засвар, сэлбэгийн зардал, автомашины үзлэг татвар, даатгалын төлбөрт төлсөн 1 918 800 төгрөг нэхэмжилж байна.
Портер маркийн ачааны автомашинд мотор 800 000 төгрөг, радиатор 100 000 төгрөг, аккумлятор 60 000 төгрөгөөр худалдан авч сольж тавьсан, масло 6 литр 45 000 төгрөг, маслын шүүр 10 000 төгрөг, тосол 5 литр 17 000 төгрөгөөр сольсон, гавал 1 ширхэг иж бүрэн 320 000 төгрөгөөр тавьсан.
Засварын ажлын хөлсөнд Улаанбаатар хотоос авто засварчин Б гэдэг хүнд 300 000 төгрөг, Улаанбаатараас Хэнтий аймгийн Өлзийт тосгонд ирж буцсан замын зардал 40 000 төгрөг тус тус бэлнээр төлсөн.
Мөн дугуй нь хуучирч элэгдсэн, ар талын давхар дугуй байхгүй, дан дугуйтай байсан тул 4 ширхэг дугуй 140 000 төгрөгөөр хуалдан авч тавьсан, машины улсын үзлэгт оруулахад татвар 35 000 төгрөг, замын хураамж 12 000 төгрөг, агаарны бохирдлын төлбөр 3 500 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалд 36 300 төгрөг төлсөн. Нийт 1 918 800 төгрөг болно. Машиныг засаж сайжруулсан хойно М.Б буцаан авсан тул эдгээр зардлаа гаргуулна... (хх-ийн 57 тал)
3. Хариуцагч М.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Б нь 2015 оны 11 дүгээр сарын дундуур манай сумын А, Г нартай манай гэрт ирээд миний машиныг үзээд гайгүй сайн машин байна, наймаа хийе гээд аваад явсан.
Тухайн үед Б машины наймаа хийхдээ машинаа 5 000 000 төгрөгөөр тохиролцож зарсан. Машины хөлсөнд эхний ээлжинд хязаалан эр үхэр өгөөд үлдсэн мөнгийг нь 2016 оны хавар ямаагаа самнаад 4 дүгээр сард ноолуур дээрээсээ өгнө гэсэн.
Б машин авахаа ирэхдээ манай сумын машин сайн мэддэг А эхнэр Г нь дагуулж ирээд машинаа үзүүлээд аваад явсан.
Түүнээс хойш манай машины өлтөг, хөлсийг нь өгөхгүй Б нь 2 жил унаж хэрэглэсэн бөгөөд хөлсөө өгөхгүй болохоор арга буюу 2017 оны 04 дүгээр сард машинаа очиж авсан. Миний машиныг унаж хэрэглэж байхдаа надад машины мотор цохьсон талаар огт хэлж ярьж байгаагүй.
Тухайн үед манай ХААН банканд 4 900 000 төгрөгийн зээлтэй байсан. Б мөнгөө өгөхгүй байсан учраас зээл авсан мөнгөний хүү, алданги их хэмжээгээр төлсөн.
...Би ХЭҮ 13-15 улсын дугаартай портер машиныг анх 7 000 000 төгрөгөөр худалдаж авсан боловч Б машинаа хоёр жил үнэ төлбөргүй хэрэглүүлснээс болж машин маань эвдэрч, маш их сэвтсэн учраас 1 500 000 төгрөгөөр зарсан.
Б нь гэмт хэрэгт холбогдож 3 жилийн хорих ял аваад явахдаа эхнэр О машины мөнгөө аваарай гээд явсан. Түүний эхнэр О удаа дараа уулзахад Б хөрөнгө байхгүй машиныг чинь Б төрсөн дүү унаад хот явсан гэж хэлдэг байсан. Түүнээс хойш миний машиныг Б дүү нь унаад Эвт худалдааны төвийн гадаа нүүрс зараад зогсож байгаа харагддаг. Очиж уулзахад та нар О ярь, би хүний машиныг дур мэдэн өгөхгүй гээд байсан.
Түүнээс хойш машины хөлсөө өгөхгүй 2 жил болсон учраас арга буюу Б гэрт очиж машинаа буцааж авсан.
Миний бие машины хөлсөө Б авч чадахгүй 2 жил болсноос болж манай гэр бүл маш их хохирсон учраас түүний нэхэмжлээд байгаа 2 000 000 төгрөгийг төлөх боломжгүй, төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна... (хх-ийн 26-27 тал)
4. Хариуцагч М.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:... Ц Б, Г О нар нь М.Б надаас ХЭҮ 13-15 улсын дугаартай портер маркийн машиныг маань 2015 оны 11 дүгээр сард 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа болгож 2 000 000 төгрөгт хязаалан эр үхэр нэгийг 1 000 000 төгрөгт, азарга нэгийг 1 000 000 төгрөгт өгсөн. Үлдэх 3 000 000 төгрөгийг маань бэлнээр 1 сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч мөнгийг маань хугацаандаа өгөлгүй 2017 оны 04 дүгээр хүртэл 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн. Эхнэр Х бид хоёр анх машинаа өгөхдөө бид банканд барьцаат зээлийн гэрээтэй өртэй байгаа шүү. Машинаа өгсөн болохоор зээлээ төлөхдөө орлого олдог юмгүй боллоо, та хэлсэн хугацаандаа заавал төлөхгүй бол бид хэцүүднэ гэж хэлсэн. Тэд хугацаандаа өгч чадаагүйгээс болоод эхнэр бид хоёрын 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр авсан зээл төлөгдөөгүй, хугацаа хэтэрч явсаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эвлэрүүлэн зуучлах албаар 6 730 18594 төгрөг төлүүлэхээр Хэнтий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.
Иймд бид Б машинаа буцаад аваад машинаа 1 жил 6 сар өөрийнхөө ашиглаж орлого олох байсан 1 сарын орлогоо 550 000 төгрөг дунджаар олдог байсныг бодож 1 жил 6 сард 6 600 000 төгрөгийн орлого олох байсан. Үүний 10 сарын орлогыг 5 500 000 төгрөгийн орлого гэж үзэж тэдний манайд өгсөн азарга болон хязаалан эр үхрийн үнэ 2 000 000 төгрөгийг хасаж, 3 500 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна... (хх-ийн 68-69 тал)
5. Fair valuation ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 12-13 тал)
6. Гэрч Ц.Б: ... 13-15 ХЭҮ улсын дугаартай портер маркийн машины ... мотор солиод асааж үзээд хэдэн зүйл сольсон ... радиатор, моторын дээд эд анги, аккумляторыг сольж тавьсан... гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 тал)
7. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар. (хх-ийн 15 тал)
8. Гэрч Ч.Х:... Манайх анх машинаа 2012 оны 4, 5 сарын орчим 8 000 000 төгрөгөөр хүнээс авсан. 2015 оны 10 сард Б гэдэг хүнд машинаа 5 000 000 төгрөгөөр зарсан. Үнийг 2 хувааж төлнө гэсэн. Тал мөнгийг нь ноолуур дээр өгнө гэсэн. Манайх 3 сая төгрөгөө авч чадаагүй. Манайх тухайн үед банканд 4 300 000 төгрөгийн өртэй байсан. 2016 оны 03 сард азарга авчирч орхисон. Машины мотор цохьсон гэдгийг хэлээгүй. Манай нөхөр машиныхаа мөнгийг 2016 оны 4, 5 сард очиж нэхэж байсан. Б нь манай машиныг авснаасаа хойш хэрэгт холбогдсон. 2014 оны 8 дугаар сард ХААН банкнаас нэмэлт зээл авч хөргөгч зурагт авч гэрээ тохижуулсан... гэсэн мэдүүлэг.
9. Гэрч Х.Б:... Б нь ХЭҮ 13-15 улсын дугаартай супер портер маркийн машинтай байсан. Б машиныг З гэдэг хүн авсан. 2016 оны өвөл, 11 сард Б, түүний эхнэр Х, манай эхнэр Ж бид дөрөв Эвт худалдааны төвд явж байхад Б машинд өөр хүн нүүрс ачаад явж байсан. Б машин нь гэмтэлтэй байсан талаар би мэдэхгүй... гэсэн мэдүүлэг.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч М.Б худалдах, худалдан авах гэрээний 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа 1 918 800 төгрөгөөр ихэсгэж хариуцагчаас нийт 3 918 800 төгрөгийг нэхэмжилсэн байна. (хх-ийн 55 тал)
Хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас олох байсан орлогын 3 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. (хх-ийн 66-67 тал)
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч М.Б нар нь 2015 оны сүүлээр амаар харилцан тохиролцож 13-15 ХЭҮ улсын дугаартай, Hyundai Porter маркийн цагаан машины үнэд 1 үхэр, 1 адууг өгч, үлдэх хэсгийг хавар төлөхөөр худалдаж, худалдан авчээ.
Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сард машинаа буцааж авсан.
Нэхэмжлэгч Ц.Б нь машины үнэд нэг үхрийг 2015 оны 11 дүгээр сард, 2016 онд нэг азарга өгсөн. М.Б худалдаж авсан машин нь доголдолтой байсан. Мотор цохьсон, шинээр эд ангиуд 1 918 800 төгрөгөөр худалдаж авсан. Мөн адуу, үхэр хоёрыг 2 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 3 918 800 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилжээ. (хх-ийн 55 тал)
Хариуцагч тал нь нэхэмжлэгчид цагаан портер машиныг 5 000 000 төгрөгөөр зарсан. Машины үнэд 1 үхэр, 1 адууг 2 000 000 төгрөгт авсан. Үлдэх мөнгийг хавар ноолуур гарахаар авахаар тохирсон боловч машиныг эвдсэн тул 2017 оны 4 дүгээр сард буцааж авсан.
Машинд маань маш их сэв учруулсан тул хүнд 1 500 000 төгрөгөөр зарсан.
Иймд машинаа 1 жил 6 сар өөртөө байхад ашиглаж олох байсан орлогоо сарын 550 000 төгрөгөөр дунджаар бодож 1 сарын орлого 5 500 000 төгрөг гэж үзэж азарга, үхрийн үнэ 2 000 000 төгрөгийг хасаж, нийт 3 500 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 66-67 тал)
Нэхэмжлэгч Ц.Б нь 2015 оны 11 дүгээр сард хариуцагч М.Б 13-15 ХЭҮ улсын дугаартай, Hyundai портер машиныг худалдаж авсан болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 26-27, 55, 66-67 тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Талууд дээрх худалдах, худалдан авах гэрээний хувьд маргаагүй болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Б нь доголдолгүй, портер маркийн авто машиныг худалдан авагчид шилжүүлэх, нэхэмжлэгч Ц.Батзориг нь худалдагчид тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгч нь портер машин худалдаж аваад машины үнэд үхэр 1, адуу 1-ийг 2 000 000 төгрөгт бодож хариуцагчид шилжүүлж үлдсэн мөнгийг дараа нь төлөхөөр тохиролцсон байв.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Ц.Б биет байдлын доголдолтой машин худалдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: ... машинаа гэртээ авчирсан. Маргааш нь машины мотор нь цохисон... Шинээр мотор, радиатор, аккумлятор сольж тавьсан... Машиныг явдаг болгосон чинь 2017 оны 4 дүгээр сард М.Б машинаа аваад явсан.... гэсэн тайлбар.
2. Гэрч Ц.Б шүүхэд өгсөн:... 13-15 ХЭҮ улсын дугаартай портер маркийн машины ... мотор солиод асааж үзээд хэдэн зүйл сольсон ... радиатор, моторын дээд эд анги, аккумляторыг сольж тавьсан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 44 тал)
3. Зарлагын баримт. (хх-ийн 53 тал)
4. Тус шүүхэд ирүүлсэн Ц.Б:... М.Б Ц.Б худалдаж авсан ХЭҮ 13-15 дугаартай, портер маркийн ... эд анги солиулсан, засварын хөлсөнд 350 000 өгсөн болно... гэсэн тодорхойлолт (хх-ийн 54 тал) ... зэрэг болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс портер машинаа 2017 оны 04 дүгээр сард буцаан авч адуу, үхрийн мөнгийг буцаан өгөхөөр зөвшөөрсөн байгаа нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл юм.
Иймд нэхэмжлэгч Ц.Б нь машины үнэд адуу, үхэр хоёрыг 2 000 000 төгрөгт тооцож өгсөн, харин хариуцагч М.Б нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй доголдолтой машиныг шилжүүлсэн байна гэж үзлээ.
Иргэний хууийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй ба хариуцагч нь портер машинаа буцаан авсан тул адуу, үхэр хоёрын үнэ 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д: эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй... заажээ.
Иймд хариуцагчаас мотор 800 000 төгрөг, радиатор 100 000 төгрөг, аккумлятор 60 000 төгрөг, зардлын 340 000 төгрөг, малын үнэлгээ 30 000 төгрөг, нийт 1 330 000 төгрөг, адуу, үхрийн үнэ 2 000 000 төгрөг, бүгд 3 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх татвар 35 000 төгрөг, замын хураамж 12 000 төгрөг, агаарын бохирдлын төлбөр 3 500 төгрөг, даатгалын 36 300 төгрөги нийт 86 800 төгрөгийг худалдаж авсан талд портер машин байсан тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүйд тооцов.
Мөн нотлох баримтгүй, худалдаж авсан гэх машины эд ангиуд, маслын үнэ нийт 502 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэв.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчээс: Машинаа 1 жил, 6 сар өөртөө байхад ашиглаж олох байсан 1 сарын орлогоо 550 000 төгрөгөөр тооцож 10 сарын орлого
5 500 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Үүнээс үхэр, адууны үнэ 2 000 000 төгрөгийг хасаж 3 500 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч тал нь 2016, 2017 онд хувь хүний орлогын албан татвар төлсөн баримтгүй, дэвтэргүй буюу нотлох баримтгүй байв.
Мөн машинаа зарахдаа банкинд өртэй байсан. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээл төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн. 6 730 18594 төгрөгийг ХААН банкинд төлсөн гэжээ. Хариуцагч тал нь уг зээлийг машинаа зараагүй байхдаа авсан болох нь эвлэрлийн гэрээний хуулбар (хх-ийн 66-67 тал), нэмэлт зээлийн гэрээний хуулбар (хх-ийн 63-64 тал)-аар тогтоогдож байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.О шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцов.
Итгэмжлэл нь хавтаст хэргийн 5 дугаар талд байгаа бөгөөд хуулийн хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь гэрчээр А, хариуцагч тал нь гэрч Г, А, Д, Т нарыг шүүх хуралдаанд мэдүүлэг өгүүлэх хүсэлтээсээ тус тус татгалзсан байна. (хх-ийн 80, 84 тал)
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б 3 330 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 588 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан М.Б сөрөг нэхэмжлэлтэй, Ц.Б холбогдох 3 500 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 601 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 68 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, М.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ