| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/04398/И |
| Дугаар | 101/ШШ2022/00396 |
| Огноо | 2022-01-27 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/00396
| 2022 01 27 | 101/ШШ2022/00396 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Т-ын гаргасан,
Бичиг баримтын эзэмшигч болон ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гэрч З.А, П.С, У.Ө, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Т нь БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хорооны даргын 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ажилд авах ба чөлөөлөх тухай 71 дүгээр тушаалаар шугамын засварчнаар томилогдон 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс ажиллаж эхэлсэн ба тарсалтгүй 17 жил ажиллаж Монголын харилцаа холбооны компанийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 44 дүгээр тушаалд заасны дагуу 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн.
Үүний дараа 2000 онд жил орчим хугацаанд Монголын цахилгаан холбоо ХК-ийн Холболт байгууламжийн ашиглалтын газарт засварчнаар ажиллаж 2018 оны 01 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Мөн Ц.Т нь БХЯ-ны сайдын 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 126 /132/ дугаар ангид алба хааж, 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0 дугаарын цэргийн батлахтай халагдсан.
Тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу тэтгэврийн нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн тул Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ тогтоолгохоор 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гаргасан боловч ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал дээрх нэр зөрүүтэй гэсэн шалтгаанаар шүүхээр тогтоолго гэсэн хариу өгсөн.
Анх 1982 онд Холбооны яамны Телефон радио ашиглалтын хороонд ажилд ороход тус хорооны даргын 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаар тушаалаас эхлэн бүх бичиг баримтад Ц.Тын нэрийг Ц.Т гэж буруу бичсэн байдаг. Уг нь төрсөн цагаасаа эхлэн Ц.Т гэх нэртэй байсан ба иргэний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрт Ц.Т гэх нэрээр бичигдсэн. Мөн 1997, 1998, 1999 оны даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаанд Ц.Т гэж бичсэн боловч 0 гэсэн регистрийн дугаар нь Ц.Тынх мөн юм.
Иймд, нэхэмжлэгч Ц.Тыг БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хорооны даргын 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ажилд авах ба чөлөөлөх тухай 71 дүгээр тушаал, Монголын харилцаа холбооны компанийн Радио сүлжээний газрын даргын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 01 дүгээр тушаал, Монголын харилцаа холбооны компанийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 44 дүгээр тушаал, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Холболт байгууламжийн ашиглалтын газрын даргын 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалин батлах тухай 133 дугаар тушаалд тус тус дурдагдсан Цы Түмэнбаяр нь Цы Т болохыг, мөн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10136 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа баримтын жинхэнэ эзэмшигч Ц.Т болохыг, Ц.Т нь 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Холбооны яамны Телефон радио ашиглалтын хороонд шугамын засварчинаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
1. Иргэний үнэмлэхийн хуулбар,
2. Итгэмжлэл,
3. Нийгмийн даатгалын дэвтэр болон архивын лавлагаа
4. БНМАУ-ын Холбооны яамны телефон радио ашиглалтын хорооны даргын тушаал, хавсралт
5. Монголын харилцаа холбооны компанийн радио сүлжээний газрын даргын тушаал, хавсралт
6. МЦХ ХК-ийн холболтын байгууламжийн ашиглалтын газрын даргын тушаал, хавсралт
7. Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа,
8. Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан тоот,
9. Нийслэлийн архивын газар болон Архивын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа,
10. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа,
11. Тагнуулын төв архивын лавлагаа,
12. Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа,
13. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын лавлагаа,
14. Зураг,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Таас баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д тус тус зааснаар эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажилласан жилийг тогтоохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот захирамж, мөн 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/00 тоот захирамж, түүнчлэн 10 дугаар сарын 20-ны өдрийн 00 тоот захирамж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот захирамжаар З.А, П.С, У.Ө нарыг гэрчээр оролцуулж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт бүрдүүлсэн.
Ингээд нэхэмжлэгч Ц.Тын гаргасан баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болон ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч Ц.Тыг 1960 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрснийг 1960 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж, түүнд төрсний гэрчилгээ олгожээ. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12-т зааснаар иргэний төрсний гэрчилгээнд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, газрыг тусгана гэж заасан ба нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээнд эцгийн нэрийг Ц, эхийн нэрийг Ш.Б, өөрийн нэрийг Т гэж бичсэн байна.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу харъяа иргэний бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийг 1960 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрснийг ийнхүү 1960 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэж, төрсөн эцгээр нь овоглосон байна.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцсэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нэхэмжлэгч Ц.Тын /ХААТР 1, ХААТР 21/ баримтад нэхэмжлэгчийн овог, нэрийг Дураал овогт Цы Т гэж бүртгэсэн байхад төрсний бүртгэлийн лавлагаанд нэхэмжлэгчийн эцгийн нэрийг Ван Жа Күйгийн В, эхийн нэрийг Дураал овогт Ш.Б, өөрийн нэрийг Т гэж зөрүүтэй бүртгэсэн байсан тул шүүхээс нэхэмжлэгчийн эцгийн овог, нэр өөрчлөгдсөн эсэхийг тодруулахаар холбогдох байгууллагаас нотлох баримт бүрдүүлсэн.
Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 201 тоот тогтоолын дагуу В.Ж овогт Вгийн нэр нь Ц болон өөрчлөгдсөн талаарх баримт, мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 201 тоот тогтоол /ОНӨ-201-рт В.Ж овогт Вгийн нэр нь Ц болон өөрчлөгдсөн талаарх/-ыг тус тус бүрдүүлэхээр шийдвэрлэсэн боловч эдгээр байгууллагуудад дээр баримт хадгалагдаагүй гэсэн хариу иржээ.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч Ц.Тын төрсөн дүү Ц.Бы төрсний бүртгэлийн мэдээллийн сан /ХААТР 1, ХААТР 21/-гийн баримтаар тэдгээрийн төрсөн аав Ван Жа Күйгийн Вгийн нэрийг Ц болгон өөрчилсөн тухай тэмдэглэл тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Тын төрсөн аавын нэрийг Ван Жа Күйгийн В гэдэг байсныг хожим Ванчигийн Ц гэж өөрчилжээ.
Түүнчлэн Архивын ерөнхий газраас ирүүлсэн хүн амын тооллогын 1989 он, 2000 оны тооллогын баримтаар нэхэмжлэгч Ц.Т нь эх Ш.Б, дүү Ц.О, Ц.Ө, Ц.Б, мөн эхнэр Л.О, хүү Т.О, Т.А нарын хамт тус тус амьдарч байсан, өөрийн нэрийг өөрчилж байгаагүй байна.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар хэдийгээр нэхэмжлэгчийн эцгийн нэр нь өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн нэрийг Т гэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Иргэний улсын бүртгэлийн тухай 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна гэж заасан бөгөөд энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар иргэний үнэмлэх олгоход төрсний гэрчилгээг үндэслэдэг. Монгол Улсын иргэний үнэмлэх нь тухайн иргэний төрсний гэрчилгээнд тусгагдсан мэдээллийг агуулан илэрхийлж байгаа ба нэхэмжлэгчийг овогт Цы Т гэдэг байна.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хорооны даргын 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ажил авах, чөлөөлөх тухай 71 тоот тушаал, Монголын харилцааны холбооны компанийн Радио сүлжээний газрын даргын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 1 тоот тушаал, Монголын харилцаа холбооны компанийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 44 тоот тушаал, Монголын цахилгааны холбоо ХК-ийн Холболт байгууламжийн ашиглалтын газрын даргын 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалин батлах тухай 133 тоот тушаал, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10136 тоот лавлагаанд нэхэмжлэгч Ц.Тын нэрийг Ц.Т гэж зөрүүтэй бичсэн байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хорооны даргын 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ажил авах, чөлөөлөх тухай 71 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Тыг тус байгууллагад шугамын засварчнаар томилсон бол мөн уг байгууллагын даргын 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 75 тоот тушаалаар нэхэмжлэгчид мэргэжлийн 1 дүгээр зэрэг олгож байжээ.
Мөн Радио телефон ашиглалтын хорооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 74 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Тыг Улаанбаатар хотын Радио сүлжээний газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж байснаас гадна Монголын харилцааны холбооны компанийн Радио сүлжээний газрын даргын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 1 тоот тушаалаар нэхэмжлэгчийг тус байгууллагад засварчнаар томилж байсан байна.
Үүнээс гадна Монголын харилцааны холбооны компанийн Радио сүлжээний газрын даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 85 тоот ажилтнуудын ур чадварыг үндэслэн аттестатчилал олгох тухай тушаалд нэхэмжлэгч Ц.Тын нэр хамрагдсан байгаагаас гадна 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 51 тоот тушаалаар нэхэмжлэгчид 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгож байжээ.
Түүнчлэн Монголын харилцаа холбооны компанийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 1997 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 8 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Тын цалингийн доод хэмжээг тогтоож байсан бол 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 44 тоот тушаалаар нэхэмжлэгчийг 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Гэвч Монголын цахилгааны холбоо ХК-ийн Холболт байгууламжийн ашиглалтын газрын даргын 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалин батлах тухай 133 тоот тушаалд дурдсанаар нэхэмжлэгч Ц.Т нь тухайн байгууллагад засварчнаар ажиллаж байсан байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Тын хүсэлтийг үндэслэн З.А, П.С, У.Ө нарыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад тэд нэхэмжлэгчийг 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хороонд шугамын засварчнаар ажиллаж байсан, мөн 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цэргийн албанд алба хааж байсан гэж нэгэн адил мэдүүлсэн.
Тухайлбал, гэрч З.А, П.С нар нэхэмжлэгч Ц.Ттай БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хороонд хамт ажиллаж байсан болох нь дээр дурдсан тушаалуудын хавсралтад эдгээр хүмүүсийн нэрс хамт байсан, гэрч У.Өын хувьд нэхэмжлэгч Ц.Ттай цуг цэргийн алба хааж байсан түүний тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хороонд нэхэмжлэгч Цы Т ажиллаж байсныг түүний нэрийг Цы Түмэнбаяр гэж алдаатай бичсэн, мөн нэхэмжлэгч Т.Т нь 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цэргийн албанд алба хаасан байхад түүний нэрийг Ц.Т гэж зөрүүтэй бичжээ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т /рд:0/-ыг БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хорооны даргын 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ажил авах, чөлөөлөх тухай 71 тоот тушаал, Монголын харилцааны холбооны компанийн Радио сүлжээний газрын даргын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай 1 тоот тушаал, Монголын харилцаа холбооны компанийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 44 тоот тушаал, Монголын цахилгааны холбоо ХК-ийн Холболт байгууламжийн ашиглалтын газрын даргын 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн цалин батлах тухай 133 тоот тушаал, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10136 тоот лавлагаанд нэр дурдсан Ц.т мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийг БНМАУ-ын Холбооны яамны Телефон радио ашиглалтын хороонд 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1999 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР