| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Э.Уламбаяр
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2514000000065 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх” хугацаанд дахин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,66 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Алфард маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цаг минутын орчим Өлзийт сумруу 7 хүн тээвэрлээд явж байгаад Өлзийт сумын замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч миний согтуурлыг шалгахад 0,66 хувийн согтолттой гарсан. Тухайн өдөр нь би найзтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгээд орой нь гайгүй болсон байх гэж бодоод тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,
Цагдаагийн албан хаагчаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “....*******г драйгер багаж ашиглан шалгахад 0.66 хувийн тоон үзүүлэлт илэрсэн...” тухай тэмдэглэл, /хх-ийн 5-6/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Томилгоот хуваарийн дагуу Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт байрлах Хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 22 цагийн орчим цагаан өнгийн Алфард загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэхийг шалгасан. Тэгээд жолооч *******гээс тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн. Би Өлзийт сумын цагдаагийн хэсгийн Драйгер ARRN 0032 сериал дугаартай багажаар согтуурлыг нь шалгах зорилгоор үлээлгэхэд 0.66 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг нь Өлзийт сумын цагдаагийн хэсгийн хашаанд түр саатуулсан. Тухайн үед 7 хүн тээвэрлэж байсан тул Өлзийт сумын хяналтын постонд буулгаад замын унаанд суулгаж явуулсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16/,
Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар холбогдогч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан..." шийтгэврийн хуулбар, / хх-ийн 24-27/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-39/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-44/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-52/, шүүгдэгчийн оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 57-58/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/, депозит дансны хуулгууд /хх-ийн 64-68/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 71-74/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасуулсан байх” хугацаанд дахин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7- д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,66 хувийн промильтой үедээ 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Алфард маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******гийн...7 хүн тээвэрлээд явж байгаад Өлзийт сумын замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч миний согтуурлыг шалгахад 0,66 хувийн согтолттой гарсан. Тухайн өдөр нь би найзтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,
Цагдаагийн албан хаагчаас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...*******г драйгер багаж ашиглан шалгахад 0.66 хувийн тоон үзүүлэлт илэрсэн...” тухай тэмдэглэл, /хх-ийн 5-6/,
Гэрч *******ын... оройн 22 цагийн орчим цагаан өнгийн Алфард загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн жолооны үнэмлэхийг шалгасан, жолооч *******гээс тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн туд согтуурлыг нь шалгах зорилгоор үлээлгэхэд 0.66 хувийн согтолттой байсан.....гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16/,
Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар холбогдогч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан" шийтгэврийн хуулбар, / хх-ийн 24-27/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч *******гийн цусан дахь спиртийн агууламж 0.66 промиль гарсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгч *******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 0.66 хувийн согтолттой жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбар хийжээ.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ , хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй буюу түүний ажил хөдөлмөр эрхэлдэг талаах холбогдох баримт хэрэгт авагдаагүй/, удаа дараа шүүхээр шийтгүүлж байсан, өмнө гаргасан зөрчлийг дахин давтан гаргасан, өөртөө үнэлэлт дүгнэлт өгдөггүй, мөн шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн ******* хашаанаас эмнэлэг, эмийн сан, ажиллаж байгаа газар,хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Шүүгдэгч ******* овогт *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээр буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн ******* хашаанаас эмнэлэг, эмийн сан, ажиллаж байгаа газар,хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА